Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2019/01094

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 15 өдөр         Дугаар 101/ШШ2019/01094             Улаанбаатар хот

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Н хотхон 0 тоотод оршин суух,  овогт Л.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Н-53 тоотод байрлах, “М” ХХК-д холбогдох,

  

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 84.806.739 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., хариуцагчийн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

  ТОДОРОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Л.Б би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Намянжүгийн гудамжинд баригдаж буй “M Square” худалдаа, үйлчилгээний төвийн 4 дүгээр давхарт 4А-76 тоот 5.795 мкв талбайг худалдаж авахаар 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “М” ХХК-тай худалдааны талбай худалдах, худалдан авах №14/25 дугаар бүхий гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 11.130 ам доллар буюу 1.796 ханшаар 19.989.480 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 21.000 ам доллар буюу 1.808 ханшаар 37.968.000 төгрөг нийтдээ 57.957.480 төгрөг бэлнээр бүрэн төлсөн.

Гэрээний 5.1, 7.1-д заасны дагуу барилгыг 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл буюу 2018 оны 4 дүгээр улирал хүртэл ний 3 жил хүлээлээ. Бидний хувьд хохиролтой, цаашид барилга баригдахыг хүлээхгүй тул гэрээг цуцалж, дээрх төлсөн 57.957.480 төгрөгийг гэрээний 7.1-д заасны дагуу торгуулийн 115.915 төгрөгийг, 57.957.480 төгрөгийг тухайн үед ам долларын ханш 1.796, 1.808 төгрөг тус тус тооцож ний 32.130 ам долларыг төлсний бодит хохирол болох ханшийн зөрүүнд  2018 оны 12 дугаар сарын Монгол банкны ханшаар 32.130 ам доллар 2.635,88 төгрөгөөр тооцож 84.690.824 төгрөг гэж бодоход 26.733.344 төгрөгийн хохирол бидэнд бодитоор учирсан байна.

Иймд “М” ХХК-иас 84.806.739 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Л.Б Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Намъяанжүгийн гудамжинд барьж байгаа худалдаа үйлчилгээний төвд 5.795 м.кв талбайг худалдан авахаар 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “М” ХХК-тай худалдааны талбай талбай худалдан авах гэрээ байгуулсан. Ийнхүү худалдан авах гэрээгээ 32.130 ам.долларын үнэтэй гэрээ байгуулж, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 11,130 ам.доллар, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 21.000 ам.доллар төлж гэрээнд заасан нийт талбайн үнэ болох 32.130 ам.долларыг төлж захиалгаа өгсөн. Гэвч 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл огт энэ ажиллагаа хийгдээгүй. Иймд гэрээгээ цуцлаад, төлсөн төлбөрөө бодит хохирол болох ханшийн зөрүүтэй нэхэж байгаа юм. 32.130 ам.доллар буюу 57.957.480 төгрөг төлсөн. 32.130 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргаж үед хохирлоо гаргахын тулд Монгол банкнаас лавлагаа авахад 2.635.88 төгрөг байсан ба энэ дүнгээр тооцоход 84.690.824 төгрөг болж байгаа. Үүнээс монгол мөнгөөр төлсөн 57.957.480 төгрөгөө хасахад зөрүү нь 26.733.334 төгрөгийн хохирол гарч байгаа. Гэрээний 7.1-д торгууль төлөхөөр заасны дагуу 117,915 төгрөг нийт 84.806.739 төгрөг болж байна. Энэ мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.. гэв.

 

Хариуцагч “М” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Манай компанийн хэрэгжүүлж буй “M Square” худалдааны төвийн 4-р давхрын 4А-76 тоот 5,975 м2 талбайг 1 м2-ийг нь 5.544 ам доллартай тэнцэх монгол төгрөг буюу 57.957.480 төгрөгийг тушааж иргэн Л.Б нь манай компанитай харилцан тохиролцож, талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчимд тулгуурлан өөрсдийнхөө хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гэрээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрснөөр 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Худалдааны талбай худалдах,худалдан авах гэрээ”- 14/25 тоот гэрээг хийсэн юм. Манай компани нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь ажил гүйлгээгээ нягтлан бодох бүртгэлд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, мөнгөөр хөтөлнө гэсний дагуу талбайн төлбөрийг үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар ам долларыг монгол төгрөгөөр тооцож авдаг.

Гэрээнд “М-Sqиаге” Худалдаа үйлчилгээний төвийг 2015 оны 2-р улиралд ашиглалтад оруулахаар тусгасан боловч Монгол улсад үүссэн эдийн засгийн хямралаас шалтгаалж зээл, хөрөнгө оруулалт саатсанаас Монгол улсын барилгын салбар зогсонги байдалд байхад манай компани барилгын улиралдаа зогсолтгүй ажилласаар 80%-ийн гүйцэтгэлд хүргэж ашиглалтад оруулахаар шамдан ажиллаж байна. Бид хүнийг санаатай хохироосон асуудал байхгүй улс орны эдийн засгийн байдал, нийгэм даяараа хямарснаас болж барилгын явц удааширсан нь үнэн тэхдээ манай худалдааны төвийн талбайн үнэ нь цаг хугацаагаар өсч байгаа одоо 1 м2 талбайн үнэ 8000 ам доллартай тэнцэх монгол төгрөгөөр худалдаалж байна. Ашиглалтад ороход Баялаг Ундраа, Дүнжингарав худалдааны төвүүдтэй адилхан 1 м2 нь 10,000 ам доллартай тэнцэх монгол төгрөгөөр зарагдах юм

Иймд иргэн Л.Б та манай компаний борлуулалтын хамгийн анхны үнээр, хамгийн сайн давхарт, хамгийн ашигтай талбайг авсан байгаагаа ахин нэг бодож төдийгөөс өдий хүртэл хүлээчихээд буцааж мөнгөө авснаас (худалдааны талбайн үнэ ямар ч өндөр хүүтэй хадгаламжид байснаас илүү ашигтайгаар цаг хугацаагаар үнэ нь өсч байдаг үл хөдлөх хөрөнгө) тул ашиглалтад оруулсны дараа борлуулбал худалдан авсан төлбөрөө хэд дахин нөхөх боломж байгааг анхааран талбайгаа өөртөө үлдээхийг санал болгож байна.

“М” ХХК нь нэхэмжлэгч Л.Бийн нэхэмжилсэн 32,130 ам доллар, 1. 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 19,989,480 төгрөг тушаасан бэлэн мөнгөний баримттай 2. 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 37,968,000 төгрөг тушаасан бэлэн мөнгөний баримттай нийт 57,957,480 төгрөг тушаасан бөгөөд манай компани нэг ч ам доллар аваагүй тул ам долларийн ханшийн зөрүүг манай байгууллага бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “М” ХХК-д 2014 оны 04 сарын 28-ны өдөр 11130 ам доллар төлсөн гэдэг. Үүнийг дараах тайлбараар эсэргүүцэж байна. Л.Б 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 19,989,480 төгрөгийг манай санхүүд тушааж бэлэн мөнгөний баримтыг үйлдэн мөнгө тушаагч Л.Б гарын үсэгээ зурж баталгаажуулсан байдаг. (Өдрийн ханш 1796 төгрөг буюу 11130 ам доллартай тэнцэх монгол төгрөг “М” ХХК-д 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 21000 ам доллар төлсөн гэдэг. Үүнийг дараах тайлбараар эсэргүүцэж байна. Л.Б 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай оффисст ирж 37,968.000 төгрөгийг манай санхүүд тушааж бэлэн мөнгөний баримтыг үйлдэн мөнгө тушаагч Л. Б гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. (Өдрийн ханш 1808 төгрөг буюу 21000 ам доллартай тэнцэх монгол төгрөг)

Иймд Л.Бийн нэхэмжлэлээс ам долларийн ханшийн зөрүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд эрх зүйн харилцаа үүсч гэрээ байгуулагдсан. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас бодитой төлсөн төлбөр болох 57.957.480 төгрөг, 0,2 хувийн торгууль болох 115.915 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. 58.073.395 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Үлдэх хэсэг болох 26.733.334 төгрөгт ноогдох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй. Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжийг 57.957.480 төгрөгөөр төлсөн. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн хэмжээндээ нэхэмжлэлийн шаардлага байх ёстой. Тиймээс 84000.000 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй учир төлөгдсөн хэмжээнд нь буюу 58.073.395 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжтой гэж үзэж байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 84.806.739 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Зохигчдын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр худалдааны талбай худалдах, худалдан авах , дугаартай гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, “M ” худалдаа үйлчилгээний төвийн 4 давхарт 5,795 м,кв талбайг 32130 ам доллараар худалдан авахаар тохирчээ. /хх-ийн 5 дугаар тал/

 

Худалдан авагч гэрээний дагуу 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 19.989.480 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 37.968.000 төгрөгийг төлсөн, худалдагч үйлчилгээний төвийн талбайг 2015 оны 02 дугаар улиралд ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон байна.

 

Л.Б худалдах, худалдан авах гэрээний дагуу үүргээ биелүүлж 32.130 ам долларыг 2014 оны 04 дүгээр сарын 28, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ам долларын ханшид хөрвүүлж, 57.957.480 төгрөгийг “М” ХХК шилжүүлсэн, хариуцагч компани Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Л.Б гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар гэрээний үнийг шаардах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа 57.957.480 төгрөг, торгууль 115.915 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин ам долларын зөрүү 26.733.344 төгрөг нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 84.806.739 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 581.990 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдож байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарласнаар нэхэмжлэгчийг тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэх байдал тогтоогдохгүй байна. 

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар ам долларын ханшийн зөрүүг гэрээнээс татгалзсаны хохирол 26.733.344 төгрөг гэж Л.Б нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд гэрээний 2.3-т төлбөр тооцоог тухайн өдрийн ам долларын ханшаар тооцож төгрөгөөр хийж болохыг дурдсан байгаа тул уг хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1-д “...гэрээний үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх торгууль төлнө” гэж заасны дагуу хохирол 115.915 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч “М” ХХК-иас 84.806.739 төгрөг гаргуулан Л.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581.990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 581.983 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 227 дугаар зүйлийн 227.3.-т зааснаар хариуцагч “М” ХХК-иас 86.806.739 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581.990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 581.983 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО