Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 421

 

Ш.Но, Б.А, Б.Мө нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, хохирогчийн өмгөөлөгч Б.Дашдорж, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр магадлалтай, Ш.Но, Б.А, Б.Мө нарт холбогдох 201607000143 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Г аймгийн Б суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Г аймгийн Б сумын Х говь багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй Тугчин овогт Ш-н Но,

2. Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Г аймгийн Б суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Г аймгийн Б сумын Х говь багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй Тугчин овогт Б-н А,

3. Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Г аймгийн Б суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Г аймгийн Б сумын Хүйсийн говь багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй Тугчин овогт Б-н Мө.

Ш.Но нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Г аймгийн Б суманд Б.А-ийн гэрт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Х.Мө-г шалтгаангүйгээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Б.Мө-тэй бүлэглэн шалтгаангүйгээр иргэн С.Ал-т зэвсгийн чанартай зүйл хэрэглэхийг завдаж танхайрсан, шүүгдэгч Б.А-ийн гэрийн гадаа 4291 УНЕ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, ухрах хөдөлгөөн хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж иргэн Х.Мө-н амь насыг хохироосон,

Б.А нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Г аймгийн Б суманд өөрийн гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Х.Мө-г үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан,

Б.Мө нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Г аймгийн Б суманд Б.А-ийн гэрийн гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Ш.Но-тай бүлэглэн иргэн С.Ал-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан, Ш.Но-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Мө-т холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.А-д холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, шүүгдэгч Ш.Но-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний амь нас хохироосон, Б.Мө-тэй бүлэглэж, С.Ал-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Мө-г Ш.Но-тай бүлэглэж, С.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.А-г Х.Мө-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ш.Но, Б.Мө, Б.А нарын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Но-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах болон үүрэг хүлээлгэх болон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, дээрх үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулж, шүүгдэгч нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ш.Но 106 хоног, Б.Мө 49 хоног, Б.А 62 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Но-аас 822,400 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Зо-д олгож, хохирлыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгчид даалгаж, хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 63,990,136 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 80,424,080 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Ш.Но-аас нэхэмжилсэн гэм хорын төлбөрыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.Зо-ийн өмгөөлөгч Б.Дашдоржийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх миний үйлчлүүлэгч Но-ы гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулж хэргийг зүйлчилсэн нь хуульд нийцсэн байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Зээлийн үлдэгдэл 59,999,986 төгрөгийг гаргуулах ёстой гэж байна. Гэтэл тухайн том машин өөрөө байгаа бас уг машиныг амь хохирогч өөрөө дангаараа аваагүй, хүнтэй хамтран авсан байдаг. Энэ талаар иргэний маргаан үүссэн. Уг зээлийн үлдэгдлийг шууд хор уршигт тооцох нь зохимжгүй, хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэвэр, тэтгэмжийн зөрүү 80,424,080 төгрөгийн асуудлаар гомдол гаргасан байсан. 3 дугаар хавтаст хэргийн 193-207 дугаар талд амь хохирогчийн ажлын тодорхойлолт зэрэг авагдсан байдаг. Уг зөрүүг  тооцох гэхээр гэрээ болон ажлын тодорхойлолт зэрэг нотлох баримт нь шаардлага хангахгүй байна. Шүүгдэгч нь би энэ 3 хүүхдийг ингээд хаяхгүй, өөрийн хүүхдүүдийн адил харгалзана гэсэн байр суурьтай байдаг. Эхнэр нь хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувьтай, мөн өөрөө малчин оршуулгын зардалд 8,622,500 төгрөгийг төлсөн. Мөн 3 хүүхдийн сургуулийн зардал, цаашид гарах зардлыг төлж амьдарна гэж шүүхийн шатанд мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Оршуулгын зардалд 8,622,500 төгрөг өгснөөс гадна хот орж ирэхдээ нэг хонины мах, баяр ёслолоор 100,000, 150,000 төгрөг өгсөн тохиолдол байгаа. Хэрэгт холбогдсон болохоор ажил хийж чадахгүй, өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой мал хуй нь хорогдсон. Хэргээсээ салах юм бол энэ 3 хүүхдэд тусалж дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр нь үлдээж өнгө үү” гэв.

Мөн шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Б.Дашдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хэргийн бодит байдалтай нийцүүлэхгүй, хэт нэг талыг барьж хөнгөрүүлсэн нь харагдаж байна. Уг хэрэг гарах үед Ш.Но нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь нотлогдсоор байхад шүүх Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзсэн нь хэргийн бодит байдлыг хэт нэг талаас шийдвэрлэж хохирогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн. Хохирогч Ж.Зо шүүгдэгчээс оршуулгын зардал, тэжээгчээ алдсаны тэтгэмж, зээлийн зөрүү нийт 149,336,616 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх үүнээс зээлийн 59,999,989 төгрөгийг гэм хор уршиг учруулсны төлбөрт хамаарахгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм. Хохирогч Ж.Зо нь эрхэлсэн тодорхой ажилгүй бага насны хүүхдүүдтэй банкнаас зээлсэн мөнгөө төлөх чадваргүй болж байгаа бодит хор уршиг учирсаар байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүйгээр/ гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд энэ хэргийн улмаас хохирогч зээлээ төлж чадахгүй өрөнд орж зээлийн барьцааны хөрөнгөө банкинд алдах зүй ёсны хор уршиг учирсан бөгөөд гэм буруутай этгээдээс зээлийн үлдэгдэл 59,999,986 төгрөгийг гаргуулах ёстой. Иймд давж заалдах шатны шүүхээс уг хэргийг бүхэлд нь хянаад 39.5 дугаар зүйлийн 1.1-д “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй”, 1.2-т Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасны дагуу зөвтгөн өөрчилж гэм буруутай этгээдэд зохих ял шийтгэлийг оногдуулах, мөн гэм буруутай этгээдээс зээлийн гэрээний үлдэгдэл 59,999,986 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хэргийн материалтай танилцсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хэргийн зүйлчлэл тохирсон. Зээлийн үлдэгдэл, өмгөөлөгчийн хөлс, баримтаар нотлогдоогүй 490,150 төгрөг, нийт 63,990,136 төгрөгийг гээд таслал тавиад орхисныг тодорхойлох хэсэгтээ хэрэгсэхгүй болгосугай гэж бичсэн атлаа тогтоох хэсгийг харахад нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай гэж ойлгогдож байгаа учраас бүхлээр нь иргэний журмаар жич хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний маргаан байгаа бол иргэний журмаар жич шийдвэрлэх эрхийг нь нээлттэй үлдээж, өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Ж.Зо-н өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдлыг үндэслэн Ш.Но, Б.А, Б.Мө нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ш.Но нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Г аймгийн Б суманд Б.А-ийн гэрт иргэн Х.Мө-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан, мөн шүүгдэгч Б.Мө-тэй бүлэглэн иргэн С.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, улмаар тээврийн хэрэгсэл жолоодож, ухрах хөдөлгөөн хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж иргэн Х.Мө-н амь насыг хохироосон,

Б.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Г аймгийн Б суманд өөрийн гэртээ иргэн Х.Мө-тай хэрүүл маргаан үүсгэн зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Б.Мө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Г аймгийн Б суманд Б.А-ийн гэрийн гадаа шүүгдэгч Ш.Но-тай бүлэглэн иргэн С.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Но, Б.А, Б.Мө нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоож, тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч Ш.Но-ы үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг болон 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч Б.А, Б.Мө нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласны улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбогдуулж гаргасан хохирогч Ж.Зо-н нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангах үндэслэлгүйг  тайлбарлан, мөн заримыг нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдан хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН