Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01577

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01577

 

 

Л.Энхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/02264 дугаар шийдвэртэй,

Л.Энхбаярын нэхэмжлэлтэй, Ц.Баянбилэг, Д.Батмөнх нарт холбогдох,

С.Гантулга, Л.Энхбаяр нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Г-220100.... дугаартай 700 м.кв газар худалдах-худалдан авах гэрээ, С.Гантулга, Л.Энхбаяр нарын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Ү-220101.... дугаартай амины орон сууц, гарааш худалдах-худалдан авах гэрээ, Д.Батмөнхийн нэр дээрх газар, байшин, гарааш бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дээрх газар, байшин, гараашийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг

Хариуцагч Д.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сосорбарам, хариуцагч Ц.Баянбилэг, Д.Батмөнх, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Толгойтын 48 дугаар гудамж .. тоот хаягт байршилтай газар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Л.Энхбаяр нь Ц.Баянбилэгийн эх С.Гантулга гэх хүнд 5,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлжээ.

1.2. Энэ хэлцэлд Л.Энхбаяр оролцоогүй, гарын үсэг зураагүй, эд хөрөнгө хүлээлгэж ч өгөөгүй, 5,000,000 төгрөг огт авч байгаагүй, нотариатаар ч ороогүй. Тухайн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны амины орон сууц, гарааш зарах өдөр Л.Энхбаяр нь Замын-Үүдийн боомтоор гарч Эрээнд байсан. Гансүх гэдэг хүн С.Гантулгатай хамт Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан ба С.Гантулгын гуйлгаар Л.Энхбаяр гэдэг хүний өмнөөс гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн. Л.Энхбаярын гарын үсэг хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан, Л.Энхбаяр өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болгож гэрээнд оролцоогүй тул дээрх 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү.

1.3. Л.Энхбаярын өмчлөх эрхийг зөрчин өөрийн нэр дээр шилжүүлсэн С.Гантулга нь 2018 онд зуурдаар таалал болж түүний охин Ц.Баянбилэг хөрөнгийг өвлөн авч улмаар хариуцагч Д.Батмөнхөд шилжүүлэн өгсөн байна. Энэхүү хууль бус гэрээг үндэслэн хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул хариуцагч Д.Батмөнхийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

Иймд Сонгинохайрхан дүүргийн нотариатчийн 703, 650 дугаарт бүртгэгдсэн 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр С.Гантулга нэхэмжлэгч Л.Энхбаяр нарын хооронд хийгдсэн Г-220100.... дугаартай 700 м.кв газар, мөн С.Гантулга Л.Энхбаяр нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн Ү-220101.... дугаартай амины сууц, гарааш үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ, хариуцагч Д.Батмөнхийн нэр дээрх Г-22010..... дугаартай газар, Ү-220101.... дугаартай байшин, гарааш бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Г-220100.... дугаартай, 700 м.кв газар, Ү-220101.... дугаартай байшин, гарааш бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Л.Энхбаярыг тогтоолгоно гэжээ.

 

2. Хариуцагч Ц.Баянбилэгийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2014 онд Д.Батмөнхөөс миний ээж мөнгө зээлснийг мэдээгүй байсан, би ээжтэйгээ хамт амьдардаггүй байсан. Манай ээж С.Гантулга 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авто ослоор нас барсан.

2.2. Л.Энхбаярын эхнэр Г.Гантөмөрийн ах Г.Гантулгатай манай эх хамт амьдардаг байсан. Би дүүтэйгээ өвөө эмээ дээрээ амьдардаг байсан бөгөөд ээжийг нас барсны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ээжийн чинь нэр дээр хөрөнгө байна гэж заавал өвлөж авах ёстой гэж ярьсан. Манай дүү гадаадад сурдаг байсан, би энэ талаар мэддэггүй байсан болохоор өв авахаас удаа дараа татгалзсан. Гэтэл шүүхийн шийдвэрээс өв нээгдсэнээс хойш хуулийн хугацаанд татгалзсан хариугаа өгөөгүй учраас энэ өвийг чи заавал авах ёстой гэсэн. Тэгээд би 3 жилийн дараа өвийг авахад Танай ээж чинь Д.Батмөнх гэдэг хүнээс мөнгө зээлсэн өртэй байсан. Тэгэхээр энэ өвийг шилжүүлээд өрөө дарчих, нэг бол өрийг төл гэсэн. Тэгээд би өвийг аваад, авсан өдрөө Д.Батмөнхөд шилжүүлсэн, нэхэмжлэлд яриад байгаа газар, байшин, гарааш байсан. Одоо энэ хэрэг хаагдсан, өөр асуудал гарахгүй гэсэн гэжээ.

 

3. Хариуцагч Д.Батмөнхийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Нас барагч С.Гантулга болон Л.Энхбаярын эхнэр Г.Гантөмөр хоёр 2015 онд надтай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр уулзсан, би С.Гантулгын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлөх ёстой 15,000,000 төгрөгийг төлж, тэр мөнгөн дээрээ зээлийн гэрээ хийсэн.

3.2. Тэрнээс хойш зээлээ төлөхгүй байсан тул 2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад, С.Гантулгаас 23,000,000 төгрөг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн, 2016 онд миний хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн хашаа байшинг битүүмжилсэн , 2016 оноос хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 3 удаа дуудлага худалдаанд орсон, 2017 онд ээж нь нас барсны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар охиноос нь өвийн журмаар 2020 онд авч өгсөн.

3.3. Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2020 онд миний нэр дээр үл хөдлөхөөр дамжин албан ёсоор шилжиж ирсэн.Талийгаачийг нас барсны дараа 2020 онд битүүмжлэгдсэн газарт Л.Энхбаяр гэдэг хүн миний байшин гээд ороод ирсэн.

Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд албадан нүүлгэх хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн, 2020 оны 05 дугаар сараас хойш одоог хүртэл шүүхээс ажиллагаа явж байгаа, очихоор тэнд нь хүн байхгүй байна гээд ажиллагаа явуулж чадахгүй байгаа. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр намайг дуудсан, маргаан гарсан байна, С.Гантулга нь нас барсан тул гомдлыг хүлээж аваагүй гэж хэлсэн. Гэтэл хэргийг хүлээн авахаас татгалзсан байж шинжээч томилсон нь буруу гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 106 дугаар дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан С.Гантулга Л.Энхбаяр нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хийгдсэн Г-220100.... дугаартай 700 м.кв газар худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн Y-220101.... дугаартай амины орон сууц, гарааш худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Д.Батмөнхийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00060...., Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00079.... дугаар бүхий гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Толгойтын .. дугаар гудамж, .. тоотод байрлах, 700 м.кв газар, 129 м.кв талбай бүхий хувийн сууц болон гараашийн өмчлөгчөөр Л.Энхбаярыг тогтоож, Л.Энхбаярын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг зохих журамд заасан шаардлагын дагуу бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баянбилэгээс 152,775 төгрөг, хариуцагч Д.Батмөнхөөс 152,775 төгрөг тус тус гаргуулж Л.Энхбаярт олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагч Д.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хариуцагч Батмөнх, Баянбилэг нар нь 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр болон 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр н.Энхбаяр, н.Гантулга нарын хооронд хийгдсэн газар, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд оролцоогүй, мэдэхгүй.

Гэрээг байгуулсан этгээд нь нас барсан байгааг нэхэмжлэгч Л.Энхбаяр далимдуулж 2016 оноос хойш шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдэх ажиллагаа явагдаж байгааг мэдсээр байж мэдээгүй гэж, 2014 онд өөрийнхөө эд хөрөнгийн гэрчилгээг өөр хүний нэр дээр шилжсэнийг мэдсээр байж мэдээгүй, гэж шүүхэд худал хэлж, мөн шүүх дээр эргэлзээ бүхий гэрч дагуулж ирж би гарын үсэг зурсан нь үнэн гэж хэлүүлж байгаад шүүх итгэсэн.

Энэ гэрээнд ямар ч хамааралгүй хүмүүсийг хариуцагч болгон өмчлөх эрхийг маш ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

5.2. Л.Энхбаяр нь 2014 оны 03 дугаар сард хамтран эзэмшигч нараа хасуулж 04 дүгээр сард н.Гантулгад худалдсан байдал харагддаг. Энэ бүхнийг н.Гантулга яаж хуурамчаар хийх вэ, өмчлөх эрхийн гэрчилгээг хаанаас яаж авч худалдах худалдан авах гэрээ, 2 нотариат, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэх мэт энэ бүх газруудад н.Гансүх гэдэг хүн гарын үсэг зураад байсан юм бол уг гэрээнд оролцсон хүмүүс болох 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрчилсэн нотариатч, 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрээг гэрчилсэн нотариатч, 2 гэрээнд хоёуланд нь гарын үсэг зурсан гэх н.Гансүх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэгч гэх хүмүүс хариуцагч байх ёстой.

5.3. Анхан шатны шүүх дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэхдээ. Хил хамгаалах газраас ирсэн баримтаар Л.Энхбаяр нь 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Монгол улсын хилээр орж ирсэн, 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хилээр гараад 05 дугаар сарын 6-ны өдөр орж ирсэн байна гэжээ. .... Хил хамгаалах газраас ирсэн баримт дээр Л.Энхбаярыг 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хилээр гарсан мэдээлэл байсаар байхад шүүх нэхэмжлэгч талд илт ашигтайгаар нотлох баримтыг өөрөөр буюу 04 дүгээр сарын 14 ний өдөр гарсан гэж өөрчлөн дүгнэн тайлбарласан

5.4. Хариуцагч Д.Батмөнх нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийгээгүй, хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан, хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байтал түүний өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Үндсэн хуульд заасан өмчлөх эрхэд ноцтой халдсан шийдвэр болсон.

Иргэний хуулийн 114-р зүйлийн 114.1 дэх хэсэгт "эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно" гэж заасан.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №1772 дугаар магадлалд ...Хэрэгт авагдсан 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 3255 дугаар шинжээчийн дүгнэлт зэргийг нотариатаар гэрчлүүлээгүй, холбогдох байгууллага нь хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулаагүй, харин шүүхийн хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан байгаа нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэж үзнэ гэж дүгнэсэн. Энэхүү нотлох баримт нь тэр хэвээрээ байхад №32.. дугаартай шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн нь үндэслэлгүй.

Шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №15.. дугаар дүгнэлтээр, зөвхөн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн "орон сууц худалдах, худалдан авах гэрээ" гэх баримтад дүгнэлт гаргасан ба 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн "газар худалдах, худалдан авах гэрээ" дэх гарын үсэг Л.Энхбаярын гарын үсэг мөн эсэх нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх 2 гэрээнд хоёуланд нь н.Гансүх гэгч хүн гарын үсэг зурсан гэж шууд тааж дүгнэсэн байдал харагдаж байна. Мөн гэрч н.Гансүх гэгч хүнээс 2 өөр гэрээнд 2 өөр нотариат дээр очоод гарын үсэг зурсан эсэх талаар огт тодруулаагүй. Шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5.5. Хариуцагч Д.Батмөнх шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргахад шүүх танай өмгөөлөгчид хурлын тов мэдэгдсэн байна шүүхэд хүсэлт болон хүндэтгэн үзэх баримтаа ирүүлээгүй. Иймээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна гэж хууль зүйн туслалцаа авах эрхийг нь ноцтой зөрчиж хурлыг үргэлжлүүлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх өмгөөлөгч надад шүүх хурлын тов мэдэгдээгүй атлаа мэдэгдсэн мэтээр баримт үйлдсэн байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад ... Шинжээчийн дүгнэлт 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гарсан. Шүүх хэргээ 05/24-ний өдөр сэргээж 05/26-ны өдөр хурлын товыг 06/08-ны өдөр хуралдахаар товлосон нь хэргийн оролцогч нар шинжээчийн дүгнэлттэй танилцах, гомдол гаргах эрх нь хязгаарлагдсан ба өмгөөлөгч надад шүүхээс хурлын товыг мэдэгдэх хуудас, утас, факс зэргээр мэдэгдээгүй атлаа утсаар мэдэгдсэн гэж баримт үйлдсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтад нь шийдвэрлэх боломжгүй учир Л.Энхбаяр нь өмчлөх эрх зөрчигдсөн асуудлаар шүүхэд хандах эрх нээлттэй гэж тусгасан байдаг. 2 дугаар хавтаст хэргийн 18-30 дугаар талд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хүргүүлсэн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2 удаа дүгнэлт гаргасан. Шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримт бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Баянбилэг манайх биш, Л.Энхбаяр ахын хашаа байшинг очиж үзсэн мэднэ, 3 жил өвөө хүлээж авахгүй явсан, дараа ямар ч асуудал гарахгүй гэж бичиг бичиж өгсөн гэж хэлсэн байдаг. Д.Батмөнх, Ц.Баянбилэг нарын хооронд үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн гэрээ байхгүй, өр төлбөрийнхөө оронд өгсөн гэж Улсын бүртгэлийн газар бичиг өгсөн байдаг. Худалдах-худалдан авах гэрээнд н.Гансүх гэх хүнийг гарын үсэг зурсан гэж тайлбарладаг. Худалдах-худалдан авах гэрээг хуульд заасны дагуу байгуулаагүй. Д.Батмөнхөд зээлийн өр төлбөрт тус хашаа байшинг шилжүүлнэ гэх агуулгатай шүүхийн шийдвэр гарч байгаагүй. Д.Батмөнх нь хүүтэй мөнгө зээлүүлдэг. 15,000,000 төгрөг зээлдүүлээд хүү, алдангид нийт 23,000,000 төгрөг болсон. Бид нар Д.Батмөнхөөс мөнгө зээлээгүй, Ц.Баянбилэг болон түүний эх нь хашаа байшинг худалдаагүй гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Ц.Баянбилэгийн гаргасан тайлбарын агуулга: Миний хувьд өв хүлээн ав гэх үед нь очиж авсан. Эх маань өөр хүнтэй хамтран амьдардаг байсан болохоор Л.Энхбаяр гэх хүнийг сайн танихгүй. Өв ирж ав гэхэд нь нэг удаа очиж үзэж байсан. Хүн амьдардаг эсэхийг нь мэдэхгүй бөгөөд гаднаас нь нэг удаа харчхаад явсан. Д.Батмөнхийг гомдолгүй болгох ёстой гэхээр нь тус хашаа байшинг шилжүүлж өгсөн. Бусад асуудлын талаар би сайн мэдэхгүй байна. Миний хувьд Л.Энхбаяр гэх хүнтэй ойр дотно харилцаатай байгаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Л.Энхбаяр нь хариуцагч Ц.Баянбилэг, Д.Батмөнх нарт холбогдуулан 1.а. С.Гантулга, Л.Энхбаяр нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хийгдсэн Г-220100.... дугаартай 700 м.кв газар худалдах-худалдан авах гэрээ,

1.б. С.Гантулга, Л.Энхбаяр нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн Ү-220101.... дугаартай амины орон сууц, гарааш худалдах-худалдан авах гэрээ,

1.в. Д.Батмөнхийн нэр дээрх газар, байшин, гарааш бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

1.г. Дээрх газар, байшин, гараашийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч Ц.Баянбилэг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шаардлагаар өвийн журмаар уг хөрөнгийг хүлээн авч, ээжийнхээ өрөнд Д.Батмөнхөд шилжүүлсэн гэж,

хариуцагч Д.Батмөнх .С.Гантулга зээлээ төлөөгүй учир 2016 онд шүүх С.Гантулгаас 23,000,000 төгрөг гаргуулж надад олгож шийдвэрлэсэн, 2017 онд С.Гантулга нас барсны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түүний охин Ц.Баянбилэг 2020 онд өвийг авсных нь дараа өрөндөө уг хөрөнгийг шилжүүлж авсан гэж тус тус маргажээ.

 

2. Хэргийн үйл баримтын талаар.

2.а. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 48 гудамж, 663 тоотод байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газрыг 2004 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрөөс хувьчилсан.

Газрын өмчлөх эрхийг Л.Энхбаяр, Г.Гантөмөр, Э.Анхбаяр, Э.Оюун-Эрдэнэ нарт анх удаа Нийслэлийн Засаг даргын 2004 оны 131 дүгээр захирамжаар үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, кадастрын зургаар нотлогдож байна./1хх 30, 33, 34/

2.б. Газрын өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хэлцлээр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Толгойтын .. гудамж, .. тоотод байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газрын хамтран өмчлөгчөөс Г.Гантөмөр, Э.Анхбаяр, Э.Оюун-Эрдэнэ нар хасагдаж, дээрх газрын өмчлөгчөөр Л.Энхбаяр бүртгэгдэж, 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00026.... дугаартай гэрчилгээ олгогдсон байна./1хх 57, 2хх 9, 32/

2.в. Нэхэмжлэгч Л.Энхбаяр, Г.Гантөмөр нар нь худалдан авагч С.Гантулгатай 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, .. дүгээр хороо, Толгойт .. гудамж, .. тоот хаягт байрлах, 0026.... дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-220100.... дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 5,000,000 төгрөгөөр худалдаж, дээрх хөрөнгө нь С.Гантулгын өмчлөлд бүртгэгдэж, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 00026.... дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна./1 хх 6, 32, 2хх 33/

2.г. Нэхэмжлэгч Л.Энхбаяр нь худалдан авагч С.Гантулгатай 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, .. дүгээр хороо, Толгойт .. дугаар гудамж, .. тоот хаягт байрлах, 129 м.кв талбайтай, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 5,000,000 төгрөгөөр худалдсан баримт хэрэгт авагдсан./1хх 5, 31/

 

3. Зохигч дээрх хэлцэл хүчин төгөлдөр эсэх, Д.Батмөнх Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэхэд маргасан байна.

3.а. 1-р хавтаст хэргийн 35-39 дүгээр талд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт авагдсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно. гэж заасан.

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 3255 дугаар шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдаагүй байхад шүүх үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. гэж заасантай нийцээгүй.

Учир нь тухайн байгууллага өөрийн гаргасан баримтад хуулбар үнэн дарсан тохиолдолд нотлох баримтаар үнэлэх боломжтой бөгөөд тус баримт нь шүүхээс гаргасан баримт биш байхад шүүхийн дардас даруулж шүүхэд ирүүлсэн, уг баримтыг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.

3.б. Гарын үсэг хэнийх болохыг тогтоох нь шинжээчийн эрх хэмжээнд хамаарах тусгай мэдлэг шаардагдсан асуудал юм. анхан шатны шүүхээс Л.Энхбаярын гарын үсгийг өмнөөс н.Гансүх гэгч зурсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон талаар дүгнэж, нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчжээ.

 

4. Шүүх хэргийн оролцогчийг өмгөөлүүлэх эрхээр хангах учиртай. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Батмөнхийг өмгөөлөгчөө солих эсэх асуудлаар боломж олгох ёстой байсан гэж үзэхээр байх тул хариуцагч Д.Батмөнхийн гомдлыг хангах нь зүйтэй байна.

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/02264 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Батмөнхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,550 шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД