Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/01123

 

 

 

 

 

 

2022 06 13 210МА2022/01123

 

Л.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2022/01439 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Эын хариуцагч Ц.Б-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сосорбарам, хариуцагчЦ.Б, гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Л.Э нь Сонгинохайрхан дүүргийн 2003 оны захирамжаар тухайн газрыг эзэмшиж, өмчлөх эрх авсан. Үүнээс хойш хуульд заасны дагуу өмчлөх эрхээ хэн нэгэнд шилжүүлээгүй. 2020 онд Д.Бөөс өмчлөх эрх нь бусдад шилжсэнийг мэдсэн. Тухайн хийгдсэн гэх 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээн дээрх гарын үсэг нь Л.Эын гарын үсэгтэй таарахгүй байна гэсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Мөн талийгаач яаралтай зээл авах хэрэг гарсан, гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэж гуйсны дагуу гарын үсэг зурсан талаар гэрч н.Ганболор мэдүүлдэг. Хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн Д.Б өмчлөх эрхийг шилжүүлж авсан байна. Иймд тухайн байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Би хэн нь хэнтэй гэрээ ямар журмаар яаж хийгдсэнийг мэдэхгүй. Ээж С.Г 2017 онд нас барсан. Өр авлагыг өгч аваад эд хөрөнгөө шилжүүлэх хэрэгтэй байна гэж шүүхийн шийдвэрээс над руу ярьсан. Ээж дээр чинь хөрөнгө байна, өр авлагатай хүн байна гэж ярьсан. Би удаа дараа өв авахаас татгалзсан. Татгалзах хүсэлтээ 03 сарын дотор гаргах эрхтэй. Татгалзах хугацаа дууссан тул, заавал өвөө ав гэсэн. Хууль ёсны дагуу өвөө аваад Д.Б гэдэг хүнд шилжүүлж өгсөн. Тухайн үеийн гэрээний тухай би юу ч мэдэхгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Уг нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2021/00868 дугаар шүүхийн шийдвэрээр уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул хариуцагчЦ.Бт холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт 48 дугаар гудамж, 650 тоот хаягт байршилтай, 18632310074790 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн Ү-2201013330 дугаарт бүртгэлтэй, 129 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгч Л.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Л.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ойлгомжгүй хоёрдмол утгатай гарсан. Нэхэмжлэгч нь өв залгамжлалын тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй хамгийн анхын гэрээ буюу 2014 оны 04 дүгээр сарын 09-ний болон 17-ны өдөр байгуулсан гэрээний шаардлага гаргасан. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1777 тоот магадлалд анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэхээр буцаагдсан ажиллагааг шүүх хийж гүйцэтгээгүй. Нэхэмжлэгч талын зүгээс төрийн байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтэд заагдсан нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй. Иймд нотлох баримтгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчаар татагдаж байгаа талаар ойлгохгүй байна. Мөн уг хэргийн талаар мэдэхгүй гэжээ.

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Миний өмчид хууль бусаар халдаж байгаад гомдолтой байна. 2017 оноос хойш шат шатны шүүхийн шийдвэрээр миний өмч болохыг тодорхойлон шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тул нэхэмжлэгчийн гомдлыг эс зөвшөөрч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагчЦ.Бт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчЦ.Б, Д.Б нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. /хх 133/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөдЦ.Б, Д.Б нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад шүүх хариуцагч Д.Бийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2022/01439 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.БЯМБАСҮРЭН