Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 141/ШШ2023/00102

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар ...ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ... холбогдох “... 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ... ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, уг цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл /цахим/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Л нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2017 оноос хойш ... ажиллаж байгаад ... 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б/33 тоот ажлаас халах тухай захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнд гомдолтой байна. Уг захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, хууль бус захирамж гарсан. Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас манай сургуульд 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд ажиллаад 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр аудитын акт тавиад явсан. Уг аудитын акт нь манай сургуулийн нягтлан бодогч, нярав нартай холбоотой Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заагдсан анхан шатны баримтыг дутуу бүрдүүлсэн, хоолны ордер зөрүүлсэн, илүү дутуу тусгасан гэсэн зөрчлүүд байсан. Би тухайн актыг үндэслээд сургуулийн нягтлан бодогч, нярав нарт сануулах арга хэмжээ авсан. 2021 оны 10 дугаар сарын 10-ны үед ... ажиллаж байсан Ж.Ж нь намайг өрөөндөө дуудаж өөр дээр чинь аудитын акт гарсан байна. Уг акттай танилцлаа. Аймгийн засаг дарга энэ актыг үндэслээд арга хэмжээ ав гээд байгаа. Миний хувьд аудитын актад дурдсан асуудлаар ажлаас халах хэмжээний үндэслэл биш байна. Ганцхан танд биш юм байна. Сургуулийн нягтлан бодогч, нярав нартай холбоотой юмнууд ч байгаа юм байна. Тухайн аудитын акт нь ажлаас халах арга хэмжээ авах шаардлагагүй, хууль эрх зүйн хувьд болохгүй юм байна гэж хэлсэн. Гэтэл 2021 оны 11 дүгээр сард шинээр ... нь ... ажлыг авсан өдрөөс эхлэн өрөөндөө удаа дараа дуудан “Улс төрийн ажил эхлээд байна. Чи улс төр мэднэ. Чамайг ойлгож байгаа гэж бодож байна. Чи ажлаа өгөх хэрэгтэй, хэл амгүй ажлаа өгчих. Ер нь өөрөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх хэрэгтэй байна. Чам дээр аудитын арга хэмжээ авах дүгнэлттэй юм байна. Хэрэв өргөдлөө өгөхгүй бол аудитын дүгнэлтээр халж, Авлигатай тэмцэх газарт өгнө, чи бол аудитын дүгнэлтээр шууд халагдах заалттай юм байна лээ” гэх мэтээр хууль бус шахалт шаардлага тавьж эхэлсэн. Тэрнээс хойш 7 хоног бүрийн 1 дэх өдөр болгон өрөөндөө дуудаж дээрх хууль бус шахалтаа тавьсаар байсан ба засаг дарга “Намайг дээрээс дарамтлаад байна. Чи ажлаа өгчих, чөлөөлөгдөх өргөдлөө өгчих” гэх мэтээр хууль бусаар дарамт шахалт үзүүлсээр байсан. Ингээд надтай 1 сар ч хамт ажиллаж үзээгүй байж шахалт дарамт үзүүлсээр үүрэгт ажлаас шууд халсныг эс зөвшөөрч байна. Мөн ажлаас чөлөөлсөн захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн хэд дэх хэсэгт заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар тусгаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “Зөрчил гарснаас хойш 6 сар, зөрчил илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг. Зөрчил илэрсэн нь 09 дүгээр сарын 19-ний өдөр байгаа. Засаг дарга хэн байхаас хамаараад зөрчлийг хэзээ мэдэж илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчилсан байхад энэ хугацаан хэтрүүлж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. 2022 аудитын акттай холбоотой зүйлийг надад хамаатуулах шаардлагагүй, би үүнийг мэдэхгүй. Энэ нь намайг ажлаа хүлээлгэн өгснөөс хойш гарсан асуудал. Энэ асуудлаар надтай нэг ч удаа яриагүй. Иймд ... 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ... ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, уг цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд төлүүлж өгнө үү...” гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хууль зүйн дүгнэлтдээ: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлаас чөлөөлөх үндэслэл, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй байхад түүнийг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Өөрөө хэлбэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан талуудын харилцан тохиролцсон нөхцөл байдал хэрэгт авагдаагүй бөгөөд тухайн албан тушаал нь боловсролын салбарт хамаарах албан тушаал тул Хөдөлмөрийн тухай хуулийг барихаас гадна Боловсролын тухай хуульд зааснаар сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөхдөө аймгийн Боловсролын газрын газраас санал авсан байх ёстой. Гэтэл энэ талаар огт санал аваагүй. Ноцтой зөрчил гэж үзэж байгаа үйлдэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй. Нэхэмжлэгчийг аудитын дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэх боловч зөрчилгүй гэсэн дүгнэлт байгаа, зөрчилтэй гэсэн зүйл байхгүй. Харин дүгнэлт биш тэмдэглэл байдаг. Засаг дарга сүүлд гаргасан захирамждаа хүчингүй болсон хуулийн заалтуудыг үндэслэсэн тул эрх зүйн ач холбогдлыг дордуулсан байна. Хөдөлмөрийн гэрээний 6.1.1 дэх заалтыг зөрчсөн нь гэрээнд заасан ноцтой зөрчил болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.

            Хариуцагч ... шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Тус сумын...г Завхан аймгийн Дотоод аудитын дүгнэлтийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж үүрэгт ажлаас чөлөөлсөн. Чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг нотлох баримт бүхий тайлбараар хүргүүлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нь ... ажиллаж байсан бөгөөд түүний албан тушаалын зорилго нь “Ерөнхий боловсролын сургуулийн хөгжлийг төлөвлөх зохион байгуулах, хэрэгжилтийг манлайлах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үндсэн дээр сургуулийн үйл ажиллагааг захиргааны удирдлагаар ханган багш, сурагчдад цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд нь үйлчилгээ үзүүлэх”, зорилт нь Монгол Улсын боловсролын тухай багц хууль бусад хууль тогтоомж, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, сургуулийн хэв шинжийн онцлогт нийцүүлэн бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сургуулийн хүний нөөцийн хөгжлийг хангах, эрүүл, бүтээлч хамт олон төлөвшүүлэх, сургуулийн санхүүгийн болон материаллаг нөөцийн хөгжлийг хангаж, хүүхдийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд сурч хүмүүжих амьдрах нөхцөлийг бүрдүүлэх” гэсэн байгаа бөгөөд нэхэмжлэгч чиг үүргийнхээ хүрээнд “холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сургуулийн үйл ажиллагааг удирдан зохицуулах шийдвэр, дүрэм, журам боловсруулан баталж мөрдүүлэх ёстой байсан. Гэтэл тэрээр албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг биелүүлэхийг чармайхын оронд өмнө гаргасан зөрчлөө дахин давтаж санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан байна. Тухайлбал: Завхан аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай хяналт шалгалтын тэмдэглэлд “...тушаалаас илүү дүнгээр урамшуулал олгосон, хүүхдийн хоолыг нормоос илүү зарцуулсан, төсвийн зориулалт бус зардал гаргасан 464,300 төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоосныг барагдуулсан, авлага дансны үлдэгдэл 77,776.3 мянган төгрөгийн хэмнэгдсэн зардлыг аж ахуйн нэгж рүү шилжүүлсэн, амралт цалин 2 давхардуулан олгосон 645.5 зөрчилд нөхөн төлбөр тогтоож, батлагдсан орон тооноос 5 орон тоо илүү ажилласан 12103.6 мянган төгрөгийн зөрчилд албан тушаалын шаардлага хүргүүлэн ажилласан байна...”, гэж дурдаад шалгалтаар илэрсэн дутагдалд “ААН-тэй ажил гүйцэтгүүлэх болон худалдан авах гэрээ хийхдээ үнийн дүн, бараа бүтээгдэхүүний иж бүрэн байдал, бүтээгдэхүүн нийлүүлэх болон ажил хэрэгжүүлэх хугацаа, гэрээний бусад нөхцөлийн талаар тусгадаггүй, хичээл цахим хэлбэрээр байх хугацаанд илүү цагийн цалин олгосон, алба хаагч нарт хөдөлмөрийн хөлсийг илүү, дутуу олгосон, Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэл тайланд тусгахгүй байх, дотуур байрны хүүхдийн хоолны махны үлдэгдлийг худалдан борлуулж нярвын дансаар дамжуулан анхан шатны баримтын бүрдэлгүй, ажил гүйлгээг бүртгэл тайланд тусгаагүй хөрөнгө зарцуулсан, дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг дутуу олгосон /3409 төгрөгөөр/, тогоочийн захиалгын ордерын дүнг хүнсний зарцуулалтын тайланд илүү дүнгээр тусгасан, хэмнэгдсэн цалингийн зардлыг багш ажилтан нарт жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал болгон олгосон нь Төсвийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.4.1-д зааснаар төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3-р заалтыг зөрчсөн байна. Дээрх зөрчилтэй холбоотой 1737.9 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт, 182.6 мянган төгрөгийг ажилтанд олгуулахаар шийдвэрлэв. Дүгнэлтэд санхүүгийн үйл ажиллагааны үнэлгээ цалин хөлс болон бусад зардлуудтай холбогдуулан гарч байгаа тушаалын хэрэгжилтэд хяналтыг тавьж ажиллах, албан тушаалтны үйл ажиллагааны үнэлгээ дотоод хяналтын нэгж байгуулсан боловч санхүүгийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийлгэж эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл өгч чадаагүй, хэмнэгдсэн зардлыг хууль эрх зүйн хүрээнд зарцуулах тушаалын үндэслэлээ үнэн зөв тодорхойлдог байх, төсвийг зориулалтын дагуу зарцуулж хэвших, актын төлбөрийг хугацаанд нь барагдуулах, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг ахин давтахгүй байх шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын тайланг санхүүгийн хяналт аудитын албанд ирүүлэх” гэж дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч тэмдэглэлтэй танилцаж, гарын үсэг зурсан байна.

2. Нэхэмжлэгч дээрх шалгалтын дүнд илэрсэн зөрчилд дүгнэлт хийж, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ аваагүй.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэх хэсэгт дурдсан “... ... ажиллаж байсан Ж.Ж нь намайг өрөөндөө дуудаж өөр дээр чинь аудитын дүгнэлт гарсан байна. Аймгийн засаг дарга арга хэмжээ ав гээд байгаа ... нь ... ажлыг авсан өдрөөс эхлэн өрөөндөө дуудан улс төрийн ажил эхлээд байна чи улс төр мэднэ. Чам дээр аудитын арга хэмжээ авах дүгнэлттэй юм байна. Засаг дарга намайг дээрээс дарамтлаад байна гэх мэтээр хууль бус шахалт шаардлага тавьж эхэлсэн...” гэсэн төрийн албан хаагчдыг гүтгэсэн шинжтэй мэдээлэл нь нотлох баримтад тулгуурласан хууль зүйн үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлөхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгоно уу...” гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сургуулийн захирал нь тус сургуулийн төсвийн шууд захирагч байдаг. Сургуулийн захирал нь ажилтанд илүү цалин олгодог асуудал байгаа. Сургуулийн нягтлан бодогч, нярав нар нь цалин олгодог боловч эцсийн дүнд нь сургуулийн захирал гарын үсэг зурдаг. Л.Л.ийг сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тодорхой хэмжээний хариуцлага алдсан гэж үзэж байгаа. Ажилтанд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг гэж байдаг. Нэхэмжлэгч Л.Л нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хэдийгээр энэ гэрээ хугацаатай байгуулагдсан, гэрээний хугацаа дууссан байгаа боловч хариуцагч тал хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргахгүй. Ажил олгогч буюу ... нь нэхэмжлэгч Л.Л.ийг хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.7-д “Байгууллагын төсөв, эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үргэдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцална” гэж зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. ... ажлаас халсан захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан. Ажлаас халах сахилгын шийтгэлд аудитын акт гэж бичээгүй дүгнэлт гэж бичсэн байгаа. Аудитын албаны тэмдэглэл чинь дугаарлагдаж, дүгнэх хэсэгтэй байдаг. Уг тэмдэглэлийн дүгнэлт хэсгийг үндэслээд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Засаг дарга төлбөр тавьж байгаа улсын байцаагчийн актыг үндэслэж шийдвэр гаргаагүй. Төлбөр тавьсан акт чинь дүгнэлтийн дагуу үүрэгжүүлсэн захиргааны акт болж байдаг. Иймд ... Л.Л нь Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.7-т заасан ноцтой зөрчил болох төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, үр ашиггүй үрэгдүүлсэн нь аудитын 11 тоот дүгнэлтээр тогтоогдсон учраас тушаалдаа бичээгүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж түүнд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Хариуцагч ... зөрчил гарсныг 12 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн, үүнээс хойш 18 хоногийн дараа захирамж гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хууль зүйн дүгнэлтдээ: “...Нэхэмжлэгч тал нь аудитын дүгнэлт байх ёстой, акт, тэмдэглэл, дүгнэлт нь өөр гэж маргаж байна. Гэтэл дурдаад байгаа 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн аудитын шалгалтын тэмдэглэлийн ард дүгнэх хэсэг гэж байгаа бөгөөд дүгнэлт гэж байгаад бичсэн байдаг. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх захирамж гаргах үед 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зүйл, заалтыг захирамжаа өөрчлөхдөө ашигласан нь хүчингүй болсон хуулийн зүйл, заалт ашигласан явдал биш. Нэхэмжлэгч нь дотуур байрны хүүхдийн хоолны махыг Засгийн газраас орлого багатай айлуудад тарааж өгөх талаар чиглэл гарсан, төрийн байгууллагын хоорондын үйл ажиллагаа уялдаагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл махыг орлого багатай айлуудад тараах шийдвэр буюу холбогдох нотлох баримт байхгүй байна. Хэрэв махыг айлуудад тарааж өгсөн бол тараан өгсөн айлууд нь тодорхой байх ёстой. Мөн сурагчдыг олимпиадад явахад аюулгүйн хэрэгсэл авч өгсөн, няравт хоол хийсний цалин өгсөн талаар нотлох баримт байхгүй. Мөнгийг нярвын дансаар шилжүүлсэн нь нотлогдсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хангалттай нотолж чадсангүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсан аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 372 тоот санал, дүгнэлтийг иш татаж байгааг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Учир энэхүү сургууль нь лаборатори сургууль биш, тухайн баримтад засвар хийж 1 дүгээр сургууль гэж бичсэнийг 2 дугаар сургууль гэж засаж бичсэн. Энэ нөхцөл байдлыг аудитын газраас тодруулах шаардлагатай болж байна. ... сумын Цагдаагийн хэлтсээс нэхэмжлэгчийн үйлдэлтэй холбогдуулан прокурорын хяналтын дор хэрэг үүсгэж шалгаж байгаа талаар засаг даргад албан бичиг ирүүлсэн талаар өмнө дурдсан. Шүүх энэ нөхцөл байдлыг шалгах боломжтой, тухайн албан бичгийн уншиж танилцуулъя гээд ...ээс ... танаа: 22240044 дугаартай хэрэгт тус цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно гэсэн байна. Иймд энэхүү хэргийг шийдвэрлэхээс өмнө дээрх хоёр нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Нэхэмжлэгч нь Төсвийн тухай хууль зөрчиж 1,9, 7,4 сая төгрөгийн торгууль тавигдсан бөгөөд энэ зөрчлийг би гаргаагүй, сургуулийн нягтлан бодогч, нярав нь гаргасан гэж тайлбарлаж байна. Гэхдээ аудитын хяналт шалгалтын тэмдэглэлд өөрөө гарын үсэг зурж, зөрчлийг өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Санхүүгийн баримтад 1 дүгээр гарын үсгийг нэхэмжлэгч, 2 дугаар гарын үсгийг н.Нямцэрэн, н.Энхмандах нар зурдаг гэдэг. Дурдсан зөрчлүүд Төсвийн тухай хуулийн 6.1.4 дэх заалтыг зөрчсөн гэж аудитын дүгнэлт гарсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 6.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний 9.3.7-д заасан зөрчил нь эрх байгууллага болох аудитын газрын дүгнэлтээр тогтоогдож, төлбөрүүд нь төлөгдсөн. Гэтэл үүнийг нэхэмжлэгч дүгнэлт биш гэж үзэж байгаа бөгөөд тэмдэглэлийн дүгнэх хэсэг дээр тодорхой дурдсан байдаг. Шүүгч нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргахын тулд үйл баримт нь тогтоогдсон боловч нэхэмжлэгчийн үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тогтоох, аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн санал, дүгнэлт эргэлзээтэй байгааг тодруулах шаардлагатай болохыг анхаарна уу...” гэжээ.

Нэхэмжлэгч талаас шүүхэд: ... 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот захирамж, ... 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/37 тоот захирамж, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, ... 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/19 дугаартай тушаал, нийгмийн даатгалын шийтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт лавлагаа, ... дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, Завхан аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба улсын ахлах байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 64, 65, 65 акт, актын хавсралт, Завхан аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба, хяналт шалгалтын 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай хурлын тэмдэглэл,    

Хариуцагч талаас шүүхэд: ... 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот захирамж, Завхан аймгийн боловсрол соёл урлагийн газрын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/293 дугаартай албан тоот, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “... 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил төлбөрийн жагсаалтын хуулбар, Завхан аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба, хяналт шалгалтын 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай тэмдэглэл, төлөвлөгөөний бус хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн тэмдэглэл, Завхан аймаг дахь төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн акт, Завхан аймаг дахь төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 372 дугаартай аудитын санал, дүгнэлт, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Завхан аймгийн Засаг даргын Б/27 дугаартай захирамж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/49 дугаартай захирамж, ...ийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаартай тодорхойлолтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Д, Ж.Ж нараас мэдүүлэг авч шүүх хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлсэн байна.

            Хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно...” гэж тус тус заасан байна.

... 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/267 дугаартай албан тоотоор ... Д.М.ийг хариуцагчийг шүүхэд төлөөлөх эрхийг олгосон байна.

... 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/04 дугаартай захирамжаар Д.М.ийг тус сумын засаг даргын орлогчоор 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс томилсон байна.

            Иймд хариуцагч ... нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/267 дугаартай албан тоотоор Д.М.д шүүхэд төлөөлөх эрх олгож, уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул Д.М нь ...ыг төлөөлж шүүх хуралдаанд оролцох эрхтэй байна.

Нэхэмжлэгч Л.Л нь хариуцагч З...д холбогдуулан ... 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ... ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, уг цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь аудитын 11 тоот дүгнэлтээр тогтоогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Мөн засаг дарга нь ажлаас халсан захирамждаа 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөрчлөлт оруулж 1995 оны 05 дугаар сарын 14-ний өдөр баталсан Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.4-д заасныг нэмж оруулсан...” гэж маргажээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1. Нэхэмжлэгч Л.Л нь ...аар ажиллаж байсан болох нь ... 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/37 дугаар захирамж /хх 6/, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх 11-14/ болон зохигчийн тайлбараар нотлогдож байна.

2. ... 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот “...Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.8 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.2, 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.2, 16.5.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн захирамжлах нь: ... Л.Л нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг зөрчиж цалинг илүү, дутуу олгосон, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, 19 дүгээр зүйлийн 19.4.5 дахь хэсгийг зөрчиж нярвын дансаар дамжуулан анхан шатны баримт бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэл тайланд тусгаагүй зарцуулсан, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаар тогтоолыг зөрчиж дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны мөнгийг дутуу олгосон, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг зөрчиж тогоочийн захиалгын ордерийн дүнг хүнсний зарцуулалтын тайланд илүү дүнгээр тусгасан зэрэг зөрчлүүд нь Завхан аймгийн санхүүгийн дотоод хяналт аудитын 11 тоот дүгнэлтээр нотлогдсон гэж үзэж түүнийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэг ажлаас нь халсугай...” гэсэн захирамжаар нэхэмжлэгч Л.Л.ийг ажлаас халж,

... 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/49 дугаартай захирамжаар 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот захирамжид “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсгийн заалтыг тус тус үндэслэн захирамжлах нь: 1. ... 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 дугаартай Л.Л.ийг ажлаас халах тухай захирамжийн “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.8 дахь хэсэг” гэснийг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.20, 59.1.23” гэж өөрчилж, мөн хэсгийн “Хөдөлмөрийн тухай хуулийн” гэсний өмнө “1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр баталсан” гэж, ард “40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.4,” гэж тус тус нэмж оруулсугай...” гэсэн өөрчлөлтийг оруулжээ.

3. Нэхэмжлэгч Л.Л.ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үүссэн ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой хөдөлмөрийн маргаан байх тул шүүх 1999 оны хуулийг баримталж тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

4. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасан байна.

Нэхэмжлэгч Л.Л нь ... 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот ажлаас халах захирамжийг эс зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 113 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах нэг сарын хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

5. Хариуцагч тал нь шүүх хуралдаанд ...д 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/49 дугаартай захирамжаар 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот захирамжид “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсгийн заалтыг тус тус үндэслэн ...“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.8 дахь хэсэг” гэснийг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.20, 59.1.23” гэж өөрчилж, Мөн хэсгийн “Хөдөлмөрийн тухай хуулийн” гэсний өмнө “1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр баталсан” гэж, ард “40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.4,” гэж тус тус нэмж оруулсугай...” гэсэн өөрчлөлтийг оруулсан тул Л.Лхагвадоржийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

            ... нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/49 дугаартай захирамжаар 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот Л.Л.ийг ажлаас халах тухай захирамжид өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна.

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж заажээ.

            ... нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот “Л.Л.ийг ажлаас халах тухай” захирамжийг хуульд нийцээгүй гэж үзэж 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр А/49 дугаартай захирамжаар өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь хуульд нийцээгүй байна.

            Өөрөөр хэлбэл засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй гэж үзвэл өөрөө эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд уг захирамжийг хүчингүй болгох хуулийн заалтыг үндэслэсэн байна.

            Түүнчлэн ... нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар гаргасан захирамжаа өөрчлөх эрхгүй байна.

            Иймд ... 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр А/49 дугаартай “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамж нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангаагүй, хуульд нийцээгүй байх тул нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна.

            5. Хариуцагч тал нь ... Л.Л.ийг Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь аудитын 11 тоот дүгнэлтээр тогтоогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж тайлбарлах боловч “Л.Л.ийг ажлаас халах тухай” ... 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот захирамж нь хуульд нийцээгүй байна гэж шүүх үзлээ.

            Учир нь ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал /тогтоол, захирамж/ нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай юм.

            Гэтэл ... 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 дугаартай Л.Л.ийг ажлаас халах тухай захирамж нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой зааж, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримтлан тушаал /захирамж, тогтоол/ гаргах ёстой атал хариуцагч ... нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 дугаартай захирамжаар Л.Л.ийг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээс баримтлаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

            6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “...захирал Л.Л нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ...тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.7-д “байгууллагын төсвийн эд, хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж ажлаас хална” гэж заасан ноцтой зөрчил гаргасан болох нь аудитын 11 тоот дүгнэлтээр нотлогдсон тул ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан...” гэж тайлбарлах боловч ... нь Л.Л.ийг ажлаас халсан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот захирамждаа хөдөлмөрийн гэрээний хэдийн хэд дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан талаарх үндэслэлийг зааж, баримтлаагүй байна.

            Мөн ... Л.Л нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сумын засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан байгууллагын төсвийн эд, хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн болохыг холбогдох ямар байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон болох нь тодорхойгүй байна.  

            Нэхэмжлэгч ... Л.Л нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ...тай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээний байгуулсан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ болон гэрээний хугацааны талаар  талууд маргаагүй байх тул шүүх маргаагүй зүйлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

            7. ... нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 дугаартай Л.Лийг ажлаас халах тухай захирамждаа тухай үед хүчин төгөлдөр мөрдөгдөж үйлчилж байсан 2006 оны Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д “хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэсэн заалтыг үндэслэжээ.

            Гэтэл ... Л.Л.ийг ажлаас чөлөөлөхдөө холбогдох ямар дээд байгууллагатай хэрхэн яаж зөвшилцөн чөлөөлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байна.

            Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.1.12 дахь хэсэгт “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх эрхтэй” гэж заажээ.

            Хавтас хэрэгт хариуцагч талаас ... 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/293 дугаартай “...2021 оны 12 дугаар сарын 1/294 тоот албан бичигтэй танилцлаа. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэсэн заалт байдаг тул уг бичигт манай газраас дүгнэлт гаргах боломжгүй. Иймд сумын Засаг дарга бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрлэнэ үү...” гэсэн албан тоотыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

            Завхан аймгийн боловсрол соёл урлагийн газар нь дүгнэлт гаргах боломжгүй гэж мэдэгдсэн байх тул уг тоотыг Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.1.12 дахь хэсэгт зааснаар боловсролын газрын санал, мөн 2006 оны Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д зааснаар холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

            8.  ... нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 дугаартай захирамждаа Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг үндэслэсэн байх боловч Төрийн албаны тухай хуульд заасан ямар хариуцлага хүлээлгэж байгаа болох нь тодорхойгүй байна.

            9.  ... нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 дугаартай захирамждаа захирал Л.Л.ийн гаргасан алдаа зөрчлүүд нь Завхан аймгийн санхүүгийн дотоод хяналт аудитын 11 тоот дүгнэлтээр тогтоогдсон гэсэн байх боловч тус 11 тоот дүгнэлтийг хариуцагч талаас нотлох баримтаар хэрэгт гаргаж өгөөгүй ба 11 тоот дүгнэлтээр ямар алдаа зөрчил тогтоогдсон болох нь тодорхойгүй байна.

Хавтаст хэрэгт Завхан аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба улсын ахлах байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 64, 65, 66 тоот актууд нотлох баримтаар авагдсан байх боловч хариуцагч тал уг актыг үндэслээгүй харин Завхан аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба хяналт шалгалтын 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11 тоот тэмдэглэлийн 4 дэх хэсэг дэх дүгнэлтийг үндэслэсэн гэж тайлбарлажээ.

 Гэвч Завхан аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба хяналт шалгалтын 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11 тоот тэмдэглэлийг Завхан аймгийн санхүүгийн дотоод хяналт аудитын дүгнэлт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

10. Хариуцагч тал нэхэмжлэгч ... Л.Л.ийн ажиллаж байх үеийн буюу 2021 оны цалингийн гүйцэтгэл дээр хийсэн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1305 дугаартай аудитын акт нь түүний ажлаас чөлөөлөх үндэслэлтэй хамааралтай гээд Завхан аймаг дахь төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1305 дугаартай акт, Завхан аймаг дахь төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 372 дугаартай аудитын санал, дүгнэлтийг нотлох баримтаар хэрэгт хавсаргажээ.

Шүүх уг Завхан аймаг дахь төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1305 дугаартай акт, Завхан аймаг дахь төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 372 дугаартай аудитын санал, дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь ... Л.Л.ийг Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг зөрчиж цалинг илүү, дутуу олгосон, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, 19 дүгээр зүйлийн 19.4.5 дахь хэсгийг зөрчиж нярвын дансаар дамжуулан анхан шатны баримт бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэл тайланд тусгаагүй зарцуулсан, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаар тогтоолыг зөрчиж дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны мөнгийг дутуу олгосон, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг зөрчиж тогоочийн захиалгын ордерийн дүнг хүнсний зарцуулалтын тайланд илүү дүнгээр тусгасан зэрэг зөрчлүүд нь Завхан аймгийн санхүүгийн дотоод хяналт аудитын 11 тоот дүгнэлтээр нотлогдсон гэж үзэж түүнийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь ... 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот захирамжаар халсан атлаа уг захирамж гарснаас хойш буюу Завхан аймаг дахь төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1305 дугаартай төлбөр барагдуулах тухай актыг ажлаас халсан шийдвэрийн үндэслэл болгон тайлбарлаж буй нь цаг хугацааны болон хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүх Завхан аймаг дахь төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1305 дугаартай акт, Завхан аймаг дахь төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 372 дугаартай аудитын санал, дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

11. ... Л.Л нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь нотлогдохгүй байх тул ... 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 дугаартай Л.Л.ийг ажлаас чөлөөлсөн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ажил олгогчийн ажилтныг ажлаас халсан захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гарсан нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх ... 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 дугаартай “Л.Л.ийг ажлаас халах тухай” захирамжийг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан урьд эрхэлж байсан ... ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, цалин хөлснөөс хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

12. Нэхэмжлэгч Л.Л.ийг ... ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй байна. 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны А/192 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд “...ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно...” гэж заасан байна.

Нэхэмжлэгч Л.Л.ийн сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод /цахим сангаас авсан лавлагаа/ бичигдсэн сүүлийн 3 сарын буюу 2021 оны 10, 11, 12 дугаар саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 1,548,523 + 1,407,748 + 1,669,712 = 4,625,983 : 3 /сар/ = 1,541,994.3 : 20 = 77,100. /нэг хоногт/ төгрөг болж байна.

Нэхэмжлэгч Л.Л.ийн ажилгүй байсан хугацааг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажлын нийт 349 өдрөөр тооцож олговорт 26,907,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт “...Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: арван хоёрдугаар сарын 29; шинэ жил: нэгдүгээр сарын 1; Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3; Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8; Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1; Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 өдөр; Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15; нийтээр амарна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо эдгээр амралтын өдрүүдийг хасаж тооцсон болно.

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 26,907,900 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төлөхийг хариуцагч ...д даалгах нь зүйтэй байна.

14. Нэхэмжлэгч Л.Л.ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 26,907,900 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 292,489 төгрөгийг хариуцагч ...аас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогт Л.Л.ийг ... ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Л.ид ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 26,907,900 төгрөгийг ...аас гаргуулан олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар  Л.Л.ийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 26,907,900 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төлөхийг хариуцагч ...д даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ...аас улсын тэмдэгтийн хураамжид 292,489 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ӨЛЗИЙХИШИГ