Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00024

 

Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн  Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01048 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1272 дугаар магадлалтай,

Х-гийн нэхэмжлэлтэй,

Х-ХХК-д холбогдох,

2013 оноос 2015 оны 09 сарын 30-ны өдрийн хүртэлх хугацаанд хамаарах хадгаламжийн даатгалын улирлын хураамж 1.031.159.950 төгрөг,  хохирол 667.164.570 төгрөг нийт 1.698.324.520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Бум-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбилэг, өмгөөлөгч Ч.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатар, Х.Содном-иш, өмгөөлөгч Ж.Энхчимэг, Н.Баасанжав, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Хөгжлийн банкны Х-ХХК-д байршуулсан харилцах данс болон мөнгөн хадгаламжийн дансанд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд тооцогдсон 1.031.159.950 төгрөгийн улирлын хураамжийг төлөөгүй болно. Х-йн Үндэсний хорооны 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 08 тоот тогтоолоор баталсан Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журмын хавсралтад заасны дагуу банкуудаас ирүүлсэн тайланг үндэслэн. Х-йн зүгээс уг улирлын хураамжийг барагдуулах талаар удаа дараа албан тоотууд, мэдэгдлүүдийг хүргүүлж байсан. Даатгагдах харилцах данс, мөнгөн хадгаламжийн дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс тооцох улирлын хураамжийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг үндэслэн Х-йн Үндэсний хороо мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.7 дахь хэсэгт зааснаар сан бүрэн эрхийн дагуу мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт зааснаар 0.125 хувиар хэтрүүлэхгүйгээр тогтоодог. Үндэсний хорооны 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар тогтоолоор 0.125 хувь, Үндэсний хорооны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 0.075 хувь, Үндэсний хорооны 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаар тогтоолоор 0.0625 хувь, Үндэсний хорооны 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 23 дугаар тогтоолоор 0.025 хувиар тооцсон байдаг. Х-ХХК нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль заасны дагуу нэхэмжлэгч Х-д төлөх Монгол Улсын Хөгжлийн банкны Х-ХХК-д байршуулсан харилцах данс болон мөнгөн хадгаламжийн дансанд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд тооцогдсон 1.031.159.950 төгрөгийг улирлын хураамжийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.      

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч Х-ХХК нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тул үүрэг гүйцэтгүүлэгч Х- нь өөрт учирсан хохирол болох олох байсан орлогыг шаардах эрх үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Хариуцагч Х-ХХК-ийн төлөөгүй улирлын хураамжийн үлдэгдэл тооцсон нэхэмжлэгч Х-йн зайлшгүй олох байсан орлого 667.164.570 төгрөг, нийт 1.698.324.520 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Х-ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү иргэний хэргийн маргааны хувьд зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлээр зохицуулсан “Даатгалын гэрээ”-ний эрх зүй, мөн хуулийн 454 дүгээр зүйлээр зохицуулсан “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-ний эрх зүйн харилцаатай холбоотой маргаан үүссэн байна. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, ...эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж тодорхой зохицуулснаас үзвэл энэ хуульд хэрхэн тусгаснаас үл хамаарч юун түрүүнд Үндсэн даатгалын хураамж төл, гэхдээ эрсдэл үүсвэл даатгалын нөхөн төлбөр авахгүй шүү...” гэж тайлбарлаж байгаа бол энэ нь даатгалын эрх зүйн зарчим, Иргэний хууль, болон бусад холбогдох хуульд огт нийцэхгүй байна. Хэрэв дээрх хуулийн 7.3 дахь хэсэг нь даатгалын хураамж төлсөн атлаа эрсдэл учирвал нөхөн төлбөр авахгүй гэдэг агуулгыг илэрхийлж байгаа бол энэ нь өөрөө Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 -т зохицуулсантай нийцэхгүй, даатгалын гэрээний гол нөхцөлийг үгүйсгэж байна. Иймд энэ үндэслэлээр Х- нь Монгол Улсын Хөгжлийн банкны мөнгөн хадгаламжид даатгалын улирлын хураамж тооцож авах эрхгүй гэж үзэж байна. Мөн Х- нь анхнаасаа 2013 оны 01 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын Хөгжлийн банкны ХААН банкинд байршуулсан мөнгөн хадгаламжид улирлын хураамж тооцож төлөх шаардлага гаргаагүй бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны хадгаламж даатгалын хураамжаас чөлөөлөгдөнө гэдэг байр суурьтай байсан. Энэ нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас ХААН банкинд ирүүлж байсан нэхэмжлэлийн агуулга бүхий албан бичгүүд, санхүүгийн тайлан, нэхэмжлэл дэх тайлангийн задаргаа дүн болон тус банкны гүйцэтгэх захирлын 2014.01.13-ны өдрийн 04 тоот албан бичиг/хэрэгт хавсаргасан/-ээр бүрэн нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Хөгжлийн банкны байршуулсан мөнгөн хадгаламжийг Х- өөрөө ирүүлсэн нэхэмжлэлдээ хасч тооцдог атлаа хожим банк дур мэдэн хасч тооцоод нэхэмжлэхээр ирүүлсэн хураамжийг дутуу төлсөн зүйл байхгүй болно. Ийм тодорхой үйл баримтууд байхад хожим банкийг хууль зөрчсөн, үүргээ гүйцэтгээгүй мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь огт үндэслэлгүй.  Даатгалын гэрээ бичгээр байгуулагдаагүй түл хуулийн дагуу хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй. Даатгалын гэрээ байгуулагдаагүй бол даатгалын хураамж төлөх үүрэг банкинд үүсэхгүй бөгөөд нэхэмжлэгчид даатгалын хураамж шаардах эрх мөн адил үүсээгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэсэгчилж дууссан. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлээр зохигчдын маргаж буй улирлын хураамж төлөх асуудлыг зохицуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын Хөгжлийн банкны тусгай нөхцөлт хадгаламжид тооцсон хураамж төлөх шаардлага гаргасан. Энэ хугацааг улирлаар нь тооцвол нийт 11 улирлын хураамжийг тус бүрт нь нэхэмжлэлд дурдсанаар тодорхойлсон байна. Тэгэхээр 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан гэж үзвэл 2015 оны 4 дүгээр улирал буюу мөн оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны улирлын хураамж 22.904.787 төгрөгийн хувьд шаардах эрхийн хугацаа дуусаагүй байх боломжтой. Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо нь журмуудыг хуулийн дагуу баталж, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулан, бүртгүүлж, Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлүүлсэн байх шаардлагатай. Уг шаардлагыг хангаагүй журам үйлчлэхгүй гэж үзэхээр байна. Х-д учирсан хохиролд 667.164.570 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагын хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлага өөрөө хууль зүйн хувьд үндэслэлгүй тул хохирол учирсан гэх нөхцөл бүхэлдээ үгүйсгэгдэнэ. Х- нь ямар нэгэн байдлаар орлого олоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаггүй. Иймд олох байсан орлого гэх үндэслэлээр хохиролд 667.164.570 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Х-йн хариуцагч ХААН банкнаас даатгалын улирлын хураамжид 1.031.159.950 төгрөг, хохиролд 667.164.570 төгрөг, нийт 1.698.324.520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01048 дугаар шийдвэрээр: Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан ХААН банкнаас 2013 оноос 2015 оны 09 сарын 30-ны өдрийн хүртэлх хугацаанд хамаарах хадгаламжийн даатгалын улирлын хураамж 1.031.159.950 төгрөгийг гаргуулж, Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 667.164.570,67 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 8.807.523 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХААН банкнаас улсын тэмдэгтийн хураамжид 5.313.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1272 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01048 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.493.773 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.313.750 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Бум-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.02-ны өдрийн 183/ШШ2019/01048 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн “…нэхэмжлэгч 667.164.570 төгрөгийн орлогыг зайлшгүй олох байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлд Монголбанкнаас Х-д 2019.01.17-ны өдөр ирүүлсэн А-5/58 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 15 хуудас Монголбанкны үнэт цаасны хүүгийн талаарх нотлох баримт, түүний тооцооллыг хавсаргасан атал үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Гэтэл Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07-р сарын 05-ны өдрийн 1272 дугаар Магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.02-ны өдрийн 183/ШШ2019/01048 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах шийдвэр гаргасан. Хөгжлийн банкны үйл ажиллагааны чиглэлийг тодруулаагүй гэсэн дүгнэлт нь: Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “4.1.Хөгжлийн банк нь энэ хуулийн 8.1-д заасан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна.” гэж Хөгжлийн банкны эрх зүйн байдлыг тодорхойлсон. Гэтэл Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай (2013 оны) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 болон 7.2.2-т “банк” “төрийн байгууллага” аль нь байсан хадгаламжийн даатгалд хамаарахгүй этгээд болохыг заасан. Харин “банк” “төрийн байгууллага”-ын аль нь ч байсан даатгалын улирлын хураамж тооцох хадгаламжид хамаарах тул улирлын хураамж төлөх болохыг хуульчилсан байна. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай (2013 оны) хуулийн 7.2-т заасан этгээдүүд нь мөн хуулийн 7.3-т зааснаар “Даатгалын нөхөн төлбөр авахгүй харин “Даатгалын Улирлын Хураамж төлөх дүнд тооцогдох” харилцах данс, мөнгөн хадгаламж эзэмшигчийн жагсаалт юм. Хуулийн дагуу албан журмын даатгалын улирлын хураамжийг төлдөг атлаа зөвхөн Хөгжлийн банкны Х-ХХК-д хадгалуулсан мөнгөн хадгаламжийн дүнд тооцогдох улирлын хураамжийн төлөхгүй гэдэг нь огт ойлгомжгүй байгаа юм.  Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын улирлын хураамжийн төлбөрийг Х-ХХК төлөх үүрэгтэй бөгөөд Х-ХХК-д мөнгөө хадгалуулсан этгээд болох Монгол Улсын Хөгжлийн банк аль эсвэл бусад бүх иргэн, хуулийн этгээд Даатгалын улирлын хураамж огт төлөхгүй юм. Банкинд мөнгөө хадгалуулснаар Улирлын хураамж төлөх нэмэлт мөнгөн зардал аливаа этгээдэд гарахгүй Хадгалагч болох Х-ХХК албан журмын даатгалын төлбөр улирлын хураамжийг төлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй билээ.  Иймд давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны үйл ажиллагааны чиглэлийг эсхүл эрх зүйн байдлыг тодорхойлох нь уг маргаанд ач холбогдолгүй юм. “Хариуцагч Х-ХХК-аас Нэхэмжлэгч Х-д ирүүлсэн мэдээлэл, Монголбанкнаас ирүүлсэн мэдээллийн зөрүүгээр Даатгалын хураамж тодорхойлох үнийг тооцсон байна. Монголбанкнаас ирүүлсэн мэдээлэл гэх баримтыг Талууд маргаагүй гэх үндэслэлээр тогтоох үйл баримтад хамаарахгүй юм.” гэсэн дүгнэлт нь: Улирлын хураамжийн тооцооллын хувьд Талууд маргаагүй үндсэн шалтгаан нь Хөгжлийн банкны Хариуцагч Х-ХХК-д хадгалуулсан мөнгөн хадгаламж, харилцах дансны Нэхэмжлэлд хамрах хугацааны мөнгөн хөрөнгийн дүн нь Талуудад илт тодорхой билээ. Х-йн Үндэсний хорооны 2013 оны 09-р сарын 26-ны өдрийн 08 тоот тогтоолоор баталсан “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам”- ын 3.4-т “Хэрэв банкны илгээсэн тайлан алдаатай болохыг ХДК илрүүлбэл банкинд бичгээр мэдэгдэх ба энэ тохиолдолд банк залруулсан тайланг ажлын 5 хоногт багтаан ХДК-д хүргүүлнэ.” гэж банкуудад үүрэглүүлсэн. Мөн журмын Хавсралт №1-д заасны дагуу банкуудаас ирүүлсэн тайланд тус тус үндэслэн Даатгалын улирлын хураамжийг тооцдог. Нэхэмжлэлд хамрах хугацааны ХААН банкнаас ирүүлсэн тайлан Хөгжлийн банкны тус банкинд байршуулсан мөнгөн хадгаламж, харилцах дансны эх үүсвэрийн дүнгээр зөрүүтэй болохыг нэхэмжлэгч илрүүлсэн учир улирлын хураамжаа төлөхийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан үндэслэлээр олон удаа нэхэмжилсээр ирсэн. Х-ХХК нь анхан шатны шүүхэд нэхэмжилсэн Даатгалын хураамжийн тодорхойлох үнийн дүнгийн тооцоолол болох нэхэмжлэлийн шаардлагыг үнийн дүнг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ талаар огт маргаагүй байхад Давж заалдах шатны шүүх "... маргаангүй үйл баримтыг тогтоох учиртай. ... нийтийн эрх зүйд хамаарах бөгөөд баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд дүгнэлт хийх боломжгүй юм. ” гэж дүгнэж хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Гэрээ, төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийж байсан атал үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан хариуцагчийн хүсэлтийг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хангахгүй орхисон гэсэн дүгнэлт нь: хариуцагчийн Хөгжлийн банктай хийсэн мөнгөн хадгаламжийн гэрээнүүдийг анхан шатны шүүхэд Хөгжлийн банк болон хариуцагч нараас шүүгчийн захирамжийг үндэслэн нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр бичгээр гаргаж өгсөн билээ. Гэтэл иргэний маргаан хэлэлцэх явцад зарим мөнгөн хадгаламжийн хугацаа богино байсан, мөнгөн дүн өөрчлөгдсөн гэх мэт шалтгаанаар үзлэг хийх хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Улирлын хураамж нь өмнөх улирлын сар бүрийн эцсийн өдрийн энэ хуулийн 7.1-д зааснаас бусад хадгаламжийн дундаж дүнг энэ хуулийн 14.1-д заасны дагуу тооцсон улирлын хураамжийн хувиар үржүүлсэнтэй тэнцүү хэмжээтэй байна.” Гэж заасны дагуу Хөгжлийн банкны Х-ХХК-д хадгалуулсан мөнгөн хадгаламжийн мөнгөн дүн өөрчлөгдөх, хугацаанаас өмнө цуцлах, гэрээ дуусгавар болсон зэрэгт үзлэг хийх нь уг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэж байна. Учир нь Албан журмын даатгалын хураамж тооцох мөнгөн дүн нь дээр дурдсанаар “..өмнөх улирлын сар бүрийн эцсийн өдрийн энэ хуулийн 7.1-д зааснаас бусад хадгаламжийн дундаж дүнг...”-ээр тодорхойлогдохоор хуульчлагдсан. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын улирлын хураамжийн төлбөрийг Х-ХХК төлөх үүрэгтэй бөгөөд Х-ХХК-д мөнгөө хадгалуулсан Монгол Улсын Хөгжлийн банк аль эсвэл бусад бүх иргэн, хуулийн этгээд даатгалын улирлын хураамж огт төлөхгүй юм. Банкинд мөнгөө хадгалуулснаар улирлын хураамж төлөх нэмэлт мөнгөн зардал аливаа этгээдэд гарахгүй хадгалагч болох Х-ХХК Албан журмын даатгалын төлбөр улирлын хураамжийг төлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй билээ. Давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн цахим программд үзлэг хийх нь уг маргаанд ач холбогдолгүй юм.

Иймд Давж заалдах шатны Магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан
шийдвэр гаргаж өгнө үү
гэжээ.

ХЯНАВАЛ 

Х- нь Х-ХХК-д холбогдуулан 2013 оноос 2015 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл хугацааны хадгаламжийн даатгалын улирлын хураамж 1.031.159.950 төгрөг, хохирол 667.164.570 төгрөг нийт 1.698.324.520 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,  маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 1.031.159.950 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэсэн,  давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. 

Нэхэмжлэгч хяналтын шатны  шүүхэд гаргасан гомдолдоо  гаргахдаа “ ...хуульд Хөгжлийн банкны үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон, ...Хөгжлийн банкнаас  Х-ХХК-д хадгалуулсан мөнгөн хадгаламж, харилцах дансны нэхэмжлэлд хамрах хугацааны мөнгөн хөрөнгийн дүн тодорхой, ...үзлэг хийх шаардлагагүй” гэх агуулгыг дурджээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.Хариуцагч “...банкны хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй” гэсэн тайлбар гаргаж, улмаар  Хөгжлийн банкны улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах  хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан байна /хэргийн 3 хавтас хавтас 72, 86-88 дугаар тал/.      

 Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн /2011/  4 дүгээр зүйлд  зааснаар тус банкийг томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэхүү хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд гэж тодорхойлсон ба  мөн  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д заасан үйл ажиллагааг  эрхлэн явуулахаар зохицуулсан.  

Компанийн тухай хуулийн 16.2., 16.2.6.-д зааснаар компанийн дүрэмд үйл ажиллагааны чиглэлийг заавал тусгах ба Хөгжлийн банк ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлийг тодруулахад тус банкны улсын бүртгэлийн гэрчилгээ шаардлагатай, энэ нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн давж заалдах шатны дүгнэлтийг  буруутгах боломжгүй  байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Монгол банк болон  ХААН  банк ХХК-аас ирүүлсэн мэдээллийн зөрүүгээр даатгалын хураамжийг тооцсон...” гэж тодорхойлсон ба Монгол банкны мэдээлэл хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 115 дугаар зүйлийн 115.2-т тус тус нийцээгүй гэж үзнэ. 

Түүнчлэн Хөгжлийн банкнаас ХААН банкинд байршуулсан хадгаламжийн эх үүсвэр тодорхой бус талаарх  давж заалдах шатны шүүхийн  дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.

Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.   

Хариуцагч нь Монгол Улсын Хөгжлийн банктай зарим хадгаламжийн гэрээ, төлбөр тооцоог цахимаар хийж байсан талаар тайлбар гаргаж, эдгээрт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхисон нь хуульд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл  татгалзал, тайлбараа нотлох боломжийг хариуцагчид олголгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6-г зөрчсөн гэж үзнэ.  

2.Магадлалд дурдсанаас гадна анхан шатны шүүх Монгол Улсын Хөгжлийн банкийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсан нь учир дутагдалтай болжээ.

Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно.

Хадгаламжийн даатгалын улирлын хураамж гаргуулах тухай шаардлага нь хадгаламж байршуулсан этгээдийн эрхэд сөргөөр нөлөөлөхөөр байхад шүүх хариуцагчийн хүсэлтийг  2018-11-30-ны өдөр 14080 дугаартай захирамж гарган хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна. Тодруулбал, Хөгжлийн банкнаас Х-ХХК-д байршуулсан мөнгөн хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарах эсэх, мөн хадгаламжийн эх үүсвэрийн талаар зохигчид маргаж буй тохиолдолд энэ талаарх Хөгжлийн банкны тайлбар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.

Дээрх байдлаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд  хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.  

Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1272 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Бум-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 8.649.573 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ