Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1197

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01021 дугаар шийдвэртэй, Б.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГ-т холбогдох, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Д.Г- оролцсон, үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Г- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШЗ2018/11050 дугаартай шүүгчийн захирамжаар 50 060 000 төгрөгийг албадан гаргуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Уг газрын гэрээт үнэлгээний компани миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 29А байрны 7 тоот 44.06 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур буюу 69 300 000 төгрөгөөр үнэлсэн. Манай байрны яг хажууд баригдаж байгаа барилга м.кв нь 2 500 000 төгрөг, ижил хэмжээний орон сууцны зах зээлийн үнэ нь давхар болон нар үзэх хугацаа, засвар зэргээс хамаарч м.кв нь 1 800 000-2 000 000 төгрөгийн үнэтэй байна. Дурдсан орон сууц нь 2010 онд ашиглалтад орсон талаар үнэлгээчинд хэлсэн боловч үнэлгээг гаргахдаа м.кв-ыг 1 560 000 төгрөг гэжээ. Зах зээлийн ханш нь 1 800 000 төгрөгөөс 1 700 000 төгрөгийн орчимд зарагддаг. Манай байрны 2 цонх зүүн талдаа байнга нар үздэг, гэрчилгээнд ороогүй 6 м кв талбай байгааг үнэлгээчинд хэлсэн боловч үнэлгээнд ороогүй байгаа тул уг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01357 дугаар шийдвэрээр Б.Б-гээс 50 468 250 төгрөгийг гаргуулж Д.Г-т олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн хамтран өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018521 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 3-р хороо, үйлдвэрийн 29А байрны 7 тоотод байрлах 44.06 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас авахад харилцан тохиролцоогүй тул “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилж нийт 69 300 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг талуудад мэдэгдэж үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 48 510 000 төгрөгөөр тооцон 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн.

Гэтэл төлбөр төлөгч Б.Б- үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2019/02568 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дах хэсэгт зааснаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Тус шүүхийн 01357 дугаар шийдвэрээр Б.Б-гээс 50 468 250 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч сайн дураар төлбөрийг төлөөгүйн улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 29А байр, 7 тоотод хаягт байрлах 44.06 м.кв орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 69 300 000 төгрөгийн 70 хувь буюу 48 510 000 төгрөгөөр тооцон 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан.

Гэвч Б.Б- үнэлгээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Д.Г- би дээрх үнэлгээг өнөөгийн зах зээлийн ханштай нийцсэн гэж үзэж байгаа. Б.Б- нь хугацаа хожиж намайг маш ихээр хохироож байна. Зах зээлийн хамгийн дээд ханш 1 650 000 төгрөг байсан. Шүүхийн шийдвэрийн байгууллага нэгдсэн журмаар иргэдийн эд хөрөнгийг бага үнээр үнэлдэггүй юм байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө нотлох баримтуудаа авчраад өгсөн байсан. Миний бие анх барьцаанд авахдаа очиж үзсэн, гэрчилгээнд ороогүй гээд байгаа 6 м.кв талбай хаана нь байсан талаар мэдэхгүй, тийм талбай ч байгаагүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГ-т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01357 дугаартай шийдвэрийг үндэслэн явагдаж байгаа 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2019/02568 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б- дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримтыг шүүх хүлээн аваагүй. Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар нотлох баримт болох байтал хариуцагч тал хуралдаанд оролцоогүй, няцаагаагүй байхад нэхэмжлэгчийн нотлох баримтыг үнэлээгүй. Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээний талаарх гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж шийдвэрлүүлснийг хүлээн аваагүй. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч НШШГ-т холбогдуулан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 29А байрны 7 тоотод байрлах 44.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг тогтоосон “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 03/Ш тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох төлбөр авагч Д.Г- тухайн хөрөнгийн үнэлгээ зах зээлийн ханшид нийцсэн гэж тус тус тайлбарлан маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараас үзвэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэрийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01357 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1835 дугаар магадлалаар Б.Б-гээс 50 060 000 төгрөгийг гаргуулж Д.Г-т олгохоор шийдвэрлэсэн байна. /хх15-20/

 

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ГХ2018/01041 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудаст үндэслэн хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр авагч Д.Г- болон нэхэмжлэгч нарын байгуулсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 29А байрны 7 тоот 44.06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр битүүмжилж, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хураах ажиллагааг гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй болно. /хх21, 30, 43-46, 76-78/

 

Хариуцагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар уг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн талаар санал авахад төлбөр төлөгч Б.Б- 120 000 000 төгрөг, хамтран өмчлөгч Д.Должин 95 000 000 төгрөг, төлбөр авагч Д.Г- 50 000 000 төгрөгөөр тус тус үнэлж, зөрүүтэй санал гаргасан байна. /хх79-81/ Иймээс хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт заасныг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаар тогтоолоор “Мөнх-Оргил Трейд” ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх82/

 

Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий “Мөнх-Оргил Трейд” ХХК нь нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Олон Улсын үнэлгээний стандартад үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үнэлж, тухайн үеийн зах зээлийн үнэ цэнэ 69 300 000 төгрөг гэж тогтоож, Хөрөнгийн үнэлгээний 03/Ш тоот тайланг 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч байгууллагад ирүүлсэн байна. /хх47-75/ Энэ талаар төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 4/1851, 4/1852 дугаартай Мэдэгдэл өгч, үнэлгээний тайланг танилцуулсан нь хэрэгт авагджээ. /хх84-88/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлын үндэслэлээ хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг нэхэмжлэл гаргахаас өмнө ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан тул хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэж тайлбарлаж, 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/168 дугаартай Хариу мэдэгдэх хуудсыг хавсаргасан байна. /хх6/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дах хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэжээ. Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзвэл төлбөр төлөгч Б.Б- үнэлгээг хүчингүй болгох тухай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр, шүүхэд 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр тус тус гаргасан байгаагаас үзвэл нэхэмжлэгч үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Үүнээс гадна, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гээд энэ талаарх хэрэгт хавсаргасан баримтыг шүүх үнэлээгүй гэж давж заалдах гомдолд дурдсан нь үндэслэлгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд өөрийн орон сууцтай үнийн хувьд дүйцүүлж гаргасан гэх зарим цахим сайтын зарын талаарх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүйн гадна үнэлгээг гаргах хугацаанд хамаарахгүй байгааг шүүх дүгнэж, шийдвэрийн үндэслэлээ болгоогүй нь зөв. /хх117-127,138-ын ар тал,139/

 

Анхан шатны шүүх, шийдвэрийн тогтоох хэсэгт шинжээч байгууллагын нэрийг “Мөнх-Оригл трейд” ХХК гэж үсгийн байршлийг буруу бичсэн боловч энэ нь шийдвэрийн удиртгал, үндэслэх хэсгээс “Мөнх-Оргил трейд” ХХК гэж зөв ойлгогдож байгаа учир шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01021 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                    ШҮҮГЧИД                              С.ЭНХТӨР

 

                                                                                    Т.ТУЯА