Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2023/02167

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2023/02167

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭМ ХХК холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ш нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Г миний бие 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЭМ ХХК-д Байгаль орчин нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Энэ ажлыг хийж байх хугацаандаа ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн зэрэг ажлыг хийж байсан. Цар тахлын бүх нийтийн бэлэн байдлыг Улсын онцгой комиссоос сунгасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл улс орон даяар карентин болсон. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа очиход халагдсан зүйл байгаагүй. Карентины өмнөх өдөр намайг дуудаж уулзаад надаар өргөдөл бичүүлж авсан. Компанийн зүгээс бүтцийн өөрчлөлт хийгдэж, орон тоо хасагдсан үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэл өгсөн, миний бие 3 нас 6 сартай хүү, 10 сартай охины хамт амьдардаг цар тахлын хүнд нөхцөл байдлын үед ажлын байраа хэвээр хадгалж, ажлын байраар хангаж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн боловч ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 24-ний Б/181 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн байдаг.

Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлээд ажилдаа явж байсан ч гэнэт 01 дүгээр сарын 19-ний өдөр тухайн үед хуулийн хэлтсийн захирал байсан н.Сүндэряа ирээд та ажлаас халагдсан тушаалаа аваагүй юм уу гэдэг зүйлийг хэлээд 01 дүгээр сарын 19-ний өдөр тушаал өгсөн. Ямар нэгэн байдлаар хүлээлгэж өгсөн, хүлээж авсан он сарыг тэмдэглээд өгнө үү гэсэн хүсэлтийг тухайн үеийн удирдлагуудад хэлсэн боловч таны тушаалын он сарыг ажил хүлээлцсэний дараа бичиж өгнө гэж хэлсэн. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөөд 01 дүгээр сард цалин олгоогүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал огт төлөөгүй. Тийм учраас 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Миний бие ЭМ ХХК-д ажлаас чөлөөлөгдөх хүсэлт огт өгч байгаагүй бөгөөд ийнхүү хүсэлт өгөөгүй байхад намайг ажлаас чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Компани Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тушаалтай танилцуулж, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажил хүлээлцэж, акт, тойрох хуудас, эд хөрөнгө хүлээлцсэн талаар баримт үйлдсэн түүнийг хэрэгт баримтаар өгсөн.

Иймд А.Г миний урьд эрхэлж байсан ЭМ ХХК-ийн Байгаль орчин нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговорт нийт 75,322,178 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Г нь ЭМ ХХК-ийн Уул уурхай, техник, технологийн газарт Байгаль орчны нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан боловч ЭМ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар тогтоолоор компанийн бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбоотойгоор А.Гын ажлын байр байхгүй болсон.

ЭМ ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасны дагуу түүнд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02/14 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

А.Г нь уг мэдэгдлийг хүлээж аваад 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваад өөр ажлын байраар хангаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан байдаг бөгөөд гүйцэтгэх захирал түүний хүсэлтийг хүлээн авч ЭМ ХХК-ийн охин компани болох Эрдэнэс Оюутолгой ХХК-д шилжүүлэн ажиллуулахаар тохиролцож 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01-909 тоот албан бичгээр Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захиралд А.Гын нэг сарын үндсэн цалин хөлсийг бууруулахгүйгээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, тухайн өдрөө буюу 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/181 тоот тушаалаар түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн.

Гэтэл Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/16 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ЭМ ХХК-иас шилжүүлэн ажиллуулахаар чиглэл болгосон хүмүүсээс ажлын байранд тавигдах шаардлага хангасан хүнийг ажил, албан тушаалд томилсон болохыг мэдэгдсэн ба үүнд нэхэмжлэгч А.Г багтаагүй байсан. Ингээд ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирал энэ тухай мэдсэн даруйд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэс Монгол нэгдлийн хамаарап бүхий компани болох Гашуун сухайт авто зам ХХК-д А.Гыг шилжүүлэн ажиллуулах тухай 01/63 тоот албан бичгийг хүргүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч А.Г нь Гашуун сухайт авто зам ХХК-д шилжин ажиллаж байгаа болно.

Хүсэлтийг нь хангахын тулд шууд шилжүүлэн томилох зохицуулалт байхгүй учраас ажлаас чөлөөлсөн. 

ЭМ ХХК-ийн удирдлагын зүгээс А.Гын шилжин ажиллах хүсэлтийг хангаж, түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Ажлаас чөлөөлсөн тушаалыг Эрдэнэс Оюу толгой ХХК-руу бичиг явуулахдаа гаргаад тухайн бичигтээ тушаалыг хавсаргаж явуулсан байдаг. [email protected] гэсэн и-мэйл хаягаас Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Түмэнцогтын болон А.Г нарт и-мэйл хаягуудаар тус тус хүргүүлж тус компанийн гэрээ эрх зүйн хамтын ажиллагааны захирал н.С руу бичигдсэн. Албан бичиг гарч байгаа нь өргөдлийг шийдэж байгаа шийдвэр юм. Өргөдлийн хариуг тухайн ажилтанд хүргүүлэх ёстой учраас албан бичгийг ажлаас гарсан тушаалтай хамт и-мэйлээр явуулсан байгаа. И-мэйл явуулснаар А.Г нь ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэж үзээд байгаа юм. Тухайн тушаалдаа ажил хүлээлцэх хугацааг 12 дугаар сарын 25-ны өдрөөр заасан. Ажлаа хүлээлгэн өгөөгүй байхад и-мэйл хаягийг устгах боломж байхгүй. Ажил хүлээлцсэний дараа и-мэйл хаягийг устгадаг. Ажлын онцлогоос шалтгаалаад зарим албан тушаалтны и-мэйл хаягийг устгахгүй тохиолдолд ч байдаг. Нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргасан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч нь өөрөө тушаалын ард талд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гардаж авсан гэж бичсэн байдаг. Үүнийг шүүхэд өгөхийн өмнө ч юм уу нөхөөд бичих боломжтой. Тухайн үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүй нотолж чадахгүй байна гэж үзэж байгаа. Хамгийн гол нь хугацаа хэтэрсэн учраас тушаал зөв, буруу гэдэг зүйл яригдахгүй байх гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт:

Нэхэмжлэгч талаас: хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 11 сарын 02-ны өдрийн Б/152 дугаартай ажилд томилох тушаал, ажлаас чөлөөлөх тухай тушаал, иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажил хүлээлцсэн материал, эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийн карт, ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг гаргасан.

Хариуцагч талаас: ЭМ ХХК-ийн удирдах зөвлөлийн тогтоол, тогтоолын хавсралт, гүйцэтгэх захирлын 2020.12.17-ны өдрийн А/110 дугаар тушаал, ЭМ ХХК-ийн бүтцийн нэгжүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны нэр, 2020.12.18-ны өдрийн №02/09 дугаар мэдэгдэл, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, шилжүүлэн ажиллуулах тухай албан бичиг, А.Гын гараар бичсэн өргөдөл, 2021.01.25-ны өдрийн 01/16 дугаар албан бичгийг гаргасан.

  Шүүхийн журмаар: ЭМ ХХК-иас ХАБ-н мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, А.Гын 2020.12.21-ний өдрөөс 2021.02.03-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан талаархи цагийн бүртгэлЭрдэнэс монгол ХХК болон тус компанийн Ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээ зэрэг бичгийн нотлох баримтууд, Гашуун сухайт авто зам ХХК-иас дүрэм, үзлэг хийх ажиллагаа, ЭМ ХХК-иас тухайн компанийн Дэд бүтэц, уул уурхайн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, Архивын журам батлах гүйцэтгэх захирлын тушаал, тушаалын хавсралт, а/48 дугаартай албан бичгийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие ЭМ ХХК-д ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгч байгаагүй байтал намайг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, ажлаас халах тухай тушаалыг 01 дүгээр сарын 19-ний өдөр надад өгсөн боловч тушаалыг хүлээлгэж өгсөн, хүлээж авсан он сарыг тэмдэглэж өгөөгүй, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажил хүлээлцэж, акт, тойрох хуудас, эд хөрөнгө хүлээлцсэн талаар баримт үйлдсэн. Имэйлээр тушаалыг явуулсан гэж хариуцагч тайлбарладаг ч надад тийм имэйл ирээгүй. Иймд Байгаль орчин нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговорт нийт 75,322,178 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ЭМ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор компанийн бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдаж, А.Гын ажлын байр байхгүй болсон. А.Г нь уг мэдэгдлийг хүлээж аваад 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Х өөр ажлын байраар хангаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан гүйцэтгэх захирал түүний хүсэлтийг хүлээн авч, тухайн өдрөө буюу 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/181 тоот тушаалаар түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг [email protected] гэсэн и-мэйл хаягаас А.Гт и-мэйл хаягаар хүргүүлснээр А.Г нь ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн буюу мэдэх ёстой байсан. Тиймээс шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/152 дугаартай тушаалаар А.Гыг Уул уурхай, техник, технологийн газрын Байгаль орчин, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтнээр томилж, тус өдрөө хг003/20181102 дугаартай хөдөлмөрийн гэрээг талууд байгуулжээ. Ингэснээр талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

-       ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/181 дугаартай тушаалаар Байгаль орчин, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн А.Гын гаргасан Эрдэнэс оюутолгой ХХК-д шилжин ажиллах тухай хүсэлтийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.

-       Байгаль орчин нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн А.Гын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажил хүлээлцсэн материал, ажилчин албан хаагчдын эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийн карт хэрэгт авагдсан байх бөгөөд ажил хүлээлцсэн материалыг хүлээлгэн өгсөн А.Г, хүлээн авсан Б.А гэж, эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийн картыг хүлээн авсан Б.Ж, М.З, хүлээлгэн өгсөн А.Г гэж гарын үсэг зурж, баталгаажуулжээ.

-       ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Х томилсон, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь стратегийн ач холбогдол бүхий ордыг болон улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж, нөөцийг тогтоосон ордыг ашиглах үеийн төрийн оролцоог хэрэгжүүлэх болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

-       ЭМ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаартай Компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоолоор нийт 86 ажилтан, албан хаагчтай байхаар орон тоог баталсан болох нь хэрэгт баримтаар авагджээ.

-       ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/110 дугаартай тушаалаар компанийн бүтцийн нэгжүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны нэршил, зэрэглэл, цалингийн шатлалыг шинэчлэн баталжээ.

-       Нэхэмжлэгч А.Гт 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрүүдэд 02/09 дугаартай, ажил албан тушаал нь шинэ бүтэц, орон тоо батлагдсантай холбоотойгоор байхгүй болсон тул хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай мэдэгдлийг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

-       ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 01/909 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн дагуу Эрдэнэс Оюутолгой ХХК-д хандан бүтэц, орон тоог шинэчилсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч А.Гыг шилжүүлэн ажиллуулахыг чиглэл болгож, мөн ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/63 дугаартай албан бичгээр Гашуун сухайт авто зам ХХК-д шилжүүлэн ажиллуулах тухай албан бичиг явуулсан нь баримтаар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор 2021 оны 02 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарыг дуустал Гашуун сухайт авто зам ХХК-д ажиллаж, нийт 20,402,968 төгрөгийн цалин авсан болох нь тогтоогдож байна.

-       Нэхэмжлэгч А.Гын ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Х бичсэн өргөдөл хэрэгт авагдсан байх ба өргөдлөөр Эхнэр 9 сартай охин, 3 нас 6 сартай хүү, мөн 2 охины хамт амьдардаг. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хөл хорионы хатуу дэглэм тогтоосон, эдийн засаг, ажлын байр хумигдсан өвлийн хүйтэн цагаар бүтцийн өөрчлөлтөд орж байгаа нь бидний амьдралд маш хүндээр тусч байна. Энэ бүгдийг харгалзан хүлээн авч, ажлын байраар хангаж өгнө үү гэж бичсэн байгаагаас нэхэмжлэгч А.Г нь өөрийн хүсэлтийн дагуу ажлаасаа гарах аливаа утга агуулга илэрхийлээгүй, харин ажлын байраар хангуулахыг хүссэн утга агуулга харагдаж байх тул тус өргөдлийг хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны санаачилга гэх агуулгаар ойлгож, тайлбарлах боломжгүй болох нь тогтоогдож байна.

-       Шүүхээс ЭМ ХХК-ийн ажилтан Б.С [email protected] хаягт 2021 оны 04 дүгээр сарын 14-ний үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр чиглэл хүргүүлэх тухай албан бичиг болон А.Гыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг н.Түмэнцогт гэж хүнрүү явуулсан, явуулахдаа имэйл хаягийн Cc буюу хувийг А.Г луу явуулсан болох нь үзлэгээр тогтоогдсон. Гэвч энэ нь А.Г өөрийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа, хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тушаалыг хүлээн авсан гэж үзэх бүрэн нотолгоо болж чадахгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн албан ажилд ашиглаж байсан имэйл хаяг болох [email protected] хаягт үзлэг хийж, ажлаас чөлөөлсөн тушаал тус хаягаар өөрт нь ирсэн эсэхэд үзлэг хийлгэх хүсэлт гаргаж, шүүх тус хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч Дата ком ХХК-иас хариуцагч ЭМ ХХК-ийн хүсэлтээр имэйл үйлчилгээний тоог бууруулж, имэйл хаягуудыг цөөлснөөр нэхэмжлэгчийн имэйл хаяг устгагдсан тул сэргээж мэдээлэл гаргаж өгөх боломжгүй талаар албан бичгээр хариу өгсөн нь тогтоогдож байна. Мөн байгууллагын нэгж хоорондын бичгээр нэхэмжлэгчийн хаягт үзлэг хийх талаар бичиг хүргүүлсэн боловч нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн тул цахим хаягийг устгасан болох нь тогтоогдож байна.

 

5.    Талууд байгууллагын бүтэц, орон тоо шинэчлэгдэж, нэхэмжлэгч А.Гын ажил, албан тушаал цомхтголд орж байхгүй болсон гэдэгт, ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан бичгийн дагуу нэхэмжлэгч А.Гыг Гашуун сухайт авто зам ХХК-д ажилтнаар авч, ажиллуулсан гэдэгт маргадаггүй, харин нэхэмжлэгчийг өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, мөн ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгчийн цахим хаягаар хүргүүлсэн эсэхэд маргаж байна. Иймд байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн, мэдэгдлийг хүргүүлсэн үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

6.    ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/152 дугаартай тушаалаар А.Гыг Уул уурхай, техник, технологийн газрын Байгаль орчин, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтнээр томилж, тус өдрөө хг003/20181102 дугаартай хөдөлмөрийн гэрээг талууд байгуулснаар зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.

 

7.    ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/181 дугаартай тушаалаар нэхэмжлэгч А.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-ийг үндэслэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг заасан бөгөөд 38.1.1-т ажилтан санаачилсан гэж заажээ. Хариуцагч тайлбартаа нэхэмжлэгч А.Г нь байгууллагын захиралд хандан, өргөдөл гаргаж, өөрийн хүсэлт, санаачилгаараа хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч А.Гын байгууллагын гүйцэтгэх захиралд хандаж бичсэн өргөдлийн утга агуулга нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүсэл, зориг байхгүйн дээр ажлын байраар хангуулахыг хүссэн үг, үсэг байгаагаас энэ өргөдөл нь хөдөлмөрийн гэрээг ажилтан санаачилгаараа цуцлахаар гаргасан өргөдөл биш гэж дүгнэхээр байх тул тус өргөдлийг үндэслэл болгож, ажилтныг санаачилгаараа хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тушаал гаргасан нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд ажилтныг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж шүүх үзэж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

8.    Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд ажлаас халах, ажил хүлээлцэх харилцааг зохицуулсан бөгөөд 43.3-т Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заажээ. Хэдийгээр хариуцагч тал нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг түүнд имэйл хаягаар хүргүүлсэн гэж тайлбарладаг, тус тайлбарын хүрээнд шүүх имэйлд үзлэг хийлгэх замаар зохих ажиллагааг хийсэн боловч тухайн имэйл хаягийг хариуцагч байгууллага устгасан үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгчийн имэйл хаягт үзлэг хийх боломжгүй байх тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. Мөн ажилтныг ажлаас чөлөөлж байгаа байгууллага хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаалыг бичгээр гаргаж, ажилтанд гардуулах үүргийг хүлээдэг тул хариуцагчийн имэйл хаягаар тушаалыг хүргүүлсэн гэх тайлбар ач холбогдолгүй байна.

 

9.    Нэхэмжлэгч А.Г өөрийг нь ажлаас халсанг мэдэж, тушаалыг гардаж авсан тухай, мөн хэзээ гардаж авсан талаар баримт хэрэгт авагдаагүй, харин ажлаа 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээлцсэн зэрэг баримтыг үндэслээд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдсэн хугацааг өөрийнх нь тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тушаалыг гардаж авсан өдрөөр тооцох нь зүйтэй гэж үзээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд хандсан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна гэж үзэв. Тиймээс хариуцагчийн энэ хэргийг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

10. Ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж шийдвэрлэсэн тул ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.2-т зааснаар нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж тооцно гэсний дагуу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч нь нийт 628 өдөр ажилгүй байсан байх ба 2020 оны сүүлийн 3 сар болох 10, 11, 12 дугаар сарын цалингууд 2,131,738+2,011,736+3,225,000 төгрөг нийт 7,368,474 төгрөг. 7,368,474/3 сард хувааж, нэг сарын цалингийн дундаж гаргахад 2,456,158 төгрөг. 2,456,158/21,5 нэг өдрийн дундаж цалин 114,239 төгрөг болж байх тул ажилгүй байсан 628*114,239 төгрөг ажилгүй байсан нийт олговор 71,742,661 төгрөг болж байна. Үүнээс хариуцагч байгууллагын зуучилж, ажиллуулсан байгууллагаас авсан цалин олговор болох 20,402,968 төгрөгийг хасч тооцоод 51,339,693 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд гаргуулж шийдвэрлэв. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 23,982,473 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасны дагуу нэхэмжлэгч А.Г нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийг баримтлан нэхэмжлэгч А.Гыг ЭМ ХХК-ийн Байгаль орчны нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 51,339,693 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,982,473 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    А.Гын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцож, нөхөн төлөхийг ЭМ ХХК-д даалгасугай.

 

3.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

4.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЭМ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 414,648 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгосугай.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ