Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00130

 

  Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо

ГҮТББ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн П.Золзаяа даргалж, шүүгч Г .Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01308 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар 31-ний өдрийн 1424 дүгээр магадлалтай,

 *******-ын нэхэмжлэлтэй,

Компьютер центр ХХК-д холбогдох,

14 201 909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Их тойруу 54 дүгээр барилга болох Компьютер худалдааны төвийн худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай барилгыг 2014 оноос эхлэн хөрөнгө оруулагч нарын хөрөнгөөр барьж босгон 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн болно.

Тус ******* нь 2017 оны 5 дугаар сарын 5-ны байгуулагдаж 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй гишүүдтэй барилга ашиглалтын гэрээ байгуулан ажиллаж байна.

Уг барилгыг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд барилгын ашиглалтыг******* ХХК хариуцан ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-тай 4420 тоот Дулаан эрчим хүчийг худалдах-худалдан авах гэрээ байгуулан ажиллаж, тус барилгад үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, албан байгууллагуудаас ашиглалтын зардал авч байсан атлаа ашигласан дулааны төлбөр болох 10 416 886 төгрөгийн өр авлага үүсгэсэн байсан.

Улаанбаатар Дулаан сүлжээ ТӨХК нь гэрээний үүргийнхээ дагуу 2017 оны 9 дүгээр сард өр авлагыг төлж барагдуулаагүй тохиолдолд барилгын дулаан хангалтыг зогсоохоор шийдвэрлэснээр уг барилгад үйл ажиллагаа явуулж буй гишүүдийн эрх ашиг нь зөрчигдөх асуудал бий болохоос хамгаалж******* ХХК-ийн үүсгэсэн өрийг алдангийн хамт 12 205 000 төгрөгийг *******-ын зүгээс Улаанбаатар дулаан Сүлжээ ТӨХК-д төлж 2017 оны 9 дүгээр сард шинээр гэрээ байгуулан гэрээний үүргээ биелүүлэн ажиллаж байна.

Тиймээс******* ХХК-ийн төлөх ёстой байсан төлбөрийг өмнөөс нь төлж барагдуулсан 12 205 000 төгрөгийг, мөн дээрх нөхцөл байдлын адил Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн тооцооны хуудсаар нэхэмжилсэн усны төлбөр 323 779 төгрөг, УБЦТС ТӨХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 16-наас 2017 оны 5 дугаар сарын 19-ний хүртэлх хугацааг хамарсан төлбөр 1 673 130 төгрөгийг тус тус *******-ын зүгээс төлж барагдуулсан учир******* ХХК-иас нийт 14 201 909 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу-54 дүгээр барилга******* худалдааны төв барилгыг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр улсын комисс хүлээн авч, түүнээс хойш манай компани өмчлөгч, эзэмшигч нараас ашиглалтын төлбөрийг нэхэмжлэн хурааж авч эхэлсэн хэдий ч удалгүй ******* байгуулагдаж, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ашиглалтын төлбөрийг хариуцан ажиллах болсон.

******* нь манай байгууллагаас ашиглалтыг хүлээн авч, ажил нь тодорхой жигдэрсний дараагаар буюу 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр БӨХ /товчилсон нэр/-ийн нягтлан бодогч Б.Мөнхтуултай манай компанийн Гүйцэтгэх захирал Н.Даваа, менежер Б.Мөнхшүр нар тооцоо нийлэхэд манай байгууллага өөрсдөөс гаргасан болон бусад зардлын авлага нийлээд 40 507 743 төгрөгийг *******-аас манайх авахаар болж тооцоо нийлж, улмаар нягтлан бодогч Б.Мөнхтуулд манайх нэхэмжлэх өгсөн байдаг.

Үүгээр манай байгууллага 40 507 743 төгрөгийн авлагатай болохоос өглөг байхгүй нь тодорхой харагдана, түүнчлэн манай байгууллага ашиглалт хариуцаж байсан буюу оффисын өрөө түрээсэлж байсан хүмүүс ашиглалтын төлбөрөө төлөхөөр нь түүнийг нь дулаан, ус, цахилгаан зэрэгт тушаадаг байсан, манай байгууллага орж ирсэн мөнгийг нь бүгдийг нь тушаасан.

Оффисын өрөө түрээсэлдэг байсан хүмүүс ашиглалтын төлбөрөө төлөөгүй нь манай байгууллагаас нэхэмжлэх үндэслэл байхгүй, оффисын өрөө түрээсэлж байсан хүмүүсээс мөнгөө нэхэмжлэх ёстой, манай байгууллага хүний төлөөгүй мөнгийг төлөх ёсгүй, оффисын өрөө түрээсэлж байсан иргэн, ААНБ-аас төлсөн мөнгийг манай байгууллага дундаас нь авч үрсэн асуудал огт байхгүй, харин ч бүр өмнөөс нь мөнгө төлөөд авлагатай.

Манай байгууллага хариуцагч биш, оффис түрээсэлж байхдаа ашиглалтын төлбөрөө төлөөгүй хэдэн арван иргэн, ААНБ-аасаа тэр мөнгөө нэхэмжлэх ёстой, манай байгууллага тэр дулаан, усыг нь хэрэглээд төлбөр гаргаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хууль ёсоор байгуулагдсан төрийн бус байгууллага биш тул түүнийг татан буулгах нэхэмжлэлтэй өөр хэргийг шийдвэрлэхээс нааш энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01308 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан******* ХХК-аас 4,769,546 төгрөг гаргуулж *******-д олгож, *******-ын нэхэмжлэлээс үлдэх 9,432,363 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 91,263 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар 31-ний өдрийн 1424 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч******* ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 263 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1424 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан бичгийн баримтад бодит дүгнэлт хийгээгүй.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Сартпланет ХХК, иргэн Б.Мөнхшүр, Х.Батпүрэв нараас ******* нь хууль бусаар үүсгэн байгуулагдсан болохыг тогтоолгох, мөн албадан татан буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын дагуу тус шүүхийн шүүгч С.Энхбаяр нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 181/Ш32019/02706 дугаартай иргэний хэрэг үүсгэсэн байна. Мөн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг Компьютер Молл худалдаа үйлчилгээний төвийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцах эрхгүй болохыг тогтоолгох, мөн албадан татан буулгуулах тухай гэж шаардлагаа өөрчилсөн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа талаарх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй******* ХХК-д холбогдох ашиглалтын төлбөр 14 201 909 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан буюу ******* нь Компьютер Молл худалдаа үйлчилгээний төвийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцах эрхгүй болохыг тогтоолгох, мөн албадан татан буулгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа дээрх маргааныг шийдвэрлэх ёстой тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Компьютер Молл худалдаа, үйлчилгээний төвд 200 гаруй өмчлөгч, эзэмшигч нар байдаг бөгөөд эдгээр ашиглалтын төлбөрөө төлөөгүй иргэн, ААНБ-ын өмнөөс тухайн үед ашиглалт хариуцаж байсан******* ХХК нь мөнгийг төлөх ёсгүй, ямарваа нэгэн гэрээгээр өмчлөгч, эзэмшигч нарын өмнөөс төлөөгүй мөнгийг ашиглалт хариуцаж байсан компани төлөх үүрэг бүхий ямар нэгэн гэрээ, бичгээр хүлээсэн үүрэг байхгүй, түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар******* ХХК нь ашиглалтын мөнгөө төлсөн иргэн, ААНБ-ын мөнгийг хүлээн аваад үрсэн үйлдэл тогтоогдоогүй атал хариуцагчаас 4 769 546 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг- хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 ******* нь******* ХХК-д холбогдуулан 14 201 909 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх хариуцагчаас 4 769 546 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргажээ.

 Хэрэгт авагдсан баримтаар Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Их тойруу, 54 дүгээр барилга болох Компьютер худалдааны төвийн худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай барилга 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ашиглалтад орж, Улсын комисс хүлээж авснаас хойш******* ХХК барилгын ашиглалтыг хариуцаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр *******-д хүлээлгэн өгсөн.

 ******* нь Худалдааны төвийн барилгын ашиглалтыг хүлээн авсны дараа дулааны төлбөрийн өр 10 416 886 төгрөгийг алдангийн хамт нийт 12 205 000 төгрөгийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д, усны төлбөрт 323 779 төгрөгийг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт, 1 673 130 төгрөгийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д төлсөн үндэслэлээр дээрх зардал нийт 14 201 909 төгрөгийг******* ХХК-иас гаргуулахаар нэхэмжилжээ.

 Хариуцагч******* ХХК нь барилгын ашиглалтыг хариуцаж байх хугацаандаа тус Худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй 200-аад иргэн, аж ахуйн нэгжээс барилгын ашиглалтын төлбөрийг авч холбогдох байгууллагуудад төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогджээ.

 Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар, өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зохицуулсан.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацааны дулаан, цахилгаан, усны төлбөрийг хариуцагч хариуцах үүрэгтэй, ийнхүү төлбөрийг нэхэмжлэгч төлснөөр хариуцагч нь төлбөр төлөх үүргээсээ чөлөөлөгдсөн тул тэрээр зардлаа нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэн, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн дулааны төлбөрт төлсөн 4 769 546 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийсэн, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1. дэх заалтыг зөв хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй, шийдвэр 116 дугаар зүйлийн 116.2., 116.3.-т заасан шаардлагыг хангажээ.

 Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.,167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7.-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол шүүгч нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзана, 117.1. Энэ хуулийн ...65.1.3.-65.1.8., ...-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 Хариуцагчаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...нэхэмжлэгч ******* нь эрх бүхий хуулийн этгээд биш, хууль бусаар үүсгэн байгуулагдсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Иргэний хэрэг үүсгэсэн талаар нотлох баримт гаргасан байхад шүүх хэрэглэвэл зохих Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1., 65 дугаар зүйлийн 65.1.7. дахь заалтыг хэрэглээгүй... гэжээ.

 Нэхэмжлэгч нь гишүүдийнхээ болон тус төвийн үйл ажиллагаа, эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, үйлчилгээний таатай нөхцөлийг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан эрх бүхий хуулийн этгээд болох нь хэргийн 05 дугаар талд авагдсан 000143722 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байгаа, гомдолд дурдсан үндэслэл хэргийг хэрэгсэхгүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх гомдол үндэслэлгүй болно.

 Түүнчлэн ...шүүх хэрэгт цугларсан баримтыг үндэслэл бүхий үнэлж, бодитой дүгнэлт хийгээгүй, ...үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй... талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 Дээр дурдсанаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01308 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар 31-ний өдрийн 1424 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91 263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            П.ЗОЛЗАЯА

                              ШҮҮГЧ             Х.ЭРДЭНЭСУВД