Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 58

 

С.М-ны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн

Өлгий сумын Засаг дарга, тус сумын 7 дугаар багийн

иргэдийн Нийтийн Хурлын дарга, тухайн Хурлын

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаан

даргалагчид нарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                   Б.Мөнхтуяа

Д.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Л.Атарцэцэг

Нарийн бичгийн:    Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02 тоот тогтоол, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 тоот захирамжийн Т.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ... С.М-ныг тус багийн Засаг даргаар томилуулахаар санал болгосон иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гаргахыг даалгах”

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 110/ШШ2017/0062 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0817 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Гуравдагч этгээд: өмгөөлөгч Я.Сьезд,

Гуравдагч этгээд Т.С, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11ий өдрийн 110/ШШ2017/0062 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэсэн огноотой, 02 дугаар “Багийн Засаг даргыг сонгох тухай” тогтоол, Өлгий сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай захирамжийн Т.С-т холбогдох 2, 4, 5 дугаар заалтыг тус тус хүчингүй болгож, үлдсэн шаардлага болох С.М-ныг Өлгий сумын 7 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар санал болгосон тогтоол гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0817 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээд Т.С, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 110/ШШ2017/0062 дугаартай шийдвэр, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0817 дугаартай магадлалаа гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Тэргүүлэгчдийг сонгох, Өлгий сумын 7 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тус багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр болсон. Хурлын даргалагчаар иргэдийн олонхийн саналаар сургуулийн захирал Х.Күлпаран, нарийн бичгийн даргаар Ж.Бердмурат нарыг сонгосон юм. Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг мөн өдрийн 15 цагаас 17 цагийн хооронд явуулж, тус багт оршин суудаг 292 иргэн санал өгснөөр хурлын даргад А.Бердихан, О.Март, Ж.Еркинбек нар өрсөлдөн А.Бердихан олонхийн санал авч хурлын даргаар сонгогдсон.

5. Т.С нь багийн иргэдийн Нийтийн Хуралд өөрийн нэрийг багийн Засаг даргаар дэвшүүлж өгөх хүсэлт гаргасан байдаг. Багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулан явуулах дэг, хуралдааны дотоод журмыг иргэдийн олонхийн саналаар баталсан. Харин тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд иргэд нэр дэвшигч С.М-д 141, Т.С-т 136 иргэн санал өгч, 15 саналын хуудас хүчингүй болсон.

6. Анхан шатны шүүх нь “...Иймээс Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд /2 дахь санал хураалт/ оролцож, санал өгсөн иргэдийн олонхийн саналыг аваагүй нэр дэвшигч Т.С-ыг багийн Засаг даргаар томилуулахаар санал болгосон нь хууль зөрчсөнөөс гадна иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэсэн огноотой, 02 дугаар тогтоол болон уг тогтоолыг үндэслэн гарсан Өлгий сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжаар Т.С-ыг тус багийн Засаг даргаар томилсон хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна” гэжээ. Эхний санал хураалтаар 292 иргэн санал хураалтад оролцож, үүнээс хүчингүй болсон 15 саналын хуудсыг нэмж тооцоход багийн Засаг даргад нэр дэвшигч нарын аль аль нь санал хураалтад оролцсон иргэдийн хүчинтэй саналын хуудас нь олонхийн саналд хүрээгүй учраас дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн юм. Тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх дахин санал хураалтыг тус багийн Засаг даргад нэр дэвшигч С.М, Т.С түүнчлэн тус багийн иргэд бүгд хүлээн зөвшөөрсөн байсан. Өөрөөр хэлбэл тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг эс зөвшөөрч 2 дахь санал хураалт явуулахгүй байх талаар иргэдээс ямар нэгэн санал хүсэлт гараагүй юм. Ингээд санал хураалт явуулахад хүчингүй гарсан саналын хуудсыг оролцуулахгүйгээр нэг хүний илүү санал авсан нэр дэвшигчийг багийн Засаг даргад шууд нэр дэвшүүлэхээр болж ажлын хэсэгт тохиролцож энэ асуудлыг хурлын тэмдэглэлд тусгасан юм. Харин өмнөх хуралд үргэлжилж явагдах болсон тул 2 дахь санал хураалт явуулах талаар тогтоол гаргаагүй бөгөөд энэ асуудлыг багийн Засаг даргад нэр дэвшигч нарт болон тэдний ажиглагч нарт танилцуулж хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулж авсан юм.

7. Хотгор багийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах дахин санал хураалтыг тухайн өдрийн 19 цагаас 21 цаг 30 минут хүртэл явуулахаар шийдвэрлэж, 2 дахь санал хураалтыг тогтоосон цагтаа эхэлж, харин 21 цаг хүртэл бүх иргэд саналаа нэгэнт өгсөн учраас заавал 21 цаг 30 минутыг хүлээхгүйгээр 21 цаг өнгөрч байхад иргэдийн санал өгсөн саналын хуудсыг тоолсон. Хотгор багийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах 2 дахь санал хураалтад тус багт бүртгэлтэй 301 иргэд санал өгч, нэр дэвшигч С.М-д 145 хүн, Т.С-т 147 иргэн санал өгч, хүчингүй 9 саналын хуудас гарсан учраас хуралдааныг удирдаж буй комисс хүчингүй 9 саналын хуудсыг нийт саналын хуудаснаас хасч, хүчинтэй саналын хуудсыг 292 гэж үзээд Т.С нь хүчинтэй саналын олонхийн санал авсан учраас Өлгий сумын 7 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг баталсан. Уг тогтоолд хуралдаан даргалагч Х.Күлпаран, нарийн бичгийн дарга Ж.Бердмурат нар гарын үсэг зурж баталгаажуулан Өлгий сумын Засаг даргад хүргүүлсэн байдаг.

8. Өлгий сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” 55 дугаар захирамжаар Тахуза овогтой Сарымсахыг 7 дугаар багийн Засаг даргаар томилсон. Одоо Т.С нь тус багийн Засаг даргын ажлаа аваад 9 сар болж байгаа ба төрийн ажил хэвийн хэмжээнд явагдаж байна. Нэхэмжлэгч С.М нь тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагаанд өөрийн биеэр оролцсон, 1 дэх санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрсөн, 2 дахь санал хураалтыг явуулахыг зөвшөөрч өөрийн нэрийг саналын хуудсанд бичүүлсэн, тус багт оршин суудаг өөрийгөө дэмждэг иргэдийг 19 цагаас 21 цагийн хооронд миний төлөө санал өгөөрэй гэж зөөж санал хураалтад оролцуулсан зэрэг нөхцөл байдал нь 2 дахь санал хураалт хууль ёсны болохыг давхар нотолж байна. Хэрвээ нэхэмжлэгч С.М нь 2 дахь санал хураалтыг хүлээн зөвшөөрөхгүй буюу явуулахыг хүсээгүй байсан бол өөрийгөө дэмжиж 1 дэх санал хураалтад санал өгсөн иргэдийг Нийтийн Хуралд дахин оролцуулахгүй байх, тухайн үед дахин сонгууль явуулж болохгүй тухай санал хүсэлтийг албан ёсоор хуралдаан даргалагчид гаргах, өөрийн нэрийг саналын хуудсанд бичүүлэхгүй байх, өөрөө санал хураалтад оролцохгүй байх зэрэг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Багийн Засаг даргад нэр дэвшигч Т.С нь 147, С.М нь 145 иргэдийн санал авсан байна. Энд санал хураалтад оролцсон 301 иргэнээс 9 хүчингүй саналын хуудсыг хасахад нийт хүчинтэй саналын хуудасны тоо 292 байна. Хүчинтэй саналын хуудас 292-ын 50 хувь нь 146 юм. Ингэхээр Т.С нь тус багийн иргэдийн 147 хүчинтэй хуудсаар 147 санал авсан тул энэ нь олонхийн санал буюу 50+1 гэсэн зарчмыг хангасан гэж үзэж байна. Т.С нь 147 иргэний санал авсан нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2. “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэсэнтэй нийцэж байна.

9. Анхан шатны шүүх нь Өлгий сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 тоот захирамжийг хүчингүйд тооцсон нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0055 тоот шийдвэрээр Хотгор багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр гаргасан “Багийн Засаг даргад Т.С-ыг нэр дэвшүүлэх тухай” 02 тоот тогтоолыг үндэслэн гаргасан Өлгий сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 тоот захирамжийг хүчинтэй гэж тооцсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна. Дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэрт талууд давж заалдах гомдол гаргаагүй учраас хуулийн хүчин төгөлдөр болсон юм.

10. Иймд, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 110/ШШ2017/0062 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0817 дугаартай магадлалыг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэгч С.М-нынэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Шүүхүүд маргааны үйл баримтыг зөв үнэлж, дүгнэн, тухайн маргаанд хамаарах Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шийдвэр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг ноцтой зөрчсөн” гэх гуравдагч этгээд Т.С, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

13. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ...нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасан “олонхийн” гэдгийг хуралдаанд оролцсон нийт иргэдийн, тодруулбал, тэднээс санал өгсөн хүчинтэй, хүчингүй нийт саналын хуудас тооцогдоно гэж ойлгох нь зөв юм.

14. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд оролцсон 301 иргэнээс багийн Засаг даргад нэр дэвшигч С.М 145, Т.С 147 санал авснаас үзвэл нэр дэвшигчдийн хэн аль нь хуульд заасан олонхийн саналыг аваагүй байжээ. Гэтэл 301 иргэний саналын хуудаснаас хүчингүй болсон 9 саналын хуудсыг хасч, хүчинтэй хуудаснаас тооцож олонхийн санал авсан гэж Т.С-ыг багийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлэхээр 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоол гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчсөн талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ. 

15. Мөн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0055 дугаар шийдвэр нь С.М-ны нэхэмжлэлтэй энэ хэрэгт хамааралгүй. Нэхэмжлэлийн шаардлага, маргаан бүхий захиргааны акт болон хариуцагч нь ижил боловч Х.Берикболын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 55 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан шийдвэрлэсэн уг шүүхийн шийдвэрт дурдагдсан үйл баримт нь энэ маргаанаас тусдаа юм.

16. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Х.Берикбол нь “...2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 249 дүгээр захирамжаар томилогдсон, ...бүрэн эрхийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болно, ...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр буюу бүрэн эрхийн хугацаа дуусгаагүй байхад ...” гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас Т.С-ын нэрийг дэвшүүлсэн тогтоол, Т.С-ыг Засаг даргаар томилсон 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй хэргийг тухайн үед шүүх хянан шийдвэрлэжээ.

17. Иймээс дээрх шүүхийн шийдвэр нь С.М-ны нэхэмжлэлтэй хэргийн тухайд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасан “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэнд хамаарахгүй болно. 

18. Дээр дурдсаныг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 110/ШШ2017/0062 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0817 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                         Л.АТАРЦЭЦЭГ