Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2023/00107

 

“M” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00665 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00568 дугаар магадлалтай,                                                                                                                  

“M” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Н ” ХХК, Э , Ч , З д холбогдох

Гэрээ цуцалж, “Н ” ХХК, Э  нараас гэрээний үүрэгт 292,746,134 төгрөг, З гаас 274,658,980 төгрөг тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “M” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г , хариуцагч З гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “M” ХХК нь хариуцагч “Н ” ХХК, Э , Ч , З д холбогдуулан гэрээ цуцалж, “Н ” ХХК болон Э  нараас гэрээний үүрэгт 292,746,134 төгрөг, З гаас 274,658,980 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай  нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00665 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н  ХХК, Э  нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 292,746,133.98 /хоёр зуун ерэн хоёр сая долоон зуун дөчин зургаан мянга нэг зуун гучин гурван төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч M ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Н  ХХК, Э  нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Т ын өмчлөлийн ... байрны зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн, 168.61 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ч ийн өмчлөлийн ...талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тус хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн 70 м.кв талбай бүхий хувийн сууц, хөдлөх эд хөрөнгө болох Хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин /UV printer/, YSY-SUV-180615 /DY04-8030BL/3020HBL/-ыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т зааснаар хариуцагч З д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч M ХХК-ийн батлан даалтын гэрээний дагуу зээлийн үлдэгдэл дүнгийн 57,4 хувь буюу 274,658,980.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,223,125.61 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н ” ХХК, Э , Ч  нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,691,881 /нэг сая зургаан зуун ерэн нэгэн мянга найман зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч M ХХК-д  олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00568 дугаар  магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00665 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “292,746,133” гэснийг “277,420,542” гэж, “...гаргуулж...” гэсний дараа “...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,325,591 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтын “1,691,881 /нэг сая зургаан зуун ерэн нэгэн мянга найман зуун наян нэг/” гэснийг “1,545,053” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,531,245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н ” ХХК-ийн төлсөн 234,580 төгрөг, хариуцагч Э ын төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00568 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасны дагуу шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар дараах гомдлыг гаргаж байна.

Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний 53 дугаар тогтоолоор “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан "зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй" гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ” гэж тайлбарласан.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийн дээрх заалтуудыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг анхан шатны шүүх олгохоор, давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрт З г хариуцлагаас чөлөөлөхдөө батлан даалтын гэрээнд заасан нөхцөлүүд бүрдээгүй болохыг дурдсан байна. З гийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т зааснаар гагцхүү үндсэн зээлийн 57,4 хувийг батлан даахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4-т “Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэсэн шаардлагыг хангасан. Талуудын      хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 2 дугаар зүйлд батлан даалтын үүргийг хэрхэн гүйцэтгэх талаар зохицуулснаас харахад Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэж заасныг талууд тохирсон гэж үзэж байна. З  болон “Н ” ХХК, Э  нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийг 1 гүйцэтгэлийн үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх бөгөөд тэдгээрийн хүлээх үүрэг нь 242.11 -т “ Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасны дагуу хариуцагч батлан даалтын сан нь зээлийн үлдэгдэл дүнгийн 57,4 хувь буюу 274,658,980.3 төгрөг төлөх үүрэгтэй. З гаас батлан даалтын нэмэлт гэрээнд заасан дараах 4 нөхцөл бүрдээгүй тул батлан даалтын үүрэг гүйцэтгэх боломжгүй талаар дурдсан нь үндэслэлтэй хэмээн шүүхээс шийдвэрлэсэн байна. Үүний талаар анхан шатны шүүхэд тусгайлсан тайлбар гаргаж өгч байсныг шүүхээс хэлэлцэхгүй шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэлд дурдагдаад байгаа зээлийн гэрээний маргаан нь нэг компанийн, нэг зээлийн маргаан байхад хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 274,658,980.3 төгрөгийг хэнээс нэхэмжлэх, цаашид хэрхэх талаар шүүхийн шийдвэрт дурдаж оруулаагүй байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцуулах үед З д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ гэсний дараа уг төлбөрийг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэсэн боловч шийдвэртээ энэ талаараа тусгаагүй байгаа нь ойлгомжгүй байна. Энэ талаар мөн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч энэ талаар дүгнэлт хийгээгүй байдаг.

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар: Уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй, орхигдуулсан байна. Mнаас 2021.08.19-ний өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулсан 107400212331 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй, ТОГТООХ хэсэгтээ шийдвэрлээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээний хугацаа цуцлах тухай дүгнэхдээ нэхэмжлэлийн шаардлага гаргасан өдрөөс цуцлагдсан гэж үзсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасныг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байгааг зээлийн гэрээний хугацаа цуцлахтай хольж тайлбарласан байна. Мөн магадлалын 6.3-т “..2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хүрээнд гэрээ байгуулагдахаас гэрээ цуцлагдах хүртэл үүссэн үүргийг төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж дүгнэсэн. Гэтэл хуулийн аль зүйл, заалтад энэ талаар зохицуулсныг дурдаагүй, хуулийг бүхэлд нь дурдаж нэмэгдүүлж нэхэмжилсэн 15,325,591 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00665 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00568 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 274.658,980.3 төгрөг, хүү 15,325,591 төгрөгийн хамт “Н ” ХХК, Э  нараас гаргуулж банканд олгуулахаар шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Ч ийн өмгөөлөгч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Mны нэхэмжлэлтэй хариуцагч Н  ХХК, Э , Ч , З д тус тус холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00665 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 210/МА2023/00568 дугаар магадлалыг хариуцагч Ч  эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

“M” ХХК болон Т  нар 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Барьцааны гэрээ” байгуулж, 107400212331 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Ч ийн өмчлөлийн ... талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тус хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн 70 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг тус тус барьцаалсан байдаг.

Ийнхүү барьцаалахад 2017 оны 12 сарын 01-ний өдөр Ч  нь Т т итгэмжлэл олгосон байдаг. Т  нь Н  ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд Mнаас зээл авахдаа барьцаалсан. Ч  нь Н  ХХК-д итгэмжлэл олгоогүй, Т т иргэний хувьд итгэмжлэл олгосон байдаг. Гэвч Mны нэхэмжлэлтэй хариуцагч Н  ХХК-д холбогдох хэрэгт Т  нь оролцоогүй, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт оролцсон. Т  нь огт шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд түүнийг оролцуулах шаардлагатай талаар Ч ийн зүгээс удаа дараа илэрхийлж байсан. Мөн Т  нь өөрийн өмчлөлийн ... т байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн 168.61 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байдаг ч анхан шатны шүүхээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргахдаа хариуцагчийн зүгээс шүүхэд мэдэгдсээр байхад барьцааны өмчлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 29.3 дах хэсэгт зааснаар Т ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулаагүй, иргэний шүүхэд мэдүүлэх үндсэн эрхийг зөрчсөн үйлдэл болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт батлан даалтын гэрээнд заасан нөхцөлүүд бүрдээгүй, З г талуудын хооронд байгуулсан гэрээнд нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцсон гэж үзэн З г хариуцлагаас чөлөөлөгдөхөөр шийдвэрлэжээ. З гаас батлан даалтыг гаргуулахгүй шийдвэрлэснээр Ч ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үр дагавар үүсэхээр байна. Зээлийн батлан сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад “зээлийн батлан даалт гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг” гэсэн байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль (1995.10.31)-ийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Батлан даагч хүлээсэн үүргээ хууль, гэрээнд заасны дагуу биелүүлж, зээлдэгчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, З гийн хүлээх хариуцлага нь нөхөх хариуцлага бус зээлдэгчийн адил үүрэг хүлээх юм. Мөн нэхэмжлэгч M ХК болон хариуцагч З , Н  ХХК нарын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 2.1 -д “..батлан даагч нь зээлдэгчийн 480,000,000 төгрөгийн зээлийн 57.4 хувьд, 275,500,000 төгрөгийн батлан даалтыг, 120 сарын хугацаатайгаар гаргав ” гэж заасан. Дээрх тохиролцоо нь З гийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад зааснаар гагцхүү үндсэн зээлийн 57.4 хувийг батлан даахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт “Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасантай нийцэж байгаа юм. Иймд З д холбогдох 274,658,980.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Эцэст нь, анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой зөрчил гаргасан байх тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00665 дугаар шүүхийн шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 210/МА2023/00568 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.05.18-ны хуралдааны 001/ШХТ2023/00585 тогтоолоор зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгч “M” ХХК нь хариуцагч “Н ” ХХК, Э , Т  нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 203,840,985.38 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 88,323,020.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 582,128.2 төгрөг, нийт 292,746,133.98 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч З д холбогдуулан батлан даалтын гэрээний дагуу зээлийн үлдэгдэл дүнгийн 57,4 хувь буюу 274,658,980.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

8. Хэргийн баримтаас үзэхэд “M” ХХК болон “Н ” ХХК, Э  нарын хооронд 2018.05.18-ны өдөр байгуулагдсан гэрээгээр зээлдүүлэгч “M” ХХК нь зээлдэгч “Н ” ХХК-д 480,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар 120 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлдүүлэх,  зээлдэгч нар нь уг зээлийн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Т ын өмчлөлийн 168.61 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ч ийн өмчлөлийн 421 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон 70 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин /UV printer/, YSY-SUV-180615 /DY04-8030BL/3020HBL/-ыг тус тус барьцаалуулан, барьцаалбар үйлдэн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

9. З  болон “M” ХХК, “Н ” ХХК–ийн хооронд 2018.05.18-ны өдөр байгуулагдсан батлан даалтын гэрээгээр зээлдэгчийн 480,000,000 төгрөгийн зээлийн 57,4 хувьд 275,500,000 төгрөгийн батлан даалтыг 120 сарын хугацаатай гаргах, батлан даагч нь гэрээний 2.4, 2.5-д заасан батлан даалтаар хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэх нөхцөл бүрдсэн тохиолдолд үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнгээс 57,4 хувиар нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцсон байна.

10. Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгчид 480,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нар нь зээл, хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх ба нийт 52,957,277 төгрөг төлсөн үйл баримтын тухайд талууд маргаагүй байна.

11. Анхан шатны шүүх “...зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хугацаа 2028.05.18-ны өдөр дуусгавар болох бөгөөд эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөх үүргээ хариуцагч “Н ” ХХК болон Э  нар биелүүлээгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг зээлдэгч нарт 2019.03.15-ны өдрөөс эхлэн удаа дараа хүргүүлсэн, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар “M” ХХК нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнээд, хариуцагч Э  нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д хамтран үүрэг гүйцэтгэгч мөн тул хариуцагч “Н ” ХХК, Э  нараас зээлийн гэрээний үүрэгт нийт  292,746,133.98 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “M” ХХК-д олгохоор, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсэн.

12. Харин З д холбогдуулан гаргасан зээлийн үлдэгдэл дүнгийн 57,4 хувь буюу 274,658,980.3 төгрөг гаргуулах тухай шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...батлан даалтын гэрээний 2.5-д “Батлан даагч нь энэхүү гэрээний 2.4-т заасан нөхцөл хангагдсан тохиолдолд үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнгээс гэрээний 2.1-д заасан хувиар нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасан зэргээс үзэхэд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч З  нь нөхөх хариуцлага хүлээхээр байна. Өөрөөр хэлбэл, батлан даалтын гэрээний 2.4-т заасан үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэх 5 нөхцөл зэрэг бүрдсэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн байна.

13. Давж заалдах шатны шүүх “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн боловч гэрээ цуцалснаас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч “Н ” ХХК, Э  нараас гаргуулж шийдвэрлэснийг буруу” гэж дүгнээд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

14. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

15. Нэхэмжлэгч “M” ХХК нь хариуцагчаар “Н ” ХХК, Э , Ч , З г тус тус тодорхойлон “Гэрээ цуцалж, “Н ” ХХК, Э  нараас гэрээний үүрэгт 292,746,134 төгрөг, З гаас 274,658,980 төгрөг тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба анхан шатны шүүх “... хуралдаанаас өмнө болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахад хариуцагч З тай холбоотой нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд хамтран үүрэг гүйцэтгэнэ, харин нөхөх хариуцлага хүлээхгүй гэх тайлбарыг гаргаж, анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн тухайгаа дурдсан бол давж заалдах шатны шүүх уг асуудлаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

16. Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчээс хариуцагч тус бүрд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй буюу зээлийн нэг гэрээний үүргийг хариуцуулахаар “Н ” ХХК, Э , Ч , З  гэсэн дөрвөн этгээдийг хариуцагчаар татсан атлаа нэхэмжлэлийн шаардлагын аль хэсэг нь хариуцагч тус бүрт ямар байдлаар хамаарч байгаа нь тодорхойгүй  байхад хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэнгүй.

17. Нэхэмжлэгч “M” ХХК нь санхүүгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчийн хувьд З г хариуцагчаар татахдаа “батлан даагчийн хувьд нөхөх хариуцлага хүлээх хариуцагч, эсхүл хамтран үүрэг хүлээгчээр зээлийн гэрээний үүргийг хариуцах хариуцагч” аль нь болохыг хууль зүйн хувьд үндэслэл бүхий тодорхойлоогүйгээс  батлан даалтын гэрээний урьдчилсан нөхцөл хангагдсан эсэх талаар талууд мэтгэлцээгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.   

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00665 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00568 дугаар  магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 1,607,872.85 төгрөг, хариуцагчаас 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                П.ЗОЛЗАЯА                                                              

                                                                                          Д.ЦОЛМОН

                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД