Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00191

 

 

Л.Болдын нэхэмжлэлтэй

                       иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/01094 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1145 дугаар магадлалтай,

 

Л.Болдын нэхэмжлэлтэй,

Мэргэн Девелопмент ХХК-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 84.806.739 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Алтанбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ж.Алтанбилэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Болд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Намянжүгийн гудамжинд баригдаж буй M Square худалдаа, үйлчилгээний төвийн 4 дүгээр давхарт 4А-76 тоот 5.795 мкв талбайг худалдаж авахаар 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Мэргэн девелопмент ХХК-тай худалдааны талбай худалдах, худалдан авах №14/25 дугаар бүхий гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 11.130 ам доллар буюу 1.796 ханшаар 19.989.480 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 21.000 ам доллар буюу 1.808 ханшаар 37.968.000 төгрөг нийтдээ 57.957.480 төгрөг бэлнээр бүрэн төлсөн. Гэрээний 5.1, 7.1-д заасны дагуу барилгыг 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл буюу 2018 оны 4 дүгээр улирал хүртэл ний 3 жил хүлээлээ. Бидний хувьд хохиролтой, цаашид барилга баригдахыг хүлээхгүй тул гэрээг цуцалж, дээрх төлсөн 57.957.480 төгрөгийг гэрээний 7.1-д заасны дагуу торгуулийн 115.915 төгрөгийг, 57.957.480 төгрөгийг тухайн үед ам долларын ханш 1.796, 1.808 төгрөг тус тус тооцож нийт 32.130 ам долларыг төлсний бодит хохирол болох ханшийн зөрүүнд 2018 оны 12 дугаар сарын Монгол банкны ханшаар 32.130 ам доллар 2.635,88 төгрөгөөр тооцож 84.690.824 төгрөг гэж бодоход 26.733.344 төгрөгийн хохирол бидэнд бодитоор учирсан байна.

Иймд Мэргэн девелопмент ХХК-иас 84.806.739 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Мэргэн девелопмент ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компанийн хэрэгжүүлж буй M Square худалдааны төвийн 4-р давхрын 4А-76 тоот 5,975 м2 талбайг 1 м2-ийг нь 5.544 ам доллартай тэнцэх монгол төгрөг буюу 57.957.480 төгрөгийг тушааж Л.Болд нь манай компанитай харилцан тохиролцож, 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Худалдааны талбай худалдах,худалдан авах гэрээ- 14/25 тоот гэрээг хийсэн. Манай компани нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу талбайн төлбөрийг үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар ам долларыг монгол төгрөгөөр тооцож авдаг. Гэрээнд М-Sqиаге Худалдаа үйлчилгээний төвийг 2015 оны 2-р улиралд ашиглалтад оруулахаар тусгасан боловч Монгол улсад үүссэн эдийн засгийн хямралаас шалтгаалж зээл, хөрөнгө оруулалт саатсанаас Монгол улсын барилгын салбар зогсонги байдалд байхад манай компани барилгын улиралдаа зогсолтгүй ажилласаар 80%-ийн гүйцэтгэлд хүргэж ашиглалтад оруулахаар шамдан ажиллаж байна. Л.Болд 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 19,989,480 төгрөгийг манай санхүүд тушааж бэлэн мөнгөний баримтыг үйлдэн мөнгө тушаагч Л.Болд гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. (Өдрийн ханш 1796 төгрөг буюу 11130 ам доллартай тэнцэх монгол төгрөг Мэргэн Девелопмент ХХК-д 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 21000 ам доллар төлсөн гэдэг. Үүнийг дараах тайлбараар эсэргүүцэж байна. Л.Болд 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай оффисст ирж 37,968.000 төгрөгийг манай санхүүд тушааж бэлэн мөнгөний баримтыг үйлдэн мөнгө тушаагч Л. Болд гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. (Өдрийн ханш 1808 төгрөг буюу 21000 ам доллартай тэнцэх монгол төгрөг) Иймд Л.Болдийн нэхэмжлэлээс ам долларын ханшийн зөрүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/01094 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 227 дугаар зүйлийн 227.3.-т зааснаар хариуцагч Мэргэн Девелопмент ХХК-иас 86.806.739 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Болдод олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581.990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 581.983 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1145 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/01094 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мэргэн Девелопмент ХХК-иас 84.690.824 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Болдод олгож, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 115.915 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын 581.990 төгрөг гэснийг 581.404 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.163.980 төгрөгөөс 581.990 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 581.990 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Алтанбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2019/01094 шийдвэр мөн Нийслэлийн Иргэний Хэргийн Давж заалдах Шатны Шүүхийн 1145 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Л.Болд нь 2014 оны 4 сарын 28 өдөр манай компанийн хэрэгжүүлж буй МSquаге Худалдаа үйлчилгээний төвөөс Худалдааны талбайн худалдах, худалдан авах 14/25 тоот гэрээгээр 5,795 м2 талбайг 32.130 ам доллартай тэнцэх Монгол төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийж 2 удаа Монгол төгрөгөөр төлбөрөө төлсөн юм. 2014-04-28 өдөр бэлэн мөнгөний орлогын баримтаар 19,989,480 төгрөг тушааж гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. 2014-05-12 өдөр бэлэн мөнгөний орлогын баримтаар 37,968,000 төгрөг тушааж гарын үсэг зурж баталгаажуулж нийт 57,957,480 төгрөг тушаасан юм. Манай компани нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу зөвхөн Монгол төгрөгөөр төлбөр тооцоог хийдэг. Иймд манай компани зөвхөн Монгол төгрөгөөр нийт 57.957.480 төгрөгийг бэлнээр авсан тул нэхэмжлэгч талын нэхэмжлээд байгаа ам долларыг бидэнд өгөөгүй. Нэхэмжлэгч талын Үндэсний мөнгөн тэмдэг Монгол төгрөгөөр төлсөн гэрээний төлбөрийг хариуцагч тал гадаад валютын ханшийн лавлагаагаар төлөх нь хууль шударга ёсонд яагаад ч нийцэхгүй. Иргэний хуулийн 217 зүйлийн 217.1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйл, 4.1, 4.4, 7 дугаар зүйлийн 7.2, 217 дугаар зүйл 217.1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх хуулийн 4.1 зүйлд заасныг дагаж мөрдөж, хэрэгжүүлээгүй анхан шатны шийдвэр болон давж заалдах шатны магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ханган шийдвэрлэж хууль шударга ёсыг хэрэгжүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Л.Болд нь Мэргэн Девелопмент ХХК-д холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 84.806.739 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх Мэргэн Девелопмент ХХК-с 84.806.739 төгрөг гаргуулж Л.Болдод олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Алтанбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... гэжээ.

 

 

Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх ба магадлал хүчинтэй болсноос хойш түүний агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсгээ зурна.

 

Нэхэмжлэгч Л.Болдын нэхэмжлэлтэй хариуцагч Мэргэн Девелопмент ХХК-д холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхэд оролцсон нэг шүүгч магадлалд гарын үсэг зураагүй байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 167 дугаар зүйлийн 167.1, 167.4, 168 дугаар зүйлийн 168.1.5-т нийцээгүй гэж үзнэ.

 

Хэргийн оролцогч оролцож байгаа бол давж заалдах шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т заасан, давж заалдах шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зураагүй нь хуульд нийцээгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1145 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 581.990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД