Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/02264

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

            Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Ч... овогт Л...ийн Э...,

            Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Э... овогт Ц....ийн Б...,

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Х... овогт Д....гийн Б..., 

            Нэхэмжлэлийн шаардлага:С.Г... Л.Э... нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хийгдсэн Г-... дугаартай 700 м.кв газар худалдах, худалдан авах гэрээ, С.Г... Л.Э... нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн Ү-... дугаартай амины орон сууц, гарааш худалдах, худалдан авах гэрээ, Д.Б...ийн нэр дээрх газар, байшин, гарааш бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дээрх газар, байшин, гараашийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С..., түүний өмгөөлөгч Ж.Г.., хариуцагч Ц.Б..., Д.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхзул нар оролцов. 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Л.Э... нь хариуцагч Ц.Б..., Д.Б... нарт холбогдуулан С.Г... Л.Э... нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хийгдсэн Г-... дугаартай 700 м.кв газар худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн Ү-... дугаартай амины орон сууц, гарааш худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Д.Б...ийн нэр дээрх газар, байшин, гарааш бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байрлах, 700 м.кв газар, 129 м.кв талбай бүхий хувийн сууц болон гараашийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн ... тоот хаягт байршилтай газар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Б...ийн ээж С.Г... гэх хүнтэй  5,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн байдаг. Энэ хэлцэлд Л.Э... оролцоогүй, гарын үсэг зураагүй, эд хөрөнгө хүлээлгэж ч өгөөгүй, 5,000,000 төгрөг огт авч байгаагүй, нотариатаар ч ороогүй.Тухайн үед буюу 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр амины орон сууц, гарааш зарах үед Л.Э... нь Замын-Үүдийн боомтоор гарч Эрээнд байсан, Га... гэдэг хүн С.Г...тай хамт Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан ба С.Г..гын гуйлгаар Л.Э... гэдэг хүний өмнөөс гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн, нэхэмжлэгч одоо болтол амьдарч байгаа, Л.Э...ын гарын үсэг хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан, Л.Э... өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болгож гэрээнд оролцоогүй тул дээрх 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү.

Дээрх гэрээнд Л.Э... гарын үсэг зураагүй болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээ байна.Энэхүү худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал болох Л.Э...ын өмчлөх эрхийг зөрчин өөрийн нэр дээр шилжүүлсэн С.Г... нь 2018 онд зуурдаар таалал болж түүний охин Ц.Б... өвлөн авч улмаар хариуцагч Д.Б...өд шилжүүлэн өгсөн байна.Энэхүү хууль бус гэрээг үндэслэн хийгдсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл тул хариуцагч Д.Б...ийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Иймд Сонгинохайрхан дүүргийн нотариатчийн 703, 650 дугаарт бүртгэгдсэн 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр С.Г... нэхэмжлэгч Л.Э... нарын хооронд хийгдсэн Г-... дугаартай 700 м.кв газар, мөн С.Г... Л.Э... нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн Ү-.. дугаартай амины сууц, гарааш үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ, хариуцагч Д.Б...ийн нэр дээрх Г-... дугаартай газар, Ү-.. дугаартай байшин, гарааш бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Г-... дугаартай, 700 м.кв газар, Ү-.. дугаартай байшин, гарааш бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Л.Э...ыг тогтоолгоно гэв.

Хариуцагч Ц.Б... хариу тайлбартаа:Би 2014 онд Д.Б...өөс ээжийн зээлсэн мөнгөний талаар мэдээгүй байсан, би ээжтэйгээ хамт амьдардаггүй байсан.Манай ээж С.Г... 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авто ослоор нас барсан.Л.Э...ын эхнэр Г.Гөийн ах Г.Г..гатай манай ээж амьдардаг байсан.Би дүүтэйгээ өвөө эмээ дээрээ амьдардаг байсан.Ээжийг нас барсны дараа ээжийн чинь нэр дээр хөрөнгө байна гэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас яриад энийг заавал өвлөж авах ёстой гэж ярьсан.Манай дүү гадаадад сурдаг байсан, би энэ талаар мэддэггүй байсан болохоор өв авахаас удаа дараа татгалзсан.Гэтэл шүүхийн шийдвэрээс өв нээгдсэнээс хойш хуулийн хугацаанд татгалзсан хариугаа өгөөгүй учраас энэ өвийг чи заавал авах ёстой гэсэн.Тэгээд би 3 жилийн дараа өвийг авахад “Танай ээж чинь Д.Б... гэдэг хүнээс мөнгө зээлсэн өртэй байсан.Тэгэхээр энэ өвийг шилжүүлээд өрөө дарчих, нэг бол өрийг төл” гэсэн.Тэгээд би өвийг аваад, авсан өдрөө Д.Б...өд шилжүүлсэн, нэхэмжлэлд яриад байгаа газар, байшин, гарааш байсан.“Одоо энэ хэрэг хаагдсан, өөр асуудал гарахгүй” л гэсэн гэв.

Хариуцагч Д.Б... хариу тайлбартаа:Талийгч С.Г... болон Л.Э...ын эхнэр Г.Гө хоёр 2015 онд надтай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр уулзсан, би С.Г..гын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлөх ёстой 15,000,000 төгрөгийг төлж, тэр мөнгөн дээрээ зээлийн гэрээ хийсэн.Тэрнээс хойш зээлээ төлөөгүй байсан тул 2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад, С.Г...ас 23,000,000 төгрөг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн, 2016 онд миний хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн хашаа байшинг битүүмжилсэн байгаа, 2016 оноос хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 3 удаа дуудлага худалдаанд орсон, 2017 онд ээж нь нас барсны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Охин нь байгаа юм байна.Тэр хүнд өв залгамжлал заавал очих ёстой, хуулийн хүрээнд жил хүлээнэ” гээд дахиад би өв автал нь хүлээсэн, 2020 онд өвийг авсных нь дараа өрнийхөө оронд би шилжүүлж авсан.Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2020 онд миний нэр дээр үл хөдлөхөөр дамжин албан ёсоор шилжиж ирсэн.Талийгаачийг нас барсны дараа 2020 онд битүүмжлэгдсэн газарт Л.Э... гэдэг хүн “Миний байшин” гээд ороод ирсэн, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд албадан нүүлгэх хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн, 2020 оны 5 дугаар сараас хойш одоог хүртэл шүүхээс ажиллагаа явж байгаа, очихоор тэнд нь хүн байхгүй байна гээд ажиллагаа явуулж чадахгүй байгаа.Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр намайг дуудсан, маргаан гарсан байна, С.Г... нь нас барсан тул гомдлыг нь хүлээж аваагүй гэж хэлсэн.Гэтэл хэргийг хүлээн авахаас татгалзсан байж шинжээч томилсон нь буруу гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчээс:Л.Э..., С.Г... нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн Орон сууц худалдах, худалдан гэрээ, С.Г..гын өмчлөлийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Л.Э..., Г.Гө, Э.А.., Э.О.. хүчингүй болсон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 104 дугаар магадлал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн .... дугаар шийдвэр, Л.Э..., С.Г... нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан гэрээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагааг шүүхэд өгсөн./1хх 5, 6, 7, 8-11, 64-66, 148, 2хх 28-30/

Хариуцагч Ц.Б...ээс-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан хүсэлт, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг шүүхэд өгсөн./1хх 29, 30/

Хариуцагч Д.Б...өөс-Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай ... дугаар захирамж, гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн .... дугаар тогтоол, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” .... дугаар захирамж,  Д.Б...ийн өмчлөлийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Б...ийн хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд өгсөн./1хх 86-89, 95-96, 97, 98, 216, 217, 218-224, 225-226, 227, 228/

Зохигчийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар шийдвэр, Монголын нотариатчдын танхимын 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 673 тоот, гэрч Ш.Га...ийн мэдүүлэг, Монголын нотариатчдын танхимын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 256 тоот, хавсралт баримтууд, /1 хх-57, 58, 59-62, 70-71, 76-77, 161-183/, Монголын нотариатчдын танхимаас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн баримтууд, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас ирүүлсэн баримтууд, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн./2хх-8, 9, 18-30, 32-52/                                           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: С.Г... Л.Э... нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хийгдсэн Г-... дугаартай 700 м.кв газар худалдах, худалдан авах гэрээ, С.Г... Л.Э... нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн Ү-... дугаартай амины орон сууц, гарааш худалдах, худалдан авах гэрээнд Л.Э... оролцоогүй, гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бусд тооцуулна, улмаар Д.Б...ийн нэр дээрх газар, байшин, гарааш бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байрлах, 700 м.кв газар, 129 м.кв талбай бүхий хувийн сууц болон гараашийн өмчлөгчөөр тогтоолгоно гэж тайлбарласан.

Хариуцагч Ц.Б... нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:Миний ээж С.Г... нь Л.Э...ын эхнэр Г.Г-ийн ах Г.Г..гатай амьдардаг байсан, ээжийг 2014 онд Д.Б...өөс мөнгө зээлснийг мэдээгүй, ээж маань 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нас барсны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас яриад ээжийнхээ нэр дээрх хөрөнгийг өвлөж ав гэхээр нь татгалзсан боловч заавал авах ёстой гэсний дагуу би 3 жилийн дараа өвийг авахад “Танай ээж чинь Д.Б...өд өртэй байсан, энэ өвийг шилжүүлээд өрөө дарчих, нэг бол өрийг төл” гэсэн, би өвийг аваад, авсан өдрөө Д.Б...өд шилжүүлсэн, нэхэмжлэлд яриад байгаа газар, байшин, гарааш байсан гэж тайлбарласан.

Хариуцагч Д.Б... нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Би 2015 онд С.Г..гын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлөх ёстой 15,000,000 төгрөгийг төлж, зээлийн гэрээ хийсэн, зээлээ төлөөгүй тул 2016 онд шүүх С.Г...ас 23,000,000 төгрөг гаргуулж надад олгож шийдвэрлэсэн, 2017 онд С.Г... нас барсны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түүний охин Ц.Б...ийг 2020 онд өвийг авсных нь дараа өрнийхөө оронд би шилжүүлж авсан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Л.Э..., С.Г... нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн Орон сууц худалдах, худалдан гэрээ, С.Г..гын өмчлөлийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Л.Э..., Г.Гө, Э.А.., Э.О.. хүчингүй болсон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 104 дугаар магадлал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар шийдвэр, Л.Э..., С.Г... нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан гэрээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан хүсэлт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай ... дугаар захирамж, гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн .... дугаар тогтоол, Төрийн мэдээллийн сангийн лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” .... дугаар захирамж,  Д.Б...ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Б...ийн хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар шийдвэр, Монголын нотариатчдын танхимын 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 673 тоот, гэрч Ш.Га...ийн мэдүүлэг, Монголын нотариатчдын танхимын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 256 тоот, хавсралт баримтууд, Монголын нотариатчдын танхимын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газрыг 2004 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг Л.Э..., Г.Гө, Э.А.., Э.О.. нарт анх удаа олгосон, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 131 дүгээр захирамжаар дээрх газрыг Л.Э..., Г.Гө, Э.А.., Э.О.. нарт үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, кадастрын зургаар нотлогдож байна./1хх 30, 33, 34/

Газар өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хэлцлээр Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газрын хамтран өмчлөгчөөс Г.Гө, Э.А.., Э.О.. нар хасагдаж, дээрх газрын өмчлөгчөөр Л.Э... бүртгэгдэж, 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээ олгогдсон байна./1хх 57, 2хх 9, 32/

Нэхэмжлэгч Л.Э..., Г.Гө нар нь худалдан авагч С.Г...тай 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, ... тоот хаягт байрлах, ... дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 5 000 000 төгрөгөөр худалдаж, дээрх хөрөнгө нь С.Г..гын өмчлөлд бүртгэгдэж, 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ... дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна./1 хх 6, 32, 2хх 33/

Сонгинохайрхан дүүрэг, ... тоот хаягт байрлах, 129 м.кв талбайтай, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр анх удаа 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Л.Э..., Г.Гө, Э.А.., Э.О.. нар бүртгүүлсэн болох нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа болон үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар нотлогдож байна./1хх 58, 88, 217/

Нэхэмжлэгч Л.Э... нь худалдан авагч С.Г...тай 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, ... тоот хаягт байрлах, 129 м.кв талбайтай, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 5 000 000 төгрөгөөр худалдсан байна./1хх 5, 31/

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 3255 дугаар дүгнэлтэд-Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивд байх 2014.04.09-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээ, 2014.04.17-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ гэсэн баримтад тус тус зурагдсан шинжилж буй гарын үсгүүд харьцуулах загварт ирүүлсэн Л.Э...ын гэх гарын үсгийн загваруудтай хөдөлгөөний үйлдэц, хөдөлгөөний хэмжээ, хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний холболт, үсэг элементийн харилцан өндөр зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна гэжээ./1хх 35-39/

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1597 дугаар дүгнэлтэд-Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй Ү-... дугаартай хавтаст материалд байх 2014-04-17 гэсэн огноотой “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” гэх баримтын зүүн доод хэсэгт “ХУДАЛДАГЧ” гэсний доор буюу “/гарын үсэг/” гэсний дээр зурагдсан 1 ширхэг гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Л.Э...ын гарын үсгийн загваруудтай тохирохгүй гэжээ./2хх 90-93/

С.Г... Л.Э... нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн гэрээнд С.Г..гын гуйлтаар Л.Э...ын өмнөөс гарын үсэг зурсан  гэж гэрч Ш.Га...ийн мэдүүлжээ./1хх 76-77/

Л.Э... нь 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Монгол улсын хилээр гарсан, 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр орсон, 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гарсан, 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр орсон болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн лавлагаагаар нотлогдож байна./2хх 28-30/

Дээрх баримтуудаас үзэхэд тухайн гэрээнүүдийг хийгдэх үед Л.Э... Монгол улсад байгаагүй, тухайн гэрээнд гарын үсэг зураагүй, Л.Э...ын өмнөөс өөр хүн гарын үсэг зурсан гэж гэрчилж байгаа үйл баримт тогтоогдож байхад С.Г... Л.Э... нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хийгдсэн Г-... дугаартай 700 м.кв газар худалдах, худалдан авах, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн Ү-... дугаартай амины орон сууц, гарааш худалдах, худалдан авах гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэлд хамаарч байх тул дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэстэй байна.

С.Г... нь Д.Б...тэй 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, .... тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2 500 000 төгрөгөөр худалдсан байна./2хх 34/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ... шийдвэрээр нэхэмжлэгч С.Г..гын хариуцагч Д.Б...өд холбогдуулан 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хариуцагч Д.Б...ийн 27 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгч С.Г..., хариуцагч Д.Б... нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан, Үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгэр хороо, Толгойт 48 гудамж, 650 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, Үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, .... тоот хаягт байрлах, 129 м.кв талбайтай, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч С.Г...ас 23 475 000 төгрөг гаргуулан хариуцагч Д.Б...өд олгож шийдвэрлэсэн байна./1хх 148, 2 хх 47-51/

Улмаар Сонгинохайрхан дүүрэг, ... тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, 129 м.кв талбайтай, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр С.Г..гын өмчлөлд бүртгэгдэж, С.Г... нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нас барсан байна./2хх 42/

Нотариатч Б.Оюун-Эрдэнийн 2020 оны 4 дүгээр сарын сарын 21-ний өдөр үйлдсэн Өвлөх эрхийн гэрчилгээгээр Ц.Б... нь Сонгинохайрхан дүүрэг, ... тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байрлах Үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, 129 м.кв талбайтай, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг өвлөн авч, 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.1хх 70-71,162-184, 216, 217/

Талийгч С.Г... нь Л.Э...ын өмчлөлийн дээрх газар, хувийн сууц, гараашийн өмчлөх эрхийг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу олж авсан байх бөгөөд эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг Ц.Б... өвлөн авах, улмаар Д.Б...өд шилжүүлэх боломжгүй байжээ.

Нөгөө талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл нь мөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно гэж зааснаар Ц.Б... нь Сонгинохайрхан дүүрэг, ... тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, 129 м.кв талбайтай, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Д.Б...өд шилжүүлсэн үйлдэл нь хуульд нийцээгүй байх тул Д.Б...ийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ..., Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаар бүхий гэрчилгээнүүдийг хүчингүй болгох нь үндэстэй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Л.Э... нь шаардах эрхтэй байх тул Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байршилтай, 700 м.кв талбайтай,  газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй газар, мөн хаягт байршилтай 129 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй хувийн сууц, гараашийн өмчлөгчөөр Л.Э...ыг тогтоож, Л.Э...ын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг зохих журамд заасан шаардлагын дагуу бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Э...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 305 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 106 дугаар дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан С.Г... Л.Э... нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хийгдсэн Г-... дугаартай 700 м.кв газар худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн Ү-... дугаартай амины орон сууц, гарааш худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Д.Б...ийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ..., Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаар бүхий гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байрлах, 700 м.кв газар, 129 м.кв талбай бүхий хувийн сууц болон гараашийн өмчлөгчөөр Л.Э...ыг тогтоож, Л.Э...ын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг зохих журамд заасан шаардлагын дагуу бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б...ээс 152 775 төгрөг, хариуцагч Д.Б...өөс 152 775 төгрөг тус тус гаргуулж Л.Э...т олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН