Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00851

 

 

 

 

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00851

 

 

 

 

                                 “ТБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/01366 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн хариуцагч “НД” ХХК, ЗБДС, Э.Бнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, “НД” ХХК, Э.Бнараас 292,746,134 төгрөг, ЗБДСгаас 274,658,980 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан, хариуцагч “НД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагч ЗБДСгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, хариуцагч Э.Баяржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүль, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: НД ХХК, хамтран зээлдэгч Э.Бнараас 292,746,134 төгрөг, ЗБДСгаас 274,658,980.3 төгрөг тус тус гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ...байрны зоорийн давхарт байрлах, 168,61 м.кв үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ... 70 м.кв талбайтай хувийн сууц, ...421 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин /UV PRINTER/, YSY-SUV-180615 /DY04-8030BL/3020HBL/ зэрэг хөрөнгөөр хангуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “НД” ХХК 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “ТБ” ХХК-тай хэвлэлийн тоног төхөөрөмжийн төслийн зээлийн гэрээг байгуулж 480,000,000 төгрөгийг сарын 0,66 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлийн барьцаанд ... 69-р байр зоорийн давхарт байрлах 168,61 м.кв үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ...70 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 421 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хавтгай гадаргуу дээрх хэвлэх машиныг барьцаалсан.

ЗБДС 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “ТБ” ХХК-тай 1 тоот батлан даалтын гэрээ байгуулж, 480,000,000 төгрөгийн зээлийн 57,4 хувийн батлан даалт гаргасан. Гэрээнд зааснаар зээлдэгчийн 2021.08.18-ны өдрийн байдлаар үлдэгдэлтэй байгаа үндсэн зээл 478,499,965.68 төгрөгийн 57,4 хувь буюу 274,658,980.3  төгрөгийг ЗБДС төлөх үүрэгтэй.

“НД” ХХК болон Э.Бнар зээл авснаас хойш үндсэн зээлээс 1,500,034.32 төгрөг, үндсэн хүүгээс 51,457,243.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 52,957,277.97 төгрөг төлсөн. 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар хариуцагч нар нийт 277,420,542 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байсан. Харин ЗБДС батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдлийн 57,4 хувь буюу 274,658,980.3 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. НД” ХХК болон Э.Бнараас үндсэн хүү 15,102,245 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 223,347 төгрөг, нийт 15,325,592 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

2. Хариуцагч “НД” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулгад: Зээл төлөлтийн графикаас хариуцагч төлбөрийг төлж байсан нь харагдана. Төлөлтийг зөвхөн зээлийн хүүнд татсан. Алданги, хүү төлөлтийг талууд гэрээгээр тохиролцоогүй. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хүү, алдангийн хэмжээг нэмэгдүүлж шаардах эрхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч 2 жил гаруй хугацаанд төлбөрөө ихэсгэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Итгэмжлэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй гэжээ.

3. Хариуцагч ЗБДСгийн татгалзал, тайлбарын агуулгад: Батлан даалтын гэрээ байгуулсан. Уг гэрээний 1.6 дахь хэсэгт батлан даалтын үүрэг гүйцэтгэх нөхцөлийг заасан. Талууд гэрээгээр тохиролцсон урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 460.1 дэх хэсэгт зааснаар нөхөх хариуцлага хүлээх батлан даалтын гэрээ байгуулсан. Гэрээний 1.6.4-д заасан нөхцөл биелэгдээгүй тул нэхэмжлэгч нь батлан даалтын гэрээний үүрэг шаардах эрх үүсээгүй. Иймд ЗБДСд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Э.Баяржаргалын татгалзал, тайлбарын агуулгад: “НД” ХХК-аас шаардсан төлбөрөө Э.Б давхар шаардаж байна. Хамтран зээлдэгчийг судлах хэрэгтэй. Э.Бхамтран зээлдэгчийн хувиар гэрээнд гарын үсэг зурсан болохоос зээлийг төлөх ёстой гэх учрыг ойлгоогүй. Банк хамтран зээлдэгчийн орлогын талаар судалсан баримтгүй, судалгаагүйгээр гарын үсэг зурснаас болж өөрөө төлбөрт унасанд гомдолтой байна. Э.Бзээлийн мөнгийг ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийг үндсэн зээлдэгч хариуцах ёстой. Хамтран үүрэг гүйцэтгэгч, хамтран хариуцагчаас ялгаатай. Гэрээнд хамтран зээлдэгч гэж бичээд шүүхэд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж байгаа нь үндэслэлгүй, тусдаа ойлголт. Хамтран зээлдэгчийн хуульд заасан журмыг зөрчиж Э.Б гэрээнд оруулсан тул төлөх боломжгүй гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарт: Миний охин Э.Баяржаргал, түүний нөхөр Т.Х нар 2017 оны 12 сард ББСБ-аас зээлд хөөцөлдсөн боловч барьцаа хөрөнгө шаардлагатай гэж миний хашаа байшингийн гэрчилгээг шилжүүлэхийг гуйхад нь зөвшөөрөөгүй. Харин 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Т.Хт итгэмжлэл хийж өгсөн. ББСБ-ын зээлийн барьцаанд миний хөрөнгийг тавьж зээл авсан боловч эргэлтийн хөрөнгөд хүрэлцэхгүй, дахин банкны зээлийн барьцаанд тавих хэрэгтэй гэж 2018 онд Т.Х банкны ажилтантай ирсэн. Гэтэл энэ оны 11 сард Т.Хын компани ТБнаас авсан зээлээ төлж чадаагүй. Миний болон үр хүүхдүүдийн хөрөнгө болох ...70 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 421 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандсан талаар мэдсэн. ТБанд очиж энэ талаар асуухад шийдвэрлэж өгөөгүй. Иймд Ч.Эийн өмчлөлийн хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 6. Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НД ХХК, Э.Бнараас 292,446,131 төгрөг, хариуцагч ЗБДСгаас 274,658,980 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ТБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ..... 69 дүгээр байрны зоорийн давхарт байрлах, 168.61 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин /UV PRINTER/, YSY-SUV-180615 /DY04-8030BL/3020HBL/-ыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ....., 70 м.кв талбай бүхий хувийн сууц, 421 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,223,125 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч НД ХХК, Э.Бнараас 1,620,181 төгрөг, хариуцагч ЗБДСгаас 1,531,245 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

 7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

7.1. Үйл баримтын тухайд,

7.1.а. 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “НД” ХХК, хамтран зээлдэгч Э.Б зээл, зээлийн хүүгийн төлбөрт 277,420,542 төгрөг гаргуулах, 107400212331 дугаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, ЗБДСгаас батлан даалтын гэрээнд заасны дагуу зээлийн үлдэгдэл дүнгийн 57,4 хувь буюу 274,658,980 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 15,325,592 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 292,746,134 төгрөг “НД” ХХК, хамтран зээлдэгч Э.Бнараас гаргуулахаар нэхэмжилсэн.

7.2. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд,

7.2.а. Шүүх барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 24 хороо, Овоот 2-6 тоотод байрлах 70 м.кв хувийн сууц, 421 м.кв газраар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Э 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн өмчлөлийн 70 мкв хувийн сууц, 421 м.кв газрыг “НД” ХХК-ийн захирал Т.Хт зээлийн барьцаанд тавих, төлбөр тооцоо хийх, үүргийн гүйцэтгэл хангуулах зэрэг эрхүүдийг олгосон итгэмжлэл өгсөн. Банк 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр барьцааны гэрээ байгуулахдаа иргэн Ч.Эээр гарын үсэг зуруулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ч.Эийг барьцаа хөрөнгийн өмчлөгчийн хувьд гуравдагч этгээдээр оролцуулсан бөгөөд хариуцагчаар оролцуулах шаардлагагүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагад хамаарах хариуцагч нь “НД” ХХК, түүний гүйцэтгэх захирал Т.Х болохоос иргэн Ч.Э биш. Т.Хт итгэмжлэлээр бүх эрхээ шилжүүлсэн байхад дахин Ч.Эийг хариуцагчаар татах нь үндэслэлгүй. Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн бие даасан шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан. Гуравдагч этгээдээс Т.Хт олгосон итгэмжлэлийн талаар зохигчид маргаангүй байхад шүүхээс итгэмжлэлийг илтэд үгүйсгэсэн шийдвэр гаргасан.

Иймд шүүхийн шийдвэрт Баянзүрх дүүргийн 24-р хороо, Овоот 2-6 тоотод байрлах 70 м.кв хувийн сууц, 421 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч “НД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

8.1. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй тухайд,

8.1.а. “Инвестос ББСБ" ХХК хариуцагч нарт холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үндсэн зээл 203,840,985.38 төгрөг, хүү 73,220,774.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 358,780.97 төгрөг, нийт 277,420,542 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улмаар нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хүү 15,102,245.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 223,347.23 төгрөг, нийт 15,325,592.65 төгрөгөөр нэмэгдүүлсэн. “ТБ” ХХК, “НД” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 18 ны өдөр 120 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа дуусаагүй байхад хариуцагч нь төлбөрийн хуваарийн зөрчил гаргасан.  Харин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл, зээлийн хүүг бүхэлд нь төлөхийг шаардсан бөгөөд нэхэмжлэл нь Иргэний хуулийн 451.1, 242.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгчээс зээлийн гэрээний төлбөрөө шаардаж авах, харилцагч нарыг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох эрх зүйн үр дагавар гаргахад чиглэсэн. “ТБ”  ХХК зээлийн гэрээний зөрчлийг арилгуулах боломжтой байхад нэхэмжлэл гаргах замаар дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэгч үүргийг бүхэлд нь шаардсан нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан гэж үзэх тул цуцлагдсанаас хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах үндэслэлгүй. Энэ төрлийн маргааныг Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүхээс нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байхад анхан шатны шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг алдаатай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэмэгдүүлсэн 15,325,592.65 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9. Хариуцагч ЗБДСгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн "... хариуцагч ЗБДСгаас 274,658,980 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгосугай" гэснийг зөвшөөрөхгүй байна.

9.1. Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд,

9.1.а. Анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн батлан даалтын гэрээнд заасны дагуу “ТБ” ХХК нь батлан даагч ЗБДСгаас гэрээний уүргийг шаардах эрх үүссэн эсэхийг нягталж тогтоогоогүй. Талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Зээлдүүлэгч батлан даалтын гэрээний нөхцлүүдийг хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй байхад түүний шаардах эрхийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болохыг нотолж байна.

9.1.б. Иргэний хуулийн 460.1, 460.2 дахь хэсэгт нөхөх хариуцлага хүлээх, хамтран хариуцах гэсэн хоёр хэлбэрээр батлан даалт гаргаж болохоор зохицуулсан. Гэрээгээ хэрхэн байгуулснаас уг хоёр хэлбэрийн алин нь болохыг тогтоохоор байна. Гэрээний 2.4.5-д зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа батлан даагч үүрэг гүйцэтгэх, 2.5-д гэрээний 2.4-д заасан нөхцөл хангагдсан тохиолдолд нөхөх хариуцлага хүлээх, 2.7.1-д гэрээний 2.4-д заасан нөхцөлүүд хангагдаагүй бол гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах, 4.1.2-д батлан даалтын хэлбэр нь "нөхөх хариуцлага" хүлээх энэхүү батлан даалтын гэрээ байна" гэх зохицуулалтаас дүгнэхэд талууд Иргэний хуулийн 460.1-д заасан нөхөх хариуцлага хүлээх гэрээ байгуулсан. Шүүх бичмэл нотлох баримт болох батлан даалтын гэрээний дээрх заалтуудыг судалж үнэлэхгүйгээр Иргэний хуулийн 460.2-д зааснаар зээлдэгч нартай хамтран хариуцахаар гэрээ байгуулсан байна гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй, хууль бус болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ЗБДСгаас 274,658,980 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

10. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Батлан даалтын харилцаа өөрөө давхардуулсан харилцаа биш зэрэгцсэн харилцаа үүсгэсэн. Огт барьцаагүй хэсэгт ЗБДС батлан даалт гаргасан. Барьцааг борлуулж үлдсэн хэсэгт нь батлан даалт гаргасан гэж байгаа нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хэдийд ч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.

 

11. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

 

Хариуцагч “НД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгчийн гомдол гуравдагч этгээдэд холбогдох гомдол байсан. Гуравдагч этгээдийг хариуцагчаар татан оруулах шүүхийн шийдвэр зөв гарсан гэжээ.

Хариуцагч ЗБДСгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгч болон хариуцагч “НД” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Э.Баяржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б ямар ч судалгаагүйгээр хамтран зээлдэгчээр оролцуулсан. Иргэний хувьд хуульд заасан хүрээнд орлогын талаарх мэдээлэл, зээл хүсэгчийн өр орлогын харьцааг нотолсон баримтыг банк бүрдүүлэх ёстой байсан. Гэтэл уг баримтыг бүрдүүлэхгүйгээр Э.Б гарын үсэг зуруулах байдлаар гэрээний нэг тал болгосон гэжээ.

 

12. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: ... Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж заасан. Иймд гуравдагч этгээдийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч “ТБ” ХХК, хариуцагч “НД” ХХК, Э.Бнарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 292,746,134 төгрөг, хариуцагч ЗБДСгаас 274,658,980 төгрөг тус тус гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодруулаагүйн улмаас шүүхийн шийдвэр тодорхой бус байдалтай гарсан байна.

4. Хэрэгт “ТБ” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “НД” ХХК, Э.Бнартай байгуулсан 480,000,000 төгрөг 120 сарын хугацаатай зээлдүүлэх тухай зээлийн, мөн өдөр Т.Х, Ч.Э нартай байгуулсан барьцааны гэрээ, ЗБДС, “НД” ХХК, Э.Бнарын байгуулсан батлан даалтын гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “НД” ХХК, Э.Бнартай байгуулсан барьцааны гэрээнүүд авагдсан байна. /1хх13-20, 29-31/

5. Шүүх ЗБДСгаас 274,658,980 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг анхаараагүй байна.

5.а. Нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч ЗБДС, “НД” ХХК, Э.Баяржаргалтай байгуулсан батлан даалтын гэрээгээр ЗБДС нь зээлдэгчийн 480,000,000 төгрөгийн зээлийн 57,4 хувьд 275,500,000 төгрөгийн батлан даалтыг 120 сарын хугацаатай гаргах, батлан даагч нь гэрээний 2.4, 2.5-д заасан батлан даалтаар хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэх нөхцөл бүрдсэн тохиолдолд үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнгээс 57,4 хувиар нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцсон байна. /1хх29-31/

5.б. Талуудын дээрх тохиролцоог Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний зохицуулалттай харьцуулан үзэхэд хариуцагч буюу үндсэн үүрэг гүйцэтгэгч зээлээ төлөх боломжгүй болсон нөхцөлд зээлдэгчид шаардах эрх үүсэхээр байна. Тодруулбал, ЗБДС үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнгээс нөхөх хариуцлага хүлээхээр байна. Шүүх эдгээр нөхцөл байдлыг тодруулаагүй, үндсэн болон нэмэлт үүргийн биелэлтийг анхаараагүй хэргийг шийдвэрлэсэн байна.

             6. Мөн шүүх маргааны үйл баримтад хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

6.а. Нэхэмжлэгч “ТБ” ХХК 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийг тооцжээ. Уг тооцоолол нь талуудын хооронд гэрээний үүрэг үүссэн цаг хугацаанаас хойш буюу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалт хамаарах эсэхийг тодруулах шаардлагатай. /1хх1-3, 209/

Өөрөөр хэлбэл,  гэрээ байгуулагдах үед мөрдөгдөж байсан хуулийн хүрээнд гэрээ байгуулахаас гэрээ цуцлагдах хүртэл үүссэн үүргийг төлүүлэхээр шаардах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч нь төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх ба шүүх 2021 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн үндэслэл тодорхой бус байна.

7. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

7.а. Нэхэмжлэгч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Этэй байгуулсан барьцааны гэрээг үндэслэж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. Шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан атлаа уг  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг хариуцагчаар тодорхойлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдэд холбогдох шаардлагыг шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

7.б. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “гуравдагч этгээд Ч.Эээс Т.Хт олгосон итгэмжлэлийн талаар зохигчид маргаагүй байхад шүүх итгэмжлэлийг илтэд үгүйсгэсэн шийдвэр гаргасан” гэх гомдол гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно, “Нэхэмжлэгч өөрийгөө өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бөгөөд тухайн өөр этгээд бие даасан шаардлага гаргасан бол шүүх түүнийг гуравдагч этгээдээр оролцуулж болно” гэж заасныг шүүх анхаараагүй байна.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/01366 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талын төлсөн 70,200 төгрөг, хариуцагч ЗБДСгийн  төлсөн 1,531,245 төгрөг, хариуцагч “НД” ХХК-ийн төлсөн 234,580 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                        А.МӨНХЗУЛ