Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1203

 

 

 

 

 

 

 

 

 

Х.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01008 дугаар шийдвэртэй, Х.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Ц-, Ж.Н- нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 13 899 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Х.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн болон өөрчилсөн шаардлага, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие Л.Ц-ын хүсэлтээр 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 4 000 000 төгрөгийг нэг жилийн хугацаагаар, сар бүр 6 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Гэвч одоо болтол үндсэн мөнгө, хүү, алдангиа өгөхгүй байгаа учир Л.Ц-аас зээлүүлсэн мөнгө болон зээлийн хүүгийн төлбөрт 11 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Би гэрээнд заасны дагуу 0,5 хувийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар буюу 2 000 000 төгрөг нэмж, 13 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн мөнгийг хамт авсан Ж.Н-г хамтран хариуцагчаар татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар өөрчилсөн. Үүнд, анх зээлсэн 4 000 000 төгрөг, зээлийн хүү сарын 6 хувь буюу 12 сарын 70 хувийн хүү 2 880 000 төгрөг, гүйцэтгээгүй дүнгийн 50 хүртэл хувийн алданги 3 440 000 төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан хэтрүүлсэн хугацаанд тохирох хүү 1 579 200 төгрөг, Ж.Н-гийн үндсэн мөнгөө өгөхдөө хамт буцааж өгнө гэж авсан 2,000,000 төгрөг, бүгд 13 899 200 төгрөгийг хариуцагч нараас шаардаж байна. Иргэний хуулийн 222.5 дахь хэсэгт заасан хүүг үндсэн 4 000 000 төгрөгөөс арилжааны банкны бараг хамгийн бага хүү болох 1,8 хувиар тооцож, гэрээ дууссан 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 21 сар 28 хоногт тохирохоор бодсон. Анх гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн болон өөрчилсөн шаардлагыг нэгтгэн дүгнэвэл: би Л.Ц-, Ж.Н- нарт 6 000 000 төгрөг өгсөн. Үүнээс 4 000 000 төгрөгт нь хүү, алданги тооцохоор бичгээр гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу нэхэмжилж байгаа. 2 000 000 төгрөгийн хувьд хүүг нь өгнө гэсэн боловч бичгээр гэрээ байгуулаагүй учир хүү, алдангигүй үндсэн мөнгөөр нь нэхэж байгаа. Ингээд үндсэн зээл 6 000 000 төгрөг, бичгээр гэрээ байгуулсан 4 000 000 төгрөгийн хүү 2 880 000 төгрөг болж, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон. Хан-Уул дүүргийн Иргэний шүүхээр шийдсэн 4 000 000 төгрөг гээд яриад байгаа. Тэр шийдвэр бол Ж.Н-гийн Хаан банкны дансанд н.Минжүүр, н.Мөнхтогтох, н.Тамир нарын данснаас орсон 6 000 000 төгрөгийн асуудлыг шийдсэн. Энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй юм. Өнөөдрийн хувьд Б.Тамираас хариуцагч Ж.Н-гийн Голомт банкны дансанд 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 6 000 000 төгрөгийн талаарх асуудал юм. Би гэрээ хийсэн, миний өмнөөс гуравдагч этгээд мөнгө шилжүүлсэн, тэр мөнгөө л авах гээд байна. Ж.Н-гийн Голомт банкны дансанд шилжүүлсэн мөнгө Хан-Уул дүүргийн шүүхийн хэрэгтэй хамааралгүй. Л.Ц-д бол гэрээ байгуулах үед бэлнээр 4 000 000 төгрөгийг өгөөгүй. Ж.Н- 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б.Тамираас мөнгө авчихлаа гэхээр нь би хотод орж ирээд, 9 дүгээр сарын 10-ны өдөр 100 айлд байдаг нотариат ороод, Л.Ц-тай гэрээ байгуулаад, тэр мөнгөө яах уу? гэж асуухаар нь бэлэн өгч байгаа гэж хэлэхэд нотариатчын дэргэд бэлнээр өгсөн гэж бичсэн. Тэгээд Ж.Н- чамд өгчихнөө гэсэн. Тухайн үед Ж.Н- манай дүү өөрийнхөө дансаар мөнгө авч болохгүй, би Б.Тамираас авсан мөнгөө Л.Ц-д өгнө гэсэн. Зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг холбогдох зээлийн хүү, алданги, хугацаа хэтрүүлсний хүүгийн хамт Л.Ц-, Ж.Н- хоёулангаас нь нэхнэ, 2 000 000 төгрөгийг нь Ж.Н-гаас нэмж нэхнэ гэжээ.

 

Хариуцагч Л.Ц- шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээнд дурдсан 4 000 000 төгрөгийг бэлнээр болон дансаар огт хүлээж аваагүй тул нэхэмжлэлийг хариуцахгүй. Энэ мөнгийг Ж.Н- гэдэг хүн зээлж авсан. Энэ хүн мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Х.М-ын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь огт үндэслэлгүй байна. Гэрээний барьцаанд газрын гэрчилгээ тавихаар тохирсон. Гэтэл нотариатч газрын гэрчилгээ барьцаанд тавьж болохгүй, та нар сайн асуугаарай гэсэн. Би газрын албан дээр очоод, газрын гэрчилгээг барьцаанд тавьж болохгүй гэж мэдээд, Ж.Н- эгчид мөнгө авахаа болилоо гээд нөгөө хүндээ хэлчихээрэй гэж хэлсэн. Үүнээс өмнө гэрээ хийж байх үед мөнгөө хэзээ өгөх вэ гэж Х.М-аас асуухад газрын гэрчилгээгээ тавьж болох эсэхийг мэдчих, би хүмүүсээс мөнгөө аваад өгнө гэж хэлсэн. Таньдаг хүн байсан учраас тухайн үед гэрээ хийсэн. Тэр үедээ ч мөнгөө аваагүй. Барьцаанд газрын гэрчилгээг тавиагүй учир болилоо гэж бодоод явж байсан. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би хүүгээ аваад эмнэлэгт хэвтээд, 27-ны өдөр гарсан. Эмнэлгээс гарахаас өмнө Х.М- манай нөхөртэй утсаар яриад танай эхнэр мөнгө зээлсэн, 20 гаруй сая төгрөг төлөх ёстой гэж нэхсэн байсан. Тэгээд нөхрийг очиж уулзахад тэр гэрээний талаар хэлээд явуулсан байсан. Ж.Н- нь манай нөхрийн ээжийн дүү юм. Энэ зээлийн талаар өөрөө мөнгийг нь аваад хэрэглэчихсэн гэж манай нөхөрт хэлсэн байсан. Хүүгийн бие муу байсан учир надад хэлээгүй, би эмнэлгээс гараад л энэ талаар мэдсэн. Нөхөр надад Норовоо эгч мөнгийг нь аваад хэрэглэсэн байна гэж хэлсэн. Манай нөхөрт хэлэхдээ эхлээд 8 000 000 төгрөг авсан, дараа нь 4 000 000 төгрөг авсан нь үнэн. Чи мөнгийг нь аваагүй юм чинь би төлнө гэсэн байсан. Х.М-ад би мөнгийг чинь аваагүй учраас Ж.Н-гаас нэх гэж хэлэхэд чамтай гэрээ хийсэн учир шүүхэд өгөх гэж байна гэснийг нь би шүүхэд өгөөд үнэн мөнийг нь шийдүүл гэсэн. Зээлийн гэрээ байгуулаад, гэрээ хийсэн хүнийхээ гар дээр мөнгө нь очиж байж гэрээ хүчин төгөлдөр болдог байх гэж бодож байна. Хэрвээ гэрээ байгуулахад би мөнгө авсан бол гэрээ хүчин төгөлдөр болох байсан. Би танай эгч рүү мөнгө хийсэн, чи авсан уу? мөнгөө яагаад өгөхгүй байнаа? гэж 3 жилийн хугацаанд юу ч ярьж байгаагүй байж, гэнэт 20 гаруй сая төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдээг надад хэлсэн. Авсан хүнтэй нь очоод уулзахад би аваад хэрэглэчихсэн, би төлнөө гэдэг зүйл хэлдэг. Би нэг ч төгрөг аваагүй, дамжуулж өгсөн гээд байгаа Ж.Н-гаас ч нэг ч төгрөг аваагүй учир би өөрийгөө хариуцагч биш гэж бодож байна. Мөнгө нь 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Ж.Н-гийн дансанд орсон байсан. Ямар учиртай мөнгө гэрээ хийхээс 1 хоногийн өмнө орсон юм мэдэхгүй. Би гэрээ хийж байгаа хүн өөрөө мөнгөө авах эрхтэй. Намайг мөнгө дансаар авах боломжгүй учир өөрийнхөө данс руу шилжүүлчих гэсэн гэж байна. Би өөрөө хувь данстай хүн. Энэ мөнгийг авах боломжгүй байна гэж байхгүй. Гэрээ байгуулахаас өмнө мөнгө орсон байгаад, гэрээ байгуулах үед надад Норовоо эгчийн чинь данс руу хийчихсэн, гараад аваарай гэж хэлсэн бол би авчихна. Нотариат дээр гэрээндээ бичүүлчихнэ. Та мөнгөө яаж шилжүүлэх вэ гэхэд хүмүүсээс мөнгө цуглуулаад өгнө гэсэн. Энэ хоёр хүний дунд би ажлаа алдаж хэлмэгдэж байна. Х.М- нь Ж.Н-д мөнгө өгсөн бол тэр хүнээсээ л нэхэмжилж намайг чөлөөл. Би хохирч байна. Л.Ц-ын дансанд орсон гэсэн нэг ч баримт нотолгоо алга. Энэ хүн надад мөнгө өгөөгүй нь ойлгомжтой байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Н- шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, түүний тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Минжмаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд гаргасан Х.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Аливаа зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд нэг талаас зээлдэгч, нөгөө талаас зээлдүүлэгч нарын хооронд байгуулагддаг. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг үндэслээд хариуцагч нараас төлбөр шаардаад байна. Энэ шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Маргаан бүхий зээлийн гэрээ нэг талаас Л.Ц-, нөгөө талаас Х.М- нарын хооронд байгуулагдсан. Гэрээний 5 дугаар зүйлд мөнгийг өгснөөр, бодитой шилжүүлснээр хүчин төгөлдөр болж баталгаажина гэж заасан байгаа. Зээлийн гэрээний гол нөхцөл нь зээлдэгч, зээлдүүлэгч нар үүргээ гүйцэтгэснээр энэ гэрээ хүчин төгөлдөр болдог. Х.М- 4 000 000 төгрөгийг Ж.Н-д шилжүүлсэн. Тэр мөнгийг Ж.Н- нь Л.Ц-д өгөөгүй. Ж.Н- энэ 4 000 000 төгрөгийг Х.М-аас түүнд 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр олгосон мөнгө байна гэж бодоод хэрэглэсэн байдаг. Уг зээлийн гэрээтэй холбоотой асуудал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн. Тэр хэрэгт гаргасан нэхэмжлэлээрээ 8 000 000 төгрөгийн гэрээ хийсэн боловч бодитоор Ж.Н-д 6 000 000 төгрөг шилжүүлсэн. Түүнд нь зохих хэмжээний мөнгөө төлөөд, хүү, алданги тооцоод, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Х.М-ад 4 828 000 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргаад, одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, мөнгө нь төлөгдөөд явж байгаа. Ж.Н-гийн хувьд Л.Ц-тай зээлийн гэрээ байгуулах үед хамт очсон нь үнэн ч, гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээний тал болж оролцоогүй. Б.Тамир гэдэг хүнээс Ж.Н- мөнгө авсан нь үнэн. Гэвч тэр мөнгө Х.М-ын мөнгө гэдэг нь тогтоогдохгүй, Б.Тамир гэх хүн өөрөө тусдаа нэхэмжлэл гаргаад мөнгөө нэхвэл татгалзахгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох ёстой. Ж.Н-гаас шаардаж буй нийт төлбөрийн 50 хувийг гаргуулахаар шаардахдаа зээлийн гэрээ, Голомт банкны дансны хуулга зэргийг үндэслэж нэхээд байна. Гэтэл зээлийн гэрээ 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Л.Ц-, Х.М- нарын хооронд байгуулагдсан. Мөнгө өгсөн, авсан асуудлын тухайд 3 000 000 төгрөгийг Б.Тамираар дамжуулж өгсөн, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн орлогоор нотлогдоно гээд байна. Гэвч Б.Тамир нь мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр хувийн шилжүүлэг гэчихсэн байдаг. Энэ хоёр хүний хооронд амаар тохирсон зээлийг татаж авч ирээд нэхээд байгаа нь үндэслэлгүй байна. Б.Тамир юу ч гэж хэлж болно. Юун дээр үндэслээд Х.М-ын мөнгө гээд байгааг нотлох баримт алга байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Н-гаас 6 000 000 /зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.М-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л.Ц-д холбогдох хэсэг болон илүү шаардсан 7 899 200 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Н-гаас 110 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.М-ад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01008 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Л.Ц-тай зээлийн гэрээ байгуулж 4 000 000 төгрөгийг 12 сарын турш сар бүрийн 6%-ийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.05%-ийн алданг тооцох нөхцөл тохирон бичгээр гэрээ байгуулж зээлүүлсэн. Гэтэл шүүхээс зөвхөн үндсээн мөнгө  болох 6 000 000 төгрөгийг Ш.Норовсамбуугаас гаргуулан олгуулхаар шийдвэрлэсэн нь үндсэслэлгүй юм. 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Л.Ц-ын эгч болох Ш.Норовсамбуу надаас 3 000 000 төгрөг авч түүнээ дүү Л.Ц-даа өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой байдаг. Гагцхүү тэд эгч дүүс үгсэн хуйвалдаж гэрээнд заасан хүү болон алдангаа төлөхгүй аргыг хэрэглэж шүүхэд худлаа тайлбар өгдөг. Иймд Л.Ц- Ш.Норовсамбуу нараас дээрхи 3 000 000 төгрөгний хүү 2 160 000 алданги 2 580 000 төгрөг бүгд нийлээд 13 740 000 төгрөгийг гаргуулан олгуулж өгнө үү. Харин 2015 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Ж.Н- Голомт банк 27/50/1158 тоот дансанд нь шилжүүлсэн 3 000 000 төгрөгнөөс хүү болон алданги тооцоогүй ба Иргэний хуулийн 222.5 дахь хэсэгт заасан хугацаа хэтрүүлсэний хүүг аль ч мөнгөнд тооцоогүй болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Х.М- нь хариуцагч Л.Ц-, Ж.Н- нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 13 899 200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1, 12, 166, 171-172 дугаар тал/

            Хариуцагч Л.Ц- нэхэмжлэгчтэй зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч зээлийн мөнгийг бодитоор хүлээж аваагүй, мөнгийг Ж.Н- авсан учир төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэж, харин хариуцагч Ж.Н- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ нь Х.М-, Л.Ц- нарын хооронд байгуулагдсан бөгөөд, нэхэмжлэгч Х.М-аас 4 000 000 төгрөг авсан нь үнэн. Уг гэрээтэй холбоотой маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн. Мөн түүний Голомт банк дахь дансаар гэрч Б.Тамираас шилжүүлсэн 3 000 000 төгрөг нь Х.М-ын мөнгө биш, мөнгө шилжүүлэхдээ хувийн шилжүүлэг гэх утгатайгаар шилжүүлж байсан учир энэ мөнгөө Б.Тамир тусдаа нэхэмжлэл гаргаад шаардах эрхтэй гэж тус тус тайлбарлажээ.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Х.М-, хариуцагч Л.Ц- нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 4 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлж, төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, зээлдэгч нь зээлийн гэрээний барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт уулын баруун хоолой, 7-223 тоот дахь 500 м.кв талбайтай, 20 000 000 төгрөгийн үнэ бүхий, Д.Цэцэн-Үжингийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2201031554 дугаартай газрыг барьцаалахаар харилцан тохиролцож зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ./хэргийн 4-5 дугаар тал/

 

            Дээрх зээлийн гэрээний 5-д “нотариатын хажууд бэлнээр төлсөн” гэж заасан байх боловч нэхэмжлэгч Х.М- нь хариуцагч Л.Ц-д зээлийн гэрээний дагуу 4 000 000 төгрөгийг шилжүүлээгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан нотариатч Б.Хандмаагийн “...миний хажууд бэлнээр хүлээлцээгүй. Бэлнээр мөнгө хүлээлцсэн бол би өөр нэг процедур хийдэг. Талууд мөнгийг хүлээлцэхээс өмнө гэрээг шивүүлдэг. Шивүүлэхдээ мөнгийг нотариатчийн хажууд өгч байгаа тохиолдолд заавал гэрээнд бичүүлдэг. ...Мөнгөө яг миний хажууд өгөлцөж авалцсан тохиолдолд гэрээний арын хуудсан дээр талуудаар буюу мөнгө авч байгаа хүний гараар мөнгө хүлээн авсан гэж бичүүлдэг...түүний дараа би тамгалж өгдөг... Хэрвээ дансаар мөнгийг өгөлцөж авалцахаар бол тийм тоот дансанд шилжүүлнэ гэж бичүүлдэг...” гэх мэдүүлэг, хариуцагч Л.Ц-ын Хаан банкны 5037576837 тоот дансны 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон Төрийн банк дахь харилцах дансны 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга зэргээр тогтоогдож байна. /хэргийн 52-54, 74-102 дугаар тал/

            Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар Х.М-, Л.Ц- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бодитоор хэрэгжээгүй байх тул нэхэмжлэгч Х.М- нь хариуцагч Л.Ц-аас зээлийн гэрээний үүрэг, зээлийн хүү, алданги шаардах эрхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Түүнчлэн, шүүхээс талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт нийцжээ.

 

            Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч Л.Ц-д шилжүүлэх 4 000 000 төгрөг болон нэмж 2 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг хариуцагч Ж.Н-гийн Голомт банк дахь 2715011158 тоот дансанд өөрийн найз Б.Тамирын данснаас, маргаан бүхий гэрээг байгуулахын өмнө шилжүүлсэн бөгөөд уг мөнгөнөөс гадна Б.Тамираар дамжуулан Ж.Н-д 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр, түүнтэй байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний мөнгө болох дахин 3 000 000 төгрөгийг Хаан банк дахь харилцах дансаар нь тусдаа шилжүүлснийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь энэхүү хэрэгтэй хамааралгүй гэж тайлбарлажээ. Хэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02227 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2465 дугаар магадлал авагдсан байна. Уг шийдвэр, магадлалаар нэхэмжлэгч Х.М-, хариуцагч Ж.Н- нарын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгджээ./хэргийн 114-116, 154-156 дугаар тал/

           

            Харин хариуцагч Ж.Н- Голомт банк дахь өөрийн нэр дээрх дансаар 6 000 000 төгрөгийг зээлж авсан болох нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Б.Тамирын мэдүүлэг болон хэрэгт авагдсан Голомт банкны орлогын мэдүүлэг, тус банкны 1501135003 тоот Б.Тамирын дансны хуулга, Голомт банкны 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн мемориалын баримт, хариуцагч Ж.Н-гийн Голомт банк дахь 2715011158 тоот харилцах дансанд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөгийг Тамир орлого гэх гүйлгээний утгаар, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 3 000 000 төгрөгийг Тамир Баярсайхан харилцагчаас “Huwiin shiljuuleg” гэсэн гүйлгээний утгагаар тус тус шилжүүлсэн баримтуудаар тогтоогдож байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хэргийн 58, 59, 121, 153 дугаар тал/

           

            Иймд, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар нэхэмжлэгч Х.М- 6 000 000 төгрөгийг өөрийн найз Б.Тамираар хариуцагч Ж.Н-д шилжүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох бөгөөд, нэхэмжлэгч Х.М- хариуцагч Ж.Н-д аман хэлбэрээр харилцан тохиролцсон хэлцлийн дагуу 6 000 000 төгрөгийг Б.Тамираар шилжүүлүүлсэн үйл баримт тогтоогдсон, хариуцагч уг мөнгийг хүлээн авч, Б.Мөнхбатад буцаан өгсөн гэж маргаагүй, мөнгө шилжүүлсэн гэрч Б.Тамир уг мөнгийг өөрөө шаардах эрхгүй талаар тайлбарласан зэргийг дүгнээд, Х.М-, Ж.Н- нарын хооронд хүчин төгөлдөр Зээлийн гэрээний харилцаа аман хэлбэрээр байгуулагдсан учир зээлдүүлсэн 6 000 000 төгрөгийг хариуцагч Ж.Н-гаас буцаан шаардах эрхтэй байна.

 

            Талууд зээлийг буцаан төлөх хугацааг тогтоогоогүй байх тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчийн шаардсанаар буцааж төлөх үүрэг хүлээх ба, гэрээг бичгээр хийгээгүй учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.М- хүү авах эрхээ алдсан байх тул, илүү нэхэмжилсэн 7 899 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 790 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  Т.ТУЯА

                   

                                                                                            С.ЭНХТӨР