Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2023/01742

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 02

181/ШШ2023/01742

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ......................... тоот хаягт байрлах******* ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:.............................. тоот хаягт байрлах,******* ХХК /РД: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, 2,987,076 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Орчлон констракшн ХХК холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, 2,987,076 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ /цаашид гэрээ гэх/-ээр манай компани High Apartment үйлчилгээний орон сууцны халаалт, хөргөлтийн системийн тоног төхөөрөмжийг нийлүүлж угсрах ажлыг гүйцэтгэх,******* ХХК нь нийт 1,616,000,000/нэг тэрбум зургаан зуун арван зургаан сая/ төгрөгийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон юм.

Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу нийт 1,616,000,000/нэг тэрбум зургаан зуун арван зургаан сая/ төгрөгний төлбөрийн 70 хувийг бэлнээр, 30 хувь буюу 484,800,000/дөрвөн зуун наян дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийг 3 орон сууц, 1 автомашины зогсоолоор төлөхөөр тохиролцож 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 16 тоот Бартерийн гэрээ, 01/254, 01/256, 01/257 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, 01/255 тоот Смарт дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-нүүдийг тус тус байгуулсан.

Манай компани Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу нийт 1,368,685,201/нэг тэрбум гурван зуун жаран найман сая зургаан зуун наян таван мянга хоёр зуун нэг/ төгрөгийн ажлын гүйцэтгэлийг хийж дуусгасан. Хариуцагч нь дээрх төлбөрөөс 1,021,653,125 төгрөгийг төлсөн бөгөөд 347,032,076 төгрөгийн төлбөрийг Бартерийн гэрээ-нд заасны дагуу барагдуулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Иймд 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ, 16 тоот Бартерийн гэрээ, 01/254 Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-нүүдийн дагуу 344,045,000 төгрөгийн үнэлгээ бүхий Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 6-р хороо, High Apartment хотхоны А блокийн, 11 давхар, 60 тоот, 3 өрөө, 87.1 м.кв бүхий орон сууцны өмчлөх эрхийг манай компанид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, үлдэгдэл төлбөр 2,987,076 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хэргийн материалд гүйцэтгэлийн актыг гаргаж өгсөн. Үүнд 1,368,685,201 төгрөгийн ажлыг манай компани хийж хүлээлгэж өгөөд хариуцагч компанийн зүгээс ахлах архитектур, эдийн засагч гэдэг хоёр хүн хүлээж авсан. Хүлээлгэж өгсөн зүйл байхгүй гэдэг нь үндэслэлгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч өөрөө ажил гүйцэтгэх, гэрээний гүйцэтгэлийг хүлээж авах ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон, гэтэл шинжээчийн дүгнэлтээр 1 тэрбум 368 сая төгрөг биш, 1 тэрбум 21 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн учраас хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбарыг хариуцагч гаргаж байна. Ажил гүйцэтгэх гэрээнд доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг заасан. Ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт баталгаат хугацаа буюу 1 жилийн хугацаа өнгөрсөн байвал гомдлын шаардлага гаргах эрхгүй гэж заасан байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг хүлээж авч барилгыг улсын комисс хүлээж авсны дараа өнөөдөр шүүх хуралдаан дээр шинжээч томилоход ажлын үр дүн доголдолтой байсан юм байна, ийм учраас доголдолтой холбоотойгоор үлдэгдэл төлбөр төлөх боломжгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн үедээ өөрсдөө шаардлага гаргаад явах бүрэн боломжтой байсан.

Манайх ХБНГУ-аас нийлүүлээгүй нь үнэн. Гэхдээ энэ нь БНХАУ дахь ХБНГУ-ын үйлдвэрээс захиалсан. Гэрээгээр заавал ХБНГУ-аас нийлүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр өнөөдөр үнийн зөрүү гаргаж ирснээс биш, БНХАУ дахь ямар үйлдвэрээс нийлүүлээд ХБНГУ дахь үйлдвэр ямар байгаад, энэ хоёрын зөрүү өнөөдөр ямар байгаа талаар дүгнэлт гаргаагүй. Зөвхөн БНХАУ, ХБНГУ-ын ялгааг гаргасан. Энэ нь өөрөө доголдлыг нотлох үндэслэл болох юм уу? Тээврийн зардал, үнийн зөрүүний асуудал яриад байна. Өнөөдөр ажил гүйцэтгэх гэрээний дагуу бид нар зөвхөн тоног төхөөрөмж нийлүүлэх үүрэг хүлээгээгүй, нийлүүлээд угсрах ажлыг хийж гүйцэтгэсэн. Бид нар гаалиас оруулж ирсэн үнийн дүнгээр оруулж ирээд түүн дээр өөрсдийнхөө ашгийг нэмээд, угсралтынхаа ашгийг нэмээд тохироод 1 тэрбум 616 сая төгрөг гэсэн юм. Түүнээс гаалиас орж ирсэн үнийн дүнгээр оруулж ирэх ёстой байсан мэт хариуцагч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа өнөөдөр дууссан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаад Давж заалдах шатны шүүхээс гүйцэтгэлийн акт байхгүй гэдэг үндэслэлээр шүүхэд хэргийг буцаасан. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр томилогдоод захиралтайгаа ярьхад гүйцэтгэлийн акт эх хувиараа байж таарсан, үүнийг өмнөх хэрэгт гаргаж өгөхөд каноноосоо болсон юм уу гарын үсэг нь гараагүй байсан. Одоо гарын үсэгтэй эх хувиар нь авчирч өгсөн. Өнөөдөр тэр ажлыг хүлээж авсан тэр хүмүүсийг мэдэхгүй гэж байгаа бол тэр хүмүүсийг гэрчээр асуудаг юм уу, шинжээч томилуулах талаар өөрсдөө хэрэгжүүлэх ёстой. Гэтэл ийм зүйл хэрэгжүүлээгүй байж гүйцэтгэл байхгүй, акт байхгүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй байна. гэжээ.

2.Хариуцагч тал хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчээс шүүхэд хандан Бьюлдингс техноложи" ХХК болон******* ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр 2,987,076 төгрөг, гэрээний 30 хувь болох 344,045,000 төгрөгийн бартерт байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01/254 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, High Араrtment орон сууцны барилгын А блок 11 давхрын 60 тоот, 87,10 м.кв орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь: Бьюлдингс техноложи ХХК нь******* ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд баригдаж буй High Араrtment орон сууцны барилгын Халаалт хөргөлтийн системийн тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах ажлыг хийж гүйцэтгэхээр, тоног төхөөрөмжийг ХБНГУ-аас нийлүүлэхээр харилцан тохиролцож ажлын хөлсийг гэрээний 3.3-т зааснаар дараах байдлаар тусгасан байна. Үүнд:

Гэрээний нийт үнэ 1,616,000,000 /нэг тэрбум зургаан зуун арван зургаан сая/ төгрөг, үнийн дүнгийн 70 хувийг бэлнээр буюу дансаар, 30 хувийг бартераар тооцохоор болж, 70 хувийн санхүүжилтийг 3 хуваан төлөх, 30 хувийн бартерийн төлбөрийг бартерийн гэрээгээр зохицуулахаар тус тус тохирчээ.

Энэхүү гэрээний дагуу ажлын хөлсний 30 хувийн бартерт 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №16 тоот Бартерийн гэрээ байгуулж:

1. High Араrt орон сууцны барилгын А блок-11 дүгээр давхар, 87.1 мкв бүхий 60 тоот орон сууцыг 344,045,000 төгрөгөөр тооцохоор /2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01/254 тоот Орон сууц заххиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ/;

2. High Араrt орон сууцны барилгын смарт зогсоол нэг ширхэгийг 36,648,750 төгрөгт тооцохоор /2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрйн 01/255 тоот Смарт дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ/,

3.Орчлон хороолол 10 дугаар ээлжийн барилгаас 2 давхрын 20 тоот 38.4 мкв орон сууц, 1 дүгээр давхрын 11 тоот 38,4 мкв орон сууцыг нийт 104,106,250 төгрөгт тус тус тооцохоор тохиролцон улмаар тус бүрт тусгайлан гэрээ байгуулсан болно.

Үүний дагуу гэрээний төлбөрт 969,600,000 төгрөгийн санхүүжилтийг бэлнээр болон дансаар хийж, Орчлон хорооллын 10 дугаар ээлжийн барилгаас 20 тоот орон сууцыг 52,053,125 төгрөгийн үнийн дүнд шилжүүлснээр нийт 1,021,653,125 төгрөгийг төлсөн байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээнд зааснаар халаалт, хөргөлтийн системийн бараа, тоног төхөөрөмжийг ХБНГУ-аас нийлүүлэх ёстой байсан боловч нийлүүлээгүй атлаа тухайн улсаас нийлүүлсэн мэтээр худалдан авагчид мэдээлэл өгч, тээврийн зардлыг ч мөн ХБНГУ-аас нийлүүлэгдсэн үед гарах хэмжээгээр тооцсон.

Түүнчлэн нэхэмжлэгч өөрөө бараа материалыг бүрэн нийлүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, хүлээлцсэн акт баримт үйлдээгүй атлаа 247,314,799 төгрөгийг гэрээний үнийн дүнгээс өөрсдийн үзэмжээр хасч тооцон, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь талуудын хооронд ямар ч тооцоо нийлсэн баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн******* ХХК, Бьюлдингс техноложи ХХК хоорондын ажлын санхүүжилтээр тооцоо нийлсэн акт гэх баримт дээр хариуцагч талаас эрх бүхий албан тушаалтны гарын үсэг байхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүхэд өгсөн байна.

Зүй нь гэрээний 2.1-д зааснаар ажлыг эрхийн болон чанарын доголдолгүй хийж гүйцэтгэнэ, 2.4-т Ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд захиалагчид акт баримтаар хүлээлгэн өгнө. Ажлыг хүлээн авсан хүлээлгэн өгсөн акт нь гэрээний салшгүй хэсэг болно, 2.5-д Актанд талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, баталгаажуулснаар ажлыг хүлээн авсанд тооцно гэж зааснаар хүлээлцэх ёстой байсан.

Талууд гэрээний хавсралт 1-д бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх улсыг ХБНГУ гэж тодорхойлсон нь барааны чанар, үзүүлэлт, тээврийн зардал, гааль татвар орсон үнээр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг тухайн улсаас нийлүүлээгүй болохоо бидэнд огт мэдэгдээгүй учир нэхэмжлэгчийг үндэслэлгүй өндөр төсвийг захиалагчид танилцуулж гэрээ байгуулсанд гомдолтой байна.

Ингээд нэхэмжлэгч компанийн хилээр нэвтрүүлсэн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой гаалийн мэдүүлэг, бараа бүтээгдэхүүний нэхэмжлэх, тээврийн баримтуудыг нотлох баримтаар гаргуулсан ба эдгээр нь баримтын нэгтгэл дүн нэхэмжлэгчийн Тооцоо нийлсэн акт-аар баталгаажуулсан гэх 1,368,685,201 төгрөгөөс зөрүүтэй, бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-аас нийлүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой болсон учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шинжээч томилж, бодит нөхцөл байдлыг тогтоолгох хүсэлтийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргаж шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02695 дугаартай захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон.

Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 150 дугаартай Хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтээр Бьюлдингс техноложи ХХК нь Баянзүрх дүүргийн 6 дугаар роо, High Араrtment үйлчилгээтэй орон сууцны барилгад хийсэн материал ажил үйлчилгээний үнэ 1,230,500,000 /нэг тэрбум хоёр зуун гучин сая таван зуун мянга/ төгрөг болохыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 970 ширхэг металл хавтан суурилуулсан байна.

2.Суурилуулсан таазны халаалт хөргөлтийн металл хавтан хоолойны зах зээлийн үнэлгээ болон гүйцэтгэлийн ажлын үнэлгээ нь нийт 968,500,000 төгрөг болно.

3.Халаалт хөргөлтийн автомат удирдлагын нийт 12,000,000 төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулсан байна

4.Хөргөлтийн чиллер, насосны узелийн суурилуулсан ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 250,000,000 төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулсан байна. Суурилуулсан тоног төхөөрөмж нь БНХАУ-д үйлдвэрлэсэн Итали улсын СLIVET бренд болно.

5.Нэмэлтээр хийсэн ажил байхгүй байна.

6.Орон сууцны барилгад хийсэн нийт материал ажил үйлчилгээний нийт дүн 1,230,500,000 төгрөг байна.

7. High Араrtment үйлчилгээтэй орон сууцнны барилгад 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Бараа материал тоног төхөөрөмж нийлүүлж ажил гүйцэтгэх гэрээ-нд заасан тоног төхөөрөмжийг бүрэн гүйцэт нийлүүлээгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр дээрх тоног төөөрөмж бараа бүтээгдэхүүнийг ХБНГУ-аас нийлүүлнэ гэж үнийн дүн болон тээврийн зардлыг тухайн улсаас нийлүүлэх үнээр тооцсон боловч тухайн улсаас нийлүүлээгүй нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Монгол улсын хилээр оруулахад мэдүүлсэн гаалийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Шинжээчийн дүгнэлтэд бараа бүтээгдэхүүн нь БНХАУ-аас нийлүүлэгдсэн байх бөгөөд нийлүүлэгч улс өөрчлөгдсөнтэй холбоотой зардлын зөрүүг шүүгчийн захирамжид заагаагүй тул тооцоогүй ба гэрээний дүнгээр тооцов гэсэн байсан тул ХБНГУ-аас нийлүүлэх бараа бүтээгдэхүүний болон БНХАУ-аас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тээврийн зардал болон тухайн улсын үнэ ханшийн зөрүүг тодорхойлуулахаар хариуцагч талаас нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан.

Шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 07998 дугаартай Нэмэлт шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар дээрх гэрээний дагуу ХБНГУлсаас нийлүүлэх бараа бүтээгдэхүүний болон БНХАУ-аас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тээврийн зардал болон тухайн улсын үнийн зөрүүнд шинжилгээ хийлгэсэн ба 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтээр:

1.ХБНГУ-аас нийлүүлэх бараа бүтээгдэхүүний тээврийн зардал 60,470,437 төгрөг болно.

2.БНХАУ-аас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тээврийн зардал 42,756,875 төгрөг болно.

3.Орчлон констракшн ХХК нь дээрх тээврийн зардлын зөрүүнд 17,713,562 төгрөг төлсөн байна:

4.ХБНГУ-аас нийлүүлэх бараа бүтээгдэхүүний тоног төхөөрөмж нь БНХАУ-аас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжид үнийн ялгаатай байна.

5.Бьюлдингс техноложи ХХК болон******* ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ-гээр бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг ХБНГУ-аас биш БНХАУ-аас нийлүүлэгдсэн тул эдгээр улсуудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийн үнийн зөрүү 184,000,000 төгрөг байна гэсэн байна.

Ийнхүү нэхэмжлэгч Бьюлдингс техноложи ХХК нь******* ХХК-тай байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэвэл зохих 1,616,000,000 төгрөгийн ажлаас шинжээчийн дүгнэлтээр 1,230,500,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байна. Шинжээчийн дүгнэлтэнд Гэрээнд ХБНГУ-аас нийлүүлсэн байх бөгөөд гэрээний үнийн дүнгээр тооцож, 1,230,500,000 төгрөгийн бараа материал нийлүүлж, ажил гүйцэтгэсэн байна гэж дүгнэсэн нь ХБНГУ-аас нийлүүлэгдэх үнийн дүнгээр тооцож гаргасан байх тул үүнээс тээврийн зардлын зөрүү 17,713,562 төгрөг, импортлосон улсаас шалтгаалсан үнийн зөрүү 184,000,000 төгрөгийг хасч тооцоход 1,028,786,438 төгрөгийг хариуцагч******* ХХК нь төлөхөөр байна. Хариуцагч нь 1,021,653,125 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгчид төлвөл зохих ажлын үлдэгдэл хөлс нь 7,133,313 төгрөг байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан 1,368,685,201 төгрөгийн ажил хийж, 347,031,076 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй гэх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Иймд Бьюлдингс техноложи ХХК болон******* ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр 2,987,076 төгрөг, гэрээний 30 хувь болох 344,045,000 төгрөгийн бартерт байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01/254 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, High Араrtment орон сууцны барилгын А блок 11 давхрын 60 тоот, 87,10 м.кв орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсэг нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, 7,133,313 төгрөгийг хангах үндэслэлтэй байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэдмэгтийн хураамжид 1,893,111 төгрөг төлсөн баримт, Бьюлдингс техноложи ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Баясгалан, Г.Халиунаа, М.Мишээл нарт олгосон итгэмжлэл, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ, Бартерийн гэрээ, Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ хавсралтын хамт, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Смарт дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, HighApart төслийн үйлчилгээний орон сууцны барилгын таазны халаалт, хөргөлтийн системийн гүйцэтгэл, М.Халиунжаргалд олгосон итгэмжлэл, Э.Золжаргалд олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас нотлох баримтаар: Д.Уранбилэгт олгосон итгэмжлэл, Б.Зулбаяр, Н.Болортуул нартай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, Б.Урансүрэнд олгосон итгэмжлэл, Д.Түвшинтамиртай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, П.Сумъяатай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, П.Сумъяад олгосон итгэмжлэл, М.Энхжинтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг гаргаж өгсөн.

5.Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтаар: Гаалийн Ерөнхий газарт БНХАУ-аас Бьюлдингс техноложи ХХК-ийн нэр дээр 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ирсэн инвойс болон тээврийн дагалдах бичиг баримтууд, Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн гадаад шилжүүлгийн даалгавар, нэмэлт маягт, инвойс, сертификат, гэрээ зэрэг гадаад хэл дээрх 40 хуудас баримтыг Монгол хэлрүү орчуулсан баримт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 150 дугаартай дүгнэлт, мөн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 95 дугаартай дүгнэлтүүд авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Бьюлдингс техноложи ХХК нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 6 хороо, Хайя Апартмент хотхон, А блок, 11-р давхар, 60 тоот 3 өрөө, 87.1 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, ажлын хөлс 2,987,076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Манай компани Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу нийт 1,368,685,201 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг хийж дуусгаж, хүлэлгэн өгсөн. Хариуцагч уг төлбөрөөс 1,021,653,125 төгрөгийг төлсөн, 347,032,076 төгрөгийн төлбөрийг Бартерийн гэрээ-нд заасны дагуу барагдуулахыг удаа дараа шаардахад төлж барагдуулаагүй тул хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Бьюлдингс техноложи ХХК нь******* ХХК-тай байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэвэл зохих 1,616,000,000 төгрөгийн ажлаас шинжээчийн дүгнэлтээр Гэрээнд ХБНГУ-аас нийлүүлсэн бөгөөд гэрээний үнийн дүнгээр тооцож, 1,230,500,000 төгрөгийн бараа материал нийлүүлж, ажил гүйцэтгэсэн байна гэж дүгнэсэн нь ХБНГУ-аас нийлүүлэгдэх үнийн дүнгээр тооцож гаргасан байх тул үүнээс тээврийн зардлын зөрүү 17,713,562 төгрөг, импортолсон улсаас шалтгаалсан үнийн зөрүү 184,000,000 төгрөгийг хасч тооцоход 1,028,786,438 төгрөгийг хариуцагч******* ХХК нь төлөхөөр байна. Хариуцагч нь 1,021,653,125 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгчид төлвөл зохих ажлын үлдэгдэл хөлс нь 7,133,313 төгрөг байна гэж тайлбарлан маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Зохигч талууд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдсон энэ үйл баримттай маргаагүй.

Тус гэрээний 1.1-т зааснаар нэхэмжлэгч нь Хайя Апартмент үйлчилгээтэй орон сууцны Халаалт, хөргөлтийн системийн тоног төхөөрөмж нийлүүлж угсрах ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

4.2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ., 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

Нэхэмжлэгч нь халаалт, хөргөлтийн системийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөх үүргийг хүлээсэн тус Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тус тус заасан Худалдах-худалдан авах гэрээ болон Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.

4.3.Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна. гэж заасан.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар тус Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээг холимог гэрээ гэж үзэх ба нэхэмжлэгч нь тодорхой ажил гүйцэтгэж, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөх үүргийг хүлээсэн байх тул ажил гүйцэтгэх гэрээний хэм хэмжээг хэрэглэх үндэслэлтэй байна.

4.4.Гэрээний 2.1, 2.2, 3.1, 3.2, 3.5-д зааснаар нэхэмжлэгч нь Хавсралт 1-т заасан тоног төхөөрөмжийг нийлүүлэх болон Хавсралт 2-т заасан хугацаанд нийт 1,616,000,000 төгрөгт багтаан халаалт, хөргөлтийн системийн тоног төхөөрөмж нийлүүлж угсрах, хариуцагч нь нийт үнийн дүнгийн 70%-ийн төлбөрийг бэлнээр буюу дансаар, 30%-ийн төлбөрт бартераар буюу Бартер /Барааг бараагаар солилцох/-ын гэрээгээр зохицуулахаар тус тус харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбарууд, зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдож байх боловч гэрээнд заасан үнийн дүнд тохирсон бараа материал, тоног төхөөрөмжөөр ажлыг хийж гүйцэтгэсэн эсэхэд хариуцагч тал маргасан.

5.Зохигчид нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 16 дугаар Бартерийн гэрээ гэсэн нэртэй гэрээг байгуулсан болох нь 1-р хавтаст хэргийн 9-д авагджээ. Уг гэрээг гадаад нэрээр Бартер гэж нэрлэсэн боловч монгол хэлээр Барааг бараагаар солилцох гэсэн утга бүхий үг байх тул энэ үгээр нь шүүхийн шийдвэрт тусгах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

5.1.Тус гэрээний 1.2, 1.3, 2.1-т зааснаар хариуцагч нь бараа материалын төлбөрийг бараагаар солилцох /Бартер/-оор суутгах буюу 344,045,000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүрэг, 6 хороо, Хайя Апартмент, А блок, 11-р давхар, 60 тоот, 1/нэг/ орон сууц, 36,648,750 төгрөгийн үнэ бүхий смарт зогсоол, 104,106,250 төгрөгийн үнэ бүхий Орчлон хороолол, 38.4 м.кв, 2-р давхрын 20 тоот, 38.4 м.кв, 1-р давхрын 11 тоотын орон сууц, ...нийт 484,800,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцууд болон смарт зогсоолыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

5.2.Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ. гэж заасан Арилжааны гэрээний шинжтэй байх тул Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэж үзнэ.

5.3.Уг барилга байгууламжийг улсын комисс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2018/836 тоот акт үйлдэж, хүлээн авч ашиглалтад оруулсан болох нь актаар тогтоогдож байх бөгөөд тус баримт хэрэгт авагджээ.

6.Нэхэмжлэгч нь халаалт, хөргөлтийн бараа материалаар нийт 1,368,685,201 төгрөгийн агаар сэлгэлт, хөргөлтийн системийн ажил гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч тал гэрээнд заасан үнийн дүнд тохирсон бараа материал, тоног төхөөрөмжөөр ажлыг хийж гүйцэтгэсэн эсэхэд маргаж шинжээч томилуулсан ба Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 150 дугаар Хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтээр Бьюлдингс техноложи ХХК нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, High Араrtment үйлчилгээтэй орон сууцны барилгад хийсэн материал ажил үйлчилгээний үнэ 1,230,500,000 төгрөг болохыг доорх байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 970 ширхэг металл хавтан суурилуулсан байна.

2.Суурилуулсан таазны халаалт, хөргөлтийн металл хавтан, хоолойны зах зээлийн үнэлгээ болон суурилуулах ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нийт 968,500,000 төгрөг болно.

3.Халаалт хөргөлтийн автомат удирдлагын нийт 12,000,000 төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулсан байна

4.Хөргөлтийн чиллер, насосны узелийн суурилуулсан ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 250,000,000 төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулсан байна. Суурилуулсан тоног төхөөрөмж нь БНХАУ-д үйлдвэрлэсэн Итали улсын СLIVET бренд болно.

5.Нэмэлтээр хийсэн ажил байхгүй байна.

6.Орон сууцны барилгад хийсэн нийт материал ажил үйлчилгээний нийт дүн 1,230,500,000 төгрөг болохыг тодорхойлов.

7. High Араrtment үйлчилгээтэй орон сууцнны барилгад 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Бараа материал тоног төхөөрөмж нийлүүлж ажил гүйцэтгэх гэрээ-нд заасан тоног төхөөрөмжийг бүрэн гүйцэт нийлүүлээгүй байна гэжээ.

6.1.Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, High Араrtment үйлчилгээтэй орон сууцны барилгын таазны халаалт, хөргөлтийн систем тоног төхөөрөмж бараа бүтээгдэхүүнийг ХБНГУ-аас нийлүүлнэ гэж үнийн дүн болон тээврийн зардлыг тухайн улсаас нийлүүлэх үнээр тооцсон боловч тухайн улсаас нийлүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Гаалийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

6.2.Дээрх шинжээчийн дүгнэлтэд бараа бүтээгдэхүүн нь БНХАУ-аас нийлүүлэгдсэн байх бөгөөд нийлүүлэгч улс өөрчлөгдсөнтэй холбоотой зардлын зөрүүг шүүгчийн захирамжид заагаагүй тул тооцоогүй, гэрээний дүнгээр тооцов гэснийг хариуцагч тал ХБНГУ-аас нийлүүлэх бараа бүтээгдэхүүний болон БНХАУ-аас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тээврийн зардал болон тухайн улсын үнэ ханшийн зөрүүг тодорхойлуулахаар нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан, шүүх шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж, тус компани 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтийг гаргасан. Үүнд:

1.Гэрээнд заасны дагуу ХБНГУ-аас нийлүүлэх бараа тоног төхөөрөмжийг нийлүүлэхтэй холбоотой тээврийн зардал 60,470,437 төгрөг болно.

2.БНХАУ-аас нийлүүлсэн бараа тоног төхөөрөмжийг нийлүүлэхтэй холбоотой тээврийн зардал 42,756,875 төгрөг болно.

3.Гэрээнд заасан нийлүүлэгч улс болох ХБНГУ-аас бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй харин БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж нийлүүлсэнтэй холбоотой тээврийн зардлын зөрүүнд******* ХХК нь 17,713,562 төгрөг төлсөн болно.

4.ХБНГУлсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж БНХАУлсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжид чанарын болон үнийн ялгаатай байна.

5.Бьюлдингс техноложи ХХК болон******* ХХК-иас 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ-гээр бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг ХБНГУ-аас биш БНХАУлсаас нийлүүлэгдсэн тул эдгээр улсуудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийн үнийн зөрүү 184,000,000 төгрөг болно гэжээ.

6.3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд ...хариуцагч талын гаргасан хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан дээрх хоёр шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг харьцуулан үнэлээд шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь ач холбогдол бүхий гэж шүүх дүгнэв.

7.Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т ... ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно., 346 дугаар зүйлийн 346.1-т Талууд өөрөөр тохиролцоогүй ... ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө. гэж заасан.

7.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид Гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байна.

7.2.Иргэний хуулийн 350 дугаар зүйлд ажил гүйцэтгэгчийн хүлээх үүргийг, мөн хуулийн 351 дүгээр зүйлд захиалагчийн хүлээх үүргийг тус тус хуульчилсан ба гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, дараах тохиолдолд захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй а/.ажил гүйцэтгэх аргын талаар захиалагчийн өгсөн зааварчилга нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр байвал, б/.ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон., захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах нь нэхэмжлэгчийн үүрэг байхаар зохицуулжээ.

8.Нэхэмжлэгчийн нийлүүлсэн тоног төхөөрөмж, хийж гүйцэтгэсэн ажлыг шинжээчийн дүгнэлтээр ...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 970 ширхэг металл хавтан суурилуулсан, Суурилуулсан таазны халаалт, хөргөлтийн металл хавтан, хоолойны зах зээлийн үнэлгээ болон суурилуулах ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нийт 968,500,000 төгрөг, Гэрээнд заасан нийлүүлэгч улс болох ХБНГУ-аас бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй харин БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж нийлүүлсэнтэй холбоотой тээврийн зардлын зөрүүнд******* ХХК нь 17,713,562 төгрөг төлсөн, ХБНГУлсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж БНХАУлсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжид чанарын болон үнийн ялгаатай байна, Бьюлдингс техноложи ХХК болон******* ХХК-иас 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ-гээр бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг ХБНГУ-аас биш БНХАУлсаас нийлүүлэгдсэн тул эдгээр улсуудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийн үнийн зөрүү 184,000,000 төгрөг болно гэж тус тус тодорхойлсноор доголдолтой хийсэн гэж хариуцагч маргаж, шинжээчийн гаргаж тогтоосон үнийн дүнгээр хасаж тооцуулахаар гаргасан тайлбарыг шүүх нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд, шинжээчийн дүгнэлт, тэдгээрийн тайлбар зэргийг хуульд заасан журмын дагуу харьцуулан дүгнэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэж үзээд хариуцагчид хэрхэн, ямар хохирол учирсан, нөгөө талын үйлдэл, эс үйлдлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон эсэхийг харгалзах нь зүйтэй байна.

8.1.Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тус тус заасан байтал хариуцагч тал нэхэмжлэгчийг доголдолтой ажил гүйцэтгэсэн гэж байгаа боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй бөгөөд хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

8.2.Хариуцагч тал нэхэмжлэгчийн шаардаж буй ажлын хөлснөөс зарим хэсгийг татгалзаж буй татгалзал Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4-т Ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж заасанд нийцнэ гэж үзлээ.

9.Иймээс, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийтдээ 1,230,500,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул үүнээс хариуцагчийн төлсөн 1,021,653,125 төгрөгийг хасаад, үлдэх 208,846,875 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тоног төхөөрөмжийн үнийн зөрүү 184,000,000 төгрөгийг мөн хасаж үлдэх 24,864,125 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс Баянзүрх дүүрэг, 6 хороо, Хайя Апартмент хотхон, А блок, 11-р давхар, 60 тоот 3 өрөө, 87.1 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,893,111 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 282,271 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан******* ХХК-иас 24,864,125 төгрөг гаргуулж Бьюлдингс техноложи ХХК-д олгож, нэхэмжлэлээс Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо High apartment хотхоны А блокийн 11 давхар 60 тоот, 3 өрөө 87.1 м.кв орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,893,111 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 282,271 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ