Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0840

 

Л.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Номуулин, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, П.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0696 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А-ийн давж заалдах гомдлоор, Л.А-ийн нэхэмжлэлтэй, АТГ-ын ХШДШАХ-ийн даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0696 дугаар шийдвэрээр: ”Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг тус тус баримтлан Л.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, АТГ-ын ХШДШАХ-ийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05/890 дугаартай захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А давж заалдах гомдолдоо: “ ... албан бичгийн агуулгаас үзэхэд хариуцлага тооцохыг шууд даалгасан нь захирамжилсан шинжийг агуулсан гэж үзэхээр байна.

Захиргааны ерөнхий хууль болон Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын хэм хэмжээг удирдлага болговол ... АТГ-ын 025/890 дугаар албан бичгийг бусад субьектэд хандан заавал биелэгдэх чанартай, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон захиргааны акт гэж үзэж шүүхэд хариуцагчаар тооцож, асуудлыг шийдвэрлэснийг хууль, тогтоомж, стандартыг шүүхээс буруу тайлбарлан хэрэглэж, албан бичгийг захиргааны актад тооцсон нь үндэслэлгүй буюу хууль бус гэж үзэхээр байна.

... Авлигатай тэмцэх газар нь албан бичгийг Л.А-д бус, түүнийг томилох эрх хуулиар олгогдсон аймгийн Засаг даргад хандаж хүргүүлснийг захиргааны акт хэмээн үзэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргааныг шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Энэхүү албан бичиг нь Захиргааны ерөнхий хуульд заасанчлан эрх зүйн үр дагавар шууд бий болгох, захирамжилсан шинжийг өөртөө агуулаагүй, байгууллага хооронд харилцсан шинжтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

... Авлигатай тэмцэх газраас Л.А-ийн буюу сумын Засаг даргад олгосон .. бүрэн эрхийг огт хөндөөгүй, харин Л.А- нь энэхүү хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн болохыг тогтоож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх заалтыг иш татан, албан бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

... Л.А- нь хуулиар тогтоосон хориглолтыг зөрчин өөрийн эхнэрт холбогдох шийдвэрийг удаа дараа, үргэлжилсэн шинжтэй гарган хууль зөрчсөн болох нь тодорхой байтал шүүх Авлигатай тэмцэх газраас ... 05/890 дугаар албан бичигт дурьдагдаагүй нөхцөл байдлыг үндэслэж байгаа нь ... хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, үндэслэлгүй байна.

... Л.А- нь ажил хавсран гүйцэтгүүлэхдээ аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газарт хандаж зөвлөмж авсан гэдгийг зөвтгөн шийдвэрлэж байгаа нь хууль бус, үндэслэлгүй байна.

... Захиргааны хэрэгт нотлох баримтаар авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын иргэний бүртгэлийн улсын бүртгэлийн лавлагаанд дурдсанаар Иргэн Ж.Б нь Л.А-ийн эхнэр Б.Б-ын үеэл бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасныг баримталбал Л.А-ийн садангийн хүн байх бөгөөд хуульд заасан хамаарал бүхий этгээд гэсэн ангилалд хамаарч байна.

Иймд шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хууль бус байна.

... Л.А АТГ-аас бүрэн эрхийнхээ хүрээнд хүргүүлсэн дээрх шаардлагыг биелүүлэлгүйгээр өөрийн эхнэрийн үеэл Ж.Б-г тухайн ажлын байрны шаардлага хангахгүй байхад ... Өгийнуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар жинхлэн томилж, мөн өдрийн б/05 дугаар захирамжаар Ж.Б-н эхнэр С.М-ийг Тамгын газрын Санхүүгийн албаны төсвийн Ерөнхий нягтлан бодогч буюу санхүүгийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, ... өөрийн шууд удирдлагад ажиллах албан тушаалд томилох захирамж гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. 

... Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүх холбогдох хууль тогтоомж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүх талаас нь хянан үзэлгүйгээр ... шийдвэрлэсэн нь хууль бус байна.

... Авлигатай тэмцэх газраас Л.А-ийг хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргаагүй гэсэн үндэслэлд маргаагүй.

... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримтлахыг тодорхойлсон заалт биш юм. 

... Мөн Л.А-ийг санал, тайлбар гаргах боломжоор бүрэн хангасан нь нотлогдоно.

... Иймд Нийслэл дэх анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0696 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

    Нэхэмжлэгч Л.А-ээс “АТГ-ын ХШДШАХ-ийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 05/890 дугаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан буюу эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж тодорхойлжээ.  

Авлигатай тэмцэх газар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 28.1.2-т тус тус заасны дагуу нийтийн албан тушаалтан, түүний дотор төрийн улс төрийн албан хаагч болох сумын Засаг даргын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийх, өргөдөл, мэдүүлгийн мөрөөр шалгалт явуулах, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхтэй. 

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс дээрх бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт хийж, Өгийнуур сумын Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Б-д 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалтай хөгжмийн багшийн үүргийг хавсран гүйцэтгүүлж, хавсран гүйцэтгэсэн хугацаанд хөгжмийн багшийн үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдлийг, 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/27 дугаар захирамжаар үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар үр дүнгийн гэрээгээ хангалттай сайн биелүүлж “А” үнэлгээ авсан гэх үндэслэлээр 1 сарын цалингийн 40 хувиар тооцож урамшуулал олгосон, өөрийн садан төрөл болох Ж.Б-г 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргаар, түүний эхнэр С.Мөнхцэцэгийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсвийн Ерөнхий нягтлан бодогч буюу санхүүгийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өөрийн шууд удирдлагад томилон ажиллуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 /Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно/-д заасан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэж маргаан бүхий захиргааны актыг үйлджээ. 

Хэрэгт авагдсан баримтаар Л.А нь өөрийн эхнэр Б.Б-тай холбоотой шийдвэр гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасны дагуу бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлээгүй, 3 дугаар зүйлийн 3.1.11-ийг зөрчиж, өөрийн садан төрөл Ж.Б, түүний эхнэр С.М-ийг өөрийн шууд удирдлагад томилсон нь тогтоогдсон бөгөөд тухайн алдаагаа залруулж захиргааны актуудыг гаргасан нь уг зөрчлийг гаргаагүй гэх үндэслэл болохгүй. 

Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлээд эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллагын чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй зэрэг шинжүүдийг агуулах ёстой. 

Маргаан бүхий захиргааны актын тухайд дээрх байдлаар илт хууль бус захиргааны актын, ялангуяа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан шинжийг агуулаагүй, хариуцагч албан тушаалтан хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлж гаргасан байна. 

Анхан шатны шүүх энэ нөхцөл байдалд үндэслэлгүй, буруу дүгнэлт хийснээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0696 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн “АТГ-ын ХШДШАХ-ийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 05/890 дүгээр захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох“ тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                            Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                             О.НОМУУЛИН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ          Д.БАТБААТАР