Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 01008

 

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2019/01008

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....................... тоотод оршин суух, 000000000000000 регистртэй, Х.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......................тоотод оршин суух, 000000000000000000 регистртэй, Л.Ц,

Хариуцагч: ...................... оршин суух, 00000000000000000 регистртэй, Ж.Н нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 13,899,200 /арван гурван сая найман зуун ерэн есөн мянга хоёр зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.М, хариуцагч Л.Ц, хариуцагч Л.Ц, түүний өмгөөлөгч, хариуцагч Ж.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн болон өөрчилсөн шаардлага, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Л.Ц-ын хүсэлтээр 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаагаар, сар бүр 6 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Гэвч одоо болтол үндсэн мөнгө, хүү, алдангиа өгөхгүй байгаа учир Л.Ц-аас зээлүүлсэн мөнгө болон зээлийн хүүгийн төлбөрт 11,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Би гэрээнд заасны дагуу 0,5 хувийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар буюу 2,000,000 төгрөг нэмж, 13,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн мөнгийг хамт авсан Ж.Нг хамтран хариуцагчаар татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар өөрчилсөн. Үүнд: анх зээлсэн 4,000,000 төгрөг, зээлийн хүү сарын 6 хувь буюу 12 сарын 70 хувийн хүү 2,880,000 төгрөг, гүйцэтгээгүй дүнгийн 50 хүртэл хувийн алданги 3,440,000 төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан хэтрүүлсэн хугацаанд тохирох хүү 1,579,200 төгрөг, Ж.Н-ийн үндсэн мөнгөө өгөхдөө хамт буцааж өгнө гэж авсан 2,000,000 төгрөг, бүгд 13,899,200 төгрөгийг хариуцагч нараас шаардаж байна. Иргэний хуулийн 222.5-д заасан хүүг үндсэн 4,000,000 төгрөгөөс арилжааны банкны бараг хамгийн бага хүү болох 1,8 хувиар тооцож, гэрээ дууссан 2016.09.11-нээс нэхэмжлэл гаргасан 2018.07.09-нийг хүртэл 21 сар 28 хоногт тохирохоор бодсон.

Анх гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн болон өөрчилсөн шаардлагыг нэгтгэн дүгнэвэл: би Л.Ц, Ж.Н нарт 6,000,000 төгрөг өгсөн. Үүнээс 4,000,000 төгрөгт нь хүү, алданги тооцохоор бичгээр гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу нэхэмжилж байгаа. 2,000,000 төгрөгийн хувьд хүүг нь өгнө гэсэн боловч бичгээр гэрээ байгуулаагүй учир хүү, алдангигүй үндсэн мөнгөөр нь нэхэж байгаа. Ингээд үндсэн зээл 6,000,000 төгрөг, бичгээр гэрээ байгуулсан 4,000,000 төгрөгийн хүү 2,880,000 төгрөг болж, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон. Хан-Уул дүүргийн Иргэний шүүхээр шийдсэн 4,000,000 төгрөг гээд яриад байгаа. Тэр шийдвэр бол Ж.Н-ийн Хаан банкны дансанд н.Минжүүр, н.Мөнхтогтох, н.Тамир нарын данснаас орсон 6,000,000 төгрөгийн асуудлыг шийдсэн. Энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй юм. Өнөөдрийн хувьд Б.Таас хариуцагч Ж.Н-ийн Голомт банкны дансанд 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 6,000,000 төгрөгийн талаарх асуудал юм. Би гэрээ хийсэн, миний өмнөөс гуравдагч этгээд мөнгө шилжүүлсэн, тэр мөнгөө л авах гээд байна. Ж.Н-ийн Голомт банкны дансанд шилжүүлсэн мөнгө Хан-Уул дүүргийн шүүхийн хэрэгтэй хамааралгүй. Л.Ц-д бол гэрээ байгуулах үед бэлнээр 4,000,000 төгрөгийг өгөөгүй. Ж.Н 2015 оны 9 дүгээр сарын 09-нд Б.Таас мөнгө авчихлаа гэхээр нь би хотод орж ирээд, 9 дүгээр сарын 10-ны өдөр 100 айлд байдаг нотариат ороод, Л.Цтай гэрээ байгуулаад, тэр мөнгөө яах уу? гэж асуухаар нь бэлэн өгч байгаа гэж хэлэхэд нотариатчын дэргэд бэлнээр өгсөн гэж бичсэн. Тэгээд Ж.Н чамд өгчихнөө гэсэн. Тухайн үед Ж.Н манай дүү өөрийнхөө дансаар мөнгө авч болохгүй, би Б.Таас авсан мөнгөө Л.Ц-д өгнө гэсэн. Зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг холбогдох зээлийн хүү, алданги, хугацаа хэтрүүлсний хүүгийн хамт Л.Ц, Ж.Н хоёулангаас нь нэхнэ, 2,000,000 төгрөгийг нь Ж.Н-с нэмж нэхнэ гэв.

Хариуцагч Л.Ц шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээнд дурдсан 4,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар огт хүлээж аваагүй тул нэхэмжлэлийг хариуцахгүй. Энэ мөнгийг Ж.Н гэдэг хүн зээлж авсан. Энэ хүн мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Х.М-ын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь огт үндэслэлгүй байна. Гэрээний барьцаанд газрын гэрчилгээ тавихаар тохирсон. Гэтэл нотариатч газрын гэрчилгээ барьцаанд тавьж болохгүй, та нар сайн асуугаарай гэсэн. Би газрын албан дээр очоод, газрын гэрчилгээг барьцаанд тавьж болохгүй гэж мэдээд, Ж.Н эгчид мөнгө авахаа болилоо гээд нөгөө хүндээ хэлчихээрэй гэж хэлсэн. Үүнээс өмнө гэрээ хийж байх үед мөнгөө хэзээ өгөх вэ гэж Х.М-с асуухад газрын гэрчилгээгээ тавьж болох эсэхийг мэдчих, би хүмүүсээс мөнгөө аваад өгнө гэж хэлсэн. Таньдаг хүн байсан учраас тухайн үед гэрээ хийсэн. Тэр үедээ ч мөнгөө аваагүй. Барьцаанд газрын гэрчилгээг тавиагүй учир болилоо гэж бодоод явж байсан. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би хүүгээ аваад эмнэлэгт хэвтээд, 27-ны өдөр гарсан. Эмнэлгээс гарахаас өмнө Х.М манай нөхөртэй утсаар яриад танай эхнэр мөнгө зээлсэн, 20 гаруй сая төгрөг төлөх ёстой гэж нэхсэн байсан. Тэгээд нөхрийг очиж уулзахад тэр гэрээний талаар хэлээд явуулсан байсан. Ж.Н нь манай нөхрийн ээжийн дүү юм. Энэ зээлийн талаар өөрөө мөнгийг нь аваад хэрэглэчихсэн гэж манай нөхөрт хэлсэн байсан. Хүүгийн бие муу байсан учир надад хэлээгүй, би эмнэлгээс гараад л энэ талаар мэдсэн. Нөхөр надад Норовоо эгч мөнгийг нь аваад хэрэглэсэн байна гэж хэлсэн. Манай нөхөрт хэлэхдээ эхлээд 8,000,000 төгрөг авсан, дараа нь 4,000,000 төгрөг авсан нь үнэн. Чи мөнгийг нь аваагүй юм чинь би төлнө гэсэн байсан. Х.М-д би мөнгийг чинь аваагүй учраас Ж.Н-с нэх гэж хэлэхэд чамтай гэрээ хийсэн учир шүүхэд өгөх гэж байна гэснийг нь би шүүхэд өгөөд үнэн мөнийг нь шийдүүл гэсэн. Зээлийн гэрээ байгуулаад, гэрээ хийсэн хүнийхээ гар дээр мөнгө нь очиж байж гэрээ хүчин төгөлдөр болдог байх гэж бодож байна. Хэрвээ гэрээ байгуулахад би мөнгө авсан бол гэрээ хүчин төгөлдөр болох байсан. Би танай эгч рүү мөнгө хийсэн, чи авсан уу? мөнгөө яагаад өгөхгүй байнаа? гэж 3 жилийн хугацаанд юу ч ярьж байгаагүй байж, гэнэт 20 гаруй сая төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдээг надад хэлсэн. Авсан хүнтэй нь очоод уулзахад би аваад хэрэглэчихсэн, би төлнөө гэдэг зүйл хэлдэг.

Би нэг ч төгрөг аваагүй, дамжуулж өгсөн гээд байгаа Ж.Н-с ч нэг ч төгрөг аваагүй учир би өөрийгөө хариуцагч биш гэж бодож байна. Мөнгө нь 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Ж.Н-ийн дансанд орсон байсан. Ямар учиртай мөнгө гэрээ хийхээс 1 хоногийн өмнө орсон юм мэдэхгүй. Би гэрээ хийж байгаа хүн өөрөө мөнгөө авах эрхтэй. Намайг мөнгө дансаар авах боломжгүй учир өөрийнхөө данс руу шилжүүлчих гэсэн гэж байна. Би өөрөө хувь данстай хүн. Энэ мөнгийг авах боломжгүй байна гэж байхгүй. Гэрээ байгуулахаас өмнө мөнгө орсон байгаад, гэрээ байгуулах үед надад Норовоо эгчийн чинь данс руу хийчихсэн, гараад аваарай гэж хэлсэн бол би авчихна. Нотариат дээр гэрээндээ бичүүлчихнэ. Та мөнгөө яаж шилжүүлэх вэ гэхэд хүмүүсээс мөнгө цуглуулаад өгнө гэсэн. Энэ хоёр хүний дунд би ажлаа алдаж хэлмэгдэж байна. Х.М нь Ж.Н-д мөнгө өгсөн бол тэр хүнээсээ л нэхэмжилж намайг чөлөөл. Би хохирч байна. Л.Ц-ын дансанд орсон гэсэн нэг ч баримт нотолгоо алга. Энэ хүн надад мөнгө өгөөгүй нь ойлгомжтой байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Өмгөөлөгч: Зээлийн гэрээн дээр нотариатын хажууд бэлнээр төлсөн гэсэн зүйл заалт байдаг ч, түүнийг тодруулахаар гэрээг гэрчилсэн нотариатчыг гэрчээр асуулгасан. Гэрч мэдүүлэгтээ: мөнгийг бэлнээр гардуулсан бол гэрээг өөр процедурын дагуу бичүүлдэг. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээн дээр өөрсдөөр нь гарын үсэг зуруулаад, хэдэн ширхэг мөнгөн дэвсгэрт байгааг тоог нь бичдэг. Хэрэв дансаар өгсөн бол дансны дугаарыг нь бичиж оруулдаг гэж мэдүүлсэн байдаг. Мөн барьцааны гэрээ гэж байгаа. Улсын бүртгэл дээр очиход зээлийн барьцаанд тавьж болохгүй, барьцааны зүйл нь Л.Ц-Ү гэх Л.Ц-ын охины нэр дээр байдаг учир тэр гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж хэлсэн нь нотлогдож байгаа юм. Гэрээ байгуулагдсан боловч гэрээний 4 дүгээр зүйлд заасан мөнгийг шилжүүлснээр хүчин төгөлдөр болно гэх заалт болон Иргэний хуулийн 281.1-д заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ болох нь тодорхой харагдаж байна.

Л.Ц нь Ж.Н-д Х.М-д болилоо гээд хэлчихээрэй гэж хэлсэн байна. Үүнийг нь буруутгах үндэслэл байхгүй. Гэрчилгээ нь барьцаанд тавьж болохгүй болоод л зээл авахаа больсон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хуулийн үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, түүний тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Тус дүүргийн шүүхэд гаргасан Х.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Аливаа зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд нэг талаас зээлдэгч, нөгөө талаас зээлдүүлэгч нарын хооронд байгуулагддаг. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг үндэслээд хариуцагч нараас төлбөр шаардаад байна. Энэ шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Маргаан бүхий зээлийн гэрээ нэг талаас Л.Ц, нөгөө талаас Х.М нарын хооронд байгуулагдсан. Гэрээний 5 дугаар зүйлд мөнгийг өгснөөр, бодитой шилжүүлснээр хүчин төгөлдөр болж баталгаажина гэж заасан байгаа. Зээлийн гэрээний гол нөхцөл нь зээлдэгч, зээлдүүлэгч нар үүргээ гүйцэтгэснээр энэ гэрээ хүчин төгөлдөр болдог. Х.М 4,000,000 төгрөгийг Ж.Н-д шилжүүлсэн. Тэр мөнгийг Ж.Н нь Л.Ц-д өгөөгүй. Ж.Н энэ 4,000,000 төгрөгийг Х.М-с түүнд 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр олгосон мөнгө байна гэж бодоод хэрэглэсэн байдаг. Уг зээлийн гэрээтэй холбоотой асуудал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн. Тэр хэрэгт гаргасан нэхэмжлэлээрээ 8,000,000 төгрөгийн гэрээ хийсэн боловч бодитоор Ж.Н-д 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүнд нь зохих хэмжээний мөнгөө төлөөд, хүү, алданги тооцоод, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Х.М-д 4,828,000 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргаад, одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, мөнгө нь төлөгдөөд явж байгаа. Ж.Н-ийн хувьд Л.Цтай зээлийн гэрээ байгуулах үед хамт очсон нь үнэн ч, гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээний тал болж оролцоогүй. Б.Т гэдэг хүнээс Ж.Н мөнгө авсан нь үнэн. Гэвч тэр мөнгө Х.М-ын мөнгө гэдэг нь тогтоогдохгүй, Б.Т гэх хүн өөрөө тусдаа нэхэмжлэл гаргаад мөнгөө нэхвэл татгалзахгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох ёстой. Ж.Н-с шаардаж буй нийт төлбөрийн 50 хувийг гаргуулахаар шаардахдаа зээлийн гэрээ, Голомт банкны дансны хуулга зэргийг үндэслэж нэхээд байна. Гэтэл зээлийн гэрээ 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Л.Ц, Х.М нарын хооронд байгуулагдсан. Мөнгө өгсөн, авсан асуудлын тухайд 3,000,000 төгрөгийг Б.Таар дамжуулж өгсөн, 2015.9.09-ний өдрийн орлогоор нотлогдоно гээд байна. Гэвч Б.Т нь мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр хувийн шилжүүлэг гэчихсэн байдаг. Энэ хоёр хүний хооронд амаар тохирсон зээлийг татаж авч ирээд нэхээд байгаа нь үндэслэлгүй байна. Б.Т юу ч гэж хэлж болно. Юун дээр үндэслээд Х.М-ын мөнгө гээд байгааг нотлох баримт алга байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч Л.Ц-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 11,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Нг хамтран хариуцагчаар татаж оролцуулан, хариуцагч нараас зээлийн төлбөр 4,000,000 төгрөг, зээлийн хүү 2,880,000 төгрөг, алданги 3,440,000 төгрөг, төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний хүү 1,579,200 төгрөг, Ж.Н-ийн нэмж авсан 2,000,000 төгрөг, бүгд 13,899,200 төгрөгийг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн өөрчилжээ.

Хариуцагч Л.Ц нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч зээлийн мөнгийг бодитоор хүлээж аваагүй, мөнгийг Ж.Н авсан учир төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Харин хариуцагч Ж.Н-ийн зүгээс ...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2015оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээ нь Х.М, Л.Ц нарын хооронд байгуулагдсан бөгөөд, Ж.Н нь нэхэмжлэгч Х.М-с 4,000,000 төгрөг авсан нь үнэн боловч, уг мөнгийг түүнтэй 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу олгосон мөнгө гэж итгэн ашигласан, тэрхүү гэрээтэй холбоотой маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн. Мөн түүний Голомт банк дахь дансаар гэрч Б.Таас шилжүүлсэн 3,000,000 төгрөг нь Х.М-ын мөнгө биш, мөнгө шилжүүлэхдээ хувийн шилжүүлэг гэх утгатайгаар шилжүүлж байсан учир энэ мөнгөө Б.Т тусдаа нэхэмжлэл гаргаад шаардах эрхтэй... гэж тайлбарлан маргаж байна.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л.Ц-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.Н-с 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.М-д олгон, илүү шаардсан 7,899,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Х.М, Л.Ц нарын хооронд Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу зээлдүүлэгч Х.М нь зээлдэгч Л.Ц-д 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг нэг сарын 6 хувийн хүүтэйгээр, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүг төлөх, тийнхүү эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох, зээлдэгч нь зээлийн гэрээний барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт уулын баруун хоолой, 7-223 тоот дахь 500 м.кв талбайтай, 20,000,000 төгрөгийн үнэ бүхий, Д.Ц-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2201031554 дугаартай газрыг барьцаалахаар харилцан тохиролцож байгуулсан байна. /хх 4, 5/

Талуудын байгуулсан зээлийн гэрээ хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлд нийцсэн, гэрээний талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх боловч, гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл: Талуудын байгуулсан гэрээний 5-д нотариатын хажууд бэлнээр төлсөн гэж заасан хэдий ч, бодитоор нотариатын хажууд өгөөгүй бөгөөд, дансаар шилжүүлээгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон нотариатч Б.Хандмаагийн ...миний хажууд бэлнээр хүлээлцээгүй. Бэлнээр мөнгө хүлээлцсэн бол би өөр нэг процедур хийдэг. Талууд мөнгийг хүлээлцэхээс өмнө гэрээг шивүүлдэг. Шивүүлэхдээ мөнгийг нотариатчийн хажууд өгч байгаа тохиолдолд заавал гэрээнд бичүүлдэг. ...Мөнгөө яг миний хажууд өгөлцөж авалцсан тохиолдолд гэрээний арын хуудсан дээр талуудаар буюу мөнгө авч байгаа хүний гараар мөнгө хүүлээн авсан гэж бичүүлдэг...түүний дараа би тамгалж өгдөг... Хэрвээ дансаар мөнгийг өгөлцөж авалцахаар бол тийм тоот дансанд шилжүүлнэ гэж бичүүлдэг... гэх тайлбар, зохигчдын тайлбар, хариуцагч Л.Ц-ын Хаан болон Төрийн банк дахь харилцах дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хэргийн 52-54, 74-102 дугаар тал/

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар Х.М, Л.Ц нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох боломжгүй, гэрээ бодитоор хэрэгжээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч Л.Ц-аас зээлийн гэрээний үүрэг, зээлийн хүү, алданги шаардах эрхгүй.

Түүнчлэн, уг зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор байгуулсан барьцааны гэрээ нь бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан боловч барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.Ц бус, түүний эх Л.Ц гэрээг байгуулж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Х.М, Л.Ц нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Х.М зээлийн гэрээний дагуу зээлдэгч Л.Ц-д шилжүүлэх 4,000,000 төгрөг болон нэмж 2,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Н-ийн Голомт банк дахь 2715011158 тоот дансанд өөрийн найз Б.Тын данснаас, маргаан бүхий гэрээг байгуулахын өмнө шилжүүлүүлсэн бөгөөд, уг мөнгөнөөс Ж.Нг Л.Ц-д өгөхөөр ярилцсан талаар тайлбарлаж, мөн уг 6,000,000 төгрөгөөс гадна Б.Таар дамжуулан Ж.Н-д 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр, түүнтэй байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний мөнгө болох дахин 3,000,000 төгрөгийг Хаан банк дахь харилцах дансаар нь шилжүүлүүлснийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь энэхүү хэрэгтэй хамааралгүй хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор хариуцагч Ж.Н-д мөнгө шилжүүлсэн гэх Б.Тыг гэрчээр асуулгаж, Ж.Н-ийн Голомт болон Хаан банк дахь харилцах дансны хуулгуудыг нотлох баримтаар гаргуулан мэтгэлцсэн.

Хариуцагч Ж.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан 3,000,000 төгрөг нь Х.М, Ж.Н нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө гэж ойлгон хүлээж авсан бөгөөд, энэ асуудлаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, өөрчлөлт оруулснаар эцэслэн шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, мөн тэрхүү Голомт банк дахь дансанд хүлээж авсан мөнгө Б.Таас хувийн шилжүүлэг гэх утгатай гүйлгээ хийгдсэн учир Х.М-ын мөнгө гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.

Хариуцагч Ж.Н-ийн Хаан банк дахь 5557146406 тоот дансны хуулгаар 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөгийн орлого орж, уг мөнгийг Х.М-тай 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу авсан талаар хүлээн зөвшөөрсөн болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02227 дугаар шийдвэрээр тогтоогдох бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу хариуцагч Ж.Нг дээрх 3,000,000 төгрөгийг Х.М-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу Б.Таас өөрийн Хаан банк дахь харилцах дансаар хүлээн авсан болох нь тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй. /хэргийн 115 дугаар талын арын хуудас/

Харин хариуцагч Ж.Н-ийн Голомт банк дахь 2715011158 тоот харилцах дансанд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөгийг Тамир орлого гэх гүйлгээний утгатайгаар, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөгийг Тамир Баярсайхан харилцагчаас Huwiin shiljuuleg гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлж, нийт 6,000,000 төгрөгийг хүлээн авсан байна. /хэргийн 153 дугаар тал/

Дээрх мөнгийг шилжүүлсэн Б.Т шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ...Х.М ах анх надруу яриад Ж.Н гэж манай ангийн охин байгаа, хувиараа юм хийх гэж байгаа хөдөлмөрч хүн байгаа юм гэж хэлж байсан. Х.М-ын мөнгө надад байсан учир өөрт байгаа миний мөнгөнөөс 6-7 орчим сая төгрөг өгчих, би туслах гэж байгаа юм гэсэн... Ж.Н манай гэрийн гадаа ирээд уулзсан. Би гарч уулзаад ... бэлнээр өгөхгүй, дансаар баримттай өгнө гэж хэлээд салсан. Үүний дагуу 2 хувааж Голомт банкны данс руу нь 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тус тус 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Ж.Нг танихгүй. Би хувиараа Ж.Н-д мөнгө зээлдүүлээгүй... энэнээс гадна Хаан банкных нь дансанд нь мөнгө хийж байсан... Би Х.М-д мөнгө өгөх ёстой байснаа түүний хүсэлтээр шилжүүлсэн... Х.М-д би 9 орчим сая төгрөгийн өртэй байсан учраас тэр мөнгөө л хүссэнийх нь дагуу Ж.Н-д шилжүүлсэн... гэж тайлбарласан бөгөөд, түүний мэдүүлэг хэрэгт баримтаар авагдсан Голомт банкны орлогын мэдүүлэг, тус банкны 1501135003 тоот Б.Тын дансны хуулга, Голомт банкны 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн мемориалын баримт, 2715011158 тоот Ж.Н-ийн Голомт банк дахь харилцах дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хэргийн 58, 59, 121 дүгээр тал/

Иймд, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар нэхэмжлэгч Х.М 6,000,000 төгрөгийг өөрийн найз Б.Таар хариуцагч Ж.Н-д шилжүүлүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох бөгөөд, нэхэмжлэгч Х.М хариуцагч Ж.Н-д аман хэлбэрээр харилцан тохиролцсон хэлцлийн дагуу 6,000,000 төгрөгийг Б.Таар шилжүүлүүлсэн үйл баримт тогтоогдсон, хариуцагч уг мөнгийг хүлээн авч, Б.М-д өгсөн гэж маргаагүй, мөнгө шилжүүлсэн гэрч Б.Т уг мөнгийг өөрөө шаардах эрхгүй талаар тайлбарласан зэргийг дүгнээд, Х.М, Ж.Н нарын хооронд хүчин төгөлдөр Зээлийн гэрээний харилцаа аман хэлбэрээр байгуулагдсан учир зээлдүүлсэн 6,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Н-с буцаан шаардах эрхтэй байна.

Талууд зээлийг буцаан төлөх хугацааг тогтоогоогүй байх тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчийн шаардсанаар буцааж төлөх үүрэг хүлээх ба, гэрээг бичгээр хийгээгүй учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.М хүү авах эрхээ алдсан байх тул, илүү нэхэмжилсэн 7,899,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 252,300 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Ж.Н-с 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.М-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Н-с 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л.Ц-д холбогдох хэсэг болон илүү шаардсан 7,899,200 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Н-с 110,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.М-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА