Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01465

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01465

 

 

 

С.Г -нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/01519 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Г , Г.А нарын хариуцагч П ХХК, Б.Б , Х.А нарт холбогдуулан гаргасан 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч П ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Г нь 2019 оны 7 дугаар сард хүү Г.А байр авч өгөхөөр М.К ХХК-ийн Поларис аппартмент-1 хотхонд байр үзэж явтал тухайн компанийн борлуулагч Цэндээ гэх залуу Б блокын 1 дүгээр орцны 2 давхрын 0201 тоот байрыг үзүүлж цааш борлуулалтын албаны дарга гэх Б.Б руу утсаар ярьж асуухад түрүүлж мөнгөө өгсөн айлд зарна гэхээр нь маргааш авъя гэж хэлсэн. Б.Б нь утсаар холбогдож Дорнод аймагт явж байгаа учир Цэндээтэй уулзаад гэрээгээ хийчих гэж хэлсэн. Гэрээ байгуулах үед орон сууц нь П ХХК М.К ХХК-аас ажлын хөлсөнд авсан байр болохыг мэдсэн. Х.А нь одоо Төрийн банкны данс руу 70 000 000 төгрөгөө хий, хийсний дараа НӨАТ-ын баримтыг байгаа газарт тань аваачаад өгнө гэж хэлсэн. Тэгээд Б.Б утсаар ярьж 5 000 000 төгрөгийг миний данс руу хий гэхэд нь Х.А ийн данс руу 70 000 000 төгрөгийг хийхгүй юм уу гэхэд 5 000 000 төгрөгийг тухайн байрыг зуучилж өгсний хөлсөнд авах ёстой гэж хэлсэн. Х.А тэй ярилцаж Б.Б ы ХААН банкны 5084254203 тоот дансанд 5 000 000 төгрөгийг хийсэн. Үлдсэн 65 000 000 төгрөгийг Х.А ийн данс руу хийсэн. Орон сууцандаа орох гэтэл өөр айл орсон байсан. Тэгээд Х.А т хэлэхэд А блокын 0201 тоотыг 1 м.кв-ыг 1 500 000 төгрөгөөр бодож ав, Б.Б аас орон сууц борлуулж өгсний хөлс гэж өгсөн 5 000 000 төгрөгөө та нар өөрсдөө ав гэсэн. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөгийг миний данс руу хийсэн ба тэр хугацаанаас хойш үлдэгдэл мөнгөө авъя гэтэл хадгаламжид мөнгө байгаа авч болохгүй байна гэж ярьж байснаа сүүлдээ утсаа салган мөнгө өгж чадахгүй гэсэн. П ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээгээр орон сууцны урьдчилгаанд төлсөн үлдэгдэл 4 000 000 төгрөгийг буцааж өгөөгүй тул Б.Б , Х.А , П ХХК-аас 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэнддорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр П ХХК-ийн захирал Х.А холбогдож М.К ХХК-аас бартерт авсан Баянзүрх дүүрэгт байрлах Поларис аппартмент-1 хотхоны Б блокын 1 дүгээр орц, 2 давхрын 201 тоот орон сууцыг заруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж санал тавьсан. С.Г од тухайн орон сууцны 1 м.кв-ын үнийг 1 600 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 1 м.кв-ын зөрүү үнэ болох 100 000 төгрөг, нийт үнийн дүнгийн зөрүү болох 5 000 000 төгрөгийг зуучлалын хөлсөнд авахаар П ХХК-ийн захирал Х.А тэй амаараа тохиролцсон. Уг тохиролцооны хүрээнд 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгаас борлуулалтын менежер С.Цэнддоржтой холбогдож, С.Цэнддоржоор дамжуулан иргэн С.Г ыг П ХХК-ийн захирал Х.А тэй уулзуулж, орон сууц худалдах-худалдан авах гэрээг иргэн С.Г , П ХХК-ийн захирал Х.А нар байгуулсан. Гэрээ байгуулагдсан өдөр С.Г орон сууцны нийт үнэ 70 000 000 төгрөгөөс 65 000 000 төгрөгийг П ХХК-ийн захирал Х.А т өгсөн. Үлдэгдэл 5 000 000 төгрөгийг Х.А ийн хэлснээр зуучлалын хөлс болгож Б.Б над руу шилжүүлсэн. Тухайн үед 3 тал тохиролцож хүлээн зөвшөөрсөн. С.Г нь орон сууцаа хүлээн авах болоход Х.А өөр хүнд давхардуулж зарснаа хүлээн зөвшөөрч, аль аль талд нь мэдэгдэж уучлал хүссэн. П ХХК-ийн захирал Х.А давхацсан байрны маргааныг таслахын тулд борлуулалтын менежер С.Цэнддорж бид хоёрт мэдэгдэлгүй иргэн С.Г од өөр орон сууцыг 1 м.кв-ыг 1 500 000 төгрөг болгож тохирч уг хотхоны А блок 1 дүгээр орц 201 тоотыг худалдах шинэ гэрээ байгуулсан. С.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр орон сууцандаа орж чадаагүй гэсэн үндэслэлээр зуучлалын хөлс болох 5 000 000 төгрөгийг буцаан өгөхийг шаардсан. Би 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөгийг С.Г од буцаан өгч, үүний дараа томилолтоор Оросын Холбооны улс руу явсан. Миний зуучилж өгснөөр талууд гэрээ байгуулсан учир С.Г од 4 000 000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Х.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П ХХК нь М.К ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн АГГ/15/18-д зааснаар 6 байр бартерын гэрээгээр авч борлуулсан, 3 байрыг Ремакс борлуулалтын албаар, 3 байрыг М.К ХХК-ийн борлуулагч Б.Б аар борлуулуулсан. Б блокын 1 дүгээр орц 201 тоот, А блокын 2 дугаар орц 201 тоот, А блокын 2 дугаар орц 201 тоот Б.Б тай тодорхой гэрээ хийгээгүй амаар тохирч, борлуулалтын 2 хувь өгч байсан. Б.Б ыг Б блокын 1 дүгээр орцны 201 тоотыг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Б.Төрбатад борлуулаад дахиж 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Г.А борлуулсныг анзаараагүй. Б.Б А блокын 1 дүгээр орцны 2 давхар 201 тоотыг давхцуулж борлуулахдаа Г.Анхбаяраас 5 000 000 төгрөг авсан. 2019 оны 7 дугаар сард байрны А блок ашиглалтад орох үед давхцуулж борлуулсныг мэдсэн. Тэгээд Г.А ай гэрээгээ цуцалж, би урьдчилгаанд авсан 65 000 000 төгрөгөө өгч, Б.Б 5 000 000 төгрөгөө буцааж өгөхөөр тохиролцсон. Би мөнгө буцааж өгөх боломжгүй болохоор А блокын 1 дүгээр орц 201 тоотыг авахыг гуйж Г.А ай дахиж гэрээ шинээр хийсэн. Иймд Б.Б 5 000 000 төгрөгөө буцааж Г.А өгөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч П ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай П ХХК нь М.К ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх АГГ/18/15 гэрээгээр бартерт авсан Поларис апартмент-ийн Б блокын 2 дугаар орцны 2 давхрын 51 м.кв талбайтай байрыг Б.Б тай ам гэрээ хийж борлуулуулсан нь 2 хүнд давхардуулж зарсан байсан нь үнэн болно. Алдаагаа залруулахаар Г.А зарсан байрны мөнгийг буцаан өгч гэрээ цуцлахаар тохиролцсон боловч хугацаанд нь мөнгийг нь өгч чадаагүй. Иймд дахин тохиролцож шинээр гэрээ хийж А блокын 2 дугаар орцны 201 тоотыг худалдсан. Иймд анхны гэрээг хүчингүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П ХХК-аас 4 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г , Г.А нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Б , Х.А нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-аас 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г , Г.А нарт олгон, хариуцагч П ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагч П ХХК-ийн төлөөлөгч Х.А давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны зүйл болсон 5 000 000 төгрөгийг хариуцагч П ХХК-ийн зөвшөөрөл, заавраар хариуцагч Б.Б ы ХААН банк дахь дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна гэжээ. Манай компани нь гэрээнийхээ дагуу үүргээ гүйцэтгэж ямар нэгэн асуудалгүйгээр нэхэмжлэгч нарт орон сууцыг өгсөн, гэрээнд заасан төлбөрөө ч авсан болно. Түүнчлэн компанийн зүгээс илүү төлбөрийг хэн нэгэнд, тэр тусмаа Б.Б д төлбөр шилжүүлэх зөвшөөрөл, заавар өгсөн, харилцан тохиролцсон зүйл байхгүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан эхний гэрээний дагуу 65 000 000 төгрөг хүлээж авсан бөгөөд орон сууцыг өгсөн боловч давхцсан тул адил чанарын өөр орон сууцыг хүлээлгэн өгсөн. Тиймээс компанийн хүлээж авсан мөнгөн дүн өөрчлөгдөөгүй тул хэн алиндаа буцааж шилжүүлэх, нэмж төлбөр төлөх тухай асуудал үүсээгүй билээ.

Нэхэмжлэгч болон хариуцагчийн Б.Б нарын хооронд тухайн орон сууцтай холбоотой гэрээний харилцаа үүсээгүй гэжээ. Нэхэмжлэгчээс манай компанид шилжүүлэн өгсөн 65 000 000 төгрөгийн төлбөрөөс гадна төлбөрийн асуудал нь П ХХК-ийн ямар ч оролцоогүйгээр зөвхөн Б.Б болон нэхэмжлэгч хоёр хоорондоо харилцан тохиролцоод өгч авсан, шилжүүлсэн үйл баримт нь тогтоогдож байхад үүрэг үүсээгүй гэх дүгнэлт нь илт үндэслэлгүй болсон. Хэрэв шүүх дээрх хоёр этгээдийн хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзвэл нэхэмжлэгч нь уг төлбөрөө гэрээний бус буюу үндэслэлгүйгээр шилжүүлсэн төлбөрөө буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийг гэрээнд заасан төлбөрөө дутуу болон илүү шилжүүлсэн гэх ямар нэгэн гомдол санал огт гаргаагүй бөгөөд бидэнд хүлээн авсанаас өөр төлбөрийн асуудал байхгүй болохыг дурдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч С.Г , Г.А нар Б.Б , П ХХК, Х.А нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Г.А нь П ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Поларис аппартмент-1 хотхоны Б блокын 1 дүгээр орцны 2 давхарт 201 тоот орон сууцыг 76 500 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцоод урьдчилгаа төлбөрт 70 000 000 төгрөг шилжүүлэхдээ 65 000 000 төгрөгийг компанийн дансанд, 5 000 000 төгрөгийг нь П ХХК-ийн захирал Х.А ийн нэрлэн заасан Б.Б ы ХААН банк дахь данс руу тус тус шилжүүлсэн үйл баримтыг хэрэгт авагдсан гэрээ, Голомт банкны төлбөрийн баримт, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоож, С.Анхбаяр, П ХХК нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэж байна. /хх 4, 12-13, 39-44, 53, 76/

Гэвч шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна. Учир нь нэхэмжлэгч С.Анхбаярын худалдаж авахаар тохиролцсон Б блокын 201 тоот орон сууцыг П ХХК 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр иргэн Б.Төрбатад худалдсан байжээ. /хх-54-55/ П ХХК нь С.Анхбаяртай байгуулсан гэрээний зүйл буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө болох Б блокын 201 тоот орон сууцыг А блокын 201 тоот орон сууцаар сольсон болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул тэдгээрийг гэрээнээс татгалзсан гэж үзэхгүй юм.

Хариуцагч Б.Б нь зуучлалын хөлсөө авсан учир хариуцахгүй гэж, хариуцагч П ХХК, Х.А нарын хувьд Б.Б Б блокын 201 тоот орон сууцыг 2 хүнд давхардуулан зарсан учир нэхэмжлэгчтэй дахин тохиролцож А блокын 201 тоот орон сууцыг худалдсан, анхны гэрээ хүчингүй гэх үндэслэлийг тус тус заан, нэхэмжлэлээс татгалзжээ. /хх-12-13/

П ХХК, Б.Б нарын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч С.Г , хариуцагч Х.А ийн заавраар хариуцагч Б.Б ы данс руу 5 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тэдгээрийн тайлбараар нотлогдсон байдаг. Гэхдээ нэхэмжлэгч нарын ямар эрх ашиг хөндөгдсөний улмаас уг мөнгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Тодруулбал, хариуцагч П ХХК нь Б блокын 2 давхрын 201 тоот орон сууцыг А блокын 2 давхрын 201 тоот орон сууцаар сольж нэхэмжлэгч Г.А өгөхдөө өмнөх орон сууцны үнэд төлсөн 70 000 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг дутуу тооцсон эсэх, үүний улмаас 5 000 000 төгрөг нэхэмжлэгч нэмж төлсөн эсхүл дахин 5 000 000 төгрөг төлөх нөхцөл бий болсон эсэх нь тодорхойгүй байна. Хэргийн уг нөхцөл байдлыг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд анхан шатны шүүх уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлээгүй тул шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/01519 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч П ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Ч.ЦЭНД