Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2023/02071

 







 

 

 2023        06           23                                      181/ШШ2023/02071

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШХ СӨХ-д холбогдох,

ШХ СӨХ байгуулах 517 дугаар байрны оршин суугчдын гэх 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурал хууль бус болохыг тогтоон хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг хурлаас С.Г гэх 513 дугаар байрны оршин суугчийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг тогтоолгох, Удирдах зөвлөлөөс гарсан тогтоолууд хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 517 дугаар байрны оршин суугчид 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бүх гишүүдийн хурал хуралдуулж ШХ СӨХ-ийг байгуулсан гэсэн баримт бүрдүүлж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын албанд хүргүүлж бүртгүүлсэн байна.

Энэ бүртгэлийн талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын албанд хүсэлт гарган баримтуудыг авч танилцан хууль бус болохыг олж мэдсэн болно. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4, 5.6 дах заалтаар зөвхөн тухайн байрны орон сууц өмчлөгчид хуралдан СӨХ байгуулах эрхэнд хөндлөнгийн этгээдүүд ноцтойгоор халдан санаачлагаараа бидний өмнөөс СӨХ байгуулах хурал хийсэн байна. байрны оршин суугчидад хурлын зар хүргээгүй, хурлыг байрны оршин суугч бус У.С гэх этгээд зохион байгуулж, энэ хурлаараа 513 дугаар байрны оршин суугч С.Г гэх хүнийг Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгосон байдаг юм байна. Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг насанд хүрсэн хүнийг сонгоно” гэж хуульчилсныг зөрчсөн байна.

Энэ хуулийн 9 дугээр зуйлийн 9.2, 9.3, 9.5 дах заалтаар 517 дугаар байрны сууц өмчлөгчид хуулинд тавигдсан шаардлага ханган хүчин төгөлдөр хурлыг хуралдуулан СӨХ байгуулах эрхээ сэргээн эдлэх шаардлагатай байна. Сууц өмчлөгчид ногдох хэсгийн хориос дээш хувь нь нэг өмчлөгчтэй бол бүх гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох ёстой. СӨХ байгуулах талаар болон хурлын зарыг ТОСК-д мэдэгдээгүй, огт оролцуулаагүй. 517 дугаар байрны 72 оршин суугчид нь ТОСК-ынх бөгөөд ТОСК нь хожим нөхөж бичиг явуулсан нь албан бичгүүдээр тогтоогдож байгаа. Иймээс бүх гишүүдийн хурал хууль бус, Бүх гишүүдийн хурлаас ТУЗ-ийг сонгож, ТУЗ-д тогтоох эрх олгосон гэж үзэх үндэслэлгүй тул ШХ СӨХ байгуулах 517 дугаар байрны оршин суугчдын гэх 2018 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн хурал хууль бус болохыг тогтоон хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг хурлаас С.Г гэх 513 дугаар байрны оршин суугчийг Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг тогтоолгох, Удирдах Зөвлөлөөс гарсан тогтоолууд хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч ШХ СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ШХ СӨХ нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт / Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь cyyрь өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно/, 5.4 дэх хэсэг /Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно/ заасны дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны 513-518 дугаар байрны оршин суугчид бүх гишүүдийн хурлыг хууль ёсоор хуралдаж ШХ СӨХ-ийг байгуулан, удирдах зөвлөлөө сонгосон.

Нэхэмжлэгч Ч.Аы нэхэмжлэлд дурдсан С.Г нь 513 байрны оршин суугч биш 517 байранд оршин суудаг бөгөөд үүнийг Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслээд өмчлөлдөө шилжүүлэн авахаар буюу эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үнийг төлж дууссаны дараа авах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан тус байрандаа байнга оршин сууж байгаа болно. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт /Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг, насанд хүрсэн хүнийг сонгох бөгөөд удирдах зөвлөл нь орон тооны бус байна/ зааснаар Удирдах зөвлөлийн гишүүдээр 513-518 байрны оршин суугч сонгогдсон учир ямар нэгэн хууль зөрчөөгүй болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хуульд заасны дагуу СӨХ байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагад тусгасан шиг зүйл огт болоогүй тул үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022.08.08-ны өдөр 4/1345 дугаар албан бичиг, ШХ СӨХ-ны гэрчилгээ, сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ олгох тухай шийдвэр, У.Сын 2018.10.11-ний өдрийн өргөдөл, Шинэхангай СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийн нэгдсэн бүртгэл, СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүний анкет, Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслэх гэрээ,  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ШХ СӨХ-ны дүрэм, Ч.Аы үл хөдлөх эл хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч нараас 2021.04.01-ний өдрийн Төрийн түрээсийн орон сууцыг өмчлөх гэрээ, төлбөр төлөх хуваарь, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Хангай хотхоны, 515 дугаар байрны нийт оршин суугчдын хурлын тэмдэглэл, ШХ СӨХ-ны удирдах зөвлөлийн 2018.09.27-ны өдрийн 1 дугаар хурлын тогтоол, Ч.Аы төлбөрийн тооцоо, Шинэхангай СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2018.09.27-ны өдрийн 1 дугаар тогтоол, Шинэхангай СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын 2018.09.28-ны өдрийн 2 дугаар тогтоол, Шиэн хангай СӨХ-ны 2021.11.08-ны өдрийн 9 дугаар тогтоол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023.06.06-ны өдрийн 754 дугаар албан бичиг, түүний хавсралт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч ШХ СӨХ-д холбогдуулан ШХ СӨХ байгуулах 517 дугаар байрны оршин суугчдын гэх 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурал хууль бус болохыг тогтоон хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг хурлаас С.Г гэх 513 дугаар байрны оршин суугчийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг тогтоолгох, Удирдах зөвлөлөөс гарсан тогтоолууд хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ч.А нь ШХ СӨХ-г хууль бусаар байгуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.А нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 хороолол, Ногоон нуур гудамж 517 байрны 73, 74 тоот, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 40-41 хуудас/-гээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

2. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.2.-д “Зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны барилгад сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны 513 - 518 дугаар байрны оршин суугчид ШХ СӨХ-ийг байгуулан, гэрчилгээг 2018.11.01-ний өдөр авсан байна. /хавтаст хэргийн 12 хуудас/

 

3. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 516, 517, 515, 518, 513-514 байрнуудын оршин суугчид СӨХ байгуулах, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, СӨХ-ний дүрэм батлах асуудлаар хуралдаж, хурлын ирцыг биечлэн оролцсон болон бичгээр санал ирүүлснийг бүртгэж, 52,8%-59,72% ирцтэйгээр хурлыг хүчин төгөлдөр гэж үзэж, хурлаас “Шинэхангай” СӨХ-г байгуулж, удирдах зөвлөлд төлөөллөө сонгож, Дүрэм, байрны төлбөр хураамжийн тариф баталсан болох нь хурлын 01, 02, 03, 04, 05 дугаар тэмдэглэлүүдээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 68-79 хуудас/

Мөн Бүх гишүүдийн хурлын 1 дугаар тогтоолоор 513, 514, 515, 516, 517, 518 дугаар байранд шинээр СӨХ-г байгуулж, “Шинэхангай” нэрээр бүртгүүлж гэрчилгээ авах, Удирдах зөвлөлийн даргаар Д.Галмандах, гишүүнээр Э.Бат-Эрдэнэ, Д.Гүррагчаа нарыг томилж, Удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулж, гүйцэтгэх захирлыг томилох ажлыг УЗ-ын дарга Д.Галмандахад үүрэг болгож, СӨХ-ны дүрмийг баталж, СӨХ-ны төлбөрийг хуучин тарифаар баталж, цаашид УЗ-ын шийдвэрээр төлбөрт өөрчлөлт оруулахыг зөвшөөрч шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 99 хуудас/

Дээрхи байр тус бүрийн хурлын ирцийг биечлэн оролцсон болон бичгээр санал ирүүлснийг бүртгэж 52,8% -59,72%-ийн ирцтэйгээр хурлыг хүчин төгөлдөр гэж үзэж хуралдсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д “Гишүүн өөрийн төлөөлөх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гишүүдийн хуралд оролцуулах, эсхүл хэлэлцэх асуудлын талаархи саналаа санал авах хуудсаар урьдчилан бичгээр өгч болох бөгөөд энэ тухайгаа бүх гишүүдийн хурал эхлэхээс өмнө хяналтын зөвлөлд мэдэгдсэнээр хуралд оролцсонд тооцно” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Мөн дээрхи хурлаас тогтоол, тэмдэглэл гаргаж албажуулсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.-д “Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна” гэж заасантай нийцсэн байна.

 

4. Монгол Улсын Засгийн газрын 2016.05.31-ний өдрийн 298 дугаар “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухайтогтоол болон Барилга хот байгуулалтын яам, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, “Бэрэн групп” ХХК-ийн 2016.06.06-ны өдрийн “Түрээсийн 223 айлын орон сууц хүлээлцсэн акт” зэргээр Хангай хотхоны 514 байрны 1-144 тоот 144 айлын орон сууц, 517 дугаар байрны 1-72 тоот 72 айлын орон сууц, 515 дугаар байрны 7 айлын орон сууц, нийт 223 айлын орон сууц нь төрийн өмчийн түрээсийн орон сууц болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 114-115 хуудас/

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.5.-д “Орон сууцны бүрэлдэхүүнд төрийн болон орон нутгийн өмчийн сууц байгаа бол өмчлөгчийн эрх бүхий байгууллагаас томилсон төлөөлөгч холбооны гишүүн байна” гэж заасны дагуу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь дээрхи хуралд төлөөлөгч томилж оролцуулаагүй боловч, 2018.10.19-ний өдрийн 1/1/1365 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт 513 – 518 дугаар байранд СӨХ байгуулахаар 2018.09.27-ны өдөр оршин суугчид хуралдсан, шинээр СӨХ байгуулахад татгалзах зүйлгүй гэж мэдэгджээ. /хавтаст хэргийн 129-130 хуудас/

Ийнхүү “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь шинээр СӨХ байгуулахыг дэмжсэн хүсэл зоригийг илэрхийлсэн тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.-д заасны дагуу “ШХ СӨХ-г бүртгэж, Сүхбаатар дүүргийн Засаг дарга гэрчилгээ олгосон нь хууль зөрчөөгүй байна.

 

5. Нэхэмжлэгч Ч.А нь ШХ СӨХ байгуулах 517 дугаар байрны оршин суугчдын гэх 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурал хууль бус болохыг тогтоон хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлагын үндэслэлээ 517 дугаар байрны бүх гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох ёстой байсан гэж тайлбарлаж байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.-д “Хэрэв сууц өмчлөгчид ногдох хэсгийн хориос дээш хувь нь нэг өмчлөгчтэй бол бүх гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хүчин төгөлдөр болно” гэж бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох нөхцлийг заасан. 

Энэ нь сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцдогтой холбоотойгоор сууцны хориос дээш хувь нь нэг өмчлөгчтэй тохиолдолд тухайн этгээдийн 20-иос дээш хувийн саналын эрхээр асуудал шийдвэрлэгдэх нөхцлийг хаах зорилготой заалт юм.

ШХ СӨХ-г дан ганц 517 дугаар байрны оршин суугчид байгуулаагүй, 513-518 дугаар байрны оршин суугчид байгуулсан, мөн “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь СӨХ байгуулахыг дэмжсэн тул “Шинэхангай” СӨХ-г байгуулсан 513-518 дугаар байрны оршин суугчдын бүх гишүүдийн хурлын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

 

6. Нэхэмжлэлийн “уг хурлаас С.Г гэх 513 дугаар байрны оршин суугчийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд,

 

Нэхэмжлэлд хавсаргасан ШХ СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийн нэгдсэн бүртгэл”-д Хяналтын зөвлөлийн дарга С.Г /157-35 тоот/ гэж, мөн С.Гийн анкет, “Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх гэрээ”-г хавсаргажээ. /хавтаст хэргийн 15, 21-26 хуудас/

Мөн ШХ СӨХ-ны дүрэмд Хяналтын зөвлөлийн дарга С.Г гэж гарын үсэг зуржээ. /хавтаст хэргийн 35-38 хуудас/

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д зааснаар Бүх гишүүдийн хурлаас удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгохоор заажээ.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 517 дугаар байрны нийт оршин суугчдын хурлын 2018.09.27-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлд “Удирдах зөвлөлд нэрээ дэвшүүлсэн С.Гийг олонхын саналаар зөвлөлийн гишүүнээр томиллоо. Бусад байрны оршин суугчдын төлөөллийг зөвлөлд оруулахаар тогтлоо” гэж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 39, 78-79 хуудас/

 

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь ШХ СӨХ-ны гишүүн бөгөөд С.Г нь “Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх гэрээ”-ний дагуу 517 дугаар байрны 35 тоот орон сууцанд оршин сууж байна.

Мөн С.Г нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-тай 2021.04.01-ний өдөр №ХХ/ЗГБ-029 дугаар “Төрийн түрээсийн орон сууцыг өмчлөх гэрээ”-г байгуулж 517 дугаар байрны 35 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон байх тул дээрхи хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. /хавтаст хэргийн 56-60 хуудас/

 

7. Нэхэмжлэлийн “Удирдах зөвлөлөөс гарсан тогтоолууд хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд,

 

Нэхэмжлэгч Ч.А нь уг шаардлагын үндэслэлээ ШХ СӨХ-г хууль бусаар байгуулсан тул СӨХ-ны удирдах зөвлөлөөс гаргасан бүхий л тогтоолууд хууль бус гэж тайлбарласан.

Шүүх ШХ СӨХ-г байгуулсан бүх гишүүдийн хурлын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр гэж үзсэн тул нэхэмжлэгч Ч.Аы дээрхи тайлбар үндэслэлгүй байна.

 

7.1. ШХ СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 1 дугаар тогтоолоор СӨХ-ны төлбөрийг хуучин тарифаар баталж, цаашид УЗ-ын шийдвэрээр төлбөрт өөрчлөлт оруулахыг зөвшөөрчээ. /хавтаст хэргийн 99 хуудас/

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу ШХ СӨХ-ны 2018.09.27-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар СӨХ-ны төлбөрийг тогтоож, цаашид СӨХ-ны төлбөрийг тогтоох эрхийг Удирдах зөвлөлд олгосон нь хуульд нийцсэн байна.

 

7.2. ШХ СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2018.09.28-ны өдрийн 1 дугаар тогтоолоор У.Сыг СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилж, мөн өдрийн 02 дугаар тогтоолоор СӨХ-ны төлбөрийг тогтоож, мөн 2021.11.08-ны өдрийн 9 дугаар тогтоолоор СӨХ-ны төлбөрийг тогтоожээ. /хавтаст хэргийн 80-82, 99-102 хуудас/

. ШХ СӨХ-ны Удирдах зөвлөлийн дээрхи шийдвэрүүд нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2, 10.8.7-д тус тус заасантай нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Аы удирдах зөвлөлөөс гарсан тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэл нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Аы хариуцагч ШХ СӨХ-д холбогдуулан гаргасан ШХ СӨХ байгуулах 517 дугаар байрны оршин суугчдын гэх 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурал хууль бус болохыг тогтоон хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг хурлаас С.Г гэх 513 дугаар байрны оршин суугчийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг тогтоолгох, Удирдах зөвлөлөөс гарсан тогтоолууд хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.Аы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай   хуулийн   120 дугаар зүйлийн   120.2   дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ОЮУНТУЯА