Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1272

 

 

 

 

 

 

 

 

 

Х сангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01048 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х сангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,

 

2013 оноос 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах хадгаламжийн даатгалын улирлын хураамж 1 031 159 950 төгрөг, хохирол 667 164 570.67 төгрөг, нийт 1 698 324 520.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбилэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Зоригтбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш, М.Мөнхбаатар,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, Ж.Энхчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хд төлөх Монгол Улсын П банкны Б ХХК-д байршуулсан харилцах данс болон мөнгөн хадгаламжийн дансанд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд тооцогдсон 1 031 159 950 төгрөгийн улирлын хураамжийг төлөөгүй.

Нэхэмжлэгч Хйн зүгээс уг улирлын хураамжийг барагдуулах талаар удаа дараа албан тоотууд, мэдэгдлүүдийг хүргүүлж байсан. Даатгагдах харилцах данс, мөнгөн хадгаламжийн дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс тооцох улирлын хураамжийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасныг үндэслэн Хйн Үндэсний хороо мөн сан бүрэн эрхийн дагуу 0.125 хувиар хэтрүүлэхгүйгээр тогтоодог.

 Үндэсний хорооны 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар тогтоолоор 0.125 хувь, Үндэсний хорооны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 0.075 хувь, Үндэсний хорооны 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаар тогтоолоор 0.0625 хувь, Үндэсний хорооны 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 23 дугаар тогтоолоор 0.025 хувиар тооцсон байдаг.

Б ХХК нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль заасны дагуу нэхэмжлэгч Хд төлөх Монгол Улсын П банкны Б ХХК-д байршуулсан харилцах данс болон мөнгөн хадгаламжийн дансанд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд тооцогдсон 1 031 159 950 төгрөгийг улирлын хураамжийг төлөлгүй үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тул үүрэг гүйцэтгүүлэгч Х нь өөрт учирсан хохирол болох олох байсан орлогыг шаардах эрхтэй.

Хариуцагч Б ХХК-ийн төлөөгүй улирлын хураамжийн үлдэгдэл тооцсон нэхэмжлэгч Хйн зайлшгүй олох байсан орлого 667164 570.67 төгрөг, нийт 1 698 324 520.67 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

          

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Х нь Монгол Улсын П банкны мөнгөн хадгаламжид даатгалын улирлын хураамж тооцож авах эрхгүй. Нэхэмжлэгч өөрөө Монгол Улсын П банкны тусгай нөхцөлт хадгаламжид даатгалын хураамж төлөхгүй, хураамжаас чөлөөлөгдөнө гэдгээ илэрхийлсэн, тухайн үедээ ч төлөхийг шаардаж байгаагүй. Мөн Х нь анхнаасаа 2013 оны 01 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын П банкны Бинд байршуулсан мөнгөн хадгаламжид улирлын хураамж тооцож төлөх шаардлага гаргаагүй бөгөөд Монгол Улсын П банкны хадгаламж даатгалын хураамжаас чөлөөлөгдөнө .

Энэ нь Монгол Улсын П банкнаас Бинд ирүүлж байсан нэхэмжлэлийн агуулга бүхий албан бичгүүд, санхүүгийн тайлан, нэхэмжлэл дэх тайлангийн задаргаа дүн болон тус банкны гүйцэтгэх захирлын албан бичигээр бүрэн нотлогдож байгаа.

Улирлын хураамж төлөхтэй холбогдуулж Б ХХК-аас Хд санхүүгийн тайлан мэдээгээ улирал бүрийн эхэнд хүргүүлдэг. Уг санхүүгийн тайлан мэдээг Х нь шалгаж, нягтлаад банкны нийт хадгаламжаас улирлын хураамжийг тус корпорацийн Үндэсний хорооны тогтоолд заасан хувь хэмжээгээр тооцон нэхэмжлэхийг улирал тутам /3 сард нэг/ ирүүлдэг.

Ийм байдлаар 2013 оны 01 дүгээр сараас 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Хас ирүүлсэн нэхэмжлэхүүд нь Монгол Улсын П банкны байршуулсан мөнгөн хадгаламжийг хасч тооцсон байдлаар ирдэг байсан бөгөөд ирсэн нэхэмжлэхийн мөнгөн дүнгийн хэмжээгээр банк хураамжийг шилжүүлдэг байсан.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын П банкны байршуулсан мөнгөн хадгаламжийг Х өөрөө ирүүлсэн нэхэмжлэлдээ хасч тооцдог атлаа хожим банк дур мэдэн хасч тооцоод нэхэмжлэхээр ирүүлсэн хураамжийг дутуу төлсөн зүйл байхгүй. Ийм тодорхой үйл баримтууд байхад хожим банкийг хууль зөрчсөн, үүргээ гүйцэтгээгүй мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч талаас хэрэв Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн хураамж төлөхөөс чөлөөлсөн зохицуулалтыг зөрчиж, өөрсдийн хураамж төлөхгүй гэсэн шийдвэрээ үгүйсгэж, даатгалын хураамж төлөх ёстой гэж үзэж байгаа бол талуудын хооронд Иргэний хуульд заасан даатгалын гэрээний харилцаа үүсэж, тухайлсан гэрээний харилцаа дуусгавар болоогүй тохиолдолд даатгалын хураамж төлөх асуудал яригдана.

Нэхэмжлэгчийн шаардаж буй даатгалын хураамж нь 2013 оны 01 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацааных бөгөөд энэ хугацаанд Б ХХК болон Монгол Улсын П банк хооронд нийтдээ 100 гаруй богино хугацаат мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдаж, хугацааны хувьд болон мөнгөн хадгаламжийг буцаан шилжүүлснээр уг гэрээ дуусгавар болсон. Бны мөнгө хадгалах үүрэг бүрэн дуусгавар болсон байхад одоо хадгаламжид хураамж төлөөд ямар нэгэн үр дүн гарахгүй нь тодорхой тул банк даатгалын хураамж төлөх үүрэг хүлээхгүй.

Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилгоор хууль бус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Даатгалын гэрээ бичгээр байгуулагдаагүй түл хуулийн дагуу хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэсэгчилж дууссан.  Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын П банкны тусгай нөхцөлт хадгаламжид тооцсон хураамж төлөх шаардлага гаргасан.

Энэ хугацааг улирлаар нь тооцвол нийт 11 улирлын хураамжийг тус бүрт нь нэхэмжлэлд дурдсанаар тодорхойлсон байна. Тэгэхээр нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан гэж үзвэл 2015 оны 4 дүгээр улирал буюу мөн оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны улирлын хураамж 22 904 787 төгрөгийн хувьд шаардах эрхийн хугацаа дуусаагүй байх боломжтой.

. Хд учирсан хохиролд 667 164 570 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагын хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлага өөрөө хууль зүйн хувьд үндэслэлгүй тул хохирол учирсан гэх нөхцөл бүхэлдээ үгүйсгэгдэнэ.

Учир нь Х нь хуулийн дагуу даатгалын хураамж тооцож авдаг бөгөөд хураамж тооцож авах, орлого олох гэдэг нь тусдаа ойлголт. Өөрөөр хэлбэл, Х нь ямар нэгэн байдлаар орлого олоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаггүй. Иймд олох байсан орлого гэх үндэслэлээр хохиролд 667 164 570 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн татгалзлын үндэслэл тус бүрт үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлтийг тодорхой өгч, улмаар нэхэмжлэгч Хйн хариуцагч Бнаас даатгалын улирлын хураамжид 1 031 159 950 төгрөг, хохиролд 667 164 570 төгрөг, нийт 1 698 324 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан Бнаас 2013 оноос 2015 оны 09 сарын 30-ны өдрийн хүртэлх хугацаанд хамаарах хадгаламжийн даатгалын улирлын хураамж 1 031 159 950 төгрөгийг гаргуулж,  Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 667 164 570,67 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 8 807 523 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бнаас улсын тэмдэгтийн хураамжид 5 313 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хуульд заасан Банк хадгаламжийн даатгалын хураамжийг төлөхтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн.

Хариуцагч байгууллага нь Иргэний хуульд заасан үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тул үүрэг гүйцэтгүүлэгч өөрт учирсан хохирол болох зайлшгүй олох ёстой байсан орлогыг шаардах эрх үүссэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар Х нь Засгийн газраас гаргасан болон батлан даасан үнэт цаас, Монгол банкны үнэт цаас, зээлжих, зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий олон улсын санхүүгийн байгууллагын үнэт цаас, олон улсын хамтын ажиллагаа, п байгууллагын гишүүн орнуудын Төв банкинд нээсэн хадгаламж зэргийг байршуулж болдог.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт нэхэмжлэгч 667 164 570 төгрөгийн орлогыг зайлшгүй олох байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад Монгол банкнаас Хд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн А-5/58 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 15 хуудас Монгол банзны үнэт цаасны хүүгийн талаарх нотлох баримт, түүний тооцооллыг хавсаргасан атал үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 1 031 159 950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тайлбар, хариуцагчийн татгалзалд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, зарим хэсэгт нь огт дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй буюу мөнгөн дүнгийн тооцоолол ойлгомжгүй, эргэлзээтэй байхад тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоох, нотлох баримт гаргуулахаар хандсан үндэслэл бүхий хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцээгүй гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгчийн хуульд заасан ямар эрх ашиг нь хөндөгдсөн нь одоог хүртэл тодорхойгүй байгаа. Энэ талаар хариуцагч татгалзлын үндэслэлдээ дурдсан боловч нэхэмжлэгчээс шаардлага, үндэслэлдээ тодруулаагүй, няцаасан тайлбар, үндэслэл гаргаагүй, анхан шатны шүүх шийдвэртээ огт хууль зүйн дүгнэлт өгөөгүй.

Анхан шатны шүүх энэхүү маргааныг шийдвэрлэхдээ юун түрүүнд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг оновчтой тодорхойлсон тохиолдолд маргааныг зөв шийдвэрлэх боломжтой.

Зохигчдын маргаж буй харилцааг нарийвчлан зохицуулсан Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, ...эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж тодорхой зохицуулснаас үзвэл энэ хуульд хэрхэн тусгаснаас үл хамаарч юун түрүүнд Үндсэн хууль, Иргэний хуультай нийцсэн байхыг шаардаж байна. Иймд шүүх маргаж буй харилцааг зохицуулсан суурь хууль болох Иргэний хууль, тэр дундаа мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний эрх зүйн харилцааны үндсэн тулгуур ойлголтод илүү анхаарал хандуулах шаардлагатай байсан.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэрээгээр бус хуулийн үүсэх үүргийн харилцаа байна.” гэж хууль зүйн үндэслэлгүй, буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь: нэхэмжлэгч ХДК нь хадгаламж эзэмшигчдийн эрсдэлийг даатгахаар банкуудаас даатгалын хураамж авах, банк татан буугдах, дампуурах тохиолдолд нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа явуулдаг.

Даатгалд үл хамаарах нөхцөл учраас хууль зүйн хувьд хураамж төлөх үндэслэлгүй байсан.  Нэхэмжлэгч өөрөө Монгол Улсын П банкны тусгай нөхцөлт хадгаламжид даатгалын хураамж төлөхгүй, хураамжаас чөлөөлөгдөнө гэдгээ илэрхийлсэн, тухайн үедээ ч төлөхийг шаардаж байгаагүй. Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа дууссан учраас хожим даатгалын хураамж төлөх үндэслэлгүй.

Даатгалын гэрээ бичгээр байгуулагдаагүй тул хуулийн дагуу хэлцэл хийсэн гэж үзэх байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэсэгчилж дууссан. Нөгөө талаас нь үзвэл Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд улирал тутам даатгалын хураамж авна гэсэн хуулийн зохицуулалт нь байсаар байхад үүнийг байхгүй мэтээр, үгүйсгэсэн дүгнэлт хийсэн.

Эрх бүхий этгээдээс баталсан холбогдох журам хүчин төгөлдөр бус учраас нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох боломжгүй, хураамж төлөх үндэслэл байхгүй.

Х нь хууль зүйн хувьд хүчингүй журмыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсноос гадна талуудын маргаж буй даатгалын хураамжийг хэдий хугацаанд ямар дүнгийн нийлбэрээс хэрхэн тооцоолох, ямар хадгаламжийн данс, хадгаламж эзэмшигч хураамжаас чөлөөлөгдөх зэрэг хуулиар зохицуулаагүй олон асуудлыг журмаар нарийвчлан зохицуулсан. Тэгэхээр хуульд нийцүүлэн гаргасан гэх журам өөрөө үйлчлэлгүй болсон тохиолдолд уг журмын дагуу тооцож гаргасан жил бүрийн санхүүгийн тайлан, тооцоо, аргачлал, улирлын хураамжийн мөнгөн дүн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнгийн мэдээлэл бүхий хүснэгтээс үзвэл Монголбанкаас ирүүлсэн мэдээлэл, Бнаас ирүүлсэн мэдээлэл гэсэн хоёр зөрүүтэй мөнгөн дүн нь ямар учиртай мэдээлэл болох, яагаад зөрүүтэй байгааг огт тайлбарлаагүй.

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн.

Энэ хэрэгт хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын П банкийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх хүлээж аваагүй, шүүхийн шийдвэрээс шалтгаалж, хожим гуравдагч этгээдийн эрх, ашигт сөргөөр нөлөөлөх асуудлыг орхигдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хэргийг хэлэлцүүлж эхлэхээс өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т заасны дагуу “...уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ...” байна гэж үзэн хүсэлтээ шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах хэлбэрээр амаар гаргасан. Ингэхдээ шүүгч хэргийг дангаар шийдвэрлэж байсан тул шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид хандан гаргасан. Гэтэл энэ асуудлыг ерөнхий шүүгчид гаргаж байхад хэрэг шийдвэрлэж буй шүүгч өөрөө хүлээж авахаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

           Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

            Нэхэмжлэгч “Х” нь “Б” ХХК-д холбогдуулан 2013 оноос 2015 оны 09 сарын 30-ны өдрийн хүртэлх хугацаанд хамаарах хадгаламжийн даатгалын улирлын хураамж 1 031 159 950 төгрөг,  хохирол 667 164 570,67 төгрөг, нийт 1 698 324 520.67 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчийг П банк ХХК-нийн хадгаламжийг даатгуулах үүргээ гүйцэтгээгүй, хураамж төлөөгүй тул нөхөн гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.           

            Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл бүхий банк хадгаламж эзэмшигчийн хадгаламжийг заавал даатгуулж, даатгалын хураамж төлөх үүрэгтэй байна.

 

Монгол Улсын П банкны /2011 оны/ тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “П банк нь энэ хуулийн 8.1-д заасан Монгол Улсын п томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна” гэж тодорхойлсон ба мөн хуулийн 8 дугаар зүйлд зааснаар зээл олгох үйл ажиллагаа эрхэлж байсан байна. Иймд банкны үйл ажиллагаа эрхэлж байгаа гэх үндэслэлээр Банкин дахь мөнгөн хадгаламжийн  даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт зааснаар банкны хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй  гэсэн тайлбарыг хариуцагч “Б” ХХК гаргаж, уг тайлбартай холбогдуулж анхан шатны шүүхэд “Хадгаламж банк” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргажээ. / 3хх, 72 дахь тал/

 

Иймд “П банк” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлийг тодруулах нь уг байгууллагыг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан банк эсхүл төрийн байгууллагад хамаарах эсэхэд дүгнэлт хийснээр уг байгууллагын хадгаламж нь хадгаламжийн даатгалд хамаарах эсэхийг шийдвэрлэх учиртай.

 

2.  Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Анхан шатны шүүх даатгалын хураамжийг хариуцагч байгууллага нь төлөх үндэслэлтэй гэж дүгнэж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь баримтад тулгуурласан байхыг анхааралгүй орхигдуулжээ.  Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллага даатгалын хураамж гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлийг Монгол банкнаас ирүүлсэн Б ХХК-ийн хадгаламжийн мэдээллийг үндэслэж “Б” ХХК-иас ирүүлсэн хадгаламжийн мэдээллийн зөрүүгээр даатгалын хураамж тодорхойлох үнийг гаргаж тооцсон байна. Энэ тохиолдолд Монгол банкнаас ирүүлсэн мэдээлэл нь бодитой, үнэн зөв байх ёстой бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Монгол банкнаас ирүүлсэн гэх мэдээлэл гэх баримтыг талууд маргаагүй гэх үндэслэлээр тогтоох үйл баримтад хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд буюу Х, “Б” ХХК-ийн хооронд хувийн эрх зүйн харилцаанаас үүссэн харилцаанд хамаарах баримтад  талуудын зарчмыг баримталж маргаангүй үйл баримтыг тогтоох учиртай. Иймд Монгол банкнаас ирүүлсэн гэх мэдээлэл нь нийтийн эрх зүйд хамаарах бөгөөд уг баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд  дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Түүнээс гадна нэхэмжлэгчийн тодорхойлсон мөнгөн хадгаламжийн үлдэгдэлд П банкны хадгаламжаас гадна Монгол банкнаас байршуулсан хадгаламж, Монгол банкны репо, Хас банк ХХК-ийн батлан даалтын эх үүсвэр, банк хоорондын репо гэх зориулалтаар байршуулсан мөнгөн хөрөнгө байгаа талаар баримтад анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй байна.

 

 Мөн хариуцагч байгууллага нь өөрийн татгалзлаа нотлохоор  П банктай байгуулсан хадгаламжийн гэрээнүүдийг баримтаар гаргахдаа талуудын хооронд байгуулагдсан зарим гэрээ, төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийж байсан тул үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан зохигчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

 

            Шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд шүүгчээс татгалзан гаргах эрхтэй боловч шүүх хуралдаан дээр хүсэлт шийдвэрлээгүйтэй холбоотой татгалзал гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасантай нийцээгүйгээс гадна шүүгч өмнө нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байхдаа хариуцагч байгууллагын эсрэг талд зөвлөгөө өгч байсан гэх байдал шүүх хуралдааны явцад илэрсэн гэж дүгнэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, энэ нөхцөл байдлыг хариуцагч тал шүүх хуралдаан эхлэхээс өмнө мэдэж байсан буюу шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргах үе шатанд уг хүсэлтийг гаргах боломжтой байжээ.

 

            Хариуцагч байгууллагын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул материаллаг эрх зүйн дүгнэлт өгөхгүй тул  үүнтэй холбоотой зохигчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болно.

 

            Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01048 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 493 773 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 313 750 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                                                         

                               ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА