Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/01048

 

2019 оны 05 сарын 02 өдөр

   Дугаар 183/ШШ2019/01048

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... давхарт байрлах, Х сан /РД:... /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... өөрийн байранд байрлах, Х  ХХК /РД.../-д  холбогдох,

 

2013 оноос 2015 оны 09 сарын 30-ны өдрийн хүртэлх хугацаанд хамаарах хадгаламжийн даатгалын улирлын хураамж 1 031 159 950 төгрөг,  хохирол 667 164 570.67 төгрөг, нийт 1 698 324 520.67 төгрөг иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш, Н.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяр-Эрдэнэ нар оролцов.             

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Х төлөх Монгол Улсын Хөгжлийн банкны Х  ХХК-д байршуулсан харилцах данс болон мөнгөн хадгаламжийн дансанд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд тооцогдсон 1 031 159 950 төгрөгийн улирлын хураамжийг төлөөгүй болно. Хадгаламжийн даатгалын корпорацийн Үндэсний хорооны 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 08 тоот тогтоолоор баталсан Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журмын хавсралтад заасны дагуу банкуудаас ирүүлсэн тайланг үндэслэн. Х  ХХК-аас удаа дараа ирүүлсэн албан бичиг болон бусад уулзалтууд дээр Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт зааснаар хадгаламжийн даатгалд хамаарахгүй этгээд болох банк гэж заасан бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны харилцах данс, мөнгөн хадгаламж нь даатгалын улирлын хураамж тооцох хадгаламжид хамаарахгүй тул улирлын хураамж төлөх үндэслэлгүй гэж маргасаар өдийг хүрлээ. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг М ны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдийг гэж тодорхойлсон атал Монгол Улсын хуулиар үүсгэн байгуулагдаж, уг хуульд заасан тусгайлсан үйл ажиллагааг эрхэлдэг төрийн өмчит хуулийн этгээд болох Монгол Улсын Хөгжлийн банкны тухайн банкинд байршуулсан харилцах данс, мөнгөн хадгаламжийг Банкны тухай хуульд заасан М наас тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. Банк гэсэн үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр төлөхгүй харилцах данс, мөнгөн хадгаламж эзэмшигчийг улирлын хураамж тооцох мөнгөн  хадгаламж эзэмшигчид хамаарахгүй гэсэн тайлбар өгч байгаа нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч Хадгаламжийн даатгалын корпорацийн зүгээс уг улирлын хураамжийг барагдуулах талаар удаа дараа албан тоотууд, мэдэгдэлүүдийг хүргүүлж байсан. Даатгагдах харилцах данс, мөнгөн хадгаламжийн дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс тооцох улирлын хураамжийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг үндэслэн Хадгаламжийн даатгалын корпорацийн Үндэсний хороо мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.7 дахь хэсэгт зааснаар сан бүрэн эрхийн дагуу мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт зааснаар 0.125 хувиар хэтрүүлэхгүйгээр тогтоодог. Үндэсний хорооны 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар тогтоолоор 0.125 хувь, Үндэсний хорооны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 0.075 хувь, Үндэсний хорооны 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаар тогтоолоор 0.0625 хувь, Үндэсний хорооны 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 23 дугаар тогтоолоор 0.025 хувиар тооцсон байдаг. Х  ХХК нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль заасны дагуу нэхэмжлэгч Х төлөх Монгол Улсын Хөгжлийн банкны Х  ХХК-д байршуулсан харилцах данс болон мөнгөн хадгаламжийн дансанд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд тооцогдсон 1 031 159 950 төгрөгийг улирлын хураамжийг төлөөгүй тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч Х  ХХК нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тул үүрэг гүйцэтгүүлэгч Х нь өөрт учирсан хохирол болох олох байсан орлогыг шаардах эрх үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Хариуцагч Х  ХХК-ийн төлөөгүй улирлын хураамжийн үлдэгдэл тооцсон нэхэмжлэгч Хадгаламжийн даатгалын корпорацийн зайлшгүй олох байсан орлого 667164 570.67 төгрөг, нийт 1 698 324 520.67 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Х  ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Х нь хариуцагч Х  ХХК-д холбогдуулан даатгалын улирлын хураамжид 1 031 159 950 төгрөг, хохиролд 667 164 570 төгрөг, нийт 1 698 324 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү иргэний хэргийн маргааны хувьд зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлээр зохицуулсан “Даатгалын гэрээ”-ний эрх зүй, мөн хуулийн 454 дүгээр зүйлээр зохицуулсан “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-ний эрх зүйн харилцаатай холбоотой маргаан үүссэн байна. Өөрөөр хэлбэл, зохигчид хоорондоо Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээтэй холбоотой асуудлаар маргаж байна, шүүх аль ч талаас нь харсан энэ гэрээний харилцаанаас хэтрүүлэх боломжгүй юм. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, ...эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж тодорхой зохицуулснаас үзвэл энэ хуульд хэрхэн тусгаснаас үл хамаарч юун түрүүнд Үндсэн даатгалын хураамж төл, гэхдээ эрсдэл үүсвэл даатгалын нөхөн төлбөр авахгүй шүү...” гэж тайлбарлаж байгаа бол энэ нь даатгалын эрх зүйн зарчим, Иргэний хууль, болон бусад холбогдох хуульд огт нийцэхгүй байна. Хэрэв дээрх хуулийн 7.3 дахь хэсэг нь даатгалын хураамж төлсөн атлаа эрсдэл учирвал нөхөн төлбөр авахгүй гэдэг агуулгыг илэрхийлж байгаа бол энэ нь өөрөө Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 -т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ...нөхөн төлбөр төлөх, даатгуулагч даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зохицуулсантай нийцэхгүй, даатгалын гэрээний гол нөхцөлийг үгүйсгэж байна. Иймд энэ үндэслэлээр Х нь Монгол Улсын Хөгжлийн банкны мөнгөн хадгаламжид даатгалын улирлын хураамж тооцож авах эрхгүй гэж үзэж байна.Нэхэмжлэгч өөрөө Монгол Улсын Хөгжлийн банкны тусгай нөхцөлт хадгаламжид даатгалын хураамж төлөхгүй, хураамжаас чөлөөлөгдөнө гэдгээ илэрхийлсэн, тухайн үедээ ч төлөхийг шаардаж байгаагүй талаар. Мөн Х нь анхнаасаа 2013 оны 01 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын Хөгжлийн банкны Хаан банкинд байршуулсан мөнгөн хадгаламжид улирлын хураамж тооцож төлөх шаардлага гаргаагүй бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны хадгаламж даатгалын хураамжаас чөлөөлөгдөнө гэдэг байр суурьтай байсан. Энэ нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас Хаан банкинд ирүүлж байсан нэхэмжлэлийн агуулга бүхий албан бичгүүд, санхүүгийн тайлан, нэхэмжлэл дэх тайлангийн задаргаа дүн болон тус банкны гүйцэтгэх захирлын 2014.01.13-ны өдрийн 04 тоот албан бичиг/хэрэгт хавсаргасан/-ээр бүрэн нотлогдож байгаа. Улирлын хураамж төлөхтэй холбогдуулж Х  ХХК-иас Х санхүүгийн тайлан мэдээгээ улирал бүрийн эхэнд хүргүүлдэг. Уг санхүүгийн тайлан мэдээг Х нь шалгаж, нягтлаад банкны нийт хадгаламжаас улирлын хураамжийг тус корпорацийн Үндэсний хорооны тогтоолдзаасан хувь хэмжээгээр тооцон нэхэмжлэхийг улирал тутам /3 сард нэг/ ирүүлдэг. Ийм байдлаар 2013 оны 01 дүгээр сараас 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Хадгаламжийн даатгалын корпорациас ирүүлсэн нэхэмжлэхүүд нь Монгол Улсын Хөгжлийн банкны байршуулсан мөнгөн хадгаламжийг хасч тооцсон байдлаар ирдэг байсан бөгөөд ирсэн нэхэмжлэхийн мөнгөн дүнгийн хэмжээгээр банк хураамжийг шилжүүлдэг байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Хөгжлийн банкны байршуулсан мөнгөн хадгаламжийг Х өөрөө ирүүлсэн нэхэмжлэлдээ хасч тооцдог атлаа хожим банк дур мэдэн хасч тооцоод нэхэмжлэхээр ирүүлсэн хураамжийг дутуу төлсөн зүйл байхгүй болно. Ийм тодорхой үйл баримтууд байхад хожим банкийг хууль зөрчсөн, үүргээ гүйцэтгээгүй мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь огт үндэслэлгүй.  Хадгаламжийн даатгалын корпорацийн мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа дууссан учраас хожим даатгалын хураамжтөлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас хэрэв Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн хураамж төлөхөөс чөлөөлсөн зохицуулалтыг зөрчиж, өөрсдийн хураамж төлөхгүй гэсэн шийдвэрээ үгүйсгэж, даатгалын хураамж төлөх ёстой гэж үзэж байгаа бол талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүсэж, тухайлсан гэрээний харилцаа дуусгавар болоогүй тохиолдолд даатгалын хураамж төлөх асуудал яригдана. Нэхэмжлэгчийн шаардаж буй даатгалын хураамж нь 2013 оны 01 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацааных бөгөөд энэ хугацаанд Х  ХХК болон Монгол Улсын Хөгжлийн банк хооронд нийтдээ 100 гаруй богино хугацаат мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдаж, хугацааны хувьд болон мөнгөн хадгаламжийг буцаан шилжүүлснээр уг гэрээ дуусгавар болсон. Х  мөнгө хадгалах үүрэг бүрэн дуусгавар болсон байхад одоо хадгаламжид хураамж төлөөд ямар нэгэн үр дүн гарахгүй нь тодорхой тул банк даатгалын хураамж төлөх үүрэг хүлээхгүй. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан мөнгөн хадгаламжийн гэрээ, мөн гэрээ тус бүрт холбогдох дансны хуулга, хадгаламж буцаан дуудах тухай мэдэгдэл зэргээр хангалттай нотлогдоно. Өөрөөр хэлбэл, даатгалын хураамж төлөхийн гол ач холбогдол нь эрсдэл үүсвэл нөхөн төлбөр авах юм. Энэ талаар Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 -т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ...нөхөн төлбөр төлөх, даатгуулагч даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зохицуулснаас үзвэл одоо даатгалын хураамж нөхөж төллөө гээд тухайн үеийн дуусгавар болсон мөнгөн хадгаламжийн гэрээ тус бүрийн дагуу хуульд заасан нөхөн төлбөр авах эрх үүсэх боломжгүй. Учир нь 2013-2015 оны хооронд Х  ямар нэгэн байдлаар эрсдээгүй, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “Даатгалын тохиолдол гэж Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанк банкийг татан буулгах шийдвэр гарсныг” хэлэх бөгөөд энэ нөхцөл байдал үүсээгүй, хадгаламж эзэмшигч болон Х хохироогүй, цаг хугацааг ухрааж банк өнгөрсөнд очиж эрсдэх ямарч боломжгүй зэрэг нөхцөлбайдал тодорхой байхад нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилгоор хууль бус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Даатгалын гэрээ бичгээр байгуулагдаагүй түл хуулийн дагуү хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж уг гэрээний хэлбэрийн хувьд байх ёстой гол шаардлагыг хуулиар тодорхойлсон.

 Даатгалын гэрээ байгуулагдаагүй бол даатгалын хураамж төлөх үүрэг банкинд үүсэхгүй бөгөөд нэхэмжлэгчид даатгалын хураамж шаардах эрх мөн адил үүсээгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага гаргах хөен хэлэлцэх хугацаа хэсэгчилж дууссан. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлээр зохигчдын маргаж буй улирлын хураамж төлөх асуудлыг зохицуулсан. Өөрөөр хэлбэл, мөн хуульд заасны дагуу тооцсон улирлын хураамжийг банкнаас Х улирал тутам төлөхийг шаарддаг, энэ тухай нэхэмжлэх ирүүлдэг зэргээс үзвэл нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлох асуудал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт заасан “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил,” гэх зохицуулалтад хамаарч байна.Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын Хөгжлийн банкны тусгай нөхцөлт хадгаламжид тооцсон хураамж төлөх шаардлага гаргасан. Энэ хугацааг улирлаар нь тооцвол нийт 11 улирлын хураамжийг тус бүрт нь нэхэмжлэлд дурдсанаар тодорхойлсон байна. Тэгэхээр нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан гэж үзвэл 2015 оны 4 дүгээр улирал буюу мөн оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны улирлын хураамж 22 904 787 төгрөгийн хувьд шаардах эрхийн хугацаа дуусаагүй байх боломжтой. Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо нь журмуудыг хуулийн дагуу баталж, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулан, бүртгүүлж, Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлүүлсэн байх шаардлагатай. Уг шаардлагыг хангаагүй журам үйлчлэхгүй гэж үзэхээр байна. Зохигчдын хооронд үүссэн маргаан нь 2013-2015 оны хооронд, Захиргааны Ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн хэдий ч энэ асуудлыг уг хуулийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон журам”-аар мөн адил агуулгын хүрээнд зохицуулж байсан. Уг журмын 1.6.2, 1.6.3, 2.5.2 дахь заалтаас тодорхой харагдана.Тэгэхээр хуульд нийцүүлэн гаргасан гэх журам өөрөө үйлчлэлгүй болсон тохиолдолд уг журмын дагуу тооцож гаргасан улирлын хураамжийн мөнгөн дүн үндэслэлгүй болж байна. Х учирсан хохиролд 667 164 570 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагын хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлага өөрөө хууль зүйн хувьд үндэслэлгүй тул хохирол учирсан гэх нөхцөл бүхэлдээ үгүйсгэгдэнэ. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан “...зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж үндэслэлээ тодорхойлсон нь буруу байна. Учир нь Х нь хуулийн дагуу даатгалын хураамж тооцож авдаг бөгөөд хураамж тооцож авах, орлого олох гэдэг нь тусдаа ойлголт гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Х нь ямар нэгэн байдлаар орлого олоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаггүй. Иймд олох байсан орлого гэх үндэслэлээр хохиролд 667 164 570 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн татгалзлын үндэслэл тус бүрт үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлтийг тодорхой өгч, улмаар нэхэмжлэгч Хадгаламжийн даатгалын корпорацийн хариуцагч Хаан банкнаас даатгалын улирлын хураамжид 1 031 159 950 төгрөг, хохиролд 667 164 570 төгрөг, нийт 1 698 324 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Х нь Х  ХХК-д холбогдуулан 2013 оноос 2015 оны 09 сарын 30-ны өдрийн хүртэлх хугацаанд хамаарах хадгаламжийн даатгалын улирлын хураамж 1 031 159 950 төгрөг,  хохирол 667 164 570,67 төгрөг, нийт 1 698 324 520.67 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

            Хариуцагч Х  нь М  болон Х хүргүүлсэн тайлан мэдээний үнийн дүн зөрүүтэй талаар маргаагүй боловч тухайн үнийн дүнгийн зөрүү нь М  болон Монгол Улсын хөгжлийн банкнаас байршуулсан хамгаламж тул даатгалд хамрагдахгүй, мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа дуусч, гэрээ дуусгавар болсон, Хадгаламжийн даатгалын корпорацтай даатгалын гэрээг бичгээр байгуулаагүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хүчин төгөлдөр бус журмыг үндэслэн шаардлага гаргаж байна гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.1, 432.2-т Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна. Албан журмын даатгалын хэлбэрийг хуулиар тогтооно гэж, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.1-т “...мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий банк нь банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалд заавал даатгуулж, даатгалын хураамж төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэрээгээр бус хуулийн үүсэх үүргийн харилцаа байна.

 

 Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т энэ хуулийн 7.1, 7.2.2, 7.2.3-т зааснаас бусад тодруулбал мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс, нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл, нэрлэсэн үнээр эргэн төлөгдөхгүй хадгаламжид, мөн Эрүүл мэндийн тэтгэвэр, нийгмийн албан журмын даатгалын сан, Төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас байршуулсан хадгаламжаас бусад хадгалмжийн дундаж дүнгээс улирлын хураамж тооцохоор заажээ.

 

Хариуцагч Х  Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7.2.1-т заасан банк буюу даатгалд хамаарагдахгүй этгээдээс байршуулсан хадгаламжийн зөрүү тул улирлын хураамж төлөхгүй гэх татгалзал нь үндэслэлгүй байна.

 

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2, 24.1.7-д Корпорацийн удирдах дээд байгууллага нь Хадгаламжийн даатгалын үндэсний хороо байна. Үндэсний хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд журам заавар баталж, хэрэгжилтэд хяналт тавих, хадгаламжийн даатгалын хураамжийн хувь хэмжээг тогтоох эрхтэй гэж заасан бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д Үндэсний хороо жил бүрийн 11 дүгээр сарын 30-ны дотор дараа жилийн улирлын хураамжийн хувийн 0.125 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тогтооно гэж заасан.

 

Зохигчдын хооронд үүссэн маргаан бүхий үйл баримт нь 2013-2015 оны хооронд хугацаанд хамаарагдах бөгөөд Хадгаламжийн даатгалын үндэсний хороонд хуулиар тусгайлан эрх олгогдсоны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан журмыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 67 дугаар зүйлийн 67.2, 67.3-т “...Хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шийдвэрийг ойлгох ба захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. Дээрх шаардлагыг зөрчсөн тохиолдолд эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй...” гэж заасан хэдий ч дээрх хуулийн үйлчлэл нь 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчлагдсан тул уг хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд хамаарахгүй юм.

 

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн  13.5-т “Улирлын хураамж нь өмнөх улирлын сар бүрийн эцсийн өдрийн энэ хуулийн 7.1,  7.2.2, 7.2.3-т зааснаас бусад хадгаламжийн дундаж дүнг энэ хуулийн 14.1-д заасны дагуу тооцсон улирлын хураамжийн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцүү хэмжээтэй байна.” гэж заасан тул Х  болон Монгол Улсын хөгжлийн банкны хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламжийн гэрээ дуусгавар болсон гэх үндэслэл нь улирлын хураамжийн төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй байна.

 

Мөн хариуцагч нь мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий банк болохын хувьд банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалд заавал даатгуулж, даатгалын хураамж төлөх үүрэг нь гэрээгээр бус хуулиар хүлээсэн үүрэг тул хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна. 

 

Иймд Х  М , Х хүргүүлсэн тайлан мэдээний хадгаламжийн зөрүү дүнгээс Үндэсний хорооны хураамжийн хэмжээг тогтоосон хувиар тооцож, 2013 оноос 2015 оны 09 сарын 30-ны өдрийн хүртэлх хугацаанд хамаарах хадгаламжийн даатгалын улирлын хураамж 1 031 159 950 төгрөг гаргуулах шаардлага нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангаж шийдвэрлэв. /хх-1 дүгээр хавтас, 64-66/

 

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1-т “...корпораци нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгайлсан чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус, төрийн өмчит хуулийн этгээд байна. Корпораци нь энэ хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд ашгийн төлөө хуулийн этгээд байгуулахыг хориглоно.” гэж заасан ба мөн хуулийн 11, 12 дугаар зүйлд сангийн хөрөнгийг зарцуулах зориулалт, хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг тодорхой хүрээнд хязгаарлан хуульчилсан байна.

 

Нэхэмжлэгч Хадгаламжийн даатгалын корпорацийн хуульд заасан чиг үүрэг болон хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд хариуцагч үүргээ гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч 667 164 570 төгрөгийн орлогыг зайлшгүй олох байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 667 164 570,67 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иймд Хадгаламжийн даатгалын корпорацийн нэхэмжлэлийн шаардлагаас 2013 оноос 2015 оны 09 сарын 30-ны өдрийн хүртэлх хугацаанд хамаарах хадгаламжийн даатгалын улирлын хураамж 1 031 159 950 төгрөгийг Хаан банкнаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хохиролд 667 164 570,67 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн          7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 8 807 523 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хаан банкнаас улсын тэмдэгтийн хураамжид 5 313 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х олгох нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэгийн дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т зааснаар гаргаагүй, харин түүний гаргасан нотлох баримт гаргуулах, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснааршийдвэрлэж, хүсэлтийг хангахаас татгалзаж  шийдвэрлэсний хойно “шүүгчийг татгалзан гаргах” хүсэлт гаргаж байгаа нь анхан шатны шүүх хуралдааны хуулиар тогтоосон дэгийг зөрчиж байгаа тул шүүх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т зааснаар шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй, харин шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны аль ч үед үүргээ биелүүлэх боломжтой юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийн удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан Хаан банкнаас 2013 оноос 2015 оны 09 сарын 30-ны өдрийн хүртэлх хугацаанд хамаарах хадгаламжийн даатгалын улирлын хураамж 1 031 159 950 төгрөгийг гаргуулж,  Х олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 667 164 570,67 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн          7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 8 807 523 төгрөгийг улсын төсвийн орлогодхэвээр үлдээж, хариуцагч Хаан банкнаас улсын тэмдэгтийн хураамжид 5 313 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х олгосугай. 

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгтзааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.МӨНХЦЭЦЭГ