Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 01021

 

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2019/01021

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Я даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг,... дугаар хороо, ... хотхон, үйлдвэр гудамж, ..... байрны ...тоотод оршин суух, Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-5, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

гуравдагч этгээд- Баянгол дүүрэг,.... дүгээр хороо, ............тоотод оршин суух, Д.Г-ийн бие даасан шаардлага гаргаагүй,

үнэлгээ хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, гуравдагч этгээд Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                   

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-09-24-ний өдрийн 183/ШЗ2018/11050 дугаартай шүүгчийн захирамжаар надаас 50.060.000 төгрөгийг албадан гаргуулахаар нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Уг газрын гэрээт үнэлгээний компани нь миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 29А байрны 7 тоот 44,06 м.кв хоёр өрөө бүхий орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур буюу 69,3 сая төгрөгөөр үнэлсэн байна. ... байрны яг хажууд баригдаж байгаа барилга м.кв нь 2.500.000 төгрөг, ижил хэмжээний орон сууцны зах зээлийн үнэ нь давхар болон нар үзэх хугацаа, засвар зэргээсээ хамаараад м.кв нь 1.800.000-2.000.000 төгрөгийн хооронд байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Манай байр 2010 онд ашиглалтад орсон. Тухайн үнэлгээний компанийн хүмүүст хэлэхэд үнэлгээндээ оруулна гэсэн атлаа үнэлгээг гаргахдаа нэг м.кв-ыг 1.560.000 төгрөг гэж гаргасан байсан. Зах зээлд 1.800.000  төгрөгөөс яриад 1.700.000 орчимд зарагддаг. Манай байрны байрлал 2 цонх зүүн талдаа харсан байнга нар үзэгддэг. Гэрчилгээний мкв-д ороогүйгээр 6мкв талбай байгааг үнэлгээний хүмүүст хэлсэн боловч үнэлгээнд ороогүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-05-30-ны өдрийн 183/ШШ2018/01357 дугаар шийдвэрээр Б.Бгээс 50.468.250 төгрөгийг гаргуулж Д.Гт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн хамтран өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018521 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 3-р хороо, үйлдвэрийн 29А байрны 7 тоотод байрлах 44,06 м.кв талбайтай хоё өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Хураасан хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас авахад харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилоход 69.300.000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 48.510.000 төгрөгөөр тооцон 2019-02-15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн боловч төлбөр төлөгч Б.Б нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 2019-03-01-ний өдрийн 183/ШЗ2019/02568 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55,3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 01357 дугаар шийдвэрээр Б.Бгээс 50.468.250 төгрөгийг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Иймд сайн дураар Б.Б нь төлбөрийг төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 29А байр, 7 тоотод хаягт байрлах 44,06 м.кв орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 69.300.000 төгрөгийн 70 хувь буюу 48.510.000 төгрөгөөр тооцон 2019-02-15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Гэвч Б.Б нь үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Д.Г би дээрх үнэлгээг өнөөгийн зах зээлийн ханштай нийцэж байна гэж үзэж байгаа. Б.Б нь хугацаа хожиж намайг маш ихээр хохироож байна. Би бас судалж үзэхэд зах зээлийн ханш хамгийн дээд тал нь 1.650.000 төгрөг байсан. Шүүхийн шийдвэрийн байгууллага нэгдсэн журмаар хүний эд хөрөнгийг тийм багаар үнэлдэггүй юм байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө нотлох баримтуудаа авчраад өгсөн байсан. Би анх барьцаанд авахдаа очиж үзсэн, тэр гэрчилгээнд ороогүй гээд байгаа 6 м.кв талбай хаана нь байсан талаар мэдэхгүй байна, тийм талбай ч байгаагүй гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 29А байрны 7 тоотод байрлах 44,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар шаарджээ /хх-1/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Бгээс төлбөр авагч Д.Г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2019/02699 дүгээр захирамжаар Д.Гийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан байх /хх-14, 25/ бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг болно.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх бүрэн эрх бүхий итгэмжлэлийг 2019-03-04-ний өдрийн 1/96 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Гантуяа, 178 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Чинзул нарт нэг жилийн хугацаатай олгосон байна /хх-28/.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гарч хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаснаар 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэлх хугацаагаар хойшлуулсан /хх-113, 115/ боловч тухайн өдрийн шүүх хуралдааны тов өөрчлөгдсөн шүүгчийн захирамж гарснаар хуралдааныг 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэлх хугацаагаар тус тус хойшлуулж, шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид утсаар мэдэгдсэн байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн зүгээс хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч Б.Б Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01357 дугаартай шийдвэр /хх-32-36/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1835 дугаар магадлалаар /хх-37-42/ 50.060.000 төгрөгийг Д.Гт төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хан-Уул дүүргийн шүүхээс 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр олгосон 183/ГХ2018/01041 дугаартай /хх-31/ гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 18291119 дүгээр тогтоолоор /хх-43/ үүсгэж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож нэхэмжлэгч тал маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Б.Б нь Д.Гт төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан тул шүүгчийн захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна /хх-5, 6, 15-23, 30-107/.

Төлбөр төлөгч Б.Б нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг сайн дураар төлөөгүй тул түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр /17060/ Үйлдвэрийн гудамжны 29 А байрны 7 тоотод байрлах 44,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18291119/03 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг нь нэхэмжлэгч Б.Бд хариуцуулсан, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18291119/04 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураасан байна /хх-44-45, 76-77/.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөрт хураагдсан орон сууцны үнэлгээг тухайн орон сууцны хамтран өмчлөгч Д.Должин 95.000.000 төгрөгөөр, төлбөр төлөгч Б.Б 120.000.000 төгрөгөөр, төлбөр авагч Д.Г 50.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр /17060/ Үйлдвэрийн гудамжны 29 А байрны 7 тоотод байрлах 44,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээ тогтоох шинжээчээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилсон байна /хх-82/.

 

Хэргийн үйл баримтаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэхээр байх тул шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа хийгдсэн нь буруу биш бөгөөд томилогдсон шинжээч болох “Мөнх-Оргил трейд” ХХК нь Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр /17060/ Үйлдвэрийн гудамжны 29А байрны 7 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Олон улсын үнэлгээний стандартыг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаарх зах зээлийн үнэ, цэнийг 69.300.000 төгрөг болохыг тодорхойлов гэж үнэлгээний тайланд дурдсан байна /хх-47-75/.

 

Харин нэхэмжлэгч Б.Б дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлүүлсэн гэх тайлбар үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүйн зэрэгцээ үнэлгээ тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг өөр аргаар хийлгэсэн эсэх, эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн эсэх нь тодорхойгүй, зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болох, хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг болон орон сууцыг 69.300.000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур гэх үндэслэл тайлбараа баримтаар нотлоогүй тул шүүх орон сууцны үнэлгээг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлгээг хүчингүйд тооцуулах үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй болно.

 

Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргасан хэргийн 117-123 дугаар хуудсанд авагдсан зарын баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээ буюу дүгнэлт 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гарсан байхад нэхэмжлэгчийн гаргасан орон сууцны үнэлгээ бичигдсэн зарууд нь 2019 оны 3, 4 дүгээр сарын зарууд байх тул эдгээрийг өөр аргаар үнэлгээ хийлгэсэн, эсхүл эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн гэж дүгнэх боломжгүй баримтууд байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр /17060/ Үйлдвэрийн гудамжны 29А байрны 7 тоотод байрлах 44,06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Төлбөр төлөгч Б.Б шүүхийн шийдвэрээр баталгаажсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгчийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ тогтоосон 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гарсан шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гардуулсан болох нь ШШГЕГазрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4/1851 дугаартай албан бичиг /хх-87/-ээр тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж зааснаар төлбөр төлөгч Б.Бд үнэлгээний талаарх мэдэгдлийг гардуулж, тэмдэглэл хөтөлсөн байх бөгөөд /хх-87, 88/ төлбөр төлөгч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан.

 

Гэтэл нэхэмжлэгч Б.Б дээрх үнэлгээний талаар шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан /хх-1/ бөгөөд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн явдалд хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй, нэхэмжлэгч шүүхэд энэ талаарх гомдлоо гаргасан боловч эхлээд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гарга гэж буцаасан гэх тайлбараа нотлоогүй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн баримтын огноо нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгааг дурдах нь зүйтэй /хх-2/. Өөрөөр хэлбэл үнэлгээний талаарх гомдол гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж гаргасан болох нь хуулийн хугацаандаа нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн зэрэг байдал нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд үнэлгээний талаарх гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэнд хүндэтгэн үзэх шалтгаантай байдал мөн хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

Тиймээс зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох үүрэгтэй тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээний талаар хуулийн хугацаанд шүүхэд гомдол гаргасан талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

 

Харин ахлах шийдвэр гүйцэтгэгчид үнэлгээний талаар нэхэмжлэгч Б.Б нь 2019-02-03-ны өдөр өргөдөл гаргасанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 4/168 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар ахлах шийдвэр гүйцэтгэгч нь хариу мэдэгдсэн байх /хх-6/ бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээний талаарх гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргах бөгөөд төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэлсэн үнэлгээний талаарх гомдлыг шууд шүүхэд гаргахаар хуульчилсан тул Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн төлбөр төлөгч Б.Бгийн төлбөрт хураагдсан Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, 29А байрны 7 тоотод байрлах 44,06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 01/08 дугаартай тогтоол 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гарсан байх /хх-93/ бөгөөд анхны албадан дуудлага худалдаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 4/3522 дугаартай албан бичгээр мэдэгдэж төлбөр төлөгч гарын үсэг зурж хүлээн авсан /хх-94, 95/ байх боловч шийдвэр гүйцэтгэлийн эдгээр ажиллагаанд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй байна.

 

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2 санал ирж, Д.Г нь 51.010.000 төгрөгийн, Д.Бямбацогзол нь 51.510.000 төгрөгийн үнийн санал гаргасан байна /хх-98-100/, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-д “үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй” гэж, хуулийн 197 дугаар зүйлийн 197.11-д “нээлттэй дуудлага худалдаа, уралдаанд ямар ч этгээд оролцож болно” гэж заасан бөгөөд үнэ хаялцуулах ажиллагаанд ялсан этгээд болон ажиллагаа зохион байгуулагч дуудлага худалдаа, уралдааны үр дүнгийн тухай тэмдэглэлд явуулсан өдөрт нь гарын үсэг зурснаар тухайн тэмдэглэл гэрээний адил хүчинтэй байх ба анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд ялагч Д.Бямбацогзол тэмдэглэлд гарын үсэг зурснаар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл хүчин төгөлдөр болсон байна /хх-100/.

 

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны дагуу Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр гудамж 29А байрны 7 тоотод байрлах орон сууцыг дуудлага худалдааны ялагчид шилжүүлээгүй, нэхэмжлэгч одоо амьдарч байгаа талаар нэхэмжлэгч тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр авагдсан шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2019/02568 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдах нь зүйтэй /хх-8/.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс 2019-02-25-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01357 дугаартай шийдвэрийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу гарсан “Мөнх-Оригл трейд” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Жамц овогт Батаагийн Бэгзсүрэн /ЙЮ82083016/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2019/02568 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ                                               Д.Я