Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 89

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн

Тариалан сумын Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:      Л.Атарцэцэг

Б.Мөнхтуяа

                        Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “... “Х” ХХК-нд ... Зүүн шандын 346 га” гэсэн хэсгийг хүчингүй болгуулж, “Ш” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээлгэх”

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0895 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: өмгөөлөгч Б.Э,

Гуравдагч этгээд: “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, өмгөөлөгч Т.Д нар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар “... “Х” ХХК-нд ... Зүүн шандын 346 га” гэсэн хэсгийг хүчингүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0895 дугаар магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Ш”” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Б” ХХК-ийн эзэмшиж байсан Зүүн шандын 346 га газрын эзэмших эрхийг “Х” ХХК-д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээлгэх”-ийг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан нь шүүх шийдвэр гаргахдаа энэхүү 2 зарчмыг л барьж шийдвэрээ гаргахыг хууль шаардаж байна гэсэн үг юм. Гэтэл давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0895 дугаар магадлалаараа захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааг дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг “үндэслэлтэй” гэж үзсэн атлаа “энэ нь         бодит нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй...” гэж дүгнэснээрээ хэрэг дээрээ “бодит нөхцөл байдал”-д тохирч л байвал хууль зөрчсөн эсэхийг үл харгалзан түүнийг үндэслэж тухайн маргааныг шийдвэрлэх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал боллоо. Энэ нь хуулиар зөвшөөрдөггүй үндэслэл болж хуулийн дээрх зарчмыг зөрчсөн хэрэг гэж үзэж байна.

4. Давж заалдах шатны шүүх Газрын туай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-ийн “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх,”, 38 дугаар зүйлийн 38.4-ийн “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шипдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэсэн заалтуудыг магадлалдаа дурдахдаа энэхүү заалтууд дотор эрхийн гэрчигээг бусдад шилжүүлэхэд: 1. “шийдвэр гаргасан этгээд”-ийн зөвшөөрөл шаардлагатай, 2. энэ зөвшөөрөл нь тухайн шатны Засаг даргын шийдвэрээр илэрдэг, 3. уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамалд бүртгүүлснээр, 4. эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болох ёстой гэсэн зохицуулалтууд яваад байгаад ач холбогдол өгөөгүйд үнэхээр хамарсаж байна. Хэрэв хуулийн дээрх зохицуулалтуудад ач холбогдол өгсөнсөн бол “Ш” ХХК-ийн эзэмшил газар маргаан бүхий захиргааны актаас өмнө хэн нэгэн этгээдийн эзэмшилд шилжээгүй гэдгийг дүгнэх бүрэн боломж байсан.

5. Түүнчлэн давж заалдах шатны шүүх маргаан бүхий эзэмшил газрыг 2006, 2008 онуудад нэгээс нөгөөд шилжсэн “бодит нөхцөл байдал”-ыг дүгнэхдээ газар эзэмших эрхтэй, түүнийгээ бусдад шилжүүлэх эрхтэй этгээдийг “итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх”-ийн талаарх хуулийн заалтуудыг огт харгалзан үзээгүй нь түүний шийдвэр хууль ёсны байх чанараа алдахад хүргэсэн гэж үзэж байна.

6. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0895 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь зөв боловч хууль зүйн үндэслэл нь буруу байна.

8. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо “тус компанийн хувьцаа эзэмшигч В-д анх Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 1997 оны 112 дугаар захирамжаар 346 га газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, иймээс түүний эзэмшлийн “Ш” ХХК-д газар эзэмших гэрчилгээ олгосон, гэтэл хариуцагч газрын жинхэнэ эзэмшигчийг нь нарийн судалж шалгалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин тус компанийн эзэмшлийн газрыг “Б” ХХК-ийн нэрээр “Х” ХХК-д шилжүүлсэн нь хууль бус” гэж маргаснаас үзвэл нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээргүй байна. Учир нь, түүний эзэмшил газрыг “Б” ХХК-д шилжүүлсэн ямар нэгэн захирамж гараагүй атал маргаан бүхий актаар “Б” ХХК-иас “Х” ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “2006 онд “Ш” ХХК-иас Б.А-д, 2008 онд Б.А-аас “Б” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн бүртгэсэн захиргааны үйл ажиллагаатай маргаагүй... атлаа 2015 оны А/68 дугаар захирамжийн талаар маргах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу байна.

9. Харин нэхэмжлэгч нь 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл газрыг бодит байдал дээр “Б” ХХК нь зориулалтын дагуу ашиглан, газрын төлбөрийг төлж байсан үйл баримтыг мэдсээр байж эрхээ сэргээлгэх талаар маргалгүй явсаар 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр анх удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар; 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол...” гэсэн нөхцлийг зохицуулсан. Гэтэл энэхүү маргааны хувьд захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдаагүй байна.

11. Учир нь, захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэжээ. Хэдийгээр маргаан бүхий актыг захиргааны байгууллага нэхэмжлэгчид мэдэгдээгүй байх боломжтой ч /маргаан бүхий актыг гарах үед Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж байсан[1]/ дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх газрыг гуравдагч этгээд эзэмшиж байсан бодит нөхцөл байдлыг тэрээр мэдэхгүй байх боломжгүй юм.

12. Харин анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэхдээ Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарласан байна. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг гарснаас хойш 2 жилийн дараа гомдол гаргасан, ингэхдээ гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт тавиагүй /үүнийгээ нотлоогүй/ байхад анхан шатны шүүх “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1/1145 тоот албан бичгээр уг захирамжтай холбоотой газрын маргааны асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандахыг зөвшөөрчээ” хэмээн “хөөн хэлэлцэх хугацааг нөхөн сэргээсэн” мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

13. Ийнхүү Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлээр гомдол хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг сэргээх талаар тусгайлан зохицуулсан байхад анхан шатны шүүх уг хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана;”, 33.16-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно;” гэсэн хугацаа тодорхойлох ерөнхий зохицуулалтыг хэрэглэхдээ гомдол гаргагч нь захиргааны акт гарснаас хойш хэдийд ч хандаж болох /хуульд заасан гуч хоног хэтэрсэн ч/, түүнийг нь дээд шатны захиргаанаас хэдийд ч зөвшөөрч болох /хуульд заасан гурван сар хэтэрсэн ч/ ийнхүү зөвшөөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдаж, өмнө нь ямар ч хугацаа өнгөрсөн байсан тоолохгүй мэтээр хуулийн зорилгыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

14. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль зүйн үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8. “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж өөрчлөх үндэслэлтэй байна.

15. Нэгэнт хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж байгаа тул маргаан бүхий актын агуулга буюу хууль зүйн үндэслэлийн талаарх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 4, 5-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

16. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдлийг хэвээр үлдээж, харин хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0895 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...54 дүгээр зүйлийн 54.1.5,...” гэснийг “...54 дүгээр зүйлийн 54.1.8,...” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Г.БАНЗРАГЧ

 


[1] 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эхсүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэсэн зохицуулалттай байсан.