Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00770

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 15 210/МА2024/00770

 

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/00208 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Г-эд холбогдох,

81,953,150 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

К ХХК-ийн захирлын тушаалаар 2014 онд Б.Г-ийг менежерийн албан тушаалд ажилд авсан. Б.Г- нь компанийн үйл ажиллагааг аж ахуйн нэгж, байгууллага иргэнд танилцуулах, компанийн харилцагч байгууллага, аж ахуйн нэгжээс авах өр төлбөрийг барагдуулах ажлыг голчлон хариуцан ажилладаг байсан. Зарим харилцагч байгууллагууд өр төлбөрөө төлөхгүй удаах тохиолдол ч гардаг. Энэхүү ажлыг Б.Г- нь голчлон хариуцан ажилладаг байсан.

К ХХК нь ХТ ХХК-аас 240,000,000 төгрөгийн авлагатай байсан. ХТ ХХК-ийн захирал Ундрал нь манай компанид Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 55 дугаар байр, 3 давхрын 6 тоот хаягт байрлах 107.8 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 194,000,000 төгрөгөөр зарахаар тохироод Б-д 130,000,000 төгрөгийг манай компанид өгөхөд нь 60,000,000 төгрөгийг Б.Г- нь өөртөө авсан.

К ХХК нь З ХХК-д 40,000,000 төгрөгийн үнэ бүхий нэмэлт бодис бүтээгдэхүүн борлуулсны үнийн дүнд 28,000,000 төгрөгт тооцон авсан 00-00 УНН улсын дугаартай Wrangler маркийн авто машиныг иргэн Г.Ч 28,000,000 төгрөгөөр зарахаар харилцан тохиролцож 14,000,000 төгрөгийг К ХХК-д өгч, үлдэх 14,000,000 төгрөгийг өөртөө авсан.

А ХХК-аас К ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөгөөр тооцож өр барагдуулах зорилгоор өгсөн 00-00 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөртөө авч завшсан, энэ хэрэг нь эрүүгийн хэргээр шалгагдсан. К ХХК-ийн өмчлөл бүхий Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 79 дүгээр байрны 39 тоот 51.45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ш.Л гэх хүнд 75,000,000 төгрөгөөр зарж эргэн төлөлт хийсэн мөнгөнөөс 25,830,000 төгрөгийг өөртөө авч завшсан хэргийг шийдсэн. Үүнтэй холбоотой аудитын болон өмгөөллийн хөлстэй холбоотой зардал 7,953,150 төгрөг, нийт 81,953,150 төгрөгийг Б.Г-ээс нэхэмжилж байна.

Компанийн зүгээс Б.Г-тэй уулзан эдгээр төлбөрийг төлөхийг шаардахад тэрээр ээждээ байр авсан, төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй. Дээр дурдсанаар харилцагч компаниуд тооцоо нийлсэн актаа үйлдээд, эд хөрөнгөө бартераар шилжүүлсэнд маргадаггүй. К ХХК нь дээрх хөрөнгүүдийн хувьд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд заасан шударга эзэмшигч юм гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Хариуцагч нь 2013 оноос тус компанид борлуулалтын менежерээр ажиллаж байсан. Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн барилгын материал болох бетон зуурмагийн уян налархайжуулагч гэх бодисыг борлуулах, тэдгээрээс авах өр төлбөрийг барагдуулах ажлыг гүйцэтгэдэг байсан. Бонус цалин өгдөг байсан талаар нэхэмжлэгч компанийн захирлууд нь хэлдэг, борлуулсан бараа материалын 20 хувиар тооцдог байсан гэсэн. Авсан гээд байгаа нийт 74,000,000 төгрөгийг өөрөө дур мэдээд авсан зүйлгүй. Тухайн үед маш олон хөрөнгүүд компанид бартераар орж ирдэг байсан.

Хан-Уул дүүргийн байр, Жип вранглер машин дээр бонус хамаарахгүй, өмнө хийсэн ажлын бонус байсан. н.Лхагважав гэх хүнд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны шийдвэрээр 603,150 төгрөг хуулийн дагуу тухайн хэргийн хариуцагч төлөх ёстой мөнгийг Г- төлөхгүй, мөн өмгөөлөгчийн хөлс, аудитын компанид төлсөн мөнгөний талаар хийсэн гэрээ, төлсөн баримт хэрэгт байхгүй, аудитын мөнгө төлсөн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй, аудитын дүгнэлтийн талаар цагдаагийн байгууллагаас үндэслэлтэй эсэх дээр шинжээч томилсон. Шинжээч нь уг аудитын дүгнэлт нь анхан шатны баримтад үндэслээгүй дүгнэлт байна гэсэн тул аудитын компанид төлөх мөнгийг Г- төлөх үндэслэлгүй. 34-26 жип вранглерийг н.Чингист зарж 14 сая төгрөгийг хувьдаа завшсан гэж байгааг зөвшөөрөхгүй, одоогийн захирал Хүрэлбаатар гэдэг хүний мэдүүлэг, Ерөнхий захирал К- нарын мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Машины нэрийг Хүрэлбаатарын нэр дээр шилжүүлж авсан байсан.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 55 байр 6 тоот байрыг 194,000,000 төгрөгөөр зарж 70,000,000 төгрөгийг бэлнээр өгч, 60,000,000 төгрөгийг хувьдаа завшсан гэж байгаа боловч 70,000,000 төгрөг орсон гэх баримт байдаггүй. ХТ ХХК-тай байгуулсан гэрээ хэлцэл байдаггүй, энэ байр нь ХТ ХХК-ийн хөрөнгө ч биш, нэхэмжлэгчийн хэлж байгаагаар Рояал хаус ХХК-аас авсан баримт ч байдаггүй. н.Төмөрцоожийн нэр дээр байж байгаад н.Б-д шилжүүлсэн захиалга байгаа. Компанийн хөрөнгө гэх баримт хэрэгт байхгүй. Энэ компанийн өмч мөн гэж үзвэл хөрөнгөө нэр дээрээ авдаггүй, мөнгөө дансаар авдаггүй, орлого нууж байгаа юм шиг харагддаг, байрны үнийг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

Улсын бүртгэлийн лавлагаагаар орон сууцны анхны өмчлөгч нь н.Б- гэж хүн байна. К ХХК нь татвар төлдөггүй, үл хөдлөх хөрөнгүүд улсын бүртгэлд К ХХК-ийн нэр дээр бүртгэгдээгүй тул орон сууцтай холбоотой мөнгөний хохирол шаардах эрхтэй этгээд гэж үзэхгүй. н.Чингэс нь 14,000,000 төгрөгийг Б.Г-эд өгсөн гэх боловч уг мөнгийг ,К- гэх хүн төлбөр тооцоо дууссан тул автомашины нэрийг шилжүүлсэн, захирлын зөвшөөрлөөр нэр шилжсэн. Хэрэгт гэрчийн мэдүүлэг авагдаагүй, эрүүгийн хэргийн авсан гэрчийн мэдүүлгүүд энэ хэрэгт үнэлэгдэхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Г-ээс 74,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид К ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,953,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672,720 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 527,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хэрэгт авагдсан баримтууд нь бодит байдалтай огт нийцэхгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. Тухайлбал, ХТ ХХК-ийн захирал Б.У-ын эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгтээ ...орон сууцыг Б.Г-ийн нэр дээр захиалгын гэрээг нь хийлгэж өгсөн..., хариуцагч компанийн одоогийн гүйцэтгэх захирал Б.Х-ын эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгт ...орон сууц захиалгын гэрээг Г-ийн нэр дээр шилжүүлж өгсөн байсан..., тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан К- гэгчийн эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгт ...130.000.000 төгрөгийг Г-ийн Хаан банкны данс руу шилжүүлснээ үзүүлсэн..., орон сууцыг худалдаж авсан Б.Б- эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгтээ ...134 сая төгрөгийг бэлнээр болон дансаар ...60 саяыг гэрчилгээ гарсны дараа, ...45 саяыг Хүрлээд өгөөд 15 сая төгрөг дээр зээлээр төлөхөөр гэрээ хийгээд одоо 11.5 сая үлдсэн" гэх баримтууд нь хоорондоо зөрүүтэй, бодит байдалд нийцэхгүй байгаа юм.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаас харвал орон сууцыг анх н.Т гэх хүнээс Б.Б-ийн нэр дээр шууд шилжүүлсэн, захиалгын гэрээтэй, Б.Г- гэсэн нэг ч гэрээ байхгүй, Б.Г-ийн нэр дээр огт гэрээ хийгдэж байгаагүй болох нь нотлогддог, мөн орон сууцыг худалдаж авсан хүн мөнгийг бэлнээр өгсөн гэж хэлж байхад дансаар бүтнээр нь шилжүүлсэн дансны хуулгаа өгсөн гэх мэдүүлгийг үнэлдэг, мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг орон сууцыг 130,000,000 төгрөгөөр зарсан, үүний 60,000,000 төгрөгийг Б.Г- авсан гэдэг, тэгвэл н.Б-эс 70,000,000 төгрөгийг авсан гэдэгтэй, сүүлд н.Б-эс 45,000,000 төгрөгийг авсантай, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг зээлийн журмаар авсан зэрэгтэй маргадаггүйгээс үзэхэд нэхэмжлэгч компани орон сууцыг 130,000,000 төгрөгөөр зараад Б.Б-эс мөнгөө бүтнээр авсан гэж харагдаж байхад дээр нь нэмээд хариуцагчаас 60,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

К- нь машины үнэ 14,000,000 төгрөгийг бүрэн авсан, үлдэгдэл 14,000,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс Г.Ч-ээс бэлнээр хүлээн авч, тэр дор нь К--д хүлээлгэн өгч, улмаар одоогийн захирал н.Хүрэлбаатар төлбөрөө авч, машины нэрийг шилжүүлж өгч болно гэж хэлсэн байдаг ба тэр дунд нь хариуцагч оролцоогүй, нэр дээрээ машиныг шилжүүлэн аваагүй, гагцхүү зуучлагчийн үүргийг л гүйцэтгэж байсан байдал нотлогдож байхад ийнхүү нэг талыг барьж, хариуцагчийн тайлбараар хэргийг шийдвэрлэж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч К ХХК-аас хариуцагч Б.Г-эд холбогдуулан тус компанийн менежерээр ажиллаж байх үедээ ХТ ХХК-аас 240,000,000 төгрөгийн авлагад авсан орон сууцны үнийн үлдэгдэл 60,000,000 төгрөг, З ХХК-аас 28,000,000 төгрөгийн авлагад тооцон авсан автомашины үнийн үлдэгдэл 14,000,000 төгрөг, мөн хариуцагч Б.Г-тэй холбоотой эрүүгийн хэргийг шалгуулах явцад аудитын болон өмгөөллийн хөлстэй холбоотой зардалд өгсөн 7,953,150 төгрөг, нийт 81,953,150 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

3. К ХХК, Б.Г- нарын хооронд 2014 оны 06 сарын 01-ний өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, Б.Г- нь тус компанийн ерөнхий захирал К--гоос олгосон эрх, үүргийн хүрээнд компанийг төлөөлөн бараа материалыг худалдан борлуулж, борлуулсан барааны төлбөрийн авлага барагдуулах ажлыг хийж гүйцэтгэж байсан үйл баримтад талууд маргаангүй байна.

 

4. К ХХК, ХТ ХХК-ийн хооронд барилгын материал нийлүүлж, материалын үнийн төлбөрт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 55 дугаар байрны 6 тоотод байрлах 107.8 м.кв талбайтай орон сууцыг тооцон авч, Б.Г- нь тухайн орон сууцыг Б.Б-д 130,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, 70,000,000 төгрөгийг К ХХК-д өгсөн үйл баримтууд ХТ ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18/07 тоот албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 31 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Б.Г-эд холбогдох эрүүгийн 1810004790728 дугаар хэрэгт Б.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг гэх бичгийн баримт, ХТ ХХК, К ХХК-ийн тооцоо нийлсэн актууд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 3/6014 дугаартай Б.Б-ийн өмчлөлийн дээрх орон сууцны талаарх лавлагаа, К ХХК-аас ХТ ХХК-д нийлүүлсэн бараа материалын тээвэрлэлтийн баримтууд зэргээр тогтоогдож байна./1хх 7, 27-32, 81, 91-94, 163, 165-173, 199, 2хх 152-164/

 

4.1. Түүнчлэн, Б.Г-эд холбогдох эрүүгийн 1810004790728 дугаар хэрэгт Б.Б- гэрчээр өгсөн мэдүүлэгтээ харин үлдэгдэл болох 60,000,000 төгрөгийг нь гэрчилгээ гарсны дараа өгөхөөр тохиролцож худалдаж авсан. Гэрчилгээ 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гарч, уг орон сууц нь миний нэр лүү шилжсэн ба үлдэгдэл мөнгийг нь Б.Г-, н.Х гэдэг К ХХК-ийн хүнд өгөөрэй гэж хэлсний дагуу би н.Х гэх хүнд 2018 оны 05 дугаар сардаа 45 сая төгрөгийг өгөөд үлдэгдэл 15 сая төгрөгийг зээлээр өгөхөөр тохиролцоод, одоо 11,500,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байгаа... гэж мэдүүлжээ./ 1хх 93-94/

 

4.2. Дээрх нотлох баримтуудаар орон сууцны үнийн үлдэгдэл 60,000,000 төгрөгийг хариуцагч Б.Г- авсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй гэж үзнэ.

 

5. Нэхэмжлэгч К ХХК-аас З ХХК-д барилгын материал нийлүүлж, төлбөрт 00-00 УНН улсын дугаартай Jeep Wrangler маркийн автомашин өгснийг 28,000,000 төгрөгөөр Г.Ч-т худалдан борлуулснаас 14,000,000 төгрөгийг хариуцагч Б.Г- хүлээн авсан болох нь З ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2016/08-09 дугаартай албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 31 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Б.Г-эд холбогдох эрүүгийн 1810004790728 дугаар хэрэгт Г.Ч-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг гэх бичгийн баримт, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, К ХХК, З ХХК-ийн хооронд 2016 онд тооцоо нийлсэн акт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна./1хх 9, 27-32, 81-90, 164,182, 200-201, 2хх 133-150/

 

5.1. Г.Ч-ийн өгсөн 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн шаардсан дээрх автомашины үнэ 14,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүхээс хариуцагч Б.Г-тэй холбоотой эрүүгийн хэргийг шалгуулах явцад аудитын болон өмгөөллийн хөлстэй холбоотой зардалд өгсөн 7,953,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

7. Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийн заалтыг хэрэглэсэн нь оновчгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/00208 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж, 74,000,000 гэснийг 14,000,000 гэж, 7,953,150 гэснийг 67,953,150 гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 527,950 гэснийг 227,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 530,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ