Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1247

 

 

 

 

 

 

 

 

 

 “А И” компанийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/00971 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: АНУ-ын хуулийн этгээд болох “А И” компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ИТ” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн биелэлтэд 1 021 521 ам.доллар гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Буянжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Лувсанцэрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АНУ-ын “АИ” компани нь Монгол улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай “ИТ” ХХК-д гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн.

Гэвч “ИТ” ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулаагүй тул талууд тооцоо нийлж, “ИТ” ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Вексель үйлдэж “АИ” компанид өгсөн. Энэхүү векселийг АНУ-ын 1933 оны Үнэт цаасны хууль, түүнд орсон нэмэлтийн дагуу болон мужийн бусад хууль тогтоомжид нийцүүлэн хийсэн. Уг вексельд хүчин төгөлдөр байдал, тайлбар, бүтэц, үйлчлэл болон бусад холбогдох зүйлсийг Колорадо мужийн хууль болон шийдвэрээр зохицуулна гэж заасан. Ингэснээр Векселийн хүчин төгөлдөр эсэх талаар хариуцагч Монгол улсын шүүхэд маргахгүй байхаар өөрсдийн бичиж өгсөн хэлцэлд тусгасан.

Уг хэлцлээр “ИТ” ХХК нь 752 500 ам.долларыг “АИ” компанид 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 417”500 ам.доллар, 2013 оны 7-11 дүгээр сарын хооронд сар бүр 50 000 ам.доллар, нийт 250 000 ам.доллар, үлдэгдэл 85.000 ам.долларыг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр баталгаа гаргасан.

“ИТ” ХХК нь дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үндсэн төлбөр, хүү торгуулийг тооцон тус компанийн захирал Уоллос Мэйсийн цахим шуудангаар нэхэмжлэл явуулж байсан. 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Вексельд 752 500 ам.долларт жилийн 8 хувийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй бол хугацаа хэтрүүлсний торгуульд 5 хувийг төлөхөөр заасан. “ИТ” ХХК нь үндсэн үүрэг, түүний хүүг огт төлөөгүй тул хэлцэлд заасны дагуу хүү, торгуулийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тооцож, 269 021 ам.доллар буюу 536 801 813 төгрөгийг нэмж, үндсэн үүрэгт 752 500 ам.доллар буюу 1 501 530 975 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл торгууль 269 021 ам.доллар буюу 536 801 813 төгрөг, нийт 2 038 332 788 төгрөг бөгөөд “АИ” компани болон “ИТ” ХХК-ийн хооронд хийсэн хэлцэл нь АНУ-д хийгдсэн тул америк доллараар тооцон “ИТ” ХХК-аас гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн Тооцоо нийлэх болон хариуцлагаас харилцан чөлөөлөх тухай гэрээ /Тооцооны гэрээ/ болон нэхэмжилж байгаа мөнгөн дүнг тодорхойлсон гэрээний хавсралт болох Векселийг гаргаж өгсөн байна. Уг гэрээний 3 дугаар зүйлийн А/2-т энэхүү тооцооны гэрээг байгуулмагц Даблью Эм майннинг болон “ИТ” ХХК нь 625 000 ам.долларыг төлөх үүрэг бүхий Векселийг хавсралт А-д заасан хэлбэрээр үйлдэнэ гэжээ.

Мөн гэрээний 5 буюу бусад гэсэн зүйлийн Л заалтад тооцооны гэрээг хэрэгжүүлэх. аливаа үйлдэлд Денвер мужийн Колорадо дүүргийн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээр тохиролцсон бөгөөд тухайн шүүх нь аливаа маргааныг эцэслэн шийдвэрлэх цорын ганц байгууллага байна гэж тусгасан.

Гэтэл тооцооны гэрээний хавсралтад А-гийн дагуу 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн Вексельд тухайн маргаан шийдвэрлүүлэх харьяалал нь цорын ганц биш бөгөөд төлбөр хүлээн авагч нь өөрийн сонголтоор аливаа маргааныг өөр бусад шүүхэд үүсгэж болно гэж үндсэн гэрээтэй зөрчилдсөн заалт оруулсан.

Иргэний эрх зүйд гэрээний үндсэн заалт нь хавсралттайгаа зөрчилдсөн тохиолдолд гэрээний үндсэн заалтыг баримтлах бөгөөд энэхүү зарчим нь Монголын хууль эрх зүйд ч Английн хуулийн дагуу байгуулагдсан гэрээний хувьд ч адилхан баримтлагддаг.

 Өөрөөр хэлбэл өмнө нь тооцооны гэрээ хэрэгт авагдаагүй гагцхүү Векселийн зүйл, заалтын дагуу хэрэг үүсгэсэн байсан бол тооцооны гэрээ эх хувиараа хэрэгт авагдсанаар хэргийг Монголын шүүх хянан шийдвэрлэх эрх зүйн хувьд үндэслэлгүй болох нь тодорхой харагдаж байна.

Тооцооны гэрээний 5 Бусад гэсэн зүйлийн Ай заалтад Хэрэглэх хууль. Энэхүү Тооцооны гэрээг зөрчилт хэм хэмжээний хууль тогтоомжийн үл харгалзан бусад улсын хууль хэрэглэгдэх байсан ч /АНУ-ын/ Колорадо муж улсын хуулийн дагуу тайлбарлаж хэрэгжүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээнээс үүдэлтэй аливаа маргаан зөвхөн АНУ-ын Колорадо муж улсын хууль тогтоомжийг хэрэглэхээр талууд харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд үүссэн дээрх маргааны үндэс болсон Байгаль орчин болон нийгмийн нөлөөлөх байдлын үнэлгээ нь хариуцагчаас АНУ-ын хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпорацтай зээлийн Санхүүжилтийн гэрээг байгуулж, зээл авахад зориулагдсан бөгөөд уг гэрээг 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан. Уг санхүүжилтийн гэрээний 7.02-т өр төлбөр гэсэн гарчиг бүхий заалтад дараах агуулгатай зүйлс тусгагдсан ба бизнесийн хэвийн үйл ажиллагааны хүрээнд бараа, ажил үйлчилгээг худалдан авахтай холбогдох зээлийн хэмжээ нь 100 000 ам.доллароос хэтрэхгүй нөхцөлөөр 90 өдрөөс хэтрэхгүй хугацаанд бүрэн төлбөл зохих өр төлбөр; валютын ханш унах эрсдэлээс хамгаалах зорилгоор ОПИК -ийн хүлээн зөвшөөрвөл зохих хэлбэр болон агуулгаар байгуулах нэг ба түүнээс дээш Валютын эрсдэлээс хамгаалах гэрээ, хэлцэлтэй холбогдох өр төлбөр, хавсралт 7.02-т тусгасан зээлийн өр төлбөр. Ингэхдээ дээр дурдсан аль ч зээлийн өр төлбөрийн нөхцөл нь зээлдэгчийн 6.10-д заалтад заасан санхүүгийн хувь хэмжээг дагаж мөрдөх үүргийг зөрчихөд хүргэхгүй.

Өөрөөр хэлбэл, ОПИК-той санхүүжилтийн гэрээ байгуулснаар Монголын “ИТ” ХХК нь ОПИК буюу зээлдүүлэгчээс зөвшөөрөл авалгүйгээр Тооцооны гэрээ байгуулах эрх хэмжээгүй байсан бөгөөд ингэж байгуулсан гэрээ нь хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус юм. Энэ тохиолдолд Тооцооны гэрээний 5 дугаар зүйлийн Эф заалтад заасан Тусгаарлах. Хэрэв энэхүү тооцооны гэрээний аль нэг заалт, хэсэг нь ямар нэг шалтгаанаар хүчин төгөлдөр бус, эсхүл хэрэгжих боломжгүй бол Тооцооны гэрээний үндсэн хэсэг нь хүчин төгөлдөр байна. гэж заасны дагуу Монгол Улсын “ИТ” ХХК-тай холбоотой Тооцооны гэрээний зүйл заалт, хэсэг нь хүчин төгөлдөр бус байх юм.

Векселийн тухай хуульд төлбөр хариуцагчийн нэр, хаяг, төлбөр хийх банкин дахь харилцах дансны дугаар /энгийн вексельд төлбөр хариуцагч болон вексель бичигчийн нэр адилхан байна/ гэсэн байхад вексельд төлбөр хийх харилцах дансны дугаарыг тусгаагүй, төлбөр гүйцэтгэх газрыг тодорхойлоогүй, хариуцагчийн харилцах данс байгаа банкны нэр, хаягийг тусгаагүй, вексельд заасан төлбөрийг үл маргалдах журмаар гүйцэтгэнэ гэсэн бичвэр вексельд байдаггүй.

“АИ” компанийн эзэмшиж буй вексель нь Монгол банкнаас батлагдсан загварын дагуу хийгдээгүй, Векселийн тухай хуульд бүрдүүлбэрийн бичилт дутуу, батлагдсан загвар бүхий маягтан дээр бичээгүй нөхцөлд векселийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заасан.

Иймд 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан “АИ” компанийн эзэмшиж буй 752 500 ам.долларын векселийг Векселийн тухай хуульд заасныг үндэслэн хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.1, Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан ИТ ХХК-аас 2 062 267 025 төгрөгийг гаргуулж АИ компанид олгож,

Иргэний хуулийн 546 дугаар зүйлийн 546.4, Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар 2012 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 752 500 ам.долларын Векселийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “ИТ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2., 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч АИ компаниас улсын тэмдэгтийн хураамжид 10 126 664 төгрөг төлөхөөс 7 663 605 төгрөг төлснийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 2 463 059 төгрөг төлөхийг, хариуцагч ИТ ХХК-аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 7 663 605 төгрөг төлөхийг тус тус хойшлуулсан болохыг дурдаж, хариуцагч ИТ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 7 663 605 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, 10 126 664 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс шүүх хурал дээр “ИТ” ХХК-ийг худалдан авсан талаар мэдэгдэж, маргаж байгаа гэрээний дагуу төлбөрийг өмнөх толгой компаниас хийгдсэн нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд тухайн банкны гүйлгээний хуулгууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул гүйлгээ хийгдсэн нэр бүхий банкуудаас тодорхой огноо бүхий гүйлгээний талаарх мэдээллийг гаргуулж, хэрэгт хавсаргах хүсэлтийг амаар болон бичгээр гаргасан.

Гэтэл шүүх “хариуцагч өөрөө нотлох баримтаа бүрдүүлэх үүрэгтэй" хэмээн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь талуудын хооронд хийгдсэн төлбөр тооцоог бодитоор үнэлэх, улмаар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдсангүй.

Хариуцагчийн зүгээс Векселийн хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ "...векселийг үйлдсэн. хүчинтэй эсэх талаар талууд маргаагүй болно” хэмээн илт буруу дүгнэлт хийж шийдвэрээ үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд бодитой байх шаардлагад нийцсэнгүй.

Түүнчлэн, хариуцагч Вексель нь Монгол Улсын Векселийн тухай хууль болон Монгол банкны баталсан журмыг үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч АНУ-ын Колорадо муж улсын хуулийг үндэслэн хүчин төгөлдөр гэж маргаж байхад, анхан шатны шүүх Векселийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан холбогдох журамд нийцсэн байна хэмээн дүгнэсэн нь аль улсын хууль тогтоомжийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө хэлцэлд заасан үүргийг америк доллараар харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэлийн үнийг өөрчлөхгүйгээр мөнгөний нэгжийг америк доллар болгон өөрчилсөн. Гэтэл нэхэмжлэгч Монгол Улсын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилж байгаа үнийн дүнг Монгол банкны зөвшөөрөлгүйгээр АНУ-ын мөнгөн тэмдэгт болох ам.доллараар илэрхийлж, нэхэмжлэл гаргасан байтал анхан шатны шүүх дээр хуулийн заалтыг зөрчин нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцсэнгүй.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүнг өөрчлөхгүй гэж нэхэмжлэлдээ дурдсаар байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийн үнийн дүнг өөрөө дур мэдэн өөрчилж. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ханшийг бус нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Монгол банкны зарласан ханшийг баримтлан нэхэмжлэлийн үнийн дүнг өөрөө ихэсгэсэн нь шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байх хууль зүйн зарчим зөрчигдсөн.

Гэтэл үнэн хэрэг дээрээ 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шинээр байгуулсан гэх “Нэмэлт үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г нэхэмжлэгч талаас албан захидал маягаар бэлтгэж, АНУ-ын хуулийн этгээдэд хаяглан хүргүүлсэн /хариуцагчид биш/, уг хаяглагдсан этгээд хүлээн зөвшөөрсөн нөхцөлд гэрээ байгуулсан гэж тооцогдох, тухайн талд хууль зүйн хүчин төгөлдөр үр дагавар үүсгэхээр байна. Өөрөөр хэлбэл, тухайн албан бичгийн хаяглагдсан болон хүлээн зөвшөөрөх этгээдээр АНУ-ын хуулийн этгээд болох “Даблыо Эм майнинг ЛЛС” компани байх бөгөөд уг хуулийн этгээдийг төлөөлж, Ерөнхийлөгч Уоллас Мэйс хэмээн гарын үсэг зурсаар байтал хариуцагч буюу “ИТ" ХХК Монголын хуулийн этгээдийг гарын үсэг зурж, гэрээний саналыг хүлээн зөвшөөрсөн, гэрээ байгуулсан мэтээр тайлбарлан шүүхийн шийдвэрээ үндэслэсэн нь хууль бус, бодит байдалд нийцээгүй шийдвэр болжээ.

Монгол Улсад албан ёсоор бүртгэлгүй, төлөөлөгчийн газраа бүртгүүлээгүй гадаадын хуулийн этгээд Монголын шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан иргэний хэрэг үүсгэсэн хэрэгт шүүхийн шийдвэр уг этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй тохиолдолд хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэхтэй холбоотой шүүхийн шийдвэр албадан хэрэгжих боломжгүй болно. Цаашид давж заалдах шатны шүүхээс гадаадын хуулийн этгээдэд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг анхан шатны шүүхээс багасгадаг, хойшлуулдаг, хэсэгчлэн төлүүлдэг асуудлыг шүүхийн шийдвэр заавал биелүүлэх, албадан хэрэгжүүлэх хуулийн шаардлагыг хангах үүднээс хэргийг шууд хэрэгсэхгүй болгодог болно. Иймд шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч АНУ-ын хуулийн этгээд болох “АИ” компани нь  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалаар дамжуулан  “ИТ” ХХК-д холбогдуулан 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлбөрт 752 500 ам.доллар, хүү, торгуульд 269 021 ам.доллар буюу нийт 1 021 520 ам.доллар гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч Векселийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

             “АИ” компани нь АНУ-ын Колорадо мужид бүртгэлтэй хуулийн этгээд байх бөгөөд Монгол Улсын иргэн Н.Буянжаргалд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр олгосон итгэмжлэлээрээ нэхэмжлэл гаргах эрхийг олгосон, энэ итгэмжлэлийг үндэслэн Н.Буянжаргал нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус компанийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан, шүүх уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

 

Хариуцагч “ИТ” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байна.

 

АНУ-ын хуулийн этгээд болох “Даблью Эм Майнинг компани болон Монгол Улсын хуулийн этгээд болох “ИТ” ХХК-иас 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Векселийг үйлдэж АНУ-ын хуулийн этгээд болох “АИ” компанид өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Вексельд “Энэхүү векселийн хүчин төгөлдөр байдал, тайлбар, бүтэц, үйлчлэл болон бусад холбогдох зүйлсийг Колорадо мужийн хууль болон шийдвэрээр зохицуулна. Колорадо мужид байрлах холбооны болон мужийн шүүх нь энэхүү Векселийн дагуу албадан биелүүлэх, хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагааг шийдвэрлэх шүүх эрх мэдлийн байгууллага болохыг Вексель Бичигч, түүний төлөөлөгч, батлан даагч нь зөвшөөрч байгаа ба, үүнийг хэрэгжүүлснээр, сайн дураар уг шүүхэд хандана; гэхдээ уг шүүхийн харьяалал нь онцгой харьяалал биш бөгөөд Вексель эзэмшигч нь өөр харьяалалтай аливаа шүүхэд хандах эрхтэй” гэж талууд тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч “АИ” компани нь Монгол Улсын шүүхийг сонгосон нь талуудын дээрх тохиролцоонд нийцжээ.

 

            Харин талууд эрх зүйн эх сурвалжийг АНУ-ын Колорадо мужийн хууль болон шийдвэрээр зохицуулна гэж харилцан тохиролцож тодорхойлсон байх тул Монгол Улсын шүүхээс талуудын уг тохиролцоог өөрчлөх тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлүүд хийсэн байх ёстой юм.

 

            Иргэний хуулийн 541 дүгээр зүйлийн 541.4-т “Энэ зүйлд заасан зохих арга хэмжээ авсан боловч гадаад улсын хэм хэмжээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол Монгол Улсын хуулийг хэрэглэнэ” гэжээ.

 

           Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн  541 дүгээр зүйлийн 541.2-т: “Гадаад улсын хуулийн хэм хэмжээг тодорхойлох зорилгоор шүүх ... нь зохих дэмжлэг туслалцаа үзүүлэх, тайлбар хийхийг хүсч, тогтоосон журмын дагуу Монгол Улсын хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монгол Улсад буюу хилийн чанадад байгаа бусад эрх бүхий байгууллагад хандах буюу мэргэжилтэн урьж болно” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна.

 

            Энэ талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1363 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/00410 дугаар тогтоолд дурдсан хэдий ч анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулахдаа хуулийн дээрх зохицуулалтыг анхаараагүйн буруу байна.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаас үзвэл давж заалдах шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулах эрх олгогдоогүй байна.

 

            Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх хэсэгт зааснаар хууль буруу тайлбарлан хэрэглэсэн ба давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Түүнчлэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянахад нэхэмжлэгч талыг улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулж шийдвэрлэсэн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2016/012497 дугаар захирамж үндэслэл муутай байгааг дурдах нь зүйтэй. Учир нь улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан үзэж шийдвэрлэх ёстой. Гэтэл шүүгчийн захирамжид эдгээр нөхцөлд хамаарахгүй үндэслэл болох нэхэмжлэгч “АИ” компанийн захирал гадаадад явсан гэх үндэслэл заасан нь хуульд нийцэхгүй байна. Түүнээс гадна улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулахдаа шийдвэр гарах хүртэл хугацаа зааж өгсөн байтал шийдвэр гарсан өдөр хүртэл төлүүлээгүй байгаа нь захирамжийн заалтыг хангаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн алдааг гаргажээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/00971 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 469 286 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                        

                               ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА