Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01606

 

 2023 08 16 210/МА2023/01606

  

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/01742 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О ХХК-д холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, 2,987,076 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Талууд 2017 оны 08 сарын 22-ны өдөр Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр манай компани H үйлчилгээний орон сууцны халаалт, хөргөлтийн системийн тоног төхөөрөмжийг нийлүүлж угсрах ажлыг гүйцэтгэх, О ХХК нийт 1,616,000,000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний 3-т заасны дагуу нийт 1,616,000,000 төгрөгийн төлбөрийн 70 хувийг бэлнээр, 30 хувь буюу 484,800,000 төгрөгийг 3 орон сууц, 1 автомашины зогсоолоор төлөхөөр тохиролцож 2017 оны 08 сарын 22-ны өдөр *** тоот Бартерын гэрээ, ***, ***, *** тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, *** тоот Смарт дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г тус тус байгуулсан. Манай компани Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу нийт 1,368,685,201 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг хийж дуусгасан ба гүйцэтгэлийн актыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Манай тал тоног төхөөрөмжийг ХБНГУ-аас нийлүүлээгүй нь үнэн. Гэхдээ БНХАУ дахь ХБНГУ-ын үйлдвэрээс захиалсан. Гэрээгээр заавал ХБНГУ-аас нийлүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Хариуцагч дээрх төлбөрөөс 1,021,653,125 төгрөгийг төлсөн бөгөөд 347,032,076 төгрөгийн төлбөрийг Бартерын гэрээ-нд заасны дагуу барагдуулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд ***дүүргийн ***-р хороо, H хотхоны А блок, *** давхар, *** тоот, 3 өрөө, 87,1 м.кв бүхий орон сууцны өмчлөх эрхийг манай компанид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, үлдэгдэл төлбөр 2,987,076 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Талууд 2017 оны 08 сарын 22-ны өдөр Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, ***дүүргийн ***-р хороонд баригдаж буй H орон сууцны барилгын халаалт, хөргөлтийн системийн тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах ажлыг хийж гүйцэтгэх, тоног төхөөрөмжийг ХБНГУ-аас нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Ажлын хөлсний 30 хувийн бартерт 2017 оны 08 сарын 22-ны өдрийн №16 тоот Бартерын гэрээ байгуулж, H орон сууцны барилгын А блок, ***-р давхар, 87,1 м.кв бүхий *** тоот орон сууцыг 344,045,000 төгрөгөөр тооцохоор 2017 оны 08 сарын 22-ны өдөр ***тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ; H орон сууцны барилгын смарт зогсоол нэг ширхгийг 36,648,750 төгрөгт тооцохоор 2017 оны 08 сарын 24-ний өдөр *** тоот Смарт дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, О хороолол ***-р ээлжийн барилгаас *** давхрын *** тоот 38,4 м.кв орон сууц, *** давхрын *** тоот 38,4 м.кв орон сууцыг нийт 104,106,250 төгрөгт тус тус тооцохоор тохиролцон. Гэрээний төлбөрт 969,600,000 төгрөгийн санхүүжилтийг бэлнээр болон дансаар хийж, О хорооллын ***-р ээлжийн барилгаас *** тоот орон сууцыг 52,053,125 төгрөгийн үнийн дүнд шилжүүлснээр нийт 1,021,653,125 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч өөрөө бараа материалыг бүрэн нийлүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, хүлээлцсэн акт баримт үйлдээгүй атлаа 247,314,799 төгрөгийг гэрээний үнийн дүнгээс өөрсдийн үзэмжээр хасч тооцон, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь талуудын хооронд ямар ч тооцоо нийлсэн баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн О ХХК, Б ХХК-ийн хоорондын ажлын санхүүжилтээр тооцоо нийлсэн акт гэх хариуцагч талаас эрх бүхий албан тушаалтны гарын үсэг байхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүхэд өгсөн. Талууд гэрээний хавсралт 1-д бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх улсыг ХБНГУ гэж тодорхойлсон нь барааны чанар, үзүүлэлт, тээврийн зардал, гааль татвар орсон үнээр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг тухайн улсаас нийлүүлээгүй болохоо бидэнд огт мэдэгдээгүй учир нэхэмжлэгчийг үндэслэлгүй өндөр төсвийг захиалагчид танилцуулж гэрээ байгуулсанд гомдолтой байна. Тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан гэх 1,368,685,201 төгрөгөөс зөрүүтэй, бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-аас нийлүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой болсон учраас хариуцагч талаас шинжээч томилж, бодит нөхцөл байдлыг тогтоолгох хүсэлтийг 2021 оны 02 сарын 24-ний өдөр гаргаж, шүүгчийн 2021 оны 03 сарын 04-ний өдрийн *** дугаартай захирамжаар Х ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээчийн 2022 оны 03 сарын 22-ны өдрийн *** дугаартай дүгнэлтээр Б ХХК нь ***дүүргийн ***-р хороо, H үйлчилгээтэй орон сууцны барилгад хийсэн материал ажил үйлчилгээний үнэ 1,230,500,000 төгрөг болохыг тодорхойлсон. Шинжээчийн дүгнэлтэд ...бараа бүтээгдэхүүн нь БНХАУ-аас нийлүүлэгдсэн байх бөгөөд нийлүүлэгч улс өөрчлөгдсөнтэй холбоотой зардлын зөрүүг шүүгчийн захирамжид заагаагүй тул тооцоогүй ба гэрээний дүнгээр тооцов... гэсэн байсан тул ХБНГУ-аас нийлүүлэх бараа бүтээгдэхүүний болон БНХАУ-аас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тээврийн зардал болон тухайн улсын үнэ ханшийн зөрүүг тодорхойлуулахаар хариуцагч талаас нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг 2022 оны 05 сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд тоног төхөөрөмжийг ХБНГУ-аас биш БНХАУ-аас нийлүүлсэн тул эдгээр улсуудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний тоног төхөөрөмжийн үнийн зөрүү 184,000,000 төгрөг гэсэн байна. Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэвэл зохих 1,616,000,000 төгрөгийн ажлаас шинжээчийн дүгнэлтээр 1,230,500,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байна. Шинжээчийн дүгнэлтэд ...ХБНГУ-аас нийлүүлсэн байх бөгөөд гэрээний үнийн дүнгээр тооцож, 1,230,500,000 төгрөгийн бараа материал нийлүүлж, ажил гүйцэтгэсэн байна... гэж дүгнэсэн нь ХБНГУ-аас нийлүүлэгдэх үнийн дүнгээр тооцож гаргасан байх тул үүнээс тээврийн зардлын зөрүү 17,713,562 төгрөг, импортолсон улсаас шалтгаалсан үнийн зөрүү 184,000,000 төгрөгийг хасч тооцоход 1,028,786,438 төгрөгийг хариуцагч О ХХК төлөхөөр байна. Хариуцагч 1,021,653,125 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгчид төлбөл зохих ажлын үлдэгдэл хөлс нь 7,133,313 төгрөг байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын ихэнх хэсэг үндэслэлгүй, 7,133,313 төгрөгийг хангах үндэслэлтэй байна гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан О ХХК-аас 24,864,125 төгрөг гаргуулж Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс ***дүүргийн ***-р хороо H хотхоны А блокийн *** давхар *** тоот, 3 өрөө 87,1 м.кв орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,893,111 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 282,271 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.Нэхэмжлэгч талаас хариуцагч компанийн эрх бүхий 3 албан тушаалтан ажлыг хүлээн авч, гарын үсэг зурсан дээрх ажлын гүйцэтгэл гэсэн 2 хуудас баримтыг эх хувиар нь шүүхэд баримтаар гаргаж өгсөн. Гэтэл хариуцагч О ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа хэрэгт нотлох баримтаар авагдсан ажил хүлээлцсэн ажлын гүйцэтгэл гэсэн актад тус компанийн захирал гарын үсэг зурж, тамга тэмдгийг нэхэмжлэгч компани даруулах ёстой байсан. Ингээгүй учраас хариуцагч ажлыг хүлээн аваагүй, нэхэмжлэгч тал ажил хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй, одоо шинжээч томилуулсан чинь доголдолтой байна гэж маргадаг. Гэтэл Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2, 351.2.3-т зааснаар хариуцагч ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй бөгөөд үүний дагуу хариуцагч компанийн эрх бүхий албан тушаалтнууд ажлыг хүлээн авсан. Мөн хариуцагч талаас ажлыг хүлээн авах үедээ ямар нэгэн гомдол, санал, хүсэлт гаргаагүй ажлыг хүлээн авч 2018 оны 12 сарын 31-ний өдөр орон сууцыг улсын коммист хүлээлгэж өгч, ашиглалтад оруулсан ба үүнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн боловч ямар нэгэн гомдол, санал гаргаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа.

4.2.Дээрх ажил гүйцэтгэх гэрээний 2.3-т баталгаат хугацааг ажлыг улсын комисс хүлээн авснаас хойш 1 жил байна гэж талууд тохиролцсон. Гэтэл Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд зааснаар гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан бөгөөд хариуцагч О ХХК нь гомдлын шаардлага гаргах хугацааны дотор нэхэмжлэгчид ямар нэгэн гомдол гаргаагүй ажлыг хүлээн авсан боловч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй явсаар одоо 5 жилийн дараа нэхэмжлэгч ажлын хөлсөө шаардаж шүүхэд хандсаны дараа шинжээч томилуулж, ажлын үр дүн доголдолтой байна гэдэг үндэслэлээр 7,133,313 төгрөгийг л төлье гэж маргаж байгааг шүүх үүнийг анхаарч үзээгүй, үүн дээр ямар ч дүгнэлт өгсөнгүй.

4.3.Анхан шатны шүүх 2 шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нийтдээ 1,230,500,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж дүгнэж, мөн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тоног төхөөрөмжийн үнийн зөрүү 184,000,000 төгрөгийг мөн хасаж үлдэх 24,864,125 төгрөгийг хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий бодитой дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй гэж үзэхээр байна. Мөн ажил гүйцэтгэх гэрээний үр дүн доголтой байна гэж дүгнэж шинжээчийн дүгнэлтэд дурдсан үнийн зөрүүг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн, хариуцагч О ХХК нь доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан байдаг.

4.4.Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлдээ Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч О ХХК доголдолтой холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Гэтэл шүүх ...хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй бөгөөд хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй байна... гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр О ХХК-аас 24,864,125 төгрөг гаргуулж Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбарыг гаргаж байна.

5.1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 сарын 28-ны өдрийн 00052 дугаар магадлалаар ажлын гүйцэтгэл гэсэн баримт дээр талууд гарын үсэг зурсан нь харагдахгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй" гэсэн үндэслэлээр л хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байхад хариуцагч хүлээгээд авчихсан ажлын үр дүнг шинжээч доголдолтой гэж тогтоосон үйл баримтад дүгнэлт хийсэн нь буруу гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5.2.Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх үнэлээгүй гэж маргаж буй ажлын гүйцэтгэлийн акт гэх баримтад нэхэмжлэгч тал нийлүүлж угсарсан таазны халаалт, хөргөлтийн металл хавтангийн тоог 2,204 ширхэг гэж тодорхойлсон нь бодит байдалд 970 ширхэг металл хавтан нийлүүлж, угсарсан болохыг, мөн хөргөлтийн чиллер, насосны узелийн угсарч нийлүүлсэн бараа материалын гүйцэтгэлийг 276,000,000 төгрөгөөр тодорхойлсон байсан нь мөн л бодит байдалд 250,000,000 төгрөг болохыг шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон бөгөөд шинжээчийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан бараа материалын нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт, гаалийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогддог тул анхан шатны шүүхийг гүйцэтгэлийн актыг үнэлсэнгүй гэж гомдож буй нь буруу юм.

5.3.Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд зааснаар О ХХК нь гомдлын шаардлага гаргах хугацааны дотор гомдол гаргаагүй, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар доголдолтой холбоотойгоор ажлын хөлсийг бууруулах талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн нь үндэслэлгүй болно. Бодит байдалд Б ХХК нь бараа материал, тоног төхөөрөмжийг ХБНГУ-аас бус БНХАУ-аас нийлүүлсэн нь өөрсдийнх нь тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гаалийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогддог тул ажил гүйцэтгэгчийг үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ тухайд анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

5.4.Мөн давж заалдах гомдолдоо Шинжээчийн дүгнэлтээр ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж болон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжийн үнийн ялгааг л тогтоосон болохоос яг нэхэмжлэгч компанийн нийлүүлсэн тоног төхөөрөмж ямар зөрүүтэйг тогтоогоогүй байтал шинжээчийн дүгнэлтийг үндэслэж үнийн зөрүү хассан нь үндэслэлгүй гэжээ. Шинжээч нь шүүгчийн захирамжийн 2.5 дахь асуултад хариулахдаа үнийн зөрүү нь 184,000,000 төгрөг болохыг тодорхойлсон бөгөөд нэгд: нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтийг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаагүй, түүнчлэн, хариуцагчийн татгалзлын үндэслэлийг баримтаар няцаагаагүй болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

2.   Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч О ХХК-д холбогдуулан ***дүүргийн ***-р хороо, H хотхоны А блокийн ***-р давхар, *** тоот хаягт байршилтай 87,1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, гэрээний үлдэгдэл төлбөр 2,987,076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /1хх 1-2/

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэсэн, ажлын гүйцэтгэлийг хариуцагч болон Улсын комисс хүлээн авсан, гүйцэтгэсэн ажлын талаар гомдлын шаардлага гаргаж байгаагүй тул ажлын хөлсний үлдэгдлийг гэрээнд заасны дагуу гаргуулна... гэсэн агуулгаар тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...гэрээний хавсралт 1-д таазны халаалт, хөргөлтийн металл хавтанг ХБНГУ-аас нийлүүлэхээр тусгасан, гэрээний үнэд тоног төхөөрөмжийн үнэ, тээврийн зардал, угсралтын зардал, бүх татвар хураамжууд багтсан. Гэтэл ажил гүйцэтгэгч нь таазны халаалт, хөргөлтийн металл хавтанг БНХАУ-аас нийлүүлсэн... гэсэн агуулгаар тайлбарлан маргасан байна. /2хх 6-19, 60-62, 224-237/

 

3.   Талууд 2017 оны 08 сарын 22-ны өдөр Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Б ХХК орон сууцны барилгын халаалт, хөргөлтийн системийн тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах ажлыг хийж гүйцэтгэх, хийж гүйцэтгэсэн ажилдаа 1 жилийн баталгаат хугацаа өгөх, О ХХК нь ажлын хөлс 1,616,000,000 төгрөг төлөх, үүнээс 30 хувь нь бартер байх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /1хх 6-8/

Үүний дагуу талууд мөн өдөр 16 тоот Бартерын гэрээ байгуулж, 344,045,000 төгрөгт тооцож 87,1 м.кв талбайтай орон сууц, 36,648,750 төгрөгт тооцож авто зогсоол, 104,106,250 төгрөгт тооцож 34,4 м.кв талбайтай орон сууцыг тус тус Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ. /1хх 9/

 

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд холимог гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж болох тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

5.   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй гэж, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж, 351 дүгээр зүйлийн 351.1.2-т захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

Хэрэгт H төслийн үйлчилгээтэй орон сууцны барилгын таазны халаалт, хөргөлтийн системийн гүйцэтгэл гэсэн баримт авагдсан, уг баримтаар Б ХХК нь 1,368,685,201 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэснийг баталгаажуулсан байна. /2хх 210-211/

Хариуцагч дээрх баримтад О ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан Н.Т, Л.М нарыг тус компанид ажилладаггүй гэж тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй. Нотлох үүргийн хуваарилалтын дагуу уг асуудал нь хариуцагч талын нотлох зүйлд хамаарна.

Хариуцагч дээрх баримтыг үйлдээгүй, ажлын гүйцэтгэлийг хүлээн аваагүй гэх атлаа анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд ...Хүлээж авахдаа 1,368,000,000 төгрөгийн ажил хийсэн байгаа. Үлдэгдэл 347,000,000 төгрөгийн ажлаа яаж дүгнэж байгаа юм... гэсэн тайлбарыг гаргасан нь өөр хоорондоо зөрчилдөөнтэй байгааг дурдах нь зүйтэй. /2хх 9/

 

6.   ***дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан *** давхар, үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга байгууламжийг Улсын комисс 2018 оны 12 сарын 31-ний өдөр ашиглалтад оруулсан байх ба ...энэхүү барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан... гэж дүгнэжээ. /2хх 219-221/

Талуудын хооронд 2017 оны 08 сарын 22-ны өдөр байгуулагдсан Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.3-т Баталгаат хугацаа: Ажлыг улсын комисс хүлээн авснаас хойш 1 (нэг) жил байна гэж тусгасан байх ба захиалагч О ХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэгч Б ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргаж байгаагүй байна.

 

7.   Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, барилга байгууламжийг ашиглалтад оруулсан, улмаар гүйцэтгэсэн ажилтай холбоотой гомдлын шаардлага гаргаж байгаагүй тул түүний гаргасан ...гэрээний хавсралт 1-д таазны халаалт, хөргөлтийн металл хавтанг ХБНГУ-аас нийлүүлэхээр тусгасан, гэрээний үнэд тоног төхөөрөмжийн үнэ, тээврийн зардал, угсралтын зардал, бүх татвар хураамжууд багтсан. Гэтэл ажил гүйцэтгэгч нь таазны халаалт, хөргөлтийн металл хавтанг БНХАУ-аас нийлүүлсэн... гэсэн татгалзал маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.

 

8.   Б ХХК 1,368,685,201 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, О ХХК 1,021,653,125 төгрөгийн ажлын хөлс төлсөн болох нь тогтоогдсон тул үлдэх 347,032,076 төгрөгийг төлөх үүргийг О ХХК хүлээнэ.

Талууд 2017 оны 08 сарын 22-ны өдрийн *** тоот Бартерын гэрээ-гээр H-A блок, *** давхар, 87,1 м.кв талбайтай *** тоот орон сууцыг 344,045,000 төгрөгт тооцож ажлын хөлсөнд шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгчийн холбогдох шаардлагыг хангах үндэслэлтэй.

Мөн зөрүү 347,032,076 - 344,045,000 = 2,987,076 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/01742 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт тус тус зааснаар ***дүүргийн ***-р хороо, H хотхоны А блок, ***-р давхрын *** тоот хаягт байршилтай 87,1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг хариуцагч О ХХК-д даалгаж, хариуцагч О ХХК-аас 2,987,076 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.2... гэснийг ...56.1... гэж, ... хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 282,271 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай... гэснийг ...хариуцагч О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,893,110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д, шинжээчийн зардалд 4,500,000 төгрөгийг гаргуулан Х ХХК-д тус тус олгосугай гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 1,893,111 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.НЯМБАЗАР