Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1424

 

““К Х Т Б Ө Х”-” ГҮТББ-ын

  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01308 дугаар шийдвэртэй, ““К Х Т Б Ө Х”-” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “К Ц”- ХХК-д холбогдох, 14 201 909 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу, 54 дугаар барилга гэх хаягт байрлах компьютер худалдааны төвийн худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай барилгыг 2014 оноос эхлэн хөрөнгө оруулагч нарын хөрөнгөөр барьж босгон 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдаж, мөн оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй гишүүдтэй “барилга ашиглалтын гэрээ” байгуулан ажиллаж байна. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны барилгын ашиглалтыг хариуцагч компани хариуцдаг байсан. Энэ хугацаанд “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-тай 4420 тоот Дулаан эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажиллаж, үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, албан байгууллагуудаас ашиглалтын зардал авч байсан атлаа ашигласан дулааны төлбөр 10 416 886 төгрөгийн өр, авлага үүсгэсэн байсан.

“Улаанбаатар Дулаан Сүлжээ” ТӨХК нь гэрээний үүргийн дагуу 2017 оны 9 дүгээр сард өр авлагыг төлж барагдуулаагүй тохиолдолд барилгын дулаан хангалтыг зогсоохоор шийдвэрлэснээр үйл ажиллагаа явуулж буй гишүүдийн эрх ашиг нь зөрчигдөх асуудал бий болохоос хамгаалж хариуцагчийн үүсгэсэн өр төлбөр, алдангид 12 205 000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс “Улаанбаатар Дулаан Сүлжээ” ТӨХК-д төлснөөр 2017 оны 9 дүгээр сард шинээр гэрээ байгуулан гэрээний үүргээ биелүүлэн ажиллаж байна.

Дээрх нөхцөл байдлын адил “Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар”-ын 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн тооцооны хуудсаар усны төлбөрт 323 779 төгрөг, “УБЦТС” ТӨХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд хамаарах төлбөрт 1 673 130 төгрөг нэхэгдсэн учир нийт 14 201 909 төгрөгийг хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгч төлж барагдуулсан. Иймд эдгээрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан барилгыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр улсын комисс хүлээн авч, түүнээс хойш манай компани өмчлөгч, эзэмшигч нараас ашиглалтын төлбөрийг нэхэмжлэн хурааж авч эхэлсэн ч удалгүй нэхэмжлэгч байгууллага байгуулагдаж, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ашиглалтын төлбөрийг хариуцан ажиллах болсон. Нэхэмжлэгч нь манай байгууллагаас ажлыг хүлээн авсны дараа 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нягтлан бодогч Б.Мөнхтуул, манай компанийн гүйцэтгэх захирал Н.Даваа, менежер Б.Мөнхшүр нар тооцоо нийлсэн байдаг. Үүгээр манай компани өөрсдөөс гаргасан болон бусад зардлын авлага нийлээд 40 507 743 төгрөгийг нэхэмжлэгчээс авахаар болсон. Энэ үнийн дүнгээр нэхэмжлэх өгсөн ба нэхэмжлэгчээс авах авлагатай болохоос өглөг байхгүй.

Түүнчлэн, манай байгууллага түрээслэгч нараас төлсөн төлбөрийг дулаан, ус, цахилгаан, ашиглалтын төлбөрөө төлөхөөр нь дулаан, ус, цахилгаан зэрэгт тушаадаг байсан, орж ирсэн мөнгийг нь бүгдийг тушаасан. Оффисийн өрөө түрээсэлдэг байсан хүмүүс ашиглалтын төлбөрөө төлөөгүй нь манайд хамаарахгүй, тэдгээр түрээслэгч нараас нэхэмжлэх нь зүйтэй. Өөр бусад этгээдийн төлөөгүй мөнгийг төлөх ёсгүй.                       Түрээслэгч нараас өгсөн мөнгийг хувьдаа зарцуулаагүй, харин ч тэдний өмнөөс төлбөр төлсөн учир  хариуцагч биш, ашиглалтын төлбөрөө төлөөгүй түрээслэгч нараас мөнгөө нэхэмжлэх ёстой. Дулаан болон усыг бид хэрэглээд төлбөр гаргаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь хууль ёсоор байгуулагдсан төрийн бус байгууллага биш тул түүнийг татан буулгах нэхэмжлэлтэй өөр хэргийг шийдвэрлэхээс нааш энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан “К Ц”- ХХК-иас 4 769 546 төгрөг гаргуулж ““К Х Т Б Ө Х”-” ГҮТББ-д олгох, нэхэмжлэлээс үлдэх 9 432 363 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 91 263 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан бичгийн баримтад бодит дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, тус шүүхэд “Сартпланет” ХХК, иргэн Б.Мөнхшүр. Х.Батпүрэв нараас “Комьпютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо” ГҮТББ нь хууль бусаар үүсгэн байгуулагдсан болохыг тогтоолгох, албадан татан буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 181/Ш32019/02706 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.

Мөн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг “Компьютер Молл” худалдаа үйлчилгээний төвийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцах эрхгүй болохыг тогтоолгох, албадан татан буулгуулах тухай” гэж шаардлагаа өөрчилсөн.

Иймд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан. Дурдсан хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад уг маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

“Компьютер Молл” худалдаа, үйлчилгээний төвд 200 гаруй өмчлөгч, эзэмшигч нар байдаг бөгөөд эдгээр ашиглалтын төлбөрөө төлөөгүй иргэн, хуулийн этгээдийн өмнөөс тухайн үед ашиглалт хариуцаж байсан “К Ц”- ХХК нь мөнгийг өмнөөс нь төлөх ёсгүй. Өмчлөгч, эзэмшигч нарын төлөөгүй мөнгийг ашиглалт хариуцаж байсан компани төлөх үүрэгтэй талаар гэрээ болон бичгээр хүлээсэн үүрэг байхгүй.

Түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар “К Ц”- ХХК нь ашиглалтын мөнгөө төлсөн иргэн, хуулийн этгээдийн мөнгийг хүлээн аваад шамшигдуулсан үйлдэл тогтоогдоогүй атал хариуцагчаас 4 769 546 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үнэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч ““К Х Т Б Ө Х”-” ГҮТББ нь хариуцагч “К Ц”- ХХК-д холбогдуулан тухайн этгээдийн өмнөөс төлсөн өр болох 14 201 909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны дулааны төлбөр алдангийн хамт 12 205 000 төгрөг, усны төлбөр 323 779 төгрөг, цахилгааны төлбөр 1 673 130 төгрөг, нийт 14 201 909 төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлсөн гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, уг барилгын эзэмшигч, өмчлөгч нараас хураан авсан ашиглалтын төлбөрийг зохих газарт нь төлсөн, төлөөгүй байгаа төлбөрийг нь хариуцахгүй гээд, нэхэмжлэгчийн эрх зүйн байдалтай холбоотой өөр маргаан шийдвэрлэгдээгүй байхад уг хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэх үндэслэл зааж маргасан.

 

Хэрэгт авагдсан “Голомт банк” ХХК дах хариуцагчийн эзэмшлийн 1501102928 тоот “Дансны хуулга” /хх140-145/, зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэлд дурдсан  Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу, 54-р барилгыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улсын комисс хүлээн авсан, үүнээс хойш 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч нь тус барилгын эзэмшигч, өмчлөгч нараас сар бүр ашиглалтын зардлын төлбөрийг хүлээн авч байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

“Компьютер центр  ХХК болон “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн хооронд нэхэмжлэлд дурдсан барилгыг дулааны эрчим хүчээр хангах 4420 тоот дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14/1148, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 14/1355, 14/1358 тоот албан бичгүүд /хх6-8/ болон төлбөрийн түүх, төлбөрийн NA473228 NA485448 дугаар нэхэмжлэхүүд /хх9-11/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх14-15/ гэх баримтуудаар тогтоогдож байгааг шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх баримтуудаас үзэхэд, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 10 416 886 төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлтэй боловч хэргийн 9 дэх талд авагдсан “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн төлбөрийн түүх баримтаар 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 14 744 546 төгрөгийн үнэ бүхий дулаан тавигдсанаас хариуцагч нь нийт 9 975 000 төгрөгийг төлсөн /хх14-15/ болох нь нотлогдсон байна.

 

Иймд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу эрчим хүч хэрэглэсэн төлбөрийг цаг хугацаанд нь төлөх үүрэг ёсоор хариуцагчид хамаарах хугацааны төлөгдөөгүй төлбөрийн 4 769 546 төгрөгийг “К Ц”- ХХК төлөх үндэслэлтэй.

 

2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар тус барилга нь дулаан ашиглалтын төлбөрийн үлдэгдэлгүй байгаа талаарх “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх14-15/ гэх баримтаар тогтоогдсон. Шүүх, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэсэнд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 4 769 546 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дулааны төлбөрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагчийн үйл ажиллагаа явуулсан хугацаанд хамаарахгүй, алдангийн хувьд хэдэн төгрөг нь хариуцагчийн төлөх төлбөрт тооцогдохыг нэхэмжлэлд ялгамжтай байдлаар тодорхойлоогүй гэх агуулгаар дүгнэснийг, мөн цахилгааны төлбөрт 1 673 126 төгрөгийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх 4 дүгээр төв нь иргэн н.Энхболдоос нэхэмжилсэн /хх24-25/ байгаа нь уг хэрэгт болон зохигчдод хамаарахгүй баримт байх тул дээрх хэмжээний шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж үзнэ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь усны төлбөрт 323 779 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нотлохоор Ус сувгийн удирдах газрын Тооцооны хуудас, /хх21/ “Юү Эс Би” ХХК-ийн 10 дугаартай Нэхэмжлэх /хх22/, “усны төлбөрийг нь төлөв” гэх утгатай “Юу Эс Би” ХХК-ийн 001 дугаартай Кассын зарлагын ордер /хх23/ зэрэг баримтуудыг ирүүлсэн. Гэтэл Ус сувгийн удирдах газар нь хэрэглэгч “Угалз холдинг” ХХК-д, нэхэмжлэх болон мөнгө төлсөн баримт нь “Юу Эс Би” ХХК-иас БӨХ-д гэсэн утгаар бичигдсэн байна. Эдгээр баримтууд нь хариуцагчаас төлбөр гаргуулах үндэслэл болохгүй тул шүүх хэрэгсэхгүй болгожээ. Үүнээс үзвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ, тус шүүхэд “Сартпланет” ХХК, иргэн Б.Мөнхшүр. Х.Батпүрэв нар нь нэхэмжлэгч байгууллагыг “Компьютер Молл” худалдаа үйлчилгээний төвийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт. засвар үйлчилгээг хариуцах эрхгүй болохыг тогтоолгох, албадан татан буулгуулахаар  иргэний хэрэг үүсгэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэжээ. Хэргийн баримтаас үзвэл, уг нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчийн өмнөөс төлсөн ашиглалтын төлбөрийг гаргуулах тухай, харин давж заалдах гомдол болон хариуцагчийн тайлбарт дурдагдаж буй шаардлага нь тухайн хуулийн этгээдийн эрх зүйн байдалтай холбоотой болох нь тогтоогдож байх тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Дээрхээс дүгнэвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “К Ц”- ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 263 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                          Т.ТУЯА