Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
Хэргийн индекс | 181/2022/00087/И |
Дугаар | 181/ШШ2023/01307 |
Огноо | 2023-04-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2023/01307
2023 04 28 181/ШШ2023/01307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ГГХ ХХК /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БАЭ ХХК-д холбогдох,
Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (Earn In) болон Эскроу гэрээ-ний С хавсралт болох БАЭ Хувьцаа шилжүүлэх тухай гэрээ-ний үүргийн хэлцлийн хүрээнд тохиролцсоны дагуу 2015-2021 оны үүргийн хэрэгжилтэд 10,806,833,929.72 төгрөгийг БАЭ ХХК -иас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ГГХ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГГХ ХХК -ийн нэхэмжлэлтэй БАЭ ХХК -д холбогдох хэргийн шүүхийн магадлалд буюу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/00103 дугаартай магадлалд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодруулж байна.
Нэгдүгээрт, Магадлалын хянах хэсгийн 5 болон 6.а хэсэгт Нэхэмжлэгч ГГХ ХХК нь дээрх гэрээний С хавсралтын 3 дахь заалтыг үндэслэн БАЭ ХХК -ийн үндсэн үйл ажиллагааны бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний ГГХ ХХК -д ногдох хувь буюу 20 хувийн 80 хувиар хөрөнгө оруулалтын өр төлбөрийг төлөх, үлдсэн 20 хувийн 20 хувийг хариуцагч БАЭ ХХК -аас гаргуулна гэж, ...Харин хариуцагч нь татгалзлаа талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 25,000 ам.долларыг төлснөөр гэрээний үүрэг дуусгавар болсон, харин БАЭ ХХК дахь ГГХ ХХК -ийн 200 ширхэг хувьцаанд ногдох 20 хувиас 20 хувийг ногдол ашиг хэлбэрээр олгохоор тохиролцсон гэж өөр өөрөөр тайлбарласан ... Талууд дээрх гэрээний үүрэгтэй холбоотой лиценз ашигласны төлбөр 20 хувь гэж тохиролцсон эсэх талаар маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах шаардлагатай, мөн хянах хэсгийн 6.б-д ... нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардаж байгаа, эсхүл ашигт малтмалын лиценз ашиглуулсны төлбөр шаардаж байгаа, эсхүл БАЭ ХХК -ийн 200 ширхэг хувьцааны ногдол ашиг шаардаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэжээ.
Нэхэмжлэгч нь 2002 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (earn in) болон Эксроу гэрээ-ний үүргийн хэлцэлтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг хариуцагч компаниас шаардаж байгаа бөгөөд энэ нь Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчид олгох ногдол ашигтай ямар ч холбоогүй бөгөөд гэрээний дагуу хүлээсэн үүргийг шаардаж байгаа юм.
Талуудын хооронд байгуулсан Урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах болон Эскроу гэрээ-г онолын үүднээс тайлбарлавал өмчийн болон үүргийн хэлцэл аль алийг нь тусгасан гэрээ юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал тухайн гэрээн дэх өмчийн хэлцлийн хариу төлбөрт 25,000 ам доллар болон компанийн 20 хувийн хувьцааг шилжүүлсэн бол үүргийн хэлцлээр компанийн мөнгөн гүйлгээ эерэг гарсан тохиолдолд бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний 20 хувийн 20 хувийг ГГХ ХХК -д шилжүүлэхээр тохиролцсон тохиролцоо юм. Энэхүү тохиролцоо нь хуулийн хүрээнд манай талын хууль ёсны ашиг сонирхлын дагуу тухайн гэрээнд тусгасан БАЭ ХХК -ийг үүрэгжүүлсэн үүргийн хэлцэл юм.
Нөгөө талаасаа Урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах болон Эскроу гэрээ нь хамтран ажиллах, худалдах-худалдан авах зэрэг гэрээний шинжтэй холимог гэрээ юм. Тухайлбал. уг гэрээгээр компанийн хөрөнгө оруулалт, түүний хэлбэр болон талуудын эрх хэмжээг зохицуулсан хамтран ажиллах хэлбэр, анхдагч лицензийг шилжүүлэх, нөгөө талаас лиценз болон хувьцааг харилцан өмчлөлд шилжүүлэх, 25,000 ам.долларыг Киункункс БВА ЛТД нь ГГХ ХХК Холдинг ХХК-д өгөх зэрэг худалдах, худалдан авах харилцааны хэлбэр зэрэг олон харилцааг зохицуулсан холимог шинжтэй гэрээ юм.
Бидний нэхэмжилж буй гэрээний үүрэг болох Урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээний С хавсралт БАЭ ХХК -ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 3 дугаар зүйлд ГГХ ХХК нь Баян айрагийн 200 ширхэг хувьцааг хүлээн авснаар Лицензит талбайтай холбогдуулан Куинкункс Канадын гаргасан, Зөвшөөрөгдсөн зардлын доод хэмжээ болох 450,000 ам.доллараас давсан аливаа болон бүх хайгуул, боловсруулалт болон ашиглалтын үйл ажиллагааны зардал (Давсан зардал)-ын 20%-ийг Баян-Айрагт нийлүүлэх үүрэг хүлээхээ хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбогдуулан ГГХ ХХК ын хулээх үүрэг нь зөвхөн Лицензит талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний ГГХ ХХК д ногдох хувийн пая (80)-н хувиар төлөгдөх үүрэг (ГГХ ХХК ын үүрэг) болохыг ойлгон хүлээн зөвшөөрч байна... гэсэн нь БАЭ ХХК -ийн Давсан зардлыг манай компани өөрийн эзэмшиж байгаа 20 хувийн 80 хувиар төлөх бөгөөд, үлдсэн 20 хувийг БАЭ ХХК нь манай компанид жил бүр шилжүүлэхийг үүрэгжүүлсэн зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, энэ нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2-д Үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно гэсний дагуу тохиролцсон үүргийн хэлцлийн хүрээнд тохиролцсон тохиролцоо бөгөөд үүний дагуу үүрэгжүүлсэн тохиролцоо юм.
Иймд, бид Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (Earn In) болон Эскроу гэрээ-ний үүргийн хэлцлийн хүрээнд тохиролцсоны дагуу 2015-2021 оны үүргийн хэрэгжилтэд 10,806,833,929.72 /арван тэрбум найман зуун зургаан сая найман зуун гучин гурван мянга есөн зуун хорин есөн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг БАЭ ХХК -иас гаргуулахаар шаардаж байгаа юм.
Хоёрдугаарт, Магадлалын хянах хэсгийн б.а-д ... ГГХ ХХК , БАЭ ХХК -ийн 200 ширхэг хувьцааны 20 хувийн 80 хувиар хөрөнгө оруулалттай холбоотой зардлыг Киункункс гоулд Эксплорэйшн ЛТД корпорацид төлснөөр түүний гэрээгээр хүлээсэн үүрэг хангагдсан, мөн нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжилж байгаа компанийн үндсэн үйл ажиллагааны бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний 20 хувийн 20 хувь хэд болох мөнгөн дүн тодорхойгүй байна гэжээ.
А. Урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээний Си хавсралтын 4 дүгээр зүйлд Киункункс Канад нь Давсан зардлын төлбөрийг ГГХ ХХК ын хүлээх үүрэгтэй холбогдуулан бүрэн хариуцахаа зөвшөөрч байна. Давсан зардлын ГГХ ХХК д оногдох хувьд хамаарах, Киункункс Канадын зарцуулсан хөрөнгө мөнгийг үүрэг хүлээгээгүй зээллэг гэж үзнэ. ГГХ ХХК ын үүрэгт мөн эдгээр зээллэгийн Анхдагч хүүн дээр нэмэх хоёр хувийн хүү багтана. Анхдагч хүүгийн хэмжээг Торонто-Домино Банк өөрийн хамгийн найдвартай үйлчлүүлэгчиддээ өгдөг хүүгийн хэмжээгээр moгmooнo гэж заасан. Үүний дагуу Киункункс Канадаас зээл хэлбэрээр БАЭ ХХК -ийн давсан зардлыг санхүүжүүлэх бөгөөд үүнд хамаарах ГГХ ХХК -ийн хүлээх үүрэг болох уг зардын 20 хувь нь ГГХ ХХК -д ногдох зээл бөгөөд уг зээлийн дүн дээр Анхдагч хүүн дээр нэмэх хоёр хувийн хүүг ГГХ ХХК нь уг гэрээний 3 дугаар заалтын дагуу БАЭ ХХК -ийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний өөрт ногдох хувийн 80 хувиар төлөхөөр талууд тохиролцсон байдаг.
Дээрх тохиролцооны дагуу, ГГХ ХХК өөрийн хөрөнгөөс уг зээлийг төлөхгүй буюу БАЭ ХХК -д байгаа өөрт ногдох хувиасаа Баян-Айраг эксплорэшйн ХХК-иар дамжуулан төлөх юм. Бид уг үүргээ ухамсарлаж, 2002 оноос өнөөг хүртэл өөрт ногдох хувийн 80 хувиасаа нэхэмжлээгүй, ямар нэгэн байдлаар маргаан үүсгэж байгаагүй. Бидний зүгээс хариуцагч компаниас толгой компаниас зээлсэн хөрөнгө оруулалтын зээл болон манай зээлийн хэмжээ эргэн төлөлтийн хэмжээ зэргийн талаарх мэдээллийг авахаар албан бичгүүдийг хүргүүлж байсан боловч нэг ч удаа уг зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргүүлж байгаагүй бөгөөд жилийн үйл ажиллагааны тайланд зээлийн хэмжээг ерөнхийлөн мэдээлж байсан. Иймд, бидний зүгээс өөрийн үүргээ ухамсарлаж, уг өр төлбөрийг төлөхөд холбоотойгоор ямар нэгэн саад учруулах гэх мэт нөхцөл байдлыг үүсгэхгүйгээр үүргээ биелүүлсээр байгаа юм.
Б. Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах гэрээний Си хавсралт Баян- Айраг эксплорэйшн ХХК-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 3 дугаар зүйлд заасан ...Лицензит талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа... нь уг компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн дагуу үндсэн үйл ажиллагаа байна. Компани 2015 оноос эхлэн одоог хүртэл зөвхөн ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулсан байдаг. Иймд, Лицензит талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагааны бэлэн мөнгөний цэвэр мөнгөн гүйлгээ гэдэг нь үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ байна.
Нэхэмжлэгч нь Урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээний Си хавсралтын 3 дугаар зүйлд зааснаар БАЭ ХХК -ийн Лицензит талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний өөрт ногдох хувь (20)-ийн ная (80)-н хувиар өр төлбөрөө төлөх бөгөөд үлдсэн 20 хувиа авахаар нэхэмжилж байгаа билээ. Иймд, бидний нэхэмжлэлийн зүйл нь БАЭ ХХК -ийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний хорин хувийн (өөрт ногдох хувь) хорин хувь юм. Үүнийг нэхэмжлэхдээ хариуцагч компанийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ эерэг гарсан жилүүд болох 2015-2021 оны үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилж байгаа юм.
Иймд, Бид тооцоолохдоо 2015-2021 оны Санхүүгийн тайлангийн Мөнгөн гүйлгээний тайлангийн 1.3 дахь баганад заасан Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээнд тусгагдсан дүн тус бүрийг нэмж 270,170,848,243 төгрөг гаргаж, үүнийгээ 100 хувь хэмээн үзэж хорин хувийг нь 0.2-оор үржүүлж олоход 54,034,169,648.60 гарсан бөгөөд үүнийг ахин 100 хувь хэмээн үзэж хорин хувийг нь 0.2-оор үржүүлж 10,806,833,929.72 төгрөгийг бодож нэхэмжилж байгаа юм. БАЭ ХХК -ийн Санхүүгийн тайлан нь 1 дүгээр хавтасны 162-181 дүгээр хуудас, 2 дугаар хавтасны 58-107 дугаар хуудаст тус тус авагдсан байгаа болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлага: Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (Earn In) болон Эскроу гэрээ-ний С хавсралт болох БАЭ Хувьцаа шилжүүлэх тухай гэрээ-ний үүргийн хэлцлийн хүрээнд тохиролцсоны дагуу 2015-2021 оны үүргийн хэрэгжилтэд 10,806,833,929.72 төгрөгийг БАЭ ХХК -иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч БАЭ ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч БАЭ ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан гаргасан 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргав.
1. Урьдчилсан нөхцөлтэй худалдах-худалдан авах (earn in) болон эскроу гэрээ-ний С хавсралтын 3 дахь заалт нь зардал хуваарилах зохицуулалт болох тухай
Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа 2002 оны 5 дугаар сарын 13-ний өдөр байгуулагдсан Урьдчилсан нөхцөлтэй худалдах-худалдан авах (earn in) болон эскроу гэрээний С хавсралт болох БАЭийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээ-ний үүргийн хэлцэлтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг хариуцагч компаниас шаардаж байна гэдэг.
Энэ гэрээний С хавсралт болох БАЭийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээ-ний 3 дахь заалт нь талууд зардлаа хэрхэн хувааж хариуцах тухай заалт бөгөөд хариуцагч БАЭ ХХК -ийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг жил бүр нэхэмжлэгч ГГХ ХХК Холдинг ХХК-д өгөх, төлөх, ГГХ ХХК Холдинг ХХК нь авах тухай үг, өгүүлбэр, шууд утга байхгүй юм.
Тухайлбал, гэрээний 3 дугаар заалтад ГГХ ХХК нь Баян айргийн 200 ширхэг хувьцааг хүлээн авснаар лицензэд талбайтай холбогдуулан Куинкункс Канадын гаргасан, зөвшөөрөгдсөн зардлын доод хэмжээ болох 450,000 ам.доллароос давсан аливаа болон бүх хайгуул, боловсруулалт болон ашиглалтын үйл ажиллагааны зардал (давсан зардал)-ын 20%-ийг Баян айрагт нийлүүлэх үүргээ хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбогдуулан ГГХ ХХК ын хүлээх үүрэг нь зөвхөн лицензэд талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний ГГХ ХХК д ногдох хувийн 80 хувиар төлөгдөх үүрэг (ГГХ ХХК ын үүрэг) болохыг ойлгон зөвшөөрч байна. ГГХ ХХК д ногдох хувийг Баян айраг дахь ГГХ ХХК ын хувь гэж үзэх бөгөөд уг хувийн хэмжээг лицензэд талбайд дахин нэг буюу хэд хэдэн уурхай ашиглалтад оруулахаар шийдвэрлэвэл тухай бүр нь шинэчлэн тогтоож болно гэж заасан. Гэрээний энэ заалтаар хариуцагч Баян айраг эксплорэшн ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны бэлэн мөнгөний цэвэр гүйлгээнээс тодорхой хувь хэмжээгээр мөнгөн хөрөнгийг шаардах эрхийг нэхэмжлэгч ГГХ ХХК холдинг ХХК-д олгосон гэж үзэхгүй юм.
Иймд, Урьдчилсан нөхцөлтэй худалдах-худалдан авах (earn in) болон эскроу гэрээний С хавсралт болох БАЭийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээ-ний 3 дахь заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зуйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар тайлбарлан хэрэглэх бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан хариуцагч БАЭ ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ эерэг гарсан тохиолдолд бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний 20 хувийн 20 хувийг нэхэмжлэгч ГГХ ХХК холдинг ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон шууд утга бүхий заалт гэж үзэхгүй.
2. БАЭ ХХК -ийн дүрмээр тус компанийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувьтай холбоотой ашиг, алдагдлыг шийдвэрлэж зохицуулсан тухайд,
Урьдчилсан нөхцөлтэй худал дах-худалдан авах (earn in) болон эскроу гэрээний С хавсралт БАЭийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 3 дахь заалтаар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахтай холбоотой зардлыг шийдвэрлэсэн буюу хэн нь ямар хэмжээ, нөхцөлөөр лицензэд талбайд гарах зардлыг хариуцах талаар шууд тусгасан агуулгатай. Уг хүрээнд нэхэмжлэгч талаас мөн маргаагүй.
Өөрөөр хэлбэл, 20 хувийн 80 хувьтай тэнцэх зардлыг нэхэмжлэгч ГГХ ХХК холдинг ХХК нь лицензэд талбайд тарах зардалд суутган хариуцах бөгөөд үлдэх 20 хувийн 20 хувьд ногдох хэсгийг БАЭ ХХК ашигтай ажилласан тохиолдолд Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсний үндсэн дээр ногдох ашиг болгон тараахаар тохирсон. Энэ ч утгаар талууд БАЭ ХХК -ийн дүрэмд тусгасан байна.
Тодруулбал, хэрэгт нотлох баримтаар авагдсан БАЭ ХХК - ийн дүрмийн 7.1.2-д Тусгай зөвшөөрөлтэй талбай дээрх ашигт малтмалын үйл ажиллагаанаас олсон хуваарилах боломжит бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний ГГХ ХХК холдинг ХХК-д ногдох 20% (хорин хувь)-с 20% (хорин хувь)-г ногдол ашиг хэлбэрээр ГГХ ХХК холдинг ХХК-д олгоно, 7.3-д Хөрөнгө оруулалтын давсан зардал болон хүүгийн өглөг төлөгдөж дууссаны дараа ногдол ашиг хуваарилах асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан. Иймд, нэхэмжлэгч ГГХ ХХК холдинг ХХК-ийн 20 хувийн 20 хувьтай холбоотой ашиг, алдагдлыг хуваарилах асуудлыг гэрээний С хавсралт болох Баян айргийн хувьцаа шилжүүлэх гэрээгээр бус компанийн дүрмийн дээрх заалтаар зохицуулсан.
3. Гэрээний үүрэг биелэгдсэн буюу худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагч (тухайн үеийн) Куинкункс Канад компани нь 3000Х тоот хайгуулын лицензийн үнэд 25,000 ам.долларыг худалдагч буюу Сарны титэм үзэсгэлэн ХХК болон нэхэмжлэгч ГГХ ХХК холдинг ХХК-д төлж үүргээ гүйцэтгэсэн тухайд,
а/. Нэхэмжлэгч ГГХ ХХК холдинг ХХК-ийн хамаарал бүхий гэх Сарны титэм үзэсгэлэн ХХК нь өөрийн 3000Х тоот хайгуулын лицензийг БАЭ ХХК-д шилжүүлсний төлөө буюу худалдсаны төлөө тус лицензийн үнэд БАЭ ХХК-ийн (тухайн үеийн хувьцаа эзэмшигч) Куинкункс Канад компаниас 25,000 ам.долларыг шилжүүлэн авч үүрэг дуусгавар болсон ба энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.
Хайгуулын 3000Х тоот лиценз Сарны титэм үзэсгэлэн ХХК-иас хариуцагч БАЭ ХХК-д шилжсэнээр Сарны титэм үзэсгэлэн ХХК болон нэхэмжлэгч ГГХ ХХК холдинг ХХК-ийн өмчлөх эрх Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар дуусгавар болсон ба лицензтэй холбоотой аливаа үр шимийг тус компаниуд нь хүртэх эрхгүй гэж үзэх үндэслэлтэй юм. Тухайлбал, Сарны титэм үзэсгэлэн ХХК нь 3000Х тоот лицензээ шилжүүлээд 2002 ондоо лицензийн хариу төлбөрт 25,000 ам.долларыг хариуцагч БАЭ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Куинкункс канад компаниас экероу агентын дансаар шилжүүлэн авсан.
Гэтэл, үүрэг дуусгавар болсон атал нэхэмжлэгч ГГХ ХХК холдинг ХХК нь уг лиценз бидний лиценз байсан, уг лицензээ шилжүүлсний хариу төлбөрт 20 хувийн 20 хувийг авах ёстой гэх агуулгаар нэхэмжлэл гаргасныг зөв гэж үзэхгүй. Нөгөөтээгүүр, тус хоёр компани бие даасан тусдаа хуулийн этгээдүүд байх бөгөөд Сарны титэм үзэсгэлэн ХХК нь өөрийн эзэмшиж байсан 3000Х тоот хайгуулын лицензийг хариуцагч БАЭ ХХК-д шилжүүлсэнтэй холбоотой шаардах эрхийг нэхэмжлэгч ГГХ ХХК холдинг ХХК-д ямар байдлаар шилжүүлсэн зэрэг баримт сэлт хэрэгт авагдаагүй.
БАЭ ХХК-д 3000Х тоот хайгуулын лиценз шилжсэнээр Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3-д зааснаар лицензтэй холбоотой үр шимийг нь тус компани олж авах эрхтэй гэж үзнэ. Түүнчлэн хариуцагч БАЭ ХХК нь өөрийн үйл ажиллагааны буюу ашигт малтмалаас олсон орлогыг нэхэмжлэгч ГГХ ХХК холдинг ХХК-тай хуваах, тодорхой хувь хэмжээгээр жил бүр олгох талаар гэрээ, хэлцлийг нэхэмжлэгчтэй ямар байдлаар байгуулсан гэж үзэх, энэ нь ямар баримт сэлтээр бүрэн дүүрэн, эргэлзээгүй нотлогдож байгаа талаар нэхэмжлэгч нотлоогүй байна.
б/. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Худалдах худалдан авах гэрээний гол шинж нь худалдагч эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч түүний үнийг төлснөөр гэрээ хэрэгжих бөгөөд энэ хэлцлийн хувьд хиймэгц биелэх боломжтой болох нь хуулийн дээрх заалтын агуулгаас ойлгогдохоор байна.
Дээр дурдсанаар 3000Х тоот хайгуулын лиценз шилжүүлсний гэрээний үүрэг биелэгдсэн бөгөөд нөгөөтээгүүр, худалдах, худалдан авах гэрээ нь хөрөнгө шилжиж, үнэ төлөгдсөнөөр үүргийн харилцаа дуусгавар болдог ба нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг 20 жилийн турш хэрэгжих (үргэлжлэх) учиртай гэрээний заалт болон хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардпага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан... үеэс үүснэ гэж заасан.
Нэхэмжлэгч ГГХ ХХК холдинг ХХК нь хариуцагч БАЭ ХХК- ийн 20 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд тус компанийн тайлан, санхүүгийн баримт бичигтэй танилцах бүрэн боломжтой буюу санхүү байдлын талаар мэдэх ёстой. Мөн хэрэв нэхэмжлэгч ГГХ ХХК нь нөгөө хувьцаа эзэмшигч болон бусад хуулийн этгээдүүдтэй байгуулсан өөрт нь хадгалагдаж ирсэн 2002 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн гэрээний дагуу шаардах эрх үүссэн гэж үзэх байгаа бол тус гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг 20 (хорин) жил өнгөрсний дараа шаардаж байгаа нь Иргэний хуулийн 75, 76, 88,198-д заасантай тус тус нийцэхгүй юм
в/. Нэхэмжлэгч нь тууний хамаарал бухий Сарны титэм үзэсгэлэн ХХК-иас хариуцагч БАЭ ХХК-д шилжүүлсэн гэх хайгуулын 3000Х тоот лицензэд талбайгаас ашигт малтмалын үйл ажиллагааг явуулсан орлогоос хувь хүртэх ёстой хэмээн тайлбарладаг бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх 3000Х тоот хайгуулын лицензээс гадна өөр ашигт малтмалын талбайд үйл ажиллагааг явуулдаг. Энэ талаарх нотлох баримтыг хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс Ашигт малтмал газрын тосны газраас шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаснаар тус газрын 2022 оны 7 дугаар сарын 08-ний өдрийн 8/3697 тоот бичгээр холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
Ашигт малтмалын газраас шүүхэд ирүүлсэн баримтуудаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Баян айраг нэртэй 6967 гектар талбай бүхий ашигт малтмалын 3000Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хариуцагч БАЭ ХХК -ийн хүсэлтээр 2008 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 372 тоот шийдвэрээр ашиглалт болгож одоогийн MV-013409 тоот ашигт малтмал ашиглах лицензийг олгосон болох нь, мөн үүнээс гадна хариуцагч БАЭ ХХК нь Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2538 дугаар шийдвэрээр тус газрын зэргэлдээ Дервөлжин сумын Баруун бор толгой-1 нэртэй газарт XV-013019 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг авч, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2014 оны 9 дугээр сарын 02-ний едрийн 498 дугаар шийдвэрээр 3910.87 гектар талбай бүхий газарт ашигт малтмал ашиглах MV-017666 тоот тусгай зөвшөөрөл болгон авсан болох нь тогтоогддог. Нэхэмжлэгч ГГХ ХХК нь хариуцагч БАЭ ХХК -ийн MV-017666 тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй Баруун бор толгой-1 талбайд үйл ажиллагаа явуулсан орлогоос нэхэмжлэхгүй гэж тайлбарладаг бөгөөд харин хариуцагчид шилжүүлсэн 3000Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан орлогоос нэхэмжлэх эрхтэй гэж шүүхэд тайлбар гаргадаг.
Харин энэхүү үйл баримтаа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч БАЭ ХХК -ийн 2015-2021 оны санхүүгийн баримтад тусгагдсан үйл ажиллагааны мөнгөн орлогын ихэнх хувийг 3000Х тоот ашигт малтмалын лицензэд талбайд үйл ажиллагааг явуулж олсон орлого гэхийг бичгийн баримтаар нотлоогүй.
Нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт (магадлалын 6,7 дахь талд) худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл биелсэн харин зарим нөхцөл биелээгүй гэж... мөн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг хуваарилах талаар дүрэмд тусгасан гэж тайлбарладаг. Нэхэмжпэгчийн уг тайлбараас нь үзвэл, хариуцагч БАЭ ХХК -ийн ашигт малтмалын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээнээс хувьцаа эзэмшигчдэд хуваарилж, тараах нь компанийн 2016 оны 8 дугаар сарын 16-ний өдөр баталсан дүрмээр зохицуулагдсан талаар хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүйг мөн харуулж байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас ГГХ ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, БАЭ ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, БАЭ ХХК -ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, хавсралтууд, Урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах (ear in) болон эскроу гэрээ, түүний хавсралтууд, Зөвшөөрөл олгох ба эрхээс татгалзах гэрээ, Дөлгөөн хайрхан уул аудит ХХК-ийн БАЭ ХХК -ийн 2018-2020 оны жилийн санхүүгийн тайлан, дүгнэлтүүд, ГГХ ХХК -ийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 22/08 дугаар албан тоот, 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 22/11 дугаар албан тоот, 2022 оны 02 сарын 09-ний өдрийн 22/06 дугаар албан тоот, 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 22/15 дугаар албан тоот, БАЭ ХХК -ийн 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 08/99 дугаар албан тоот, БАЭ ХХК -ийн 2020, 2021 оны 4-р улирлын Санхүү байдлын тайлан, БАЭ ХХК -ийн 2015, 2016, 2017, 2018, 2019 оны 4-р улирлын Санхүү байдлын тайлан, Сарны титэм үзэсгэлэн ХХК-ийн дүрэм зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас БАЭ ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.08.16-ны өдрийн хурлаар баталсан БАЭ ХХК -ийн дүрэм, хавсралтаар БАЭ ХХК -ийн 2015-2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, Дөлгөөн хайрхан уул аудит ХХК-ийн БАЭ ХХК -ийн 2020 оны аудитын тайланг баталгаажуулсан дүгнэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар БАЭ ХХК -ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, 200 ширхэг хувьцааг ГГХ ХХК -д шилжүүлэхэд бүрдүүлсэн баримтууд, Ашигт малтмал, Газрын тосны газрын 2022.07.08-ны өдрийн 8/3697 албан бичиг, хавсралтаар ирүүлсэн 56 хуудас баримтууд зэргийг бүрдүүлсэн болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ГГХ ХХК нь хариуцагч БАЭ ХХК -д холбогдуулан Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (Earn In) болон Эскроу гэрээ-ний С хавсралт болох БАЭ Хувьцаа шилжүүлэх тухай гэрээ-ний үүргийн хэлцлийн хүрээнд тохиролцсоны дагуу 2015-2021 оны үүргийн хэрэгжилтэд 10,806,833,929.72 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч БАЭ ХХК нь гэрээний С хавсралтын 3 дахь заалт нь зардал хуваарилах зохицуулалт болохоос мөнгөн хөрөнгийг шаардах эрхийг нэхэмжлэгчид олгоогүй, БАЭ ХХК -ийн дүрмээр үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувьтай холбоотой ашиг, алдагдлыг шийдвэрлэж зохицуулсан, 3000Х тоот хайгуулын лицензийн үнэд 25,000 ам.долларыг худалдагчид төлж, үүргээ гүйцэтгэсэн тул лицензээ шилжүүлсний хариу төлбөрт 20 хувийн 20 хувийг авах ёстой гэх нэхэмжлэл үндэслэлгүй, леценз шилжүүлэх гэрээний үүрэг хиймэгц биелэх боломжтой бөгөөд 20 жил өнгөрсөн тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, ГГХ ХХК нь БАЭ ХХК -ийн MV-017666 тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй Баруун бор толгой-1 талбайд үйл ажиллагаа явуулсан орлогоос нэхэмжлэхгүй гэж тайлбарладаг боловч 2015-2021 оны санхүүгийн баримтад тусгагдсан үйл ажиллагааны мөнгөн орлогын ихэнх хувийг 3000Х тоот ашигт малтмалын лицензэд талбайд үйл ажиллагааг явуулж олсон орлого гэдгийг баримтаар нотлоогүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. ГГХ ХХК , Куинкункс гоулд эксплорэйшн ЛТД корпораци, Куинкункс ЛТД корпораци нарын хооронд 2002 оны 05 сарын 13-ны өдөр Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах болон Эскроу гэрээ тус тус байгуулсан байна. /1-р хавтаст хэргийн 26-41/
1.а. Уг гэрээний В хавсралтаар Анхдагч лицензи болон Лецензийн хамрах талбайн тодорхойлолт,
1.б. Уг гэрээний С хавсралтаар Куинкункс ЛТД корпораци нь БАЭ ХХК-ийн 200 ширхэг хувьцааг ГГХ ХХК -д шилжүүлэхэд шаардлагатай бүхий л баримт бичгийг үйлдэх, хүргүүлэх, шилжүүлэхийг зөвшөөрсөн. /1-р хэргийн 2 дугаар хавтасны 22/
1.в. Уг гэрээний D хавсралтаар Куинкункс ЛТД корпораци нь БАЭ ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ авсан. /1-р хавтаст хэргийн 34-37, 2-р хавтаст хэргийн 22 хуудас/
1.г. Уг гэрээний Е хавсралтаар Гурвангол холдинг компаниас Анхдагч лицензи буюу ашигт малтмалын хайгуулын 3000Х тоот лецензтэй холбоотой леценз эзэмшигчийн бүх эрх, үүргийг БАЭ ХХК-д шилжүүлсэн байна. /1-р хавтаст хэргийн 37 ар, 38 хуудас/,
Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах болон эскроу гэрээний А хавсралтын 1-д зааснаар гэрээ байгуулагдсан өдөр Куинкункс гоулд эксплорэйшн ЛТД корпораци нь эскроу агентын Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк ХХК дахь дансанд 25,000 ам.доллар байршуулах, 4-т зааснаар анхдагч лицензийг БАЭ ХХК -д шилжүүлсэн өдөр эскроу агент нь хөрөнгийг ГГХ ХХК -д шилжүүлэхээр тохиролцсон байна.
Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээ-ний шинжийг илүү агуулсан, олон харилцааг зохицуулсан холимог шинжтэй гэрээ байна. Гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.
2. Нэхэмжлэгч үндэслэлээ ГГХ ХХК нь дээрх гэрээний С хавсралт болох БАЭ Хувьцаа шилжүүлэх тухай гэрээ-ний үүргийн хэлцлийн хүрээнд тохиролцсоны дагуу 2015-2021 оны үүргийн хэрэгжилтэд 10,806,833,929.72 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлон, гэрээний дагуу хүлээсэн үүргийг шаардаж байна гэж тайлбарласан.
3. Урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээний С хавсралт БАЭ ХХК -ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээ-гээр Киункункс БВА нь Баян айргийн 200 ширхэг хувьцааг ГГХ ХХК д шилжүүлэх, шаардлагатай бүхий л баримт бичгийг үйлдэх, хүргүүлэх болон бүх үйлдлийг хийхээр тохиролцсон байна.
3.а. Уг гэрээниий 3 дугаар зүйлд ГГХ ХХК нь Баян айрагийн 200 ширхэг хувьцааг хүлээн авснаар Лицензит талбайтай холбогдуулан Куинкункс Канадын гаргасан, Зөвшөөрөгдсөн зардлын доод хэмжээ болох 450,000 ам.доллараас давсан аливаа болон бүх хайгуул, боловсруулалт болон ашиглалтын үйл ажиллагааны зардал (Давсан зардал)-ын 20%-ийг Баян-Айрагт нийлүүлэх үүрэг хүлээхээ хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбогдуулан ГГХ ХХК ын хүлээх үүрэг нь зөвхөн Лицензит талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний ГГХ ХХК д ногдох хувийн пая (80)-н хувиар төлөгдөх үүрэг (ГГХ ХХК ын үүрэг) болохыг ойлгон хүлээн зөвшөөрч байна. ГГХ ХХК д ногдох хувийг Баян айраг дахь ГГХ ХХК ын хувь гэж үзэх бөгөөд уг хувийн хэмжээг Лицензит талбайд дахин нэг буюу хэд хэдэн уурхай ашиглалтад оруулахаар шийдвэрлэвэл тухай бүр нь шинэчлэн тогтоож болно гэжээ.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу энэхүү 3 дугаар зүйлийг тайлбарлавал, БАЭ ХХК -ийн ашигт малтмалын үйл ажиллагаатай холбоотой зардлыг хэн нь ямар хэмжээ, нөхцөлөөр хариуцах талаар тусгасан агуулгатай байна.
3.б. Гэрээний С хавсралт БАЭ ХХК -ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээ-нд 3 гол агуулга бүхий заалт байх бөгөөд дээрх тохиролцооноос гадна 4 дүгээр зүйлд Киункункс Канад нь Давсан зардлын төлбөрийг ГГХ ХХК ын хүлээх үүрэгтэй холбогдуулан бүрэн хариуцахаа зөвшөөрч байна. Давсан зардлын ГГХ ХХК д оногдох хувьд хамаарах, Киункункс Канадын зарцуулсан хөрөнгө мөнгийг үүрэг хүлээгээгүй зээллэг гэж үзнэ. ГГХ ХХК ын үүрэгт мөн эдгээр зээллэгийн Анхдагч хүүн дээр нэмэх хоёр хувийн хүү багтана. Анхдагч хүүгийн хэмжээг Торонто-Домино Банк өөрийн хамгийн найдвартай үйлчлүүлэгчиддээ өгдөг хүүгийн хэмжээгээр moгmooнo гэж заажээ.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд С хавсралт БАЭ ХХК -ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээ-г тайлбарлавал, Киункункс БВА нь БАЭ ХХК-ийн 200 ширхэг хувьцааг ГГХ ХХК -д шилжүүлсэнтэй холбоотойгоор БАЭ ХХК -ийн ашигт малтмалын үйл ажиллагааны зардлыг хуваарилсан агуулгатай байна.
Иймд нэхэмжлэгч ГГХ ХХК -ийг С хавсралт гэрээний дагуу БАЭ ХХК -ийн Лицензит талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний өөрт ногдох хувь (20)-ийн ная (80)-н хувиар өр төлбөрөө төлөх бөгөөд үлдсэн 20 хувийг авахаар нэхэмжлэх эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
3.в. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5.-д Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасан.
Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (Earn In) болон Эскроу гэрээ-ний дагуу Куинкункс гоулд эксплорэйшн ЛТД корпораци нь гэрээний төлбөр 25,000 ам.долларыг ГГХ ХХК -д шилжүүлсэн талаар талуудын хэн аль нь маргаагүй.
ГГХ ХХК нь ашигт малтмалын хайгуулын 3000Х тоот лецензийг БАЭ ХХК -д шилжүүлж, БАЭ ХХК -ийн 20% буюу 200 ширхэг хувьцааг эзэмшигч болсон ба 2016 оны 08 сарын 16-ны өдөр БАЭ ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдаж, компанийн дүрмийг баталж, дүрмээр Кью жи экс гоулдэн хиллс с.ар.л /КьюЖиЭкс ГХ/ 800 ширхэг Гаргасан энгийн Хувьцаа, ГГХ ХХК 200 ширхэг Гаргасан энгийн Хувьцааг тус тус эзэмшдэг болохыг тогтоож, ногдол ашиг хуваарилах журмын 7.1.1-д Тусгай зөвшөөрөлтэй талбай дээр ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олон хуваарилах боломжит бэлэн мөнгөний цэвэр гүйлгээ гарсан үед ГГХ ХХК нь өөрт ногдох 20%-н ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон хуваарилах боломжит бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний 80%-г Давсан Зардал болон хүүгийн өглөгт төлөхөөр зөвшөөрсөн байна гээд 7.1.2-д Тусгай зөвшөөрөлтэй талбай дээрх ашигт малтмалын үйл ажиллагаанаас олсон хуваарилах боломжит бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний ГГХ ХХК холдинг ХХК-д ногдох 20% (хорин хувь)-с 20% (хорин хувь)-г ногдол ашиг хэлбэрээр ГГХ ХХК холдинг ХХК-д олгоно гэж тус тус заасан байна. /1-р хавтаст хэргийн 13-20 хуудас/
Нэхэмжлэгч ГГХ ХХК -ийг леценз шилжүүлсэнтэй холбоотойгоор компанийн үйл ажиллагааны орлогоос ашиг хүртэх эрхийг компаний дүрмээр ногдол ашиг хуваарилахаар зохицуулсан ба нэхэмжлэлийн шаардлагаа ногдол ашиг хуваарилахтай холбоогүй гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.
Дээрхи үндэслэлүүдээр Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (Earn In) болон Эскроу гэрээ-ний С хавсралт болох БАЭ Хувьцаа шилжүүлэх тухай гэрээ-ний 3 дахь заалтын дагуу БАЭ ХХК -ийг үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний 20% /хорин хувь/-ийн 20% /хорин хувь/-ийг ГГХ ХХК -д төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч ГГХ ХХК -ийн 2015-2021 оны үүргийн хэрэгжилтэд 10,806,833,929.72 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нэхэмжлэгч ГГХ ХХК -ийн хариуцагч БАЭ ХХК -д холбогдуулан гаргасан Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (Earn In) болон Эскроу гэрээ-ний С хавсралт БАЭ Хувьцаа шилжүүлэх тухай гэрээ-ний үүрэгт 2015-2021 оны 10,806,833,929.72 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар ГГХ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,350,070 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 сарын 23-ний өдрийн 2147 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА