Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00158

 

  *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01008 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1203 дугаар магадлалтай,

 *******ын нэхэмжлэлтэй,

Л.Цэцэгжаргал,******* нарт холбогдох,

Зээлийн гэрээ-ний үүрэгт 13 899 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн болон өөрчилсөн шаардлагадаа: Миний бие*******ын хүсэлтээр 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 4 000 000 төгрөгийг нэг жилийн хугацаагаар, сар бүр 6 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Гэвч одоо болтол үндсэн мөнгө, хүү, алдангиа өгөхгүй байгаа учир*******аас зээлүүлсэн мөнгө болон зээлийн хүүгийн төлбөрт 11 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Би гэрээнд заасны дагуу 0.5 хувийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар буюу 2 000 000 төгрөг нэмж, 13 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн мөнгийг хамт авсан*******г хамтран хариуцагчаар татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар өөрчилсөн. Үүнд: Анх зээлсэн 4 000 000 төгрөг, зээлийн хүү сарын 6 хувь буюу 12 сарын 70 хувийн хүү 2 880 000 төгрөг, гүйцэтгээгүй дүнгийн 50 хүртэл хувийн алданги 3 440 000 төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан хэтрүүлсэн хугацаанд тохирох хүү 1 579 200 төгрөг,*******гийн үндсэн мөнгөө өгөхдөө хамт буцааж өгнө гэж авсан 2 000 000 төгрөг, бүгд 13 899 200 төгрөгийг хариуцагч нараас шаардаж байна. Иргэний хуулийн 222.5-д заасан хүүг үндсэн 4 000 000 төгрөгөөс арилжааны банкны бараг хамгийн бага хүү болох 1.8 хувиар тооцож, гэрээ дууссан 2016.09.11-нээс нэхэмжлэл гаргасан 2018.07.09-нийг хүртэл 21 сар 28 хоногт тохирохоор бодсон.

Анх гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн болон өөрчилсөн шаардлагыг нэгтгэн дүгнэвэл: Би*******,******* нарт 6 000 000 төгрөг өгсөн. Үүнээс 4 000 000 төгрөгт нь хүү, алданги тооцохоор бичгээр гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу нэхэмжилж байгаа. 2 000 000 төгрөгийн хувьд хүүг нь өгнө гэсэн боловч бичгээр гэрээ байгуулаагүй учир хүү, алдангигүй үндсэн мөнгөөр нь нэхэж байгаа. Ингээд үндсэн зээл 6 000 000 төгрөг, бичгээр гэрээ байгуулсан 4 000 000 төгрөгийн хүү 2 880 000 төгрөг болж, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон. Хан-Уул дүүргийн Иргэний шүүхээр шийдсэн 4 000 000 төгрөг гээд яриад байгаа. Тэр шийдвэр бол*******гийн Хаан банкны дансанд н.Минжүүр, н.Мөнхтогтох, н.Тамир нарын данснаас орсон 6 000 000 төгрөгийн асуудлыг шийдсэн. Энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй юм. Өнөөдрийн хувьд Б.Тамираас хариуцагч*******гийн Голомт банкны дансанд 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 6 000 000 төгрөгийн талаарх асуудал юм. Би гэрээ хийсэн, миний өмнөөс гуравдагч этгээд мөнгө шилжүүлсэн, тэр мөнгөө л авах гээд байна.*******гийн Голомт банкны дансанд шилжүүлсэн мөнгө Хан-Уул дүүргийн шүүхийн хэрэгтэй хамааралгүй.*******д бол гэрээ байгуулах үед бэлнээр 4 000 000 төгрөгийг өгөөгүй.******* 2015 оны 9 дүгээр сарын 09-нд Б.Тамираас мөнгө авчихлаа гэхээр нь би хотод орж ирээд, 9 дүгээр сарын 10-ны өдөр 100 айлд байдаг нотариат ороод,*******тай гэрээ байгуулаад, тэр мөнгөө яах уу? гэж асуухаар нь бэлэн өгч байгаа гэж хэлэхэд нотариатчын дэргэд бэлнээр өгсөн гэж бичсэн. Тэгээд******* чамд өгчихнөө гэсэн. Тухайн үед******* манай дүү өөрийнхөө дансаар мөнгө авч болохгүй, би Б.Тамираас авсан мөнгөө*******д өгнө гэсэн. Зээлийн гэрээний дагуу 4 000 000 төгрөгийг холбогдох зээлийн хүү, алданги, хугацаа хэтрүүлсний хүүгийн хамт*******,******* хоёулангаас нь нэхнэ, 2 000 000 төгрөгийг нь*******гаас нэмж нэхнэ гэжээ.

 Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээнд дурдсан 4 000 000 төгрөгийг бэлнээр болон дансаар огт хүлээж аваагүй тул нэхэмжлэлийг хариуцахгүй. Энэ мөнгийг******* гэдэг хүн зээлж авсан. Энэ хүн мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байгаа болно. *******ын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь огт үндэслэлгүй байна. Гэрээний барьцаанд газрын гэрчилгээ тавихаар тохирсон. Гэтэл нотариатч газрын гэрчилгээ барьцаанд тавьж болохгүй, та нар сайн асуугаарай гэсэн. Би газрын албан дээр очоод, газрын гэрчилгээг барьцаанд тавьж болохгүй гэж мэдээд,******* эгчид мөнгө авахаа болилоо гээд нөгөө хүндээ хэлчихээрэй гэж хэлсэн. Үүнээс өмнө гэрээ хийж байх үед мөнгөө хэзээ өгөх вэ гэж *******аас асуухад газрын гэрчилгээгээ тавьж болох эсэхийг мэдчих, би хүмүүсээс мөнгөө аваад өгнө гэж хэлсэн. Таньдаг хүн байсан учраас тухайн үед гэрээ хийсэн. Тэр үедээ ч мөнгөө аваагүй. Барьцаанд газрын гэрчилгээг тавиагүй учир болилоо гэж бодоод явж байсан. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би хүүгээ аваад эмнэлэгт хэвтээд, 27-ны өдөр гарсан. Эмнэлгээс гарахаас өмнө ******* манай нөхөртэй утсаар яриад танай эхнэр мөнгө зээлсэн, 20 гаруй сая төгрөг төлөх ёстой гэж нэхсэн байсан. Тэгээд нөхрийг очиж уулзахад тэр гэрээний талаар хэлээд явуулсан байсан.******* нь манай нөхрийн ээжийн дүү юм. Энэ зээлийн талаар өөрөө мөнгийг нь аваад хэрэглэчихсэн гэж манай нөхөрт хэлсэн байсан. Хүүгийн бие муу байсан учир надад хэлээгүй, би эмнэлгээс гараад л энэ талаар мэдсэн. Нөхөр надад Норовоо эгч мөнгийг нь аваад хэрэглэсэн байна гэж хэлсэн. Манай нөхөрт хэлэхдээ эхлээд 8 000 000 төгрөг авсан, дараа нь 4 000 000 төгрөг авсан нь үнэн. Чи мөнгийг нь аваагүй юм чинь би төлнө гэсэн байсан. *******ад би мөнгийг чинь аваагүй учраас*******гаас нэх гэж хэлэхэд чамтай гэрээ хийсэн учир шүүхэд өгөх гэж байна гэснийг нь би шүүхэд өгөөд үнэн мөнийг нь шийдүүл гэсэн. Зээлийн гэрээ байгуулаад, гэрээ хийсэн хүнийхээ гар дээр мөнгө нь очиж байж гэрээ хүчин төгөлдөр болдог байх гэж бодож байна. Хэрвээ гэрээ байгуулахад би мөнгө авсан бол гэрээ хүчин төгөлдөр болох байсан. Би танай эгч рүү мөнгө хийсэн, чи авсан уу? мөнгөө яагаад өгөхгүй байнаа? гэж 3 жилийн хугацаанд юу ч ярьж байгаагүй байж, гэнэт 20 гаруй сая төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдээг надад хэлсэн. Авсан хүнтэй нь очоод уулзахад би аваад хэрэглэчихсэн, би төлнөө гэдэг зүйл хэлдэг.

Би нэг ч төгрөг аваагүй, дамжуулж өгсөн гээд байгаа*******гаас ч нэг ч төгрөг аваагүй учир би өөрийгөө хариуцагч биш гэж бодож байна. Мөнгө нь 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр*******гийн дансанд орсон байсан. Ямар учиртай мөнгө гэрээ хийхээс 1 хоногийн өмнө орсон юм мэдэхгүй. Би гэрээ хийж байгаа хүн өөрөө мөнгөө авах эрхтэй. Намайг мөнгө дансаар авах боломжгүй учир өөрийнхөө данс руу шилжүүлчих гэсэн гэж байна. Би өөрөө хувь данстай хүн. Энэ мөнгийг авах боломжгүй байна гэж байхгүй. Гэрээ байгуулахаас өмнө мөнгө орсон байгаад, гэрээ байгуулах үед надад Норовоо эгчийн чинь данс руу хийчихсэн, гараад аваарай гэж хэлсэн бол би авчихна. Нотариат дээр гэрээндээ бичүүлчихнэ. Та мөнгөө яаж шилжүүлэх вэ гэхэд хүмүүсээс мөнгө цуглуулаад өгнө гэсэн. Энэ хоёр хүний дунд би ажлаа алдаж хэлмэгдэж байна. ******* нь*******д мөнгө өгсөн бол тэр хүнээсээ л нэхэмжилж намайг чөлөөл. Би хохирч байна.*******ын дансанд орсон гэсэн нэг ч баримт нотолгоо алга. Энэ хүн надад мөнгө өгөөгүй нь ойлгомжтой байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Минжмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд гаргасан *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Аливаа зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд нэг талаас зээлдэгч, нөгөө талаас зээлдүүлэгч нарын хооронд байгуулагддаг. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг үндэслээд хариуцагч нараас төлбөр шаардаад байна. Энэ шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Маргаан бүхий зээлийн гэрээ нэг талаас*******, нөгөө талаас ******* нарын хооронд байгуулагдсан. Гэрээний 5 дугаар зүйлд мөнгийг өгснөөр, бодитой шилжүүлснээр хүчин төгөлдөр болж баталгаажна гэж заасан байгаа. Зээлийн гэрээний гол нөхцөл нь зээлдэгч, зээлдүүлэгч нар үүргээ гүйцэтгэснээр энэ гэрээ хүчин төгөлдөр болдог. ******* 4 000 000 төгрөгийг*******д шилжүүлсэн. Тэр мөнгийг******* нь*******д өгөөгүй.******* энэ 4 000 000 төгрөгийг *******аас түүнд 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр олгосон мөнгө байна гэж бодоод хэрэглэсэн байдаг. Уг зээлийн гэрээтэй холбоотой асуудал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн. Тэр хэрэгт гаргасан нэхэмжлэлээрээ 8 000 000 төгрөгийн гэрээ хийсэн боловч бодитоор*******д 6 000 000 төгрөг шилжүүлсэн. Түүнд нь зохих хэмжээний мөнгөө төлөөд, хүү, алданги тооцоод, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар *******ад 4 828 000 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргаад, одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, мөнгө нь төлөгдөөд явж байгаа.*******гийн хувьд*******тай зээлийн гэрээ байгуулах үед хамт очсон нь үнэн ч, гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээний тал болж оролцоогүй. Б.Тамир гэдэг хүнээс******* мөнгө авсан нь үнэн. Гэвч тэр мөнгө *******ын мөнгө гэдэг нь тогтоогдохгүй, Б.Тамир гэх хүн өөрөө тусдаа нэхэмжлэл гаргаад мөнгөө нэхвэл татгалзахгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох ёстой.*******гаас шаардаж буй нийт төлбөрийн 50 хувийг гаргуулахаар шаардахдаа зээлийн гэрээ, Голомт банкны дансны хуулга зэргийг үндэслэж нэхээд байна. Гэтэл зээлийн гэрээ 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр*******, ******* нарын хооронд байгуулагдсан. Мөнгө өгсөн, авсан асуудлын тухайд 3 000 000 төгрөгийг Б.Тамираар дамжуулж өгсөн, 2015.9.09-ний өдрийн орлогоор нотлогдоно гээд байна. Гэвч Б.Тамир нь мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр хувийн шилжүүлэг гэчихсэн байдаг. Энэ хоёр хүний хооронд амаар тохирсон зээлийг татаж авч ирээд нэхээд байгаа нь үндэслэлгүй байна. Б.Тамир юу ч гэж хэлж болно. Юун дээр үндэслээд *******ын мөнгө гээд байгааг нотлох баримт алга байна гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01008 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******гаас 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч*******д холбогдох хэсэг болон илүү шаардсан 7,899,200 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас 110,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1203 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 790 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан бүх үндэслэл журам бүрдсэн,*******,******* нар нь 2015.09.10-нд надтай гэрээ хийж, энэ гэрээнд дурдсан мөнгө болох 4 000 000 төгрөгийг бэлэн авсан болох нь*******гийн Голомт банкны дансны хуулга болон бусад нотлох баримтуудаас тодорхой байдаг. /хэргийн 152-154-р хуудас/

Мөн тус зээлийн гэрээг баталсан нотариатч Б.Хандмаа шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хоорондоо мөнгө авалцаж оролцсон байна гэдэг лавтай итгэл төрсөн. Тийм учраас бэлэн өгсөн гэж баталсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. /хэргийн 53-р хуудас/

Мөн эд анхнаасаа мөнгөө бэлэн авч дараа нь аваагүй хэмээн мэлзэх сонирхолтой, төлөвлөгөөтэй байсан гэдэг нь гэрч буюу мөнгө шилжүүлсэн хүн болох Б.Тамирын мэдүүлгээс тодорхой харагддаг. /хэргийн 202-203-р хуудас/ Тамирын бичиж өгсөн тодорхойлтод ч бэлэн өгөөч гэж гуйгаад байхаар нь заавал дансанд хийнэ гэж хэлээд шилжүүлсэн тухай байдаг. /хэргийн 183-р хуудас/ Хамгийн гол нь Тамир мэдүүлэг, тайлбартаа *******ын өмнөөс мөнгө шилжүүлсэн гэдгээ маш тодорхой баталсан. Гэрээнд өөрөөр заагаагүй, үүргийн гүйцэтгэлд харшлахгүй учир би мөнгийг найзаараа шилжүүлсэн зэрэг бүх нөхцөл баримтууд тодорхой байсаар атал зөвхөн анх шилжүүлсэн 6 000 000 төгрөгийг л*******гаас гаргуулан олгуулахаар шийдвэрлэсэн нь хэт өрөөсгөл байна. Гэрээ хийсэн******* нь өөрийн хүсэл зоригоор, үр дүнг нь мэдсээр байж гэрээ хийсэн, мөнгө авахаа болилоо гэж *******ад хэлээгүй,******* эгч тэр мөнгийг авсан гэдгийг урьд нь мэдсэн зэрэг нөхцөл байдлуудаа шүүхэд мэдүүлсэн нь хэрэгт авагдсан байдаг. /хэргийн 203-р хуудас/

Анхнаасаа хуйвалдаж мөнгө завшсан шинжтэй асуудал нь тодорхой болсон учир******* нь шүүхийн дуудсанаар ирэхгүй, албадан ирүүлэх гээд олдоогүй, эрэн сурвалжилж байж анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, нэхэмжилсэн 13 899 000 төгрөгийн үлдсэн хэсэг болох 7 899 000 төгрөгийг*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 сарын 24-ний өдрийн 1203 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагч******* миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч ******* нь тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл анх гаргахдаа хариуцагч*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд үүний дараа Тамир найзтайгаа үгсэн хуйвалдаж авсан Тамир бид хоёрын хооронд болсон мөнгөний асуудлыг хэргийн материалд хавсарган нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн******* бид хоёроос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 сая төгрөгийг холбогдох зээлийн хүү, алданги, хугацаа хэтрүүлсний хүүгийн хамт нэхэмжилж, 2 сая төгрөгийг зөвхөн надаас нэхэмжилдэг. Гэтэл энэ нь ямарч үндэслэлгүй юм.

Учир нь энэ хэрэгт тус маргааны зүйл, нэхэмжлэлийн шаардлага, шаардлагын үндэслэл болсон хамгийн чухал нотлох баримт болох талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний талууд би биш байхад намайг нэхэмжлэгчийн Тамир найзтайгаа хуйвалдаж найзаасаа авсан банкны хуулгыг нь хавтаст хэрэгт хавсаргасныг үндэслэн энэхүү маргаантай шууд холбоотой болгож анхан шатны шүүхээс хариуцагчаар татан оролцуулсан нь иргэн миний эрхийг ноцтой зөрчсөн.

Мөн Тамир бид хоёрын мөнгөний асуудал гэдэг нь хэрэгт авагдсан Тамирын дансны хуулгын гүйлгээний утганд байгаа 2015 оны 8 сарын 24-ний өдрийн 3 сая төгрөгийн Тамир орлого гэсэн утгатай шилжүүлэг, 2015 оны 9 сарын 9-ний өдрийн хувийн шилжүүлэг гэсэн утгатай шилжүүлгүүдэд, бусад нотлох баримтууд болох шүүхийн мэтгэлцээний үед талуудын хооронд тавьсан асуулт, нэхэмжлэгчийн хүсэлтүүдийн тэмдэглэлд, анх хэргийг шийдэхэд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч миний өгсөн мэдүүлэг, Тамирын шүүх хуралдаанд өгсөн би х.Мөнхбатад мөнгө өгөх ёстой байсан гэдэг мэдүүлгийн баримт хавтаст хэрэгт нэг ч байхгүй байхад найз нөхдийн харилцаанаас улбаатай нэг талыг барьж өгсөн гэрчийн мэдүүлгийг анхан шатны шүүхээс шууд үнэлэн надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь, үнэн зөв, бодитой үнэлэлгүй шууд нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтанд дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болсон зээлийн гэрээний талууд өөр байхад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс давуулан ******* бид хоёрын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан байна гэж дүгнэсэн нь иргэн намайг үндэслэлгүйгээр өрөнд оруулсан дүгнэлт хийгээд зогсохгүй хариуцагч миний Хаан банкны дансруу орсон Мөнхбатаас шилжүүлсэн З сая төгрөгийн орлогыг Тамираас шилжүүлсэн байна гэж дүгнэж буй огт худлаа дүгнэлт байсан.

Мөн анхан шатны шүүхээс энэхүү хэрэг дээр Тамирын өмнөөс ******* нэхэмжлэх эрхтэй эсэхийг, итгэмжлэл олгогдон Тамирыг төлөөлөх бүрэн эрхтэй эсэхийг шалгах атал эсрэгээр нь *******,*******ын хооронд хийсэн зээлийн гэрээг хийх үед нь байлцсан төдийгөөр, гэрчийн мэдүүлэг дансны хуулгын утга илт зөрөөтэй байсаар байхад нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэлгүй шууд нэг талыг барьж энэхүү маргааныг шууд надад хамаатуулж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй, иргэн намайг илтэд үндэслэлгүйгээр хохироож байна гэж үзэхээр байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хэсгийн хариуцагч надад холбогдох 6 сая төгрөгийг гаргуулах хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч ******* нь*******,******* нарт холбогдуулан Зээлийн гэрээ-ний үүрэгт 13 899 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Анхан шатны шүүх хариуцагч*******гаас 6 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 7 899 200 төгрөг болон хариуцагч*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдсон тул зохигчийн гомдлын агуулгаар хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1.-д Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.4.-т магадлал хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэж тус тус заажээ.

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл *******ын нэхэмжлэлтэй*******,******* нарт холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон нэг шүүгч магадлалд гарын үсэг зураагүй байна.

 Давж заалдах шатны шүүхийн магадлалд хэрэг шийдвэрлэхэд оролцсон шүүх бүрэлдэхүүн бүгд гарын үсэг зурах ба аль нэг шүүгч нь гарын үсэг зураагүй нь магадлалыг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1., 168 дугаар зүйлийн 168.1.5.-д заасан үндэслэл болж байна.

 Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1203 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч *******ын 141 334 төгрөгийг, хариуцагч*******гийн 110 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН             Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ             Х.ЭРДЭНЭСУВД