Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/02124

 

 

 

 

 

 

 

 

2023 04 27

101/ШШ2023/02124

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүгч Т.Болормаа, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 0000 тоотод оршин байрлах, К ХХК /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Б.Г /рд:0000/-д холбогдох,

 

81,953,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн өмгөөлөгч, Т.Ц, иргэдийн төлөөлөгч Г.Насанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

К ХХК нь Б.Гийг 2014 онд менежерийн ажилд авсан ба тэрээр компанийн үйл ажиллагааг аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд танилцуулах, компанийн харилцагч байгууллага, аж ахуйн нэгжээс авах өр төлбөрийг хариуцан ажилладаг байсан. Манай компани харилцагч байгууллагуудад бүтээгдэхүүн нийлүүлж, төлбөрийг мөнгөн хэлбэрээр болон бартераар авдаг ба харилцагч байгууллагууд өр төлбөрөө төлөөгүй тохиолдолд Б.Г төлбөр төлүүлэхээр ажилладаг байсан. 2016-2018 онуудад манай компанид өр төлбөртэй харилцагч байгууллагууд төлбөрийг бартераар буюу бараа материал, тодорхой хөрөнгөөр төлөх санал тавьсныг хүлээн авч, Б.Г энэ ажлыг хариуцан ажиллахдаа байгууллагуудаас бартераар шилжүүлсэн хөрөнгүүдийг дур мэдэн бусдад зарж, борлуулан олсон орлогоос

- Х т ХХК-аас борлуулалтын орлогод шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 0000 тоотод байрлах 107.8 м.кв талбайтай орон сууцыг 130,000,000 төгрөгөөр зарж 60,000,000 төгрөгийг,

- К ХХК-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 0000 тоотод байрлах 51,45 м.кв талбайтай орон сууцыг Ш.Лд 75,000,000 төгрөгөөр худалдаж 25,830,000 төгрөгийг,

- А н хХХК-аас 20,000,000 төгрөгт тооцож өгсөн 0000 ДАА улсын дугаартай автомашиныг,

- З з ХХК-аас 28,000,000 төгрөгт тооцон өгсөн 0000 УНН улсын дугаартай Jeep wrangler маркийн автомашиныг Г.Чт худалдсаны 15,000,000 төгрөгийг тус тус завшиж К ХХК-д нийт 120,830,000 төгрөгийн хохирол учруулсан. Компанийн зүгээс Б.Гийг төлбөр төлөхийг шаардахад 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлнө гэсэн боловч төлөөгүй тул Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж, тус дүүргийн Прокурорын газраас 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б.Гийг яллагдагчаар татаж, мөн оны 06 дугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэргийг прокурорын газарт буцааж, мөн оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. К ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар прокурорын тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаснаар хэргийг дахин шалгаж, 107.8 м.кв талбайтай орон сууцны үнэ 130,000,000 төгрөгийн 60,000,000 төгрөг, А н хХХК-аас 20,000,000 төгрөгт тооцон өгсөн 0000 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, З з ХХК-аас 28,000,000 төгрөгт тооцон өгсөн 0000 УНН улсын дугаартай Jeep Wrangler маркийн авто машины 14,000,000 төгрөгийг тус тус өөртөө авч завшсан 3 үйлдлийг цааш шалгуулахаас татгалзсан.

Б.Гийг К ХХК-ийн өмчлөл, Баянзүрх дүүргийн 0000 тоот 51.45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ш.Лд 75,000,000 төгрөгөөр худалдаж 25,830,000 төгрөгийг өөртөө авсан үйлдлийг цааш шалгуулах хүсэлт гаргасан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Гийг 25,830,000 төгрөг завшсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус дүүргийн шүүхэд шилжүүлснээр шүүх хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/287 дугаар шийтгэх тогтоолоор Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд торгох ял шийтгэсэн. Уг 25,830,000 төгрөгийн хохирол төлбөрийг шийтгэх тогтоол гарахаас өмнө манайд төлсөн. Б.Г дээрх 3 үйлдлийн улмаас компанид учруулсан хохирол буюу компанид орох ёстой байсан орлого 95,000,000 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй. Мөн Б.Гийн 25,830,000 төгрөг завшсан үйлдлийн улмаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 00086 дугаар шийдвэрээр К ХХК-аас Ш.Лд төлсөн 603,150 төгрөг, эрүүгийн хэргийг шалгах явцад өмгөөлөгч болон аудитын компанид 7,350,000 төгрөг тус тус төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 20,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан.

Иймд Б.Гээс Х т ХХК-аас борлуулалтын орлогод шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 55 дугаар байрны 6 тоотод байрлах 107.8 м.кв талбайтай орон сууцны үнэ 130,000,000 төгрөгийн 60,000,000 төгрөг, З з ХХК-иас 28,000,000 төгрөгт тооцон өгсөн 0000 УНН улсын дугаартай Jeep Wrangler маркийн авто машины үнэ зөрүү 14,000,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 00086 дугаар шийдвэрээр К ХХК-аас Ш.Лд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,150 төгрөг, эрүүгийн хэргийг шалгах явцад өмгөөлөгч болон аудитын компанид төлсөн 7,350,000 төгрөг, нийт 81,953,150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие К ХХК-д 5 жилийн хугацаанд тус компанийн менежерээр ажиллаж, 3,500,000,000 гаруй төгрөгийн борлуулалт хийсэн.

107 м.кв орон сууц 260,000,000 төгрөгийн үнэтэй ба 220,000,000 төгрөгөөр худалдаж бонусаа авч чадахгүй хуримтлагдсаар 2 жил гаруй хугацаа өнгөрсөн. Би захиралд хэлж гарын үсэг зуруулж орон сууцыг бусдад худалдаж, мөнгөө авсан.

З з ХХК-аас 40,000,000 төгрөгийн бартерт автомашин авсныг би мэдээгүй. Тухайн автомашиныг яаралтай худалдах хэрэгтэй гэхээр нь 22,000,000 төгрөгөөр худалдаж, 14,000,000 төгрөгийг бэлнээр аваад, үлдэгдэл мөнгөө 1 сарын хугацаанд 2 хувааж төлснийг захиралд өгсөн. Энэ мөнгийг н.Хүрэлбаатар өгсөн ба Квон Юн Жү тус мөнгийг авсан гэх мэдүүлэг өгсөн. Ш.Л тухайн орон сууцыг БНСУ-д байхдаа худалдан авч, сар бүр 4,000,000 төгрөгийг миний дансыг ашиглаж төлсөн. Захирал Квон Юн Жү тухайн үед Хаан банк ХХК-д дансгүй байсан ба сар бүр төлсөн төлбөрийг авсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл 81,953,150 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Автомашин болон орон сууцны үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо байхгүй тул Б.Г хариуцах үндэслэлгүй. Өмгөөлөгчийн зардлын талаар санхүүгийн баримтгүй, өмгөөлөгчийг сайн дурын үндсэн дээр авсан тул хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй.

Шинжээч томилсон асуудлын хувьд хүсэлт гаргаснаар шинжээчийн зардлыг төлдөг. Шинжээч нь гэм хорын хохирол уу, эрүүгийн хэргийн 23,000,000 төгрөгтэй холбоотой шинжээчийн зардал юм уу гэдгээ тодорхой тусгаагүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Б.Г нь өмнөх шүүх хуралдаанд 60,000,000 төгрөг болон 15,000,000 төгрөгийг бонус болгож авснаа хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан хэдий ч олон орон сууц худалдан борлуулсан тул аль орон сууцнаас авсан болох нь тодорхойгүй буюу одоо шаардаж байгаа 6 тоот орон сууц мөн эсэх нь эргэлзээтэй. Мөн нэхэмжлэгч нь шаардаж байгаа орон сууц болон тээврийн хэрэгслийнхээ өмчлөгч байсан болохоо баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 Нэхэмжлэгчээс гаргасан А н хХХК-ийн 2018.01.16№01/03 тоот албан бичиг, Х т ХХК-ийн 2018.03.26№18107 тоот албан бичиг,   З з ХХК-ийн 2016.08.20№2016/08-09 тоот албан бичиг, ИЭлСи ХХН-ийн 2019.11.15№L/397 тоот албан бичиг, Шоу хилл ХХН-ийн хүсэлт, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020.09.11№31 тогтоол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.31№2021/ШЦТ/287 дугаартай шийтгэх тогтоол, ИЭлСи ХХН-ийн 2021.08.23№4/9 тоот албан бичиг, К ХХК, Б.Г нарын байгуулсан 2016.01.01№7 дугаартай Хөдөлмөрийн гэрээ,  К ХХК-ийн захирлын 2014.06.01№14/45 тушаал, К ХХК-ийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн банк дахь 461004112 дугаартай төгрөгийн дансны 2019.01.01-2019.06.01 хүртэл хугацааны дансны хуулга,

 

3.2 Хариуцагчаас гаргасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.01.10№2022/ШЗ/180 захирамж, гэрч Б.Бийн 2019.11.18 өдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг, К ХХК, Х т ХХК тооцоо нийлсэн актууд, зарлагын баримт, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019.06.24№377 дугаартай Яллах дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий г азрын 2022.07.20№3/6014 тоот албан бичиг, Автотээврийн үндэсний төвийн 2022.07.18№104 лавлагаа, бараа материал худалдах-худалдан авах гэрээ, бетон зуурмагийн нийлүүлэлтийн гэрээ,

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрч Б.Хын 2018.05.01 өдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Б.Хын 2018.05.23 өдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Г.Ч 2019.04.03 өдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б-Э 2019.02.16 өдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Б.У-ын 2019.04.04 өдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг, Квон Юн Жү-г хохирогчоор тогтоох тухай Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн 2018.03.14 тогтоол, 2018.03.14, 2018.07.26, 2019.05.23, 2020.01.20 өдөр тус тус өгсөн хохирогчийн мэдүүлэг, мессежны хуулбар, Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (К ХХК-иас ирүүлсэн гэх 1 хуудас тодорхойлолт), Нийлүүлэгч Кемистар ХХК, захиалагч А н хбараа солилцоонд Лексус 470 автомашиныг 20,000,000 төгрөгөөр тооцоо хаасан гэх баримт, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019.05.20№30РЗ/4584 тоот, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа, орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ, Эрүүгийн хэргийн тусгай архиваас ирүүлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 97 тоот дүгнэлт зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Б.Гэд холбогдуулан компанид орох ёстой байсан орлого нийт 95,000,000 төгрөг, Ш.Лд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,150 төгрөг, өмгөөлөгчийн хөлс болон аудитын зардал 7,350,000 төгрөг, нийт 102,953,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 0000 ДАА тээврийн хэрэгслийн үнэ 20,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу шалгаж байгаа үндэслэлээр татгалзсан.

 

1.3 Ингээд анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үлдэх

- Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 55 дугаар байрны 6 тоотод байрлах 107.8 м.кв талбайтай орон сууцыг 130,000,000 төгрөгөөр борлуулснаас компанид өгөөгүй 60,000,000 төгрөг,

-З з ХХК-иас барааны үнэд 28,000,000 төгрөгт тооцон өгсөн 0000 УНН улсын дугаартай Jeep Wrangler маркийн авто машины үнээс компанид өгөөгүй 14,000,000 төгрөг,

-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 00086 дугаар шийдвэрээр К ХХК-аас Ш.Лд улсын тэмдэгтийн хураамжид төлж хохирсон 603,150 төгрөг,

- эрүүгийн хэргийг шалгах явцад өмгөөлөгч болон аудитын компанид төлсөн 7,350,000 төгрөг, нийт 81,953,150 төгрөг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон.

 

1.4 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Нэхэмжлэгч К ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд бөгөөд гадаад худалдаа эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй, барилгын материалын худалдаа эрхэлдэг компани байна.

 

3.1 Хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч К ХХК-д 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр менежерийн албан тушаалд ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Тэрээр компанийн үйл ажиллагааг аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд танилцуулах, харилцагч байгууллага, аж ахуй нэгжүүдээс барилгын материал борлуулсан төлбөрийн асуудлыг хариуцан ажилладаг байсан үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажилтан Б.Г нь компанийн борлуулсан барилгын материалын төлбөрийг бусдаас авахдаа компанид бүрэн өгөлгүй, зарим төлбөрийг өөртөө авч ашиглаж, хохирол учруулсан гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...борлуулсан гэх барилгын материал болон бусдаас авах байсан авлагаа компанийн хөрөнгө гэдгээ баримтаар нотлоогүй гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

4.1 Нэхэмжлэгч К ХХК нь Х т ХХК-д барилгын материал нийлүүлж, материалын үнэд бартераар Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 55 дугаар байрны 6 тоотод байрлах 107.8 м.кв талбайтай орон сууцыг 130,000,000 төгрөгт тооцож авсанаас 60,000,000 төгрөгийг, мөн З з ХХК-д барилгын материал нийлүүлж, төлбөрт 0000 УНН улсын дугаартай Jeep Wrangler маркийн авто машиныг 28,000,000 төгрөгт тооцон авсанаас 14,000,000 төгрөгийг тус тус хариуцагч Б.Г нь өөртөө авч ашигласан гэж шаардсан.

 

4.1.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

4.1.2 Нэхэмжлэгч К ХХК нь дээрх мөнгөн хөрөнгийг компанийн хөрөнгө байсан гэж шаардаж байгаа тохиолдолд тухайн хөрөнгө, бусдаас авах авлагаа компанийн хөрөнгө болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.

 

4.1.2а Дээр дурдсан Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 55 дугаар байрны 6 тоотод байрлах 107.8 м.кв талбайтай орон сууц, 0000 УНН улсын дугаартай Jeep Wrangler маркийн авто машиныг худалдан борлуулсан үнээс Б.Г нь хууль бусаар завшиж авсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад К ХХК-иас гаргасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 31 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор дээрх эд хөрөнгүүд нь компанийн эд хөрөнгөд бүртгэгдээгүй, хохирлыг тогтоох боломжгүй үндэслэлээр дээрх үйлдэлд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирогч, гэрч нараас авсан тайлбар, мэдүүлэг нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар бүрдүүлсэн баримт биш тул нотлох баримтаар үнэлэхгүй болно.

 

4.1.2б Тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 97 тоот дүгнэлтэд ...К ХХК нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу хөтөлсөн санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийг шинжилгээнд ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч ирүүлээгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг тус компани нь мөрдөж ажиллаагүй байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд Б.Гийн байгууллагад учирсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Хохирлыг нарийвчлан тогтооход шаардлагатай бэлэн мөнгөний тайлан болон бусад санхүүгийн баримтыг шаардсан боловч ирүүлээгүй. Иймд эдийн засгийн шинжилгээгээр бодит хохирол тогтоох боломжгүй гэжээ.

 

4.1.2в Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь борлуулалтын орлогоо санхүүгийн тайланд тусгаагүй болохоо шүүх хуралдаанд тайлбарласан. Мөн барилгын материал нийлүүлсэн гэх Х т ХХК, З з ХХК нарт нийт хэдэн төгрөгийн үнэ бүхий, ямар нэр төрлийн барилгын материал нийлүүлсэн болох нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдоогүй. Мөн тухайн компаниудаас авах төлбөрийг өөрийн санхүүгийн тайланд орлогоор тайлагнаж, мэдүүлээгүй байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна гэж, 13.7-д Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэж тус тус заасан байна.

Уг хуулийн зохицуулалтаас үзэхэд хуулийн этгээд нь өөрийн бусдад худалдсан гэх бараа, материалын тоо хэмжээ болон бусдаас авах авлага бүрийг санхүүгийн анхан шатны баримт үйлдэх замаар санхүүгийн тайландаа тусгах журамтай байна.

 

4.1.2г Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 55 дугаар байрны 6 тоотод байрлах 107.8 м.кв талбайтай орон сууц болон 0000 УНН улсын дугаартай Jeep Wrangler маркийн авто машины хууль ёсны эзэмшигч, өмчлөгчөөр нэхэмжлэгч К ХХК нь бүртгэгдээгүй байх тул хариуцагч Б.Г нь уг эд хөрөнгүүдийн үнээс өөртөө авч ашиглах замаар компанид хохирол учруулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

4.1.2д Хэргийн 8-9 дүгээр талд авагдсан Х т ХХК, З з ХХК-иудаас гаргасан албан бичгийг үндэслэн К ХХК-ийг Хан-Уул дүүргийн 0000 тоотод байрлах 107.8 м.кв талбайтай орон сууц болон 0000 УНН улсын дугаартай Jeep Wrangler маркийн авто машины өмчлөгч буюу дээрх эд хөрөнгүүдийг бусдад худалдан борлуулах эрхтэй гэж дүгнэх боломжгүй.

 

4.2 Хариуцагч Б.Г нь бонус цалинд 60,000,000 төгрөгийг авсан гэж өмнө нь тайлбарласан байх боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тайлбараа няцааж, маргасан тул шүүх түүний өмнө нь гаргасан тайлбарыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.

 

5. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 00086 дугаар шийдвэрээр К ХХК-аас Ш.Лд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,150 төгрөг, эрүүгийн хэргийг шалгах явцад 7,350,000 төгрөгийг өмгөөлөгч болон аудитын компанид тус тус төлсөн. Энэ нь компанид гарах ёсгүй зардал байсан, Б.Гийн буруутай үйлдлийн улмаас дээрх зардлуудыг гаргасан гэж нэхэмжлэгч тайлбарлаж, нэхэмжилсэн.

 

5.1 Гэвч дээрх зардлуудыг гаргасан талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй. Өмгөөллийн ИЭлСи ХХН-өөс гаргасан өмгөөллийн хөлс авсан талаарх тодорхойлолтыг үндэслэн зардал гаргасан гэж үзэхгүй. Өмгөөллийн хөлс төлсөн талаарх санхүүгийн холбогдох баримтгүй байна.

 

6. Иргэдийн төлөөлөгч ...Нэхэмжлэгч компани өөрөө баримтаа бүрдүүлээгүй хариуцлагагүй хандсан байна. Нэхэмжлэлийг нийтэд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна гэх дүгнэлтийг гаргасан. Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6-д Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ гэж заасан.

 

7. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Б.Гэд холбогдуулан гаргасан 81,953,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцана. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672,720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Гэд холбогдох 81,953,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672,720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД Т.БОЛОРМАА

 

 

Н.САРАНГҮН