Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00052

 

 

 

 

 

 

 

 

БТХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/02373 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч БТ ХХК-ийн  хариуцагч ОК ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, 2 987 076 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа, Б.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Талууд 2017.8.22-ны өдөр Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр манай компани  үйлчилгээний орон сууцны халаалт, хөргөлтийн системийн тоног төхөөрөмжийг нийлүүлж угсрах ажлыг гүйцэтгэх, ОКХХК нь нийт 1 616 000 000 төгрөгний төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу нийт 1 616 000 000 төгрөгний төлбөрийн 70 хувийг бэлнээр, 30 хувь буюу 484 800 000 төгрөгийг 3 орон сууц, 1 автомашины зогсоолоор төлөхөөр тохиролцож 2017.8.22-ны өдөр 16 тоот Бартерийн гэрээ, 01/254, 01/256, 01/257 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, 01/255 тоот Смарт дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг тус тус байгуулсан.Манай тал нийт 1 368 685 201 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг хийж дуусгасан. Хариуцагч нь дээрх төлбөрөөс 1 021 653 125 төгрөгийг төлсөн бөгөөд 347 032 076 төгрөгийн төлбөрийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй.Удаа дараа мөнгөө авахаар хандсан боловч байрны эзэмшлийг авч амжаагүй гэдэг. Иймд 2017.8.22-ны өдрийн Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ, 16 тоот Бартерийн гэрээ, 01/254 Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-нүүдийн дагуу 344 045 000 төгрөгийн үнэлгээ бүхий Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн, 87.1 м.кв бүхий орон сууцны өмчлөх эрхийг манай компанид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, үлдэгдэл төлбөр 2 987 076 төгрөгийг  гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх БТ ХХК-тай байгуулсан гэрээ байгуулсан. БТ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нийлүүлсэн бараа материал нь гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанарын шаардлагад нийцээгүй, гэрээ байгуулахдаа ажил гүйцэтгэгчээс үндэслэлгүй өндөр үнэ тогтоосон зэрэг нөхцөл байдлуудаас болж гэрээний үр дүн төлбөр хөлсний талаар дахин тооцоо нийлэх, гэрээг дүгнэх шаардлагыг нэхэмжлэгч талд хүргүүлсэн боловч гэрээгээ дүгнэхээс зайлсхийж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Гэрээний дагуу захиалагчид ажлаа гүйцэтгээд хийсэн ажлынхаа үр дүнг хуульд заасан хугацаандаа хүлээлгэж өгнө. Хүлээлгэж өгөхдөө актаар хүлээлгэж өгнө. Актыг талуудын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулснаар ажлыг хүлээж авсанд тооцно гээд заасан. Гэрээний төлбөрийг 70 хувийг бэлнээр 30 хувийг бартераар төлнө гээд 1 016 000 000 төгрөгөөр гэрээ байгуулагдсан байдаг. 1 016 000 000 төгрөгөөс хариуцагч ОКХХК гэрээнд заасан хугацаандаа 70 хувийн шилжүүлсэн байдаг. Мөн бартераар 52 000 000 төгрөгийн орон сууцыг шилжүүлсэн. Нийт 1 028 177 125 төгрөгийн төлбөрийг хийсэн байдаг. Нэхэмжлэгч тал 1 368 000 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээд ажлаа хүлээлгэж өгсөн гэж байгаа. Гэтэл гэрээнд заасны дагуу ажлаа хүлээлгэж өгөөгүй байна. Ажлыг хүлээлгэж өгсөн гээд байгаа тооцоо нийлсэн акт байдаг. Хугацааг нь харахаар 2017.8.1-ний өдрөөс 2019.2.26-ны өдөр байгаа. Гэтэл хүлээлгэж өгөх хугацаан өөрөө 2017.12.1-ний өдөр буюу 98 хоног байгаа. 347 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй тооцоо гаргаж байгаа.

Хариуцагч талаас төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 340 508 076 төгрөг гэж харагдаад байгаа. Гэхдээ 1 368 000 000 төгрөгийнхөө ажлыг яаж гүйцэтгэсэн нь тооцоон дээрээс харагдахгүй байна. Зүгээр багтсан дүн гээд яваад байгаа. 1 000 000 067 төгрөг, 67 000 000 төгрөг, 12 000 000 төгрөг нөгөө 10 000 000 төгрөгийн баримт нь дахиад 12 000 000 төгрөг болсон байгаа юм. Яагаад 2,000,000 төгрөг нэмэгдэх болчихов. Энэ нь тодорхойгүй. Хэдэн төгрөг, ямар үл хөдлөх эд хөрөнгө байсан болоод үүнийг 1 368 000 000 төгрөг болгож байгаа нь харагдахгүй байна. Үүнээс үзэхэд шинжилгээ хийлгэж заавал дүгнэлт гаргахгүй бол энэ үнийн дүн гарах боломжгүй байна. Хэрэгт ирсэн баримтуудаас харахад дандаа ХБНГУ-аас гэсэн боловч Хятад улсаас ирсэн баримтууд байна. Шинжээч томилж байж тоо тооцоолол үнэ зөв гарна гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ОК ХХК-иас 2 987 076 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БТ ХХК-д олгож, хариуцагч ОК ХХК-д Баянзүрх дүүрэг, , 87.1 м.кв орон сууцыг нэхэмжлэгч БТ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч БТ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 893 111 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ОК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 893 111 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БТ ХХК-д олгож, хариуцагч ОК ХХК-иас орчуулагчийн хөлсөд 560 000 төгрөгийг гаргуулан Э ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч Д.Түвшинтамир нь 2020.9.18-ны өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж, шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх боломжоор ханган шүүх хуралдааныг хойшлуулахыг хүсч, “Шүүх хуралдааны тов мэдэгдэх баримт”-ыг хавсарган бичгээр хүсэлтээ гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өмнө нэг удаа хойшилсон байсан бөгөөд улмаар 2020.9.7-ны өдөр шүүх хурлын товыг мэдэгдсэн учир өмнө товлогдсон хуралд оролцохоос аргагүй болсон тухайгаа хүсэлтдээ тодорхой дурдаж, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч ч өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх “Шүүх хуралдаан давхацсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй” гэх үндэслэлээр шүүгчийн 2020.9.18-ны өдрийн 181/Ш32020/12037 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж, өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн, эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлэн. Улмаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Гэрээний хавсралтад заасны дагуу ХБНГУ-аас нийлүүлбэл зохих барааг бүрэн хэмжээгээр нийлүүлээгүй, ийнхүү ХБНГУ-аас барааг нийлүүлээгүй атлаа тухайн улсаас нийлүүлсэн мэтээр худалдан авагчид мэдээлэл өгч, тээврийн зардлыг ч мөн ХБНГУ-аас нийлүүлэгдсэн үед гарах хэмжээгээр тооцсон гэж маргасан.

Нэхэмжлэгч бараа материалыг бүрэн нийлүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч,  хасч тооцож шүүхэд нэхэмжпэл гаргасан боловч нийлүүлээгүй бараа материал, ажлын хөлс дээр талууд ямар ч тооцоо нийлсэн баримт байхгүй, хасч тооцоод байгаа үнийн дүн үнэн зөв эсэх нь нотлогддоггүй. “Тооцоо нийлсэн акт”-аар баталгаажуулсан гэх 1 368 685 201 төгрөгөөс зөрүүтэй, ихэнх бүтээгдэхүүнийг БНХАУ-аас нийлүүлсэн болох нь эдгээр баримтуудаас тодорхой болсон, шинжээч томилж, бодит нөхцөл байдлыгтогтоолгох хүсэлт тавьсныг шүүх хангаагүй байна. Нэхэмжпэгч нь тухайн улсаас нийлүүлээгүй болохоо бидэнд огт мэдэгдээгүй учир нэхэмжлэгчийг үндэслэлгүй өндөр төсвийг захиалагчид танилцуулж гэрээ байгуулсан гэж үзэж талууд маргасан.

Шинжээч томилуулж, шинжилгээ хийлгэх тухай хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэнд гомдолтой. Гаалийн мэдүүлэг, түүний хавсралт дээрх бараа бүтээгдэхүүний нэр, нэршил нь гэрээний хавсралтад тусгагдсан нэршлээс зөрүүтэй, үнэхээр гэрээнд заагдсан бараа бүтээгдэхүүн мөн эсэх нь эргэлзээтэй баримтууд ч байхад шүүх нотлох баримтуудыг дутуу үнэлсэн.Нэхэмжлэгч “Талууд нарийвчилж гаргасан үнийн дүнг бид мэдэхгүй. талууд тохиролцож гаргаагүй дүнгээр тооцсон” гэж хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан

Бараа бүтээгдэхүүн гэрээнд заасан чанарын шаардлагыг хангаагүй, барааг гэрээнд заасан нөхцөлөөр хүлээлгэн өгөөгүй тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласаар атал зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Түүнчлэн гэрээний 2.5-д “Актанд талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, баталгаажуулснаар ажлыг хүлээн авсанд тооцно” гэж Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д заасны дагуу бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах нөхцөлийг тохиролцсон байдаг ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бараа бүтээгдэхүүнийг ОК ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд хүлээн аваагүй тухай тайлбарласаар атал  нэхэмжлэгч компанийг 1 368 685 201 төгрөгийн бараа нийлүүлж, ажил гүйцэтгэсэн болох нь “Тооцоо нийлсэн акт”-аар тогтоогдож байна гэж хэт нэг талын ашиг сонирхолд нийцсэн дүгнэлт хийсэнд гомдолтой. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч  БТ ХХК нь хариуцагч ОК ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, ажлын хөлс 2 987 076 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

Зохигч 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх” гэрээг байгуулсан. Талууд гэрээний нөхцөл, төлбөр төлсөн байдалд маргаангүй.

 

Харин нэхэмжлэгч нь нийт 1 368 685 201 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг хийж дуусгасан гэх боловч хариуцагч ажлын гүйцэтгэлийн акттай маргаж байна.   

 

Нэхэмжлэгч нь хүргэлт системийн гүйцэтгэл нэртэй 2 хуудас баримтыг үйлдэж холбогдох ажилтнууд хүлээж авсан гэх боловч уг баримт хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүй хэлбэрээр авагджээ. /хх 19 /

 

Уг баримтын бичвэр гаргагдахгүй, актад гарын үсэг зурсан субьектийн нэр уншигдахгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл баримтад тавигдах хэлбэр болоод агуулгын шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Талууд гэрээний зүйлд зааснаас өөр зүйл нийлүүлж, хүлээн авсан нь доголдол мөн эсэх,нийлүүлсэн зүйлийн хэмжээ, үнэ зэрэгт маргасныг анхаарч дүгнэх нь зүйтэй юм.

 

Мөн хариуцагчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хуралдааны шатанд гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт нийцээгүй байна.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрт бартер зэрэг хуулийн бус хэллэг хэрэглэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.
 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/02373 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 893 111 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

             

                              ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

             

                        Ш.ОЮУНХАНД