Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2023/00665

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 25

101/ШШ2023/00665

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н ХХК

 

Хариуцагч: Э.Б

 

Хариуцагч: Ч.Э

 

Хариуцагч: З сан

 

Зээлийн гэрээг цуцалж, НХХК болон Э.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 292,746,134 төгрөг, З сангаас 274,658,980.3 төгрөг тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,

Хариуцагч Э.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А,

Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Хариуцагч Ч.Эийн өмгөөлөгч Б.Р,

Хариуцагч З сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ТХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Н ХХК нь Ттай 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хэвлэлийн тоног төхөөрөмжийн төслийн зээлийн гэрээ байгуулан 480,000,000 төгрөгийг сарын 0,66 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 0 дүгээр байрны зоорийн давхарт байрлах, 168,61 м.кв үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах, 70 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн 0тоотод байрлах 421 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин /UV PRINTER/, YSY-SUV-180615 /DY04-8030BL/3020HBL/ зэргийг тус тус барьцаалсан. Мөн З сан нь Ттай 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дугаар 1 тоот батлан даалтын гэрээ байгуулан 480,000,000 төгрөгийн зээлийн 57,4 хувийн батлан даалтыг гаргасан. Дээрх гэрээнд зааснаар зээлдэгчийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үлдэгдэлтэй байгаа үндсэн зээл 478,499,965.68 төгрөгийн 57,4 хувь буюу 274,658,980.3 төгрөгийг З сан төлөх үүрэгтэй байна. Зээлдэгч Н ХХК болон хамтран зээлдэгч Э.Б нар нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 1,500,034.32 төгрөг, үндсэн хүүнээс 51,457,243.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 00 төгрөг, нийт 52,957,277.97 төгрөг төлсөн байна. 2021 оны 8 дугаар сарын 18-ны байдлаар Н ХХК, хамтран зээлдэгч Э.Б нар нь үндсэн зээл 203,840,985.38 төгрөг, үндсэн хүү 73,220,774.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 358,780.97 төгрөг, нийт 277,420,542 төгрөгийн зээл, зээлийн хүүний үлдэгдэлтэй байсан. Харин З сан нь батлан даалтын гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэлийн 57,4 хувь буюу 274,658,980.3 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Н ХХК, хамтран зээлдэгч Э.Б нараас зээл, зээлийн хүүний төлбөрт 277,420,542 төгрөг гаргуулж талуудын хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай зээлийн гэрээний хугацааг цуцалж, З сангаас талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний дагуу төлөх 274,658,980.3 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсаны улмаас Н ХХК, хамтран зээлдэгч Э.Б нарын төлөх үндсэн хүү 15,102,245 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 223,347 төгрөг, нийт 15,325,592 төгрөгөөр нэмэгдсэн.

Иймд Н ХХК, хамтран зээлдэгч Э.Б нараас нийт зээлийн гэрээний үүрэгт 292,746,134 төгрөг, З сангаас 274,658,980.3 төгрөг тус тус гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох барьцаанд Баянзүрх дүүргийн 20 дүгээр байрны зоорийн давхарт байрлах, 168,61 м.кв үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах, 70 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн 0тоотод байрлах 421 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин /UV PRINTER/, YSY-SUV-180615 /DY04-8030BL/3020HBL/ зэрэг хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Н ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээний хугацаа 2028 он хүртэл үргэлжлэх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа нь үндэслэлгүй, хариуцагчийн хувьд төлбөрийг төлж байсан байдаг. Мөн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг ихэсгэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Э.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н ХХК-иас шаардсан мөнгөө Э.Баас давхар нэхээд байна. Хамтран зээлдэгчийг судлах хэрэгтэй байсан. Э.Б хамтран зээлдэгчийн хувиар л гарын үсэг зурсан болохоос зээлийг төлөх ёстой гэх учрыг ойлгоогүй. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зээлийн хувийн хэргийн талаар заасан бөгөөд хамтран зээлдэгчийн орлогын талаар судалсан баримт байхгүй. Э.Б судалгаагүйгээр гарын үсэг зурснаас болж өөрөө төлбөрт уначихаад байгаад гомдолтой байгаа. Зээлээс Э.Б ямар ч мөнгө авч ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Зээлийн хувийн хэрэг нь бүрдүүлбэр хангаагүй, шаардлага хангаагүй хүнийг судалгаагүйгээр хамтран зээлдэгчээр оруулсан тул хариуцах боломжгүй. Зээлийг үндсэн зээлдэгч л хүлээх ёстой. Хамтран зээлдэгч ямар ч хариуцлага хүлээхгүй. Хамтран үүрэг гүйцэтгэгч хамтран зээлдэгчээс ялгаатай. Гэрээнд хамтран зээлдэгч гэж бичээд шүүхэд хамтран үүрэг гүйцэтгэгч гээд байгаа нь үндэслэлгүй, тусдаа ойлголт. Зээлдэгч гэдэг нь компанийг, зээл төлүүлэх үүрэг нь зээлдэгчид байна. Хамтран зээлдэгчийн хуульд заасан журмыг зөрчиж Э.Быг оруулсан тул төлөх боломжгүй гэв.

 

4. Хариуцагч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Р шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Эийн төрсөн охин болох Э.Б, түүний нөхөр Т.Х нар нь 2017 оны 12 дугаар сард Банк бус санхүүгийн байгууллагаас зээл хөөцөлдсөн боловч барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, та хашаа байшингынхаа гэрчилгээг шилжүүлээд өгөөч гэж ирж уулзсан. Улмаар миний бие хашаа байшингынхаа нэрийг шилжүүлэхийг зөвшөөрч, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э.Бын нөхөр Т.Хт итгэмжлэл нотариат дээр очиж хийж өгсөн. Улмаар 1 банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээл авсан боловч эргэлтийн хөрөнгөд хүрэлцэхгүй байна, дахин банкны зээлэнд барьцаанд тавих хэрэгтэй байна гэж 2018 оны зун Т.Х нь банкны 2 ажилтаны хамт ирсэн. Гэтэл энэ оны 11 дүгээр сард Т.Хын компани болох Н ХХК нь Тнаас авсан зээлээ төлж чадаагүй, миний болон үр хүүхдүүдийн минь хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт байрших Г-0 дугаартай, 421 м.кв өмчлөх эрхтэй газар, уг хаягт байрших Ү-0 дугаартай, 70 м.кв талбайтай хувийн сууц зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу зээлийг төлүүлэхээр шүүхэд хандсан талаар мэдсэн. Улмаар хэргийн материалд байсан Тны зээл өгсөн салбар болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,  байрлах салбарт очиж, өөрийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх асуудлыг хэлэхэд мэдэх, шийдвэрлэх хүн байгаагүй. Надад Н ХХК-ийн зээлийг бүрэн төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлдөг талаар мэдэгдсэн. Барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг эрхийн хүрээнд хамгаалах, цаашид өөрийн өмчлөлийн хөрөнгийг улсын бүртгэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжлэх, аливаа хориг тэмдэглэл хийлгэх, дуудлага худалдаанд оруулах тэмдэглэл хийгдэхээс урьдчилан сэргийлэх, мөн миний хөрөнгө барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангах талуудын тохиролцсон үнээс илүү гарсан тохиолдолд түүнийг заавал төлж, чөлөөлүүлэх эрх зүйн үр дагавар үүсэхээр байна. Иймд миний өмчлөлийн хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

5. Хариуцагч З сан, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З сан нь З сангийн тухай хуульд зааснаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор банк санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Тус сан Н ХХК-ийн Тнаас 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 480,000,000 төгрөгийн зээлийн 57.4 хувьд батлан даалт гаргаж, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр БДГ1 тоот Батлан даалтын гурвалсан гэрээ байгуулсан. Уг Батлан даалтын гэрээний 1.6 дахь хэсэгт батлан даалтын үүрэг гүйцэтгэх нөхцөлийг заасан. Талууд гэрээгээр тохиролцсон урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал: 1.6-д Дараах шаардлага хангагдсан тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан байх, зээлдэгчийн гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэн гарч болзошгүй эрсдэлийн санг 25 ба түүнээс дээш хувиар байгуулсан байх, зээлийн гэрээний хугацаа дууссан, эсхүл хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцалж шаардах эрхээ хэрэгжүүлж эхэлсэн байх, зээлийн барьцаа хөрөнгө бусад батлан даагчаар үүргиин гүицэтгэлийг хангуулсан байх. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар нөхөх хариуцлага хүлээх батлан даалтын гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээний 1.6.4-д заасан нөхцөл биелэгдээгүй байгаа тул нэхэмжлэгч Тнь З сангаас Батлан даалтын гэрээний үүрэг шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна.

Иймд З санд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, ТХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн итгэмжлэлүүд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Зээл, хүүний тооцооны хуудас, зээлдэгчийн анкетууд, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн ерөнхий хорооны хурлын шийдвэр, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн барьцааны гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, барьцаалбарууд, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн батлан даалтын гэрээ, З сангийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1/365 дугаартай албан бичиг, Н ХХК-ийн дүрэм болон улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлүүд, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар, зээлийн дансны хуулга, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, зээл, хүүний тооцооллын хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч З сангаас гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, сангийн гүйцэтгэх захирлыг томилох тухай тогтоол, итгэмжлэл, хариу тайлбар, хариуцагч Н ХХК-иас гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариуцагч Э.Баас итгэмжлэлүүд, хариуцагч Т.Эээс өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэлийг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч Н ХХК, Э.Б, Т.Э нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 203,840,985.38 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 88,323,020.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 582,128.2 төгрөг, нийт 292,746,133.98 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч З санд холбогдуулан батлан даалтын гэрээний дагуу зээлийн үлдэгдэл дүнгийн 57,4 хувь буюу 274,658,980.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, дээрх үнийн дүнгээр шаардаж байна.

 

2. Хариуцагч Н ХХК нь нэхэмжлэгчийн хувьд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг ихэсгэсэн гэж, хариуцагч Э.Б нь компани зээлийн төлбөрийг авч ашигласан, хамтран зээлдэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч болохгүй, уг зээлийн төлбөрийг төлж чадах эсэх талаар банк судлаагүйгээр хамтран зээлдэгчээр оролцуулсан гэж, хариуцагч Т.Э нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө зээлийн барьцаанд тавих эрхтэй итгэмжлэл олгосон нь үнэн боловч миний хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч З сан нь банкны зүгээс зээлийг төлүүлэх талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг аваагүй, батлан даалтын гэрээ нь эхлээд зээлдэгч нараар зээлийн төлбөрийг төлүүлсэний дараа төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг манай сан төлөх буюу нөхөх хариуцлага хүлээхээр заасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

 

3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч Н ХХК болон Э.Б нартай 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 0 тоот зээлийн гэрээ байгуулан, уг гэрээгээр ТХХК нь төслийн хөрөнгө оруулалтын зориулалтаар 480,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдүүлэхээр, Н ХХК болон Э.Б нар нь тохирсон хугацаанд төлбөрийг хүүгийн хамт төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

4а. Дээрх гэрээний үүрэгт Н ХХК болон хамтран зээлдэгч Э.Б нар нь зээл авснаас хойш үндсэн зээлд 1,500,034.32 төгрөг, үндсэн хүүнд 51,457,243.65 төгрөг, нийт 52,957,277.97 төгрөгийг төлсөн болох нь Зээл, хүүний тооцооны хуудас, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

 

4б. Зээлийн гэрээний хугацаа 2028 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болох бөгөөд Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зээлээс зөвхөн хүүг сар бүр төлөхөөр, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн үндсэн зээл болон хүүгийн төлбөрийн хамт сар бүр төлөхөөр тохирсон, үндсэн зээлийн төлбөрт 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,799,900 төгрөгийг тус тус хамгийн сүүлд төлөлт хийж, үүнээс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч Н ХХК болон Э.Б нар биелүүлээгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

 

Энэхүү гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг зээлдэгч Н ХХК-д 2019 оны 3 дугаар сарын 15, 2019 оны 4 дүгээр сарын 09, 2019 оны 4 дүгээр сарын 18, 2019 оны 4 дүгээр сарын 25, 2019 оны 5 дугаар сарын 10, 2019 оны 6 дугаар сарын 03, 2019 оны 6 дугаар сарын 20, 2019 оны 7 дугаар сарын 05, 2019 оны 7 дугаар сарын 30, 2019 оны 8 дугаар сарын 01, 2019 оны 8 дугаар сарын 07, 2019 оны 9 дүгээр сарын 05, 2019 оны 9 дүгээр сарын 11, 2019 оны 9 дүгээр сарын 17, 2019 оны 9 дүгээр сарын 23, 2019 оны 9 дүгээр сарын 26, 2019 оны 10 дугаар сарын 07, 2019 оны 10 дугаар сарын 11, 2019 оны 10 дугаар сарын 18, 2019 оны 10 дугаар сарын 28, 2019 оны 11 дүгээр сарын 13, 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд, зээлдэгч Э.Бд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрүүдэд тус тус мэдэгдсэн байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлт хийх хуваарийг зөрчиж, зээлдүүлэгчээс зээл төлөх нэмэлт хугацаа олгосон боловч зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул ТХХК-иас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй.

 

4в. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар Э.Б нь хамтран үүрэг гүйцэтгэгч байна.

 

Зээлийн гэрээнд хариуцагч Э.Б нь хамтран зээлдэгчээр оролцсон, тэрээр гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтын талаар маргаагүй атлаа тэрээр зээлийн гэрээний дагуу олгогдсон мөнгөн хөрөнгийг компани авсан тул энэхүү зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй, зээлдэгчийн хувьд судалгаа хийгээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хариуцагч Э.Б нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэх замаар зээл олгохыг хүсч, зээлдэгчийн анкетийг зохих журмын дагуу бөглөж, зээлийн гэрээ байгуулсан, тухайн гэрээнээс үүсэх үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй, нөгөөтэйгүүр зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгч Н ХХК болон Э.Б нарын хэн нь ямар байдлаар хэдий хэмжээгээр захиран зарцуулах эсэх нь тэдний өөрсдийн хүсэл зоригийн асуудал юм.

 

4г. Хариуцагч Н ХХК болон Э.Б нь зээлийн төлөлтийг гэрээнд заасан хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч нь хүү тооцсон нь хуульд нийцжээ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

4д. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийг дагаж мөрдөж байх үед зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлснээс хойш 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

Зээлийн гэрээ байгуулагдах үед дагаж мөрдөж байсан хуулийн хүрээнд зээлийн үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч нь төлөх үүрэгтэй, зээлдүүлэгчийн хувьд шаардах эрхтэй, хариуцагч Н ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг, маргааныг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул нэхэмжлэгч нь гэрээгээ цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

 

5. ТХХК болон Т.Х, Ч.Э нар 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, 0 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Т.Хын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 дүгээр байрны зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 168.61 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ч.Эийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Овоотын 2 дугаар гудамжны 6 тоотод байрлах, нэгж талбарын 0 дугаартай, улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэгдсэн, 421 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тус хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 70 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаалсан байна.

 

Зээлдэгч Н ХХК-ийн захирал Т.Х болох нь 0 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргээр тогтоогдож байх бөгөөд Ч.Э нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, зээл болон барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах зэрэг эрхийг олгож, энэхүү итгэмжлэлийг үндэслэн барьцааны гэрээ байгуулагджээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн, барьцаалбар үйлдэгдсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

5а. ТХХК нь Н ХХК болон Э.Б нар 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, Хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин /UV printer/, YSY-SUV-180615 /DY04-8030BL/3020HBL/-ыг барьцаалсан, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.4-т зааснаар барьцааны гэрээ байгуулагдсан байна.

 

Дээрх хөдлөх хөрөнгийн хувьд Н ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө талаар зохигчид тайлбарлаж байх бөгөөд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэвлэх машин нь барьцааны зүйл байх боломжтой хөрөнгө, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Гэрээний үндсэн дээр үүсэх барьцааны эрх нь барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд барьцааны гэрээг бичгээр байгуулснаар үүснэ гэж заасны дагуу талууд хөдлөх эд хөрөнгийг бичгийн гэрээ байгуулах замаар барьцаалсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнүүд хуульд нийцээгүй талаар хэн алин нь маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 158 дугаар зүйлийн 158.1-д Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

6. З сан нь ТХХК, Н ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Батлан даалтын гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж, хэрэв зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс энэхүү гэрээнд заасан үүргийг гүйцэтгэх, батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгчээс буцаан шаардах эрх зээлдүүлэгчээс батлан даагчид шилжихтэй холбоотой харилцааг зохицуулахаар тохирсон байна.

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж, З сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах үйл ажиллагааг явуулах гэж зааснаар батлан даалтын гэрээ байгуулагджээ.

 

Дээрх гэрээгээр батлан даагч нь зээлдэгчийн 480,000,000 төгрөгийн зээлийн 57,4 хувьд, 275,500,000 төгрөгийн батлан даалтыг, 120 сарын хугацаатайгаар гаргаж, гэрээний 2.4-т заасан нөхцөл биелэгдсэн бол батлан даалтаар хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэх нөхцөл бүрдэхээр тохирсон ба 2.4.1-д Үндсэн зээлийн эргэн төлөлт 90 ба түүнээс дээш хоногоор хугацаа хэтэрч зээлийн ангилал шилжсэн байх, 2.4.2-т Зээл төлүүлэхтэй холбоотой дараах арга хэмжээг авсан байх. Үүнд: 1. Зээлдэгчид зээл төлөхийг сануулж мэдэгдэх /шаардах хуудас өгөх/, 2. Зээл төлөгдөөгүй шалтгааныг тогтоосон байх, 3. Зээлдэгчийн үйл ажиллагаа болон барьцаа хөрөнгөд шалгалт хийсэн байх, 4. Банк өөрийн холбогдох журам, зааварт заасан бусад арга хэмжээг авсан байх,, 2.4.3-т Зээлдэгчийн гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэн гарч болзошгүй эрсдэлийн санг 25 ба түүнээс дээш хувьтайгаар байгуулсан байх, 2.4.4-т Зээлийн гэрээний хугацаа дууссан, эсхүл хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцалж шаардах эрхээ хэрэгжүүлж эхэлсэн байх, 2.4.5-д Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаалсан хөрөнгө, бусад хөрөнгө, бусад батлан даагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байх гэж заажээ.

 

Мөн гэрээний 2.5-д Батлан даагч нь энэхүү гэрээний 2.4-т заасан нөхцөл хангагдсан тохиолдолд үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнгээс гэрээний 2.1-д заасан хувиар нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан зэргээс үзэхэд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч З сан нь нөхөх хариуцлага хүлээхээр байна.

 

Өөрөөр хэлбэл батлан даалтын гэрээний 2.4-т заасан үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэх 5 нөхцөл бүгд бүрдсэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

Батлан даалтын гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж зааснаар З сан нь зээлдэгчийн үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээндээ заагаагүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамтран хариуцах ёстой гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Уг гэрээний 2.7.1-д энэ гэрээний 2.4-т заасан нөхцөлүүд хангагдаагүй тохиолдолд батлан даагч нь зээлдүүлэгчээс ирүүлсэн батлан даалтын төлбөрийн нэхэмжлэхийн шаардлагыг биелүүлэхээс татгалзахаар талууд тохиролцсон, мөн З сангаас ТХХК-д 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1/365 дугаартай албан бичгээр үүрэг гүйцэтгэхээс татгалзсан хариуг хүргүүлж байсан зэргээс үзэхэд хариуцагч З сангийн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзал үндэслэлтэй байна.

 

7. Шүүх хуралдаанаас өмнө болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахад хариуцагч З сантай холбоотой нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд хамтран үүрэг гүйцэтгэнэ, харин нөхөх хариуцлага хүлээхгүй гэх тайлбарыг гаргаж, анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болохыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,223,125.61 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК, Э.Б, Ч.Э нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамжид 1,691,881 /1,621,681+70,200/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н ХХК, Э.Б нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 292,746,133.98 /хоёр зуун ерэн хоёр сая долоон зуун дөчин зургаан мянга нэг зуун гучин гурван төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Н ХХК, Э.Б нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Т.Хын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 дүгээр байрны зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 168.61 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ч.Эийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Овоотын 2 дугаар гудамжны 6 тоотод байрлах, нэгж талбарын 0 дугаартай, улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэгдсэн, 421 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тус хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 70 м.кв талбай бүхий хувийн сууц, хөдлөх эд хөрөнгө болох Хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин /UV printer/, YSY-SUV-180615 /DY04-8030BL/3020HBL/-ыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т зааснаар хариуцагч З санд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ТХХК-ийн батлан даалтын гэрээний дагуу зээлийн үлдэгдэл дүнгийн 57,4 хувь буюу 274,658,980.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,223,125.61 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК, Э.Б, Ч.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,691,881 /нэг сая зургаан зуун ерэн нэгэн мянга найман зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТХХКолгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ