Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/03340

 

 

 

 

 

 

                                2023       06          30

                   101/ШШ2023/03340

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Д /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” СӨХ /дугаар /-д холбогдох,

,,,,, Б блокт тулгаж барьсан хогийн цэгийг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч Б.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би БЗД, ,,,, хороо, ,,,,,, ,,,, хотхон, ,, байр, б блок тоот хаягт байрлалтай 41.625 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Улмаар эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэж, ,,,, тоот гэрчилгээ олгогдсон. Гэтэл "Х" СӨХ миний худалдаж авсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд Хогийн цэгийг тулган барьж миний хууль ёсны өмчлөх эрхийг ноцтой зөрчсөөр өдийг хүрч байна. Энэ талаар СӨХ-н даргад удаа дараа бичгээр болон амаар хэлсэн боловч Засаг дарга зөвшөөрсөн гэсэн тайлбар хэлээд хогийн цэгийг зайлуулаагүй. ,,,, хорооны Засаг даргад бичгээр гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй болно. Миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд тулгаж хууль зөрчин барьсан энэ хогийн цэг эрүүл ахуй талаасаа ч мөн хотын үзэмж, эрүүл ахуй талаасаа яагаад ч хуульд нийцэхгүй. Одоо үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн маань дотор талын хана мөөгөнцөртөж нурахад хүрч байна. Мөн орох хаалгад тулгах шахуу барьсан хогийн цэгийг зайлуулж өгнө үү. БЗД, ,,,, хороо, ,,,,байр, б блокод Хогийн цэгийг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргав.

1а. Нэхэмжлэгч нь Хы Б блокт хогийн цэг тулгаж барьсан нь хууль бус болохыг тогтоож, нүүлгэхийг даалгана. Нэхэмжлэгч нь 2020 онд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч болсон. Үйлчилгээний зориулалтай. Улмаар гэрчилгээ олгогдсон. Х нь хогийн цэгийг тулган барьж өмчлөх эрхийг зөрчиж байна. Сөх болон засаг даргад хандсан. Хариуцагч нь засаг дарга зөвшөөрсөн гээд нүүлгэдэггүй. Эрүүл ахуй болон хотын өнгө үзэж талаасаа хуульд нийцэхгүй. Хогийн цэгийг барьснаар үйлчилгээний зориулалтай эд хөрөнгийн дотор хана мөөгөнцөр үүсэн. Мөн хог шатахаар муухай үнэртдэг. Үйлчилгээний зориулалттай эд хөрөнгөө тул ашиглах боломжгүй болоод байгаа юм. Иргэний хуулийн 106.2, 106.3, Үндсэн хуулийн 5.3-т зааснаар нэхэмжлэл гаргасан. 2014 оны хурлын шийдвэрээр хогийн цэг байгуулсан гэх боловч 2020 онд нэхэмжлэгчид өмчлөх эрх ирсэн. Оршин суугчдын эрх ашгийн үүднээс нэг өмчлөгчийн эрхийг зөрчих боломжгүй. Хогийн цэгийн тэнд барих ёстой бол засаг дарга болон мэргэжлийн хяналтаас зөвшөөрөл авч бусдын эрхийг зөрчихгүй байх ёстой. СӨХ-н хаалганы хажууд бас л хогийн цэг барих боломжтой газар байгаа юм. Үйлчилгээний талбайн хаалгыг хааш нь гаргах нь өмчлөгчийн эрхийн л асуудал. Баруун болон зүүн тийшээ 2 хаалгатай бөгөөд баруун тийшээ харсан хаалгыг сүүлд гаргасан. Гэрээр бодвол хаяанд нь хогийн цэг байрлуулсан байдаг. Анхнаасаа үйлчилгээний зориулалтай гэж гэрчилгээ гарсан байдаг. Эрх бүхий байгууллагаас зөвшөөрөлгүйгээр СӨХ-н ТУЗ-н шийдвэрээр барьсан хогийн цэг юм. Анх худалдаж авах үед энэ хогийн сав байсан. Худалдсан хүн нь хогийн савыг холдуулах талаар СӨХ зөвшөөрсөн гэж хэлсэн. Худалдаж авахдаа СӨХ-с энэ талаар асуугаагүй. 2021 онд баруун тийшээ хаалга гаргасан. Хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэсэн чинь үнэрээс болоод боломжгүй болсон тул эд хөрөнгө агуулахаар каргоны чиглэлээр үйл ажиллагаанд түрээслэх гэсэн боловч бас л боломжгүй болсон юм. СӨХ-н ТУЗ-н төлөвлөгөөгөөр хогийн сав байгуулсан гэх боловч хорооноос зөвшөөрөл аваагүй. Өөр газар хогийн цэг байгуулах боломжгүй гэх үндэслэлээр зөвшөөрөлгүй хогийн цэг байгуулсан нь хууль бус юм. Хариуцагчийн өмгөөлөгч нь хогийн сав гэх боловч бид хогийн цэг гэж үзэж байгаа юм. Хог хаягдаад бага тул 7 хонож ачилт хийгддэг юм.  Хогийн цэг үүссэн тул хог хаягдал тээвэрлэх гэрээ хийгээд байна гэв.

 

2.         Хариуцагч “Х” СӨХ нь шүүхэд, түүний өмгөөлөгч Н.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан Б.Дын нэхэмжлэлтэй танилцаад энэхүү хариу тайлбарыг байна. Манай “Х” Хотхон нь 2012 онд ашиглалтад орсон бөгөөд ,,,, 103/2, 103/3 гэсэн байрууд нь 214 өрхтэй ба бүх оршин суугчдын хурлаар “Х” Хотхон СӨХ байгуулагдаад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2014.04.30-ний өдрийн ТУЗ-ийн ээлжит бус хурлаараа СӨХ-ийн ажлын төлөвлөгөөг баталж, албан ёсоор ,,,-р байрны Б блокийн урд байрлах нийтийн эзэмшлийн талбайдаа хогийн цэгээ байгуулсан болно. Нэхэмжлэгч Б.Д нь тус хотхоны ,,, байрны Б блок хаягт байрлах үл хөдлөх хөрөнгөө 2020 оны 9-р сард өмнөх өмчлөгчөөс худалдан авсан байдаг. Өмнөх өмчлөгч нь хогийн цэг байгуулах үед болон дараа нь ч гэсэн СӨХ-д хандаж гомдол гаргаж байгаагүй байна. Манай хотхонд энэ хогийн цэгээс өөр газар хогийн цэг байгуулах нийтийн эзэмшлийн газар байхгүй бөгөөд 214 айлын эрх ашгийг зөвхөн нэг айлын дур зоргоороо хаалга шинээр гаргасны төлөө хөндөх ёсгүй гэж үзэж байна. Энэ айл нь СӨХ-тэй гэрээ байгуулдаггүй дундын өмчлөлийн шугамаар үйлчилгээ авдаг боловч хуульд заасан засвар үйлчилгээний мөнгийг СӨХ-д төлдөггүй, хогийн цэгт хогоо хаядаг, дур зоргоороо гараш уруу өрөмдөн цоолж сангийн үйлчилгээг авдаг 2020 оны 9-р сараас хойш СӨХ-ийн төлбөр төлөхөөс зайлсхийдэг төлдөггүй. Иргэний үүргээ биелүүлдэггүй атлаа эрх зөрчигдөж байгаа гэх нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн гадагшаа гарах хаалга нь барилгын зургаар хотхон уруу харсан хаалгатай байх ба худалдаж авахад нь мөн хотхон уруу харсан нэг хаалгатай байсныг 2021 оны 10-р сард СӨХ-с болон харьяалагдах хорооноос ямар ч зөвшөөрөл авалгүй дур мэдэн нийтийн эзэмшлийн газар болох хотхоны хогийн цэг уруу хаалга гаргачхаад өөрсдийн эрх ашгийг зөрчигдлөө хэмээн маргаан үүсгээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

2а. Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргасан. Х нь 2013 онд ашиглалтад орсон. 2014 онд СӨХ байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байна. ТУЗ-н хурлаар ажлын төлөвлөгөө гаргаж нийтийн эзэмшлийн талбайд хогийн сав байршуулсан. Нэхэмжлэгч нь 2021 оны 9 сард хогийн савны хажуугийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан байсан. Тухайн үед хаалга нь нөгөө тийшээ харсан байсан боловч дараа нь хогийн сав тал уруу хаалга гаргаснаас маргаан үүссэн юм. 2023.5.11-нд нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх үзлэг хийсэн. Үзлэгээр мөөгөнцөр үүссэн байдал тогтоогдоогүй. Иргэний хуулийн 106-р шаардаад байгаа бөгөөд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хогийн цэгт тусгай зөвшөөрөл авах ёстой гэж байна. Төвлөрсөн хогийн цэгт зөвшөөрөл авдаг. Харин маргаж байгаа нь хогийн сав тул энийг байгуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй. Засаг даргын албан тоотоор хогийн сав байгуулахад татгалзах зүйлгүй гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө нь сууриараа л газраа эзэмших бөгөөд нийтийн эзэмшлийн талбай буюу 50 м газрыг эзэмшихгүй бөгөөд зөвхөн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцна. Нэхэмжлэгч нь анхнаасаа хогийн сав байгааг мэдсээр байж авсан бөгөөд хаалгаа өөрчилснөөр өөрийнхөө эрхийг өөрөө л зөрчсөн. Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан зүйл байхгүй. Энэ нь хогийн сав бөгөөд хог хаягдлын хуулиар хогийн цэг нь өөр байгаа юм. СӨХ-ны дарга солигдоод өөр хүн болсон тул тухайн үед хогийн сав барих талаарх баримт олдохгүй байгаа бөгөөд уралдаан зарласнаас харахад дүүрэгтэй хамтарсан зөвшөөрөл авсан байх гэв.

 

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс “Х” СӨХ-ны 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 52 дугаар албан тоот /хх4/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаар гэрчилгээний хуулбар /хх6/, 6 ширхэг гэрэл зураг /хх7-9/, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээний хуулбар /хх41/, Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ,,,, дугаар албан тоот /хх43/

3б. Хариуцагчаас ТУЗ-н 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын ТУЗ-2 дугаар тэмдэглэл, түүний хавсралтын хуулбар /хх19-20/, 5 ширхэг гэрэл зураг /21-22/, ТУЗ-н 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ТУЗ-01/20 дугаар тогтоолын хуулбар /хх23/, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн нүүр болон ар талын тэнхлэгийн зураг /хх29/, Баянзүрх дүүргийн хөгжлийн төвөөс дүүргийн сууц өмчлөгчдийн холбоодын дунд зарлах уралдааны шагналын сангийн тайлангийн хуулбар /хх106-108/, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний гэрээний хуулбар /хх109-110/

 

4.         Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр 2023 оны 05 дугаар сарын 11-ны өдөр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөд үзлэг хийж /хх92-99/, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 45 дугаар албан тоот /хх102/, мөн дүүргийн 25 дугаар хорооны Засан даргын 2023 оны 05дугаар сарын 11-ны өдрийн 54 дүгээр албан тоот /хх104/, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас 2023 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн ирсэн бичгийн бүртгэл хяналтын картын хуулбар /хх112/, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01а/773 дугаар албан тоотын хуулбар /хх113/-г нотлох баримтаар гаргуулсан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөд хогийн цэг тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Б.Д нь Баянзүрх дүүрэг, ,,,, хороолол, Х, ,,,,, байр, Б блокт хогийн цэг тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч “Х” СӨХ нь уг хогны сав нь нэхэмжлэгчийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах  үед байсан бөгөөд нийтийн эзэмшлийн талбайд баригдсан, зөвшөөрөгдсөн гэж маргаж байна.

 

4.         Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, ,,,, Х, Нарны зам гудамж ,,,,байр, Б блок хаягт байрлах 41.625 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх6/

4а. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгөд Хы оршин суугчдын ахуйн хог хаягдал цуглуулах зориулалт бүхий эд зүйл тулган байршиж байгаа үйл баримтын талаад зохигчид маргаагүй.

 

5.         Маргаж буй ахуйн хог хаягдал цуглуулах эд зүйлийг 2014 онд “Х” СӨХ-ны ТУЗ-н ажлын төлөвлөгөөгөөр барихаар төлөвлөж, 2015 онд барьж байгуулсан болох нь тус СӨХ-н ТУЗ-ын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №ТУЗ-2 дугаар хулын тэмдэглэл, түүний хавсралт, Баянзүрх дүүргийн хөгжлийн төвөөс дүүргийн сууц өмчлөгчдийн холбоодын дунд зарлах уралдааны шагналын сангийн тайлангийн хуулбараар тогтоогдож байна. /хх19-20, 106-108/

 

6.         Хог хаягдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-т зааснаар хогийн цэг гэдэг нь хогийг төвлөрүүлж, булшлахыг зөвшөөрсөн газрыг ойлгоно. Мөн зүйлийн 4.1.14-т зааснаар булшлах гэдгийг хогийг газарт булж хадгалахыг ойлгоно. Үүнээс үзэхэд маргаж буй хог цуглуулах зориулалт бүхий эд зүйл нь хогийн цэг биш байна. Иймд нэхэмжлэгчийн хогийн цэг байгуулахдаа эрх бүхий болон мэргэжлийн байгууллагаас зохих зөвшөөрөл аваагүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

7.         Тухайн хог цуглуулах зориулалт бүхий эд зүйл нь 4 талаараа блокоор хийгдсэн ханатай, хаалга болон салхивчтай болох нь шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 11-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургаар тогтоогдсон бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байна.

7а. Үүнээс үзэхэд энэхүү маргаж буй хог цуглуулах зориулалт бүхий эд зүйлийг Хог хаягдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан шаардлагыг хангасан хогийн сав гэж үзэх үндэслэлтэй.

Улмаар хариуцагч “Х” СӨХ нь ийнхүү хогийн сав байгуулсан нь дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2-т заасан үүргээ биелүүлсэн байна.

7б. Цаашлаад хогийн саванд цугларсан хог хаягдлыг тогтмол хугацаанд төвлөрсөн хогийн цэг уруу зориулалтын дагуу ачуулдаг болох нь хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний гэрээний хуулбараар тогтоогдсон. /хх109-110/ Иймд хариуцагчийг Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

8.         Дээрх үйл баримтыг харьцуулан үзвэл хариуцагч нь хогийн сав байгуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

9.         Нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэг, ,,,,,, Х, Нарны зам гудамж ,,,,байр, Б блок хаягт байрлах 41.625 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн. /хх6/

Улмаар дээр дурдсанаар хогийн савыг 2015 онд байгуулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь эрх зөрчигдсөн гэж маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөгч болсон тухайн цаг хугацаанд маргаж буй хогийн сав нь тухайн газраа байсан байна.

 

10.       Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдан авах үед тухайн эд хөрөнгө нь ертөнцийн зүгээр зүүн буюу хогийн сав байршиж буй баруун талаас эсрэг тийш харсан гарц буюу хаалгатай байсан нь эд хөрөнгийн нүүр болон ар талын тэнхлэгийн зургаар тогтоогдож байна. /хх29/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь энэ талаар маргаагүй, зөвшөөрсөн бөгөөд 2021 онд тус үл хөдлөх эд хөрөнгөд 2 дахь буюу ертөнцийн зүгээр баруун тийш, хогийн сав байрлаж байгаа тал уруу шинээр хаалга гаргасан талаар тайлбарласан.

 

11.       Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь хогийн сав байгуулагдсаны улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөний ханын дотор талд мөөгөнцөр үүссэн гэх боловч энэ нь шүүхээс хийсэн дээрх үзлэг, бэхжүүлсэн гэрэл зургаар үгүйсгэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь үзлэг хийхэд оролцохдоо энэ талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

12.       Дээрх үндэслэлүүдийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох үед хогийн сав нь тухайн газар байсан, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь энэхүү байдлыг мэдэж худалдан авсан, цаашлаад өөрийн хүсэл зоригийн дагуу гарц буюу хаалгыг хогийн сав байрлаж буй тал уруу гаргасан, ийнхүү хаалга гаргахдаа холбогдох этгээдээс зөвшөөрөл авсан баримтгүй байх тул хариуцагчийг хогийн сав байгуулах замаар нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

13.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                    ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Х” СӨХ-д холбогдох ,,,,,, Б блок хаягт байрлах 41.625 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хогийн сав тулган барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нүүлгэн, шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД