Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2023/02287

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 05

101/ШШ2023/02287

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.Г,

Нэхэмжлэгч: Г.А нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.А,

Хариуцагч: П ХХК

Хариуцагч: Б.Б нарт холбогдох

 

Үндэслэлгүй хөрөнгөжиж авсан 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,

Хариуцагч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

Хариуцагч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

 

/Хариуцагч Х.Ат шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийн оролцогч нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Г, Г.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч бид нар 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр П ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, 0 тоот орон сууцыг 76,500,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Орон сууцны урьдчилгаа төлбөрт 65,000,000 төгрөгийг П ХХК-ийн дансанд, 5,000,000 төгрөгийг П ХХК-ийн захирал Х.Аийн хэлснээр Б.Бы Хаан банк дахь данс руу тус тус шилжүүлэн төлсөн. Гэрээний дагуу шилжүүлэх ёстой Б блокын 2 давхрын 51 мкв талбай орон сууцыг нь бусдад давхардуулан худалдсан байсан тул уг орон сууцны оронд 0 тоот 51 мкв талбай орон сууцыг авахаар тохиролцож, Б.Бд шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг буцааж авна гэж итгэж уг орон сууцны үнэнд П ХХК-ийн Төрийн банкны дансанд 9,900,000 төгрөг, П ХХК-ийн захирал Х.Аийн Хаан банкны дансанд 1,000,000 төгрөг, нийт 10,900,000 төгрөгийг нэмж төлсөн. Нэхэмжлэгч бид нар Б.Б гэх хүнтэй орон сууц худалдан авахад зуучлуулахаар тохирсон зүйл байхгүй бөгөөд харин П ХХК-ийн захирал Х.А нь дээрх орон сууцыг Б.Баар зуучлуулан худалдахаар тохирсон болохоо хүлээн зөвшөөрдөг. Гэтэл Б.Бд шилжүүлсэн мөнгөнөөс 1,000,000 төгрөг буцаан төлөгдсөн боловч 4,000,000 төгрөгийг хариуцагч П ХХК, Х.А, Б.Б нар нь буцаан төлөөгүй өдий хүрч байна.

Иймд хариуцагч П ХХК, Б.Б, Х.А нараас үндэслэлгүй хөрөнгөжиж авсан 4,000,000 төгрөгийг бүхэлд нь гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулж байна гэв.

 

2. Хариуцагч П ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмнө нь гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөө буцаан авах тухай шаардлага гаргасан байсныг өөрчилж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хуулийн үндэслэлийг зааж харин нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй хэвээрээ байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,000,000 төгрөгийг иргэн Б.Бд дансаар шилжүүлсэн бөгөөд ийнхүү шилжүүлэх үндэслэл нь П ХХК-иас орон сууц худалдаж авсан ба уг орон сууцны төлбөр дээр нэмж, орон сууц зуучилж худалдсан этгээдийн төлбөрийг төлөхөөр талууд тохиролцсон ба энэхүү тохиролцсон ёсоор шилжүүлснээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг билээ. Харин орон сууцны тоотыг сольсон учраас зуучлалын хөлсийг төлөхгүй гэх бөгөөд сольсон орон сууцанд зуучлал хамаарахгүй тул гэрээ байгуулаагүй, орон сууцны үнээс илүү төлбөр төлсөн гэх агуулгыг гаргасан байна. Гэвч энэ үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон удаа дараагийн шүүх хуралдаан дээр Бид Б болкны 201 тоотыг авсан бол 4,000,000 төгрөгийг нэхэмжлэхгүй байх байсан, харин А блокны 201 тоотыг авсан учраас нэхэмжилж байна гэх тайлбарыг гаргасан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд орон сууцны үнийг бичсэн байдаг ба мөн орон сууц худалдсан зуучлагчийн хөлсийг нэмж 5,000,000 төгрөгийг төлнө гэж гараар бичиж, худалдагч болон худалдан авагчийн хэн аль нь зөвшөөрч гарын үсгээ зурж, тамгаа дарсан байна. Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь орон сууцны үнээс гадна зуучлагчийн хөлсийг нэмж төлөхөө мэдэж, зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд үүнийхээ дагуу зуучлагчийн дансруу төлбөрийг шилжүүлсэн. Ийнхүү талууд тохиролцсон нь Иргэний хуульд харшлахгүй бөгөөд өөрсдийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэний шинж юм.

Иймд талуудын анхны тохиролцсон гэрээ биелж, дуусгавар болж, нэхэмжлэгчийн орон сууцанд өмчлөлийн ямар нэгэн маргаан байхгүй ба тэрхүү орон сууцандаа одоо амьдарч байгаа тул зуучлалын хөлс төлөхөөр тохиролцоогүй гэх үндэслэл нь Иргэний хуульд заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Х.А шүүхэд гаргасан тайлбартаа:

П ХХК нь М ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн АГГ/15/18 гэрээнд зааснаар 6 байр бартерийн гэрээгээр авч борлуулсан. 3 байрыг Ремакс борлуулалтын албаар, 3 байрыг М ХХК-ийн борлуулагч Б.Баар борлуулуулсан. 0 тоот, 0 тоот, 0 тоот юм. Б.Бтай тодорхой гэрээ хийгээгүй амаар тохирч борлуулалтын 2 хувь өгч байсан. Манай компани ажил ихтэй байсан тул Б.Быг 0 тоотыг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Б.Тод борлуулаад дахин 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Г.Ат борлуулсныг анзаараагүй. Учир нь Поларис апартментад 201 дугаартай бартерийн 3 байр байсан. Б.Б гэрээгээ ажил дээрээ хийж, худалдан авагчид танилцуулж, тохиролцоод гарын үсэг надаар зуруулдаг байсан. Б.Б 0 тоотыг давхцуулж борлуулахдаа Г.Ааас 5,000,000 төгрөг авсан. 2017 оны 7 дугаар сард байрны А блок ашиглалтанд орох үед давхцуулж борлуулсаныг мэдсэн. Тэгээд Г.Атай гэрээгээ цуцалж, би урьдчилгаа авсан 65,000,000 төгрөгөө өгч, Б.Б 5,000,000 төгрөгөө буцааж өгөхөөр тохиролцсон. Би мөнгө буцааж өгөх боломжгүй болохоор А блокын 1 дүгээр орцны 201 тоотыг авахыг гуйж Г.Атай дахин гэрээ шинээр хийсэн.

Иймд Б.Б 5,000,000 төгрөгийг буцааж Г.Ат өгөх ёстой гэж миний зүгээс үзэж байна гэжээ.

 

4. Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 7 дугаар сарын 15-нд П ХХК-ийн захирал Х.А надтай холбогдож яаралтай М ХХК-иас бартерт авсан байрыг заруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж санал тавьсан. Уг саналд дурдахдаа Баянзүрх дүүрэгт байрлах 0 тоот байрыг заруулах тухайгаа хэлсэн. Х.А хэлэхдээ тухайн байрны 1 мкв-ыг 1,500,000 төгрөгөөр борлуулсан нийт үнийн дүнг би авахад болно. Харин 1 мкв-ыг нь 1,500,000 төгрөгөөс дээш үнээр худалдсан тохиолдолд тухайн илүү гарсан мөнгийг зуучлалын ажлын хөлсөнд өгнө хэмээн тодорхой тохиролцсон. Удалгүй иргэн С.Год 1 мкв-ын үнийг 1,600,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 1мкв-ын зөрүү үнэ болох 100,000 төгрөг, нийт үнийн дүнгийн зөрүү болох 5,000,000 төгрөгийг зуучлалын хөлсөнд авахаар П ХХК-ийн захирал Х.Атэй амаараа тохиролцсон. Уг тохиролцооны хүрээнд би 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгаас /би Дорнод аймагт ажилладаг болно/ борлуулалтын менежер н.Цтой холбогдож, н.Цоор дамжуулан иргэн С.Гыг П ХХК-ийн захирал Х.Атэй уулзуулж, үүний үндсэн дээр Үндсэн гэрээ болох Орон сууц худалдах, худалдан авах гэрээг иргэн С.Г, П ХХК-ийн захирал Х.А нар байгуулсан. Гэрээ байгуулагдсан өдөр С.Г нь орон сууцны нийт үнэ болох 70,000,000 төгрөгнөөс 65,000,000 сая төгрөгийг П ХХК-ийн захирал Х.Ат өгсөн. Үлдэгдэл 5,000,000 төгрөгийг зуучлалын хөлс болгож Б.Б над руу шилжүүл гэж П" ХХК-ийн захирал Х.А нь С.Год хэлсний дагуу Б.Б миний Хаан банкны данс руу хийгдсэн. Тухайн үед 3 тал тохиролцож хүлээн зөвшөөрсөн болно. 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 0 орон сууцны хотхоны Б блок ашиглалтанд орж С.Г нь өөрийн худалдан авсан орон сууцны байраа хүлээн авах үед П ХХК-ийн захирал Х.А нь өөр хүнд тухайн орон сууцны байрыг давхцуулж зарсанаа хүлээн зөвшөөрч, аль аль талд нь мэдэгдэж уучлал хүссэн. С.Гыг 0 орон сууцны хотхоны А блок 0 тоотод шилжүүлэх хүсэлтэй байгааг 2 талд хэлсэн. Үүний тулд П ХХК-ийн захирал Х.А давхцсан байрны маргааныг таслахын тулд иргэн С.Гтой борлуулалтын менежер н.Цэндцорж бид хоёрт мэдэгдэлгүй хоорондоо тохиролцож 1мкв-ын үнийг 1,500,000 төгрөг болгож, А блокын 1 дүгээр орцны 2 давхрын 201 тоотод иргэн С.Гыг оруулахаар тохиролцсон. Энэхүү байр нь мөн М ХХК-иас ажлын хөлсөндөө авсан байр болно. П ХХК-ийн захирал Х.А дур мэдэн надад олгосон зуучлалын хөлс болох 5,000,000 төгрөгийг байрны үнийн дүнд шингээн С.Гтой 0 тоотыг худалдах шинэ гэрээ байгуулсан. С.Г нь надад 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байрандаа орж чадаагүй гэсэн үндэслэлээр зуучлалын хөлс болох 5,000,000 төгрөгийг буцаан өгөхийг шаардсан. Б.Б миний бие С.Гыг 0 тоотод орох боломжгүй болсон гэж ойлгож зуучлалын хөлс болох 5,000,000 төгрөгөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг буцаан өгч, үүний дараа томилолтоор ОХУ руу явсан. ОХУ-д явж байх үед борлуулалгч н.Цтой холбогдон С.Гыг 0 тоотод амьдарч байгааг мэдээд С.Гтой холбогдон ямар ч асуудалгүй байрандаа орчихсон амьдарч байж зуучлалын хөлсийг буцааж өгөхийг шаардсанд гомдолтой байгаагаа мэдэгдсэн. П ХХК-ийн захирал Х.Атэй тохиролцсон зуучлалын хөлс болох 5,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 4,000,000 төгрөгийг С.Г нь өнөөдрийг хүртэл миний бие Б.Баас нэхсээр байна. Миний бие Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх П ХХК-ийн захирал Х.Атэй орон сууцны байрыг нь худалдан авах гэрээ байгуулах гуравдагч этгээдтэй зуучилж өгөхөөр тохиролцсон. Б.Б би С.Гыг Х.Атэй уулзуулсны үндсэн дээр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, Х.А өөрийн байрыг худалдаж чадсан. Зуучлагчийн гүйцэтгэсэн ажил нь үндсэн гэрээг байгуулах шалтгааны нэг нь болсон байх нь хангалттай байдаг. Харин тухайн гэрээг биелүүлэх нь миний үүрэг гэж үзэхгүй байна. Тиймээс би зуучлах үндсэн үүргээ биелүүлсэн учраас зуучлалын хөлсийг буцааж өгөх шаардлагагүй гэж үзэж байна. П ХХК-ийн захирал Х.Аийн 100 хувь буруугаас болж иргэн С.Г өөрийн хүссэн байрандаа орж чадаагүй ч өөр ижил үнийн дүнтэй байранд орсон тул эдийн засгийн хувьд хэн нэгэн хохироогүй болно. Х.А нь Б.Б миний зуучлан олж өгсөн С.Гтой гэрээ байгуулан орон сууцаа худалдсан гэсэн зуучлалын ажлын үр дүн гарсан учир 4,000,000 төгрөгийг буцаан өгөх шаардлагагүй болно.

Иймд миний бие үндэслэлгүйгээр хөрөнгөжиж 4,000,000 төгрөгийг аваагүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Голомт банкны 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрийн баримт /5,000,000 төгрөгийн/, С.Гын иргэний үнэмлэх, Г.Аын итгэмжлэл, Голомт банкны 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрийн баримт /65,000,000 төгрөгийн/, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, схем зураг, өмгөөлөгчийн 2020 оны 4 дүгээр сарыг 24-нийа өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, Хаан банкны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, С.Гын Хаан банкны 0тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 8,500,000 төгрөгийн баримт, Төрийн банкны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн кассын орлогын баримт, нэхэмжлэгч нарын итгэмжлэл, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн огноотой худалдах, худалдан авах гэрээг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,

Хариуцагч Б.Бы хариу тайлбар, Б.Бы итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа,

Хариуцагч П ХХК-ийн итгэмжлэл, тус компанийн хуулийн этгээдийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, П ХХК-ийн тайлбар, хариуцагчийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/00867 дугаартай захирамж, хариу тайлбар,

Хариуцагч Х.Аийн хариу тайлбар, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, схем зураг зэргийг тус тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Г, Г.А нар нь хариуцагч П ХХК, Х.А, Б.Б нарт холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1а. Нэхэмжлэгч нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зуучлалын хөлсөнд төлсөн 4,000,000 төгрөг гаргуулах гэж тодруулсан.

 

1б. 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мөн нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нараас үндэслэлгүй хөрөнгөжиж авсан 4,000,000 төгрөг гаргуулах тухай гэж тодруулжээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2а. Г.Аыг төлөөлөн С.Г нь П ХХК-ийн захирал Х.Атэй 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0 тоотод байрлах, 51 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалахаар, орон сууцны үнийг гэрээний 1.3 болон 2.2.1-д зааснаар 76,500,000 төгрөг байхаар тохирсон байна. /хх-40-43/

 

Харин энэхүү гэрээний нэмэлт нөхцөл болох 9.1 дэх заалтаар Урьдчилгаа 70,000,000 (далан сая төгрөгийг) П ХХК Төрийн банкны 0 тоот дансанд хийнэ. Үлдэгдэл 11,500,000 төгрөгийг төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ захиалагч талын нэр дээр гарна. (5 сая төгрөг борлуулалтын хураамж) гэж талууд харилцан тохирчээ.

 

2б. Дээрх нэмэлт нөхцлийн дагуу С.Г нь П ХХК-ийн Төрийн банкны 0 тоот дансанд 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Байрны урьдчилгаа С.Г 0, 0 гэсэн утгаар 65,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн өдрөө С.Г нь Байрны урьдчилгаа С.Г 0 0 гэсэн утгаар Б.Бы Хаан банкны 0 тоот дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж, нийт 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Голомт банкны 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна.

 

2в. П ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Б.Төрбаттай Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах, 51 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 73,950,000 төгрөгөөр худалдахаар тохирсон буюу нэг орон сууцыг 2 этгээдэд давхардуулан борлуулахаар тохирсон болох нь Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

2г. Ийнхүү нэг орон сууцыг 2 иргэнд давхардуулан борлуулсан нөхцөл байдал бий болсон ба П ХХК нь А блокын 1 дүгээр орцны 2 давхрын 201 тоот, 51 мкв талбайтай орон сууцыг С.Год өгөхөөр тохирч, 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тухайн орон сууцандаа нэхэмжлэгч нар нь нүүж орсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

2д. С.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр П ХХК-ийн Төрийн банкны 0 тоот дансанд байрны үлд төлбөр 0 Г гэсэн утгаар 8,500,000 төгрөг, мөн дансанд 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 99107340 Г байрны төлбөр гэсэн утгаар 1,400,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр П ХХК-ийн захирал Х.Аийн хувийн данс болох 0 тоот дансанд 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь С.Гын Хаан банкны 0тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 8,500,000 төгрөгийн баримт, Төрийн банкны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн кассын орлогын баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт зэргээр тогтоогдож байна.

 

Дээрхээс үзвэл 8,500,000 + 1,400,000 + 1,000,000 = 10,900,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Г нь П ХХК болон тус компанийн эрх бүхий этгээдийн дансанд шилжүүлжээ.

 

Нэхэмжлэгчийн сүүлд ирүүлсэн хавтаст хэргийн 211-213 дугаар талд авагдсан 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөр огноолсон худалдах, худалдан авах гэрээнд 0 тоот, 51 мкв талбайтай орон сууцыг нийт 76,500,000 төгрөгөөр тохирсон гэж гэрээний 2.1-д заасан, харин гэрээний 2.3.1-д Нийт үнийн дүнгээс 65,000,000 төгрөгийг гэрээ байгуулахад өгөх ба үлдэгдэл 11,500,000 төгрөгийг байр ашиглалтад орохоос өмнө дараах байдлаар төлж барагдуулна. ... гэж, Гэрээ байгуулсан гэсний доод талд П ХХК-ийн захирал Х.А нь гараар Өмнөх гэрээ хүчингүйд тооцов. 9.1-ээс 10.1 хүртэл түрээслэх байранд сарын 600,000 төгрөг тооцож үлдэгдэл төлбөрөөс хасав. Хэрэв 5 сая төгрөг борлуулагчаас авч чадахгүй бол тэднээс 10 сарын түрээсийн мөнгө гаргуулах гэж бичжээ.

 

Энэхүү гэрээнд Г.Аыг төлөөлөн С.Г, П ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.А нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

 

Дээрх гэрээнээс үзэхэд үлдэгдэл 11,500,000 төгрөгөөс 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны Г.А болон С.Г нарын байр түрээслэх түрээсийн төлбөрт сарын 600,000 төгрөгийг хасч тооцохоор тохирсоны дагуу С.Г төлөх төлбөрөөс 600,000 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөрт нийт 10,900,000 төгрөгийг төлж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу төлөх төлбөрийг бүрэн төлсөн байна.

 

2е. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/00867 дугаартай захирамжаар Г.Аын нэхэмжлэлтэй, М ХХК болон П ХХК-д холбогдох М ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүрэг, 0 тоотод байрлах 51 мкв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн орон сууцыг бүртгүүлж, гэрчилгээ авахад шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгч Г.А болон П ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Нэхэмжлэгч Г.Аыг төлөөлөн түүний аав С.Г нь гэрээнд гарын үсэг зурж, гэрээний дагуу төлөх төлбөрүүдийг төлж байсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдсон, хариуцагч Б.Баар зуучлуулан С.Г нь П ХХК-тай тохирч, Б блокоос орон сууц авахаар тохирсон боловч уг Б блокын орон сууцыг бусдад давхардуулан худалдсаны улмаас А блокод байрлах ижил давхар, ижил мкв, ижил байрлалд байрлах орон сууцыг П ХХК-ийн санал болгосны дагуу Г.А болон С.Г нар нь хүлээн зөвшөөрч, А блокын 201 тоот орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, нүүж орсон байна.

 

Ийнхүү Б блокын 201 тоот орон сууцыг А блокын 201 тоот орон сууцаар сольсон нь талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэхгүй, талуудын хооронд байгуулсан анхны гэрээ болох 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний нэмэлт нөхцөл болох 9.1 дэх заалтаар Урьдчилгаа 70,000,000 (далан сая төгрөгийг) П ХХК Төрийн банкны 0 тоот дансанд хийнэ. Үлдэгдэл 11,500,000 төгрөгийг төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ захиалагч талын нэр дээр гарна. (5 сая төгрөг борлуулалтын хураамж) гэж харилцан тохирсоны дагуу орон сууцны нийт төлбөрийг 81,500,000 төгрөг ба үүнээс 5,000,000 төгрөг нь зуучлалын хөлс гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү төлөхдөө худалдагчид эсхүл худалдагчийн заасан этгээдэд төлбөрийг шилжүүлснээр үүргээ биелүүлсэнд тооцогдох учиртай ба П ХХК-ийн захирал Х.Аийн заасан хүн болох тухайн орон сууцыг зуучилсан этгээд Б.Бд орон сууцны урьчилгаа төлбөр 70,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг байрны урьдчилгаа төлбөр гэсэн утгаар С.Г нь шилжүүлжээ.

 

П ХХК болон Б.Б нарын хооронд зуучлалын гэрээний харилцаа байсан эсэх, орон сууцны үнэд зуучлалын хөлсийг оруулсан эсэх асуудал нь тусдаа иргэний эрх зүйн харилцаа тул нэхэмжлэгч нарт хамааралгүй, хариуцагч нарыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан үндэслэлд хамааруулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл дээр дурдсан үйл баримтуудаар тогтоогдсонгүй.

 

Мөн хариуцагч Х.Аийн хувьд П ХХК-ийг төлөөлөн эрх зүйн харилцаанд оролцож байсан байх тул түүнийг иргэнийх нь хувьд хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тэдний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

6. Хариуцагч Х.Ат шүүх хуралдааны товыг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийн оролцогч нар нь хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Х.Аийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч П ХХК, Х.А, Б.Б нарт холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжиж авсан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Г, Г.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ