Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01169

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01169

 

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/02124 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Г-эд холбогдох,

81,953,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

К ХХК нь Б.Г-ийг 2014 онд менежерийн ажилд авсан ба тэрээр компанийн үйл ажиллагааг аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд танилцуулах, компанийн харилцагч байгууллага, аж ахуйн нэгжээс авах өр төлбөрийг хариуцан ажилладаг байсан. Манай компани харилцагч байгууллагуудад бүтээгдэхүүн нийлүүлж, төлбөрийг мөнгөн хэлбэрээр болон бартераар авдаг ба харилцагч байгууллагууд өр төлбөрөө төлөөгүй тохиолдолд Б.Г- төлбөр төлүүлэхээр ажилладаг байсан. 2016-2018 онуудад манай компанид өр төлбөртэй харилцагч байгууллагууд төлбөрийг бартераар буюу бараа материал, тодорхой хөрөнгөөр төлөх санал тавьсныг хүлээн авч, Б.Г- энэ ажлыг хариуцан ажиллахдаа байгууллагуудаас бартераар шилжүүлсэн хөрөнгүүдийг дур мэдэн бусдад зарж, борлуулан олсон орлогоос:

ХТ ХХК-аас борлуулалтын орлогод шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 55 дугаар байрны 0 тоотод байрлах 107.8 м.кв талбайтай орон сууцыг 130,000,000 төгрөгөөр зарж 60,000,000 төгрөгийг,

К ХХК-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 79 дүгээр байрны 39 тоотод байрлах 51,45 м.кв талбайтай орон сууцыг Ш.Л-д 75,000,000 төгрөгөөр худалдаж 25,830,000 төгрөгийг,

А ХХК-аас 20,000,000 төгрөгт тооцож өгсөн 05-55 ДАА улсын дугаартай автомашиныг,

ЗЗ ХХК-аас 28,000,000 төгрөгт тооцон өгсөн 34-26 УНН улсын дугаартай Jeep wrangler маркийн автомашиныг Г.Ч-т худалдсаны 15,000,000 төгрөгийг тус тус завшиж К ХХК-д нийт 120,830,000 төгрөгийн хохирол учруулсан. Компанийн зүгээс Б.Г-ийг төлбөр төлөхийг шаардахад 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлнө гэсэн боловч төлөөгүй тул Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж, тус дүүргийн Прокурорын газраас 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б.Г-ийг яллагдагчаар татаж, мөн оны 06 дугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэргийг прокурорын газарт буцааж, мөн оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. К ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар прокурорын тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаснаар хэргийг дахин шалгаж, 107.8 м.кв талбайтай орон сууцны үнэ 130,000,000 төгрөгийн 60,000,000 төгрөг, А ХХК-аас 20,000,000 төгрөгт тооцон өгсөн 05-55 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ЗЗ ХХК-аас 28,000,000 төгрөгт тооцон өгсөн 34-26 УНН улсын дугаартай Jeep Wrangler маркийн авто машины 14,000,000 төгрөгийг тус тус өөртөө авч завшсан 3 үйлдлийг цааш шалгуулахаас татгалзсан.

Б.Г-ийг К ХХК-ийн өмчлөл, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 79 дүгээр байрны 39 тоот 51.45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ш.Л-д 75,000,000 төгрөгөөр худалдаж 25,830,000 төгрөгийг өөртөө авсан үйлдлийг цааш шалгуулах хүсэлт гаргасан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Г-ийг 25,830,000 төгрөг завшсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус дүүргийн шүүхэд шилжүүлснээр шүүх хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/287 дугаар шийтгэх тогтоолоор Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд торгох ял шийтгэсэн. Уг 25,830,000 төгрөгийн хохирол төлбөрийг шийтгэх тогтоол гарахаас өмнө манайд төлсөн. Б.Г- дээрх 3 үйлдлийн улмаас компанид учруулсан хохирол буюу компанид орох ёстой байсан орлого 95,000,000 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй. Мөн Б.Г-ийн 25,830,000 төгрөг завшсан үйлдлийн улмаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 00086 дугаар шийдвэрээр К ХХК-аас Ш.Л-д төлсөн 603,150 төгрөг, эрүүгийн хэргийг шалгах явцад өмгөөлөгч болон аудитын компанид 7,350,000 төгрөг тус тус төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 20,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан.

Иймд Б.Г-ээс ХТ ХХК-аас борлуулалтын орлогод шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 55 дугаар байрны 0 тоотод байрлах 107.8 м.кв талбайтай орон сууцны үнэ 130,000,000 төгрөгийн 60,000,000 төгрөг, ЗЗ ХХК-аас 28,000,000 төгрөгт тооцон өгсөн 34-26 УНН улсын дугаартай Jeep Wrangler маркийн авто машины үнэ зөрүү 14,000,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 00086 дугаар шийдвэрээр К ХХК-аас Ш.Л-д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,150 төгрөг, эрүүгийн хэргийг шалгах явцад өмгөөлөгч болон аудитын компанид төлсөн 7,350,000 төгрөг, нийт 81,953,150 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие К ХХК-д 5 жилийн хугацаанд тус компанийн менежерээр ажиллаж, 3,500,000,000 гаруй төгрөгийн борлуулалт хийсэн. 107 м.кв орон сууц 260,000,000 төгрөгийн үнэтэй ба 220,000,000 төгрөгөөр худалдаж бонусаа авч чадахгүй хуримтлагдсаар 2 жил гаруй хугацаа өнгөрсөн. Би захиралд хэлж гарын үсэг зуруулж орон сууцыг бусдад худалдаж, мөнгөө авсан.

ЗЗ ХХК-аас 40,000,000 төгрөгийн бартерт автомашин авсныг би мэдээгүй. Тухайн автомашиныг яаралтай худалдах хэрэгтэй гэхээр нь 22,000,000 төгрөгөөр худалдаж, 14,000,000 төгрөгийг бэлнээр аваад, үлдэгдэл мөнгөө 1 сарын хугацаанд 2 хувааж төлснийг захиралд өгсөн. Энэ мөнгийг н.Х- өгсөн ба Квон Юн Жү тус мөнгийг авсан гэх мэдүүлэг өгсөн. Ш.Л- тухайн орон сууцыг БНСУ-д байхдаа худалдан авч, сар бүр 4,000,000 төгрөгийг миний дансыг ашиглаж төлсөн. Захирал Квон Юн Жү тухайн үед ХБ ХХК-д дансгүй байсан ба сар бүр төлсөн төлбөрийг авсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл 81,953,150 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Автомашин болон орон сууцны үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо байхгүй тул Б.Г- хариуцах үндэслэлгүй. Өмгөөлөгчийн зардлын талаар санхүүгийн баримтгүй, өмгөөлөгчийг сайн дурын үндсэн дээр авсан тул хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй.

Шинжээч томилсон асуудлын хувьд хүсэлт гаргаснаар шинжээчийн зардлыг төлдөг. Шинжээч нь гэм хорын хохирол уу, эрүүгийн хэргийн 23,000,000 төгрөгтэй холбоотой шинжээчийн зардал эсэх талаар тодорхой тусгаагүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Б.Г- нь өмнөх шүүх хуралдаанд 60,000,000 төгрөг болон 15,000,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан хэдий ч олон орон сууц худалдан борлуулсан тул аль орон сууцнаас авсан болох нь тодорхойгүй буюу одоо шаардаж байгаа 0 тоот орон сууц мөн эсэх нь эргэлзээтэй. Мөн нэхэмжлэгч нь шаардаж байгаа орон сууц болон тээврийн хэрэгслийнхээ өмчлөгч байсан болохоо баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Г-эд холбогдох 81,953,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672,720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тухайн орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар маргаагүй. Харин, шүүх тухайн орон сууц нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд бүртгэлгүй учраас шаардах эрхгүй гэж маргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Зарим нотлох баримтыг шүүх ялгамжтай үнэлсэн. Өөрөөр хэлбэл, шүүх Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хэргийн шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн атал гэрчийн мэдүүлгүүдийг үнэлээгүй. Тус гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууц, автомашиныг шударгаар олж авсан хөрөнгө болохыг нотолдог. Улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаар маргаагүй. Хариуцагчид тухайн үл хөдлөх хөрөнгийг зарж, борлуулан компанид орлогыг шилжүүлэхээр тохиролцон. Үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаа 130,000,000 шилжүүлснээс компанид 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 60,000,000 төгрөгийг шилжүүлээгүй болно. Хариуцагч урамшуулал байдлаар авсан гэж тайлбарладаг. Гэвч анхан шатны шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд оролцоогүй байхад 60,000,000 төгрөг авсан талаар үгүйсгэж тайлбар гаргасан гэж үндэслэлгүй дүгнэсэн. Хариуцагч тайлбар татгалзлаа нотлоогүй. Анхан шатны шүүх нотлох баримтыг 2 өөр байдлаар дүгнэсэн. Өмгөөллийн хөлс нэхэмжилсэн бөгөөд энэ нь гарах ёсгүй зардал гарсан учраас нэхэмжилсэн. 5,500,000 төгрөг шилжүүлсэн тухай, хүлээн авсан тухай баримт байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Б.Г- Хан-Уул дүүрэгт байрлалтай, 107,8 м.кв орон сууцыг худалдан борлуулсантай холбоотой урамшууллыг аваагүй, харин бусад бартер хөрөнгүүдээс урамшуулал авч байсан талаар тайлбарладаг. 60,000,000 төгрөгийг нэг дор шилжүүлсэн зүйл байхгүй, олон удаагийн гүйлгээний баримт байдаг. Иргэний хуулийн 89, 90 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч К ХХК тухайн хөрөнгийн өмчлөгч гэж үзвэл улсад татвар төлсөн эсэх баримтыг шалгаж өмчлөгчийг тогтооход амархан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөр компанийн нэр дээр бус орон сууцны төлбөрийг өөрийн нэр дээр авч, бусдад зарж борлуулж буй нь татвараас зайлсхийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч хөрөнгийг хууль ёсоор эзэмшдэг эсэх нь тогтоогдохгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн шийдвэр үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

2. Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Б.Г-эд холбогдуулан 81,953,150 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажилтан Б.Г- нь компанийн борлуулсан барилгын материалын төлбөрийг бусдаас авахдаа компанид бүрэн өгөлгүй, зарим төлбөрийг өөртөө авч ашиглаж, хохирол учруулсан гэж тайлбарласан.

 

2.б. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ борлуулсан гэх барилгын материал болон бусдаас авах байсан авлагаа компанийн хөрөнгө гэдгээ баримтаар нотлоогүй гэж тайлбарлажээ.

 

3. Хариуцагч Б.Г- нь нэхэмжлэгч К ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ-г байгуулж, менежерийн албан тушаалд ажилд орсон байна.

 

3.а. Нэхэмжлэгч К ХХК нь ХТ ХХК-д барилгын материал нийлүүлж, материалын үнэд бартераар Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 55 дугаар байрны 0 тоотод байрлах 107.8 м.кв талбайтай орон сууцыг 130,000,000 төгрөгт тооцож авснаас 60,000,000 төгрөгийг, мөн ЗЗ ХХК-д барилгын материал нийлүүлж, төлбөрт 34-26 УНН улсын дугаартай Jeep Wrangler маркийн автомашиныг 28,000,000 төгрөгт тооцон авснаас 14,000,000 төгрөгийг тус тус хариуцагч Б.Г- нь өөртөө авч ашигласан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

 

4. Дээрх тохиолдолд талуудын маргаж буй ХТ ХХК-ийн орон сууцны мөнгө болон ЗЗ ХХК-ийн автомашины мөнгөний талаар тус тус нэхэмжлэгч К ХХК-тай байгуулсан гэрээ хэлцэл, тухайн тээврийн хэрэгслийн үнийг хариуцагчид төлсөн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд энэ талаарх үйл баримтыг шүүхээс тодруулах, талуудыг мэтгэлцүүлэх ажиллагаа хийгээгүй байна.

 

4.а. Дээр дурдсан гэрээ, хэлцэлд холбогдох нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдаагүй байхад хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас гэм хор учруулснаас үүсэх үүргийн дагуу нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч талд нотлох үүргийн хуваарилалт байгааг шүүх анхаарч талуудыг маргааны зүйл рүү чиглүүлэх, мэтгэлцүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

6. Иймд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/02124 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672,720 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

  ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ