Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00600

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01021 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар  сарын 24-ний өдрийн 1197 дугаар магадлалтай,

Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээд Д.Г-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШЗ2018/11050 дугаартай шүүгчийн захирамжаар 50.060.000 төгрөгийг албадан гаргуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Уг газрын гэрээт үнэлгээний компани миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 29А байрны 7 тоот 44.06 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур буюу 69.300.000 төгрөгөөр үнэлсэн. Манай байрны яг хажууд баригдаж байгаа барилга м.кв нь 2.500.000 төгрөг, ижил хэмжээний орон сууцны зах зээлийн үнэ нь давхар болон нар үзэх хугацаа, засвар зэргээс хамаарч м.кв нь 1.800.000-2.000.000 төгрөгийн үнэтэй байна. Дурдсан орон сууц нь 2010 онд ашиглалтад орсон талаар үнэлгээчинд хэлсэн боловч үнэлгээг гаргахдаа м.кв-ыг 1.560.000 төгрөг гэжээ. Зах зээлийн ханш нь 1.800.000 төгрөгөөс 1.700.000 төгрөгийн орчимд зарагддаг. Манай байрны 2 цонх зүүн талдаа байнга нар үздэг, гэрчилгээнд ороогүй 6 м.кв талбай байгааг үнэлгээчинд хэлсэн боловч үнэлгээнд ороогүй байгаа тул уг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01357 дугаар шийдвэрээр Б.Б-гээс 50.468.250 төгрөгийг гаргуулж Д.Г-т олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн хамтран өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018521 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 3-р хороо, үйлдвэрийн 29А байрны 7 тоотод байрлах 44.06 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас авахад харилцан тохиролцоогүй тул Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилж нийт 69.300.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг талуудад мэдэгдэж үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 48.510.000 төгрөгөөр тооцон 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дах хэсэгт зааснаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Г-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.Б- нь сайн дураар төлбөрийг төлөөгүйн улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 29А байр, 7 тоотод хаягт байрлах 44.06 м.кв орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 69.300.000 төгрөгийн 70 хувь буюу 48.510.000 төгрөгөөр тооцон 2019 оны 02 сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Үнэлгээг өнөөгийн зах зээлийн ханштай нийцсэн гэж үзэж байна. Б.Б- нь хугацаа хожиж намайг маш ихээр хохироож байна. Зах зээлийн хамгийн дээд ханш 1.650.000 төгрөг байсан. Хариуцагч байгууллага нэгдсэн журмаар иргэдийн эд хөрөнгийг бага үнээр үнэлдэггүй юм байна. Хариуцагчийн төлөөлөгч өөрөө нотлох баримтуудаа авчраад өгсөн байсан. Миний бие анх барьцаанд авахдаа очиж үзсэн, гэрчилгээнд ороогүй гээд байгаа 6 м.кв талбай хаана нь байсан талаар мэдэхгүй, тийм талбай ч байгаагүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01021 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01357 дугаартай шийдвэрийг үндэслэн явагдаж байгаа 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар  сарын 24-ний өдрийн 1197 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01021 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх нэхэмжлэгч талын шүүхэд цуглуулж өгсөн нотлох баримтыг хүлээн аваагүй. Шүүх хуралд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох байтал хариуцагч тал хуралд оролцоогүй, няцаагаагүй байхад нэхэмжлэгчийн нотлох баримтыг үнэлээгүй. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээний талаарх гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж шийдвэрлүүлснийг хүлээн аваагүй. Иймд дээрхи үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус бүр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах Б.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Б- хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Б.Б-гээс 50.060.000 төгрөг гаргуулж, Д.Г-т олгохоор шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01357 дугаар шийдвэрийг биелүүлэх явцдаа төлбөр төлөгч төлбөрөө сайн дураар биелүүлээгүй гэж үзэн барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн, 3-р хороо, Үйлдвэр /17060/ Үйлдвэрийн гудамжны 29А байрны 7 тоотод байрлах 44.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг  төлбөрт хураан ажиллагаа явуулжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд буюу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар анхны дуудлага худалдааны доод үнийн талаар тохиролцоогүйгээс шинжээч томилсон, шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 69.300.000 төгрөгийн 70 хувиар анхны дуудлага худалдааны доод үнийг зарлаж, энэ талаар нэхэмжлэгч Б.Б-д  мэдэгдсэн байна. Энэ ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шинжээч дүгнэлт гаргахдаа хөрөнгийг олон улсын болон үндэсний стандарт, аргачлалын дагуу хандлагын, орлогын, зах зээлийн аргуудыг харьцуулан, үнэлэгдэж буй объектын байршил, үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлсон, бусад нийтэд зар гаргаж худалдаалагдаж байгаа ижил төстэй орон сууцны үнийн харьцуулалт хийсэн байна.

Хэргийн баримтаас үзвэл, үнэлгээ тогтоосон ажиллагаанаас хойш анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явагдаж, улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдсон нь тогтоогдсон, эдгээр ажиллагааны талаар нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч үнэлгээ тогтоосон мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч интернетээс татаж авсан гэх өөрийн орон сууцны ойр орчмын байрны худалдах зар нотлох баримтаар өгснийг шүүх хүлээн авсан байна. Харин тухайн нотлох баримтыг шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн энэ талаар шийдвэртээ дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй.

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01021 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар  сарын 24-ний өдрийн 1197 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Б.Б- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ