Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1145

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/01094 дүгээр шийдвэртэй,       

Нэхэмжлэгч Л.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч” “М-”” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 84 806 739 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я- нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Намъянжүгийн гудамжинд баригдаж буй M Square худалдаа, үйлчилгээний төвийн 4 дүгээр давхарт 4А-76 тоот 5.795 мкв талбайг худалдаж авахаар 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “М-” ХХК-тай худалдааны талбай худалдах, худалдан авах №14/25 дугаар бүхий гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 11 130 ам доллар буюу 1.796 ханшаар 19 989 480 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 21 000 ам доллар буюу 1 808 ханшаар 37 968 000 төгрөг нийтдээ 57 957 480 төгрөг бэлнээр бүрэн төлсөн. Гэрээний 5.1, 7.1-д заасны дагуу барилгыг 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл буюу 2018 оны 4 дүгээр улирал хүртэл нийт 3 жил хүлээлээ. Бидний хувьд хохиролтой, цаашид барилга баригдахыг хүлээхгүй тул гэрээг цуцалж, дээрх төлсөн 57 957 480 төгрөгийг гэрээний 7.1-д заасны дагуу торгуулийн 115 915 төгрөгийг, 57 957 480 төгрөгийг тухайн үед ам.долларын ханш 1 796, 1 808 төгрөг тус тус тооцож нийт 32 130 ам.долларыг төлсний бодит хохирол болох ханшийн зөрүүнд 2018 оны 12 дугаар сарын Монгол банкны ханшаар 32 130 ам доллар 2 635,88 төгрөгөөр тооцож 84 690 824 төгрөг гэж бодоход 26 733 344 төгрөгийн хохирол учирсан. Иймд “М-” ХХК-аас 84 806 739 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М-” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компанийн хэрэгжүүлж буй M Square худалдааны төвийн 4-р давхрын 4А-76 тоот 5,975 м2 талбайг 1 м2-ийг нь 5 544 ам доллартай тэнцэх монгол төгрөг буюу 57 957 480 төгрөгийг тушааж иргэн Л.Б- нь манай компанитай харилцан тохиролцож, талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчимд тулгуурлан өөрсдийнхөө хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гэрээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрснөөр 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Худалдааны талбай худалдах,худалдан авах гэрээ- 14/25 тоот гэрээг байгуулсан. Манай компани нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь ажил гүйлгээгээ нягтлан бодох бүртгэлд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, мөнгөөр хөтөлнө” гэж дагуу талбайн төлбөрийг үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар ам.долларыг монгол төгрөгөөр тооцож авдаг. Гэрээнд М-Sqиаге Худалдаа үйлчилгээний төвийг 2015 оны 2-р улиралд ашиглалтад оруулахаар тусгасан боловч Монгол улсад үүссэн эдийн засгийн хямралаас шалтгаалж зээл, хөрөнгө оруулалт саатаж, зогсолтгүй ажилласаар 80%-ийн гүйцэтгэлд хүргэж ашиглалтад оруулахаар шамдан ажиллаж байна. Иймд иргэн Л.Б- та манай компаний борлуулалтын хамгийн анхны үнээр, хамгийн сайн давхарт, хамгийн ашигтай талбайг авсан байгаагаа ахин нэг бодож төдийгөөс өдий хүртэл хүлээчихээд буцааж мөнгөө авснаас ашиглалтад оруулсны дараа борлуулбал худалдан авсан төлбөрөө хэд дахин нөхөх боломж байгааг анхааран талбайгаа өөртөө үлдээхийг санал болгож байна. “М-” ХХК нь нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжилсэн 32 130 ам доллар, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 19 989 480 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 37 968 000 төгрөг тушаасан бэлэн мөнгөний баримттай нийт 57 957 480 төгрөг тушаасан бөгөөд манай компани нэг ч ам.доллар аваагүй тул ам.долларийн ханшийн зөрүүг манай байгууллага бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Л.Б-ийн нэхэмжлэлээс ам долларийн ханшийн зөрүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М-” ХХК-аас 86 806 739 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б-од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581.990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 581 983 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлд "...хуульд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, нотлох баримтыг шалгуулах. шударга шүүхээр шүүлгэх. шүүхийн шийдвэрийг давж заалдах" эрхийг баталгаатай эдэлж гэсэн эх сурвалжийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161, 162 зүйлд заасныг баримтлан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн №101/ШШ2019/01094 шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 зүйлд заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй нэхэмжлэгч тал гэрээний төлбөрийг бодит байдалд мөнгөөр төлсөн байхад долларын ханшийн зөрүү тооцож ам.доллараар төлбөр тооцоо хийсэн болгож гадаадын мөнгөн тэмдэгтийг төлбөр тооцооны хэрэглээнд оруулсан илт хууль зөрчсөн хууль бус шийдвэрийг хариуцагч талын хувьд эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан "Худалдааны талбайг худалдах, худалдан авах гэрээ"нд нийт талбайн үнэ 32 130 ам доллар гэж заасан боловч нэхэмжлэгч тал төлбөрөө төлөхдөө Монгол төгрөгөөр нийт 57 957 480 төгрөгийг бэлнээр төлсөн бөгөөд нэхэмжлэгч тал ам долларыг бидэнд өгөөгүй. манай компани хэзээ ч нэхэмжлэгч талаас бэлэн ам доллар аваагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр маргааны үйл баримтын бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан явдал нь нэг талаар нотлох баримтуудыг буруу үнэлсэн нөгөө талаар 1адаадын мөнгө тэмдэгтээр төлбөр тооцоог гүйцэтгэхийг хориглосон хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Тодруулбал; Хавтас хэргийн материалд байгаа нотлох баримтуудад нэхэмжлэл тал гадаад валют, ам.доллараар төлбөр төлсөн, тооцоо хийсэн гэсэн нэг ч баримт нотолгоо байхгүй бөгөөд харин 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бэлнээр 19 989 480 төгрөгийг төлсөн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 37 968 000 төгрөгийг бэлнээр төлсөн байхад хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч гадаад валютын ханшийн зөрүүг хөрвүүлэн бодож тооцож шийдэж байгаа нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх 1ухай хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг дагаж мөрдөөгүй, энэхүү хуулийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж хариуцагч талын хувьд үзэж байна. Товчхондоо гэвэл: Нэхэмжлэгч талын Үндэсний мөнгөн тэмдэг Монгол төгрөгөөр төлсөн гэрээний төлбөрийг хариуцагч тал гадаад валютын ханшийн лавлагаагаар төлөх нь хууль шударга ёсонд яагаад ч нийцэхгүй бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулсан гэрээнд гадаад валют ам.долларыг төлбөрийн хэрэгсэл болгож байгаа нь дээр дурдсан хуулиар хориглосон бөгөөд Иргэний хуулинд зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэдэг тул мөнгөн төлбөрт мөнгөний ханшийг тооцож болохгүй. учраас Монгол төгрөгөөр төлсөн төлбөрийг Монгол төгрөгөөр нь буцааж өгөх ёстой бөгөөд гадаад валютаар төлбөр тооцоо хийхийг хуулиар хориглосон байхад валютын ханшийн лавлагаанд тулгуурласан нэхэмжлэлийн шаардлага шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй билээ. Хууль зүйн дүр зургийн талаар: Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт "Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ." Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдгээр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа ажил, үилчилгззнин үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино." Энэ хуулийн 4 зүйлд: "Үндэсний мөнгөн тэмдэгтийн хэрэгдээ." Мөн хуулийн 4.1 зүйлд: "Бараа. ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно." Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.2 зүйлд: "Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага ажил гүйлгээний үндэсний мөнгөн тэмдэгтээр бүртгэж тайлагнана." Эцэст нь: Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг дагаж мөрдөөгүй, хэрэгжүүлээгүй анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын 58 073 395 төгрөгийг хангаж шийдвэрлэж хууль шударга ёсыг хэрэгжүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 84 806 739 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч “М-” ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэгч нь нийт 57 957 480 төгрөг тушаасан бөгөөд манай компани нэг ч ам.доллар аваагүй учраас ам.долларын ханшийн зөрүүг зөвшөөрөхгүй гэж маргажээ./хэргийн 1-2, 42-43 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч гэрээний дагуу 57 957 480 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

            Хэрэгт 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн худалдааны талбай худалдах, худалдан авах 14/25 дугаартай гэрээ авагдсан байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, M square худалдаа үйлчилгээний төвийн 4 давхарт 5 795 м.кв талбайг 32 130 ам доллараар худалдан авах, хариуцагч уг талбайг 2015 оны 02 дугаар улиралд ашиглалтад оруулахаар харилцан тохиролцжээ./хэргийн 5-8 дугаар тал/ Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Дээрх гэрээний дагуу худалдан авагч буюу нэхэмжлэгч нь 32 130 ам.долларыг тухайн өдрийн ханшаар тооцож төгрөгт шилжүүлэн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 19 989 480 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 12-ны өдөр 37 968 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна. /хэргийн 9, 44-46 дугаар тал/

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаан авах, түүнчлэн хохирол гаргуулах гэсэн 2 агуулгатай байна. “Талуудын хооронд байгуулагдсан худалдааны талбай худалдах, худалдан авах гэрээний 5.1, 7.1-д заасны дагуу барилгыг 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтанд оруулна гэсэн боловч 2018 оны 4 дүгээр улирал хүртэл нийт 3 жил хүлээсэн, цаашид барилга хэзээ баригдаж дуусах нь тодорхойгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч компанид гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй гэж үзнэ. Иймээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн учраас гэрээнээс татгалзах, мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсаны үр дагавар болгож, гэрээний дагуу шилжүүлэн өгсөн зүйлээ буцаан шаардах эрхтэй.

 

            Талууд гэрээний үнийн хэмжээг ам.доллараар тохиролцсон боловч Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Учир нь талууд ам.доллараар тогтоосон төлбөрийг тухайн үүрэг гүйцэтгэх өдрийн төгрөгт шилжүүлэн гүйцэтгэхээр дээрх гэрээний 2.3 дахь хэсэгт тохиролцсон болон мөнгө шилжүүлсэн баримтандаа мөн энэ талаар тусгасан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

            Иймд нэхэмжлэгчийн хувьд гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханшаар тооцон 84 690 824 төгрөгийг буцаан шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, ам.доллараар тооцсон төлбөрийг төгрөгөөр тооцон гүйцэтгэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханшаар тооцон буцаан шаардаж байгаа зөрүүг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохиролд тооцохгүй. Түүнчлэн, шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1-д “...гэрээний үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх торгууль төлнө” гэж заасны дагуу 115 915 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу. Учир нь гэрээнээс бүхэлд нь татгалзаж байгаа тохиолдолд татгалзаж байгаа гэрээний заалтыг үндэслэн торгууль шаардах эрхгүй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/01094 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М-” ХХК-иас 84 690 824 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-од олгож, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 115 915 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “581 990 төгрөг” гэснийг “581 404” төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 163 980 төгрөгөөс 581 990 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 581 990 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ 

 

                                   ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

 

                                                С.ЭНХТӨР