Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01282

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00974 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 44 310 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Геологи хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Э ХХК-тай 2016 оны 12 сарын 09-ний өдөр хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус компанийн эзэмшилд байгаа хайгуулын лицензтэй талбайд тодорхойлолсон кординаттай цэгүүдэд 2 000 орчим тууш метрийн өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Манай ажиллах хүч нь Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Зээг нэртэй хайгуулын талбайд гэрээгээр 2 000 орчим тууш газар өрөмдөх байсан боловч тухайн үед захиалагчийн хүсэлтээр 1 148.8 тууш газар өрөмдөж ажлыг дуусгавар болгосон. Үүнээс Э ХХК нь ажлын үр дүнг 1 123.1 тууш газар хэмээн тооцож хүлээн авсан. Бид ажлын хөлсийг гэрээний 7.2-т заасны дагуу 1 тууш метрийг 100000 төгрөг байхаар тохиролцсон тул  ажлын хөлс 112 310 000 төгрөг болсон.Бид ажлыг 2017 оны 02 сарын 03-ны өдөр дуусгаж, мөн сарын 12-ны өдөр Э ХХК-д хүлээлгэн өгч, талууд гарын үсгээ зурж, ажил хүлээлцсэн акт үйлдсэн.

Ажлын хөлс 112 310 000 төгрөг гарснаас 68 000 000 төгрөгийг бэлэн болон дансаар хүлээн авсан тул үлдэгдэл хөлс 44 310 000 төгрөгийг Э ХХК-иас гаргуулж өгнө үү.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Э ХХК-иас 44 310 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 379 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хавтаст хэргийн 13 дугаар талд авсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн харилцах дансны гүйлгээний хуулга дээрх хариуцагчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дарааллан шилжүүлсэн 1 468 000 төгрөгийн гүйлгээг үнэлээгүй, нэхэмжлэгчээс асууж тодруулаагүй, мөн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн авто машиныг ажлын хөлсөнд тооцуулж хүлээлгэн өгсөн баримтыг нэхэмжлэгчээс гаргуулаагүй шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажиллаж байх хугацаандаа 2 382 000 төгрөгийн өр тавьсан байсан ба хариуцагчаас дээрх өр төлбөрийг төлсөн. Төлсөн тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдэж өрийн тооцоог хүргүүлж байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 44 310 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч “Э” ХХК нь эрх, үүрэгтэйгээ 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр танилцаж, нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн төлөөлөгч Ш.Пүрэвдоржид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Талууд 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “Б” ХХК нь Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт орших “Э” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нийт 1 123,1 тууш метр өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэн ажлын үр дүнг захиалагч “Э” ХХК-ийн захирал М.Машбат, төслийн ахлах геологич Ш.Пүрэвдорж нарт  хүлээлгэн өгч акт үйлдсэн үйл баримт тогтоогджээ. /хх-10 /

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх тул мөн хуулийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүн гарсан, ажил гүйцэтгэгч түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлдог. Гэрээний 7.7-д зааснаар ажил дуусаж ажлын үр дүнг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор захиалагч ажлыг хөлсийг төлөхөөр тохиролцсон ч төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

 

Талуудын гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т 1 тууш метр өрөмдлөгийн ажлын хөлс 100 000 төгрөг байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Ажил гүйцэтгэгч “Б” ХХК нь нийт 1 123.1 х 100 000 = 112 310 000 төгрөгийн ажлын хөлс шаардах эрхтэйгээс 68 000 000 төгрөгийн хэмжээний хөлс авсан гэж нэхэмжлэгч “Б” ХХК тайлбарласныг хариуцагч баримтаар няцаагаагүй тул 112 310 000 - 68 000 000 = 44 310 000 төгрөгийн ажлын хөлс шаардсан нь үндэслэлтэй.

 

Хэргийн 13 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн харилцах дансны гүйлгээний хуулга дээрх 1 468 000 төгрөгийн гүйлгээний утга нь ажлын хөлс биш харин “Керний хайрцагны үнэ” гэсэн агуулгатай байх тул ажлын хөлсөнд төлсөн баримт гэж дүгнэх боломжгүй, маргааны зүйлд хамааралгүй баримт гэж дүгнэв.

 

Мөн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр авто машиныг ажлын хөлсөнд тооцуулж 5 000 000 төгрөгөөр хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч мөн баримтаар няцаагаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болох боловч хариуцагч тайлбар, баримт гаргаагүй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

Нэхэмжлэгч талын ажилчид нь гэрээний дагуу ажиллаж байх хугацаандаа дэлгүүрт 2 382 000 төгрөгийн өр тавьсан байсныг хариуцагчаас төлж барагдуулсан гэх давж заалдах гомдолд дурдсан баримт нь анхан шатны шүүхэд гаргаагүй баримт болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00974 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД