Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00702

 

С.Г, Г.Анарын нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/01519 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1465 дугаар магадлалтай,

С.Г, Г.Анарын нэхэмжлэлтэй

“П” ХХК, Б.Б, Х.Анарт холбогдох

4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Г түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Г, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, хариуцагч Х.Алтанцэцэг, Б.Б, хариуцагч П ХХК-ийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. С.Г, Г.Анар нь “П” ХХК, Б.Б, Х.Анарт холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/01519 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “П” ХХК-аас 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г, Г.Анарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Б, Х.Анарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “П” ХХК-аас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г, Г.Анарт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1465 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/01519 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “П” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч С.Г түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарын хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй ба хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байхад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байхад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал юм. Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ тодруулсан тайлбартаа “ 2019.07.30-ны өдөр “П” ХХК-тай “Поларис апартмент” хотхоны Б блокын 2 орц, 2 давхрын 51 мкв талбай бүхий байрыг худалдан авахаар гэрээ байгуулсан ба “П” ХХК-ийн зааврын дагуу “П” ХХК-ийн Төрийн банкны 341303297484 дугаар дансанд 65,000,000 төгрөг, хариуцагч Б.Бы Хаан банкны 5084254203 дансанд 5,000,000 төгрөг тус тус нийт 70,000,000 төгрөгийг байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн гэж тодорхой тайлбарласан байдаг бөгөөд энэхүү тайлбар нь хариуцагч Б.Бы шүүхэд гаргасан тайлбараар давхар нотлогддог. Харин хариуцагч “П” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэдий ч дээрх тайлбарыг үгүйсгэн няцааж, өөрийн татгалзал тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүйцээгүй тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан. Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын “П” ХХК-тай 2019.07.30-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээнд “худалдан авагч нь зуучлагчид хөлс тэлэх, мөн зуучлалын хөлсийг худалдан авах үнэнд оруулж тооцохгүй байх зэрэг нэмэлт үүрэг хүлээхээр тохирсон гэж үзэх нөхцөл байдал харагддаггүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх тодруулаагүй, мөн хариуцагч “П” ХХК нь хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан байхад тухайн хэрэгт хамааралгүй үйл баримтын талаар болон талууд маргаагүй асуудлаар дүгнэлт хийж улмаар мэтгэлцэх эрхийг талуудад хүчээр эдлүүлэх гэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь хуульд нийцээгүй, үндэслэл муутай шийдвэрлэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхив.

6.Нэхэмжлэгч С.Г, Г.Анар хариуцагч Б.Б, “П” ХХК, Х.Анараас 4,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч Б.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “нэхэмжлэгч нарыг орон сууц худалдан авахад нь зуучилж, зуучлалын гэрээний үүргээ биелүүлсэн тул хөлсийг авах эрхтэй” гэж, хариуцагч  “П” ХХК, Х.Анар “...нэхэмжлэгчид орон сууц худалдсан боловч давхардуулан худалдсан байсан тул өөр орон сууц өгөөд маргаан дуусгавар болсон, Б.Б орон сууц борлуулж хоёр хувийг нь авдаг байсан, ингэхдээ орон сууцыг давхардуулан борлуулсан байсан, нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийг аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

7. Анхан шатны шүүх “П” ХХК-иас 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, бусад хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах, орон сууцны үнэд маргааны зүйл болох 5,000,000 төгрөг орсон эсэх, эсвэл ороогүй учраас нэхэмжлэгч нь дахин төлөхөөр болсон эсэхийг тодруулж, мэтгэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгч нар “П” ХХК-тай 2019.07.30-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Поларис аппартмент-1 хотхоны Б блокын 1 дүгээр орцны 2 давхарт 201 тоот орон сууцыг 76,500,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцоод урьдчилгаа төлбөрт 70,000,000 төгрөг шилжүүлэхдээ 65,000,000 төгрөгийг “П” ХХК-ийн дансанд, 5,000,000 төгрөгийг нь Б.Бы ХААН банк дахь данс руу тус тус шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ. Нэхэмжлэгч Г.Аын худалдаж авахаар тохирсон Б блокын 201 тоот орон сууцыг “П” ХХК 2018.03.05-ны өдөр Б.Төрбатад худалдахаар давхар гэрээ байгуулсан, иймээс өөр орон сууыг буюу А блокын 201 тоот орон сууцыг худалдахаар “П” ХХК, С.Г.Анар дахин харилцан тохирч, уг орон сууцыг хүлээлгэн өгсөн, орон сууцны талаар маргаангүй болсон байна.

Гэхдээ нэхэмжлэгч болон “П” ХХК орон сууцны үнийг хэдээр, хэрхэн тохирсон нь маргааны үйл баримтад ач холбогдолтой байжээ. Худалдан авагч гэрээгээр тохирсон үнийг төлөх бөгөөд ийнхүү төлөхдөө худалдагч этгээдэд эсвэл түүний заасан этгээдэд шилжүүлснээр үүргээ биелүүлсэнд тооцогдоно. Худалдан авагч буюу нэхэмжлэгч нар орон сууцны үнийг харилцан тохирсон л бол үүний цаана “П” ХХК, Б.Б нарын хооронд зуучлалын гэрээний харилцаа байсан, орон сууцны үнэд зуучлалын хөлсийг багтаасан эсэх асуудал нэхэмжлэгч нарт хамааралгүй. Иймд орон сууцны үнэд маргааны зүйл болох 5,000,000 төгрөг орсон эсэх, эсвэл ороогүй учраас нэхэмжлэгч нь дахин төлөхөөр болж хохирч байгаа эсэхийг тодруулж, мэтгэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

9. Нэхэмжлэгч нар “эхний гэрээний дагуу тохирсон орон сууцыг өгөөгүй, давхардуулж гэрээ байгуулсны улмаас өөр орон сууцыг худалдан авсан учраас 5,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, буцааж авна” гэсэн үндэслэлийг заасан. Нэхэмжлэлийн шаардлага хариуцагч нарын хэнд хэрхэн хамаарч байгаа, хэн, ямар үүргээ зөрчсөн, нэхэмжлэгч нарын эрх ашиг хэрхэн зөрчигдсөн үндэслэл буюу эрх зүйн ач холбогдол бүхий эдгээр үйл баримт тодорхой бус, “нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй” гэж үзсэн заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасныг зөрчөөгүй байна.

10. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд, хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1465 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД