Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1308

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  “КХ” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “КЦ” ХХК-д холбогдох 

 

14,201,909 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, гэрч Б.Мөнхтуул, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

            Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Их тойруу 54 дүгээр барилга болох Компьютер худалдааны төвийн худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай барилгыг 2014 оноос эхлэн хөрөнгө оруулагч нарын хөрөнгөөр барьж босгон 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн болно.

Тус КХ ГҮТББ нь 2017 оны 5 дугаар сарын 5-ны байгуулагдаж 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй гишүүдтэй барилга ашиглалтын гэрээ байгуулан ажиллаж байна.

Уг барилгыг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд барилгын ашиглалтыг “КЦ” ХХК хариуцан ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-тай 4420 тоот Дулаан эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажиллаж, тус барилгад үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, албан байгууллагуудаас ашиглалтын зардал авч байсан атлаа ашигласан дулааны төлбөр болох 10,416,886 төгрөгийн өр авлага үүсгэсэн байсан.

“Улаанбаатар Дулаан Сүлжээ” ТӨХК нь гэрээний үүргийнхээ дагуу 2017 оны 9 дүгээр сард өр авлагыг төлж барагдуулаагүй тохиолдолд барилгын дулаан хангалтыг зогсоохоор шийдвэрлэснээр уг барилгад үйл ажиллагаа явуулж буй гишүүдийн эрх ашиг нь зөрчигдөх асуудал бий болохоос хамгаалж “КЦ” ХХК-ийн үүсгэсэн өрийг алдангийн хамт 12,205,000 төгрөгийг “КХ” ГТГББ-ын зүгээс “Улаанбаатар Дулаан Сүлжээ” ТӨХК-д төлж 2017 оны 9 дүгээр сард шинээр гэрээ байгуулан гэрээний үүргээ биелүүлэн ажиллаж байна.

Тиймээс “КЦ” ХХК-ийн төлөх ёстой байсан төлбөрийг өмнөөс нь төлж барагдуулсан 12,205,000 төгрөгийг, мөн дээрх нөхцөл байдлын адил Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн тооцооны хуудсаар нэхэмжилсэн усны төлбөрт 323,779 төгрөг, “УБЦТС” ТӨХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 16-наас 2017 оны 5 дугаар сарын 19-ний хүртэлх хугацааг хамарсан төлбөр 1,673,130 төгрөгийг тус тус “КХ” ГҮТББ-ын зүгээс төлж барагдуулсан учир “КЦ” ХХК-аас нийт 14,201,909 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:

Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу-54 дүгээр барилга “КЦ” худалдааны төв барилгыг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр улсын комисс хүлээн авч, түүнээс хойш манай компани өмчлөгч, эзэмшигч нараас ашиглалтын төлбөрийг нэхэмжлэн хурааж авч эхэлсэн хэдий ч удалгүй “КХ” ТББ байгуулагдаж 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ашиглалтын төлбөрийг хариуцан ажиллах болсон.

“КХ” ТББ нь манай байгууллагаас ашиглалтыг хүлээн авч, ажил нь тодорхой жигдэрсний дараагаар буюу 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “БӨХ” /товчилсон нэр/-ийн нягтлан бодогч Б.Мөнхтуултай манай компанийн Гүйцэтгэх захирал Н.Даваа, менежер Б.Мөнхшүр нар тооцоо нийлэхэд манай байгууллага өөрсдөөс гаргасан болон бусад зардлын авлага нийлээд 40,507,743 төгрөгийг “КХ” ТББ-аас манайх авахаар болж тооцоо нийлж, улмаар нягтлан бодогч Б.Мөнхтуулд манайх нэхэмжлэх өгсөн байдаг.

Үүгээр манай байгууллага 40,507,743 төгрөгийн авлагатай болохоос өглөг байхгүй нь тодорхой харагдана, түүнчлэн манай байгууллага ашиглалт хариуцаж байсан буюу оффисийн өрөө түрээсэлж байсан хүмүүс ашиглалтын төлбөрөө төлөхөөр нь түүнийг нь дулаан, ус, цахилгаан зэрэгт тушаадаг байсан, манай байгууллага орж ирсэн мөнгийг нь бүгдийг нь тушаасан.

Оффисийн өрөө түрээсэлдэг байсан хүмүүс ашиглалтын төлбөрөө төлөөгүй нь манай байгууллагаас нэхэмжлэх үндэслэл байхгүй, оффисийн өрөө түрээсэлж байсан хүмүүсээс мөнгөө нэхэмжлэх ёстой, манай байгууллага хүний төлөөгүй мөнгийг төлөх ёсгүй, оффисийн өрөө түрээсэлж байсан иргэн, ААНБ-аас төлсөн мөнгийг манай байгууллага дундаас нь авч үрсэн асуудал огт байхгүй, харин ч бүр өмнөөс нь мөнгө төлөөд авлагатай.

Манай байгууллага хариуцагч биш, оффис түрээсэлж байхдаа ашиглалтын төлбөрөө төлөөгүй хэдэн арван иргэн, ААНБ-аасаа тэр мөнгөө нэхэмжлэх ёстой, манай байгууллага тэр дулаан, усыг нь хэрэглээд төлбөр гаргаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хууль ёсоор байгуулагдсан төрийн бус байгууллага биш тул түүнийг татан буулгах нэхэмжлэлтэй өөр хэргийг шийдвэрлэхээс нааш энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “КХ” ГҮТББ нь хариуцагч “КЦ” ХХК-аас 14,201,909 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.

 

Тус шүүхэд нэхэмжлэгч байгууллагыг хууль бусаар байгуулагдсан болохыг тогтоолгох, албадан татан буулгуулах нэхэмжлэл бүхий иргэний хэрэг хянагдаж байгаа болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2019/02706 тоот “иргэний хэрэг үүсгэх тухай” захирамжаар тогтоогдсон боловч энэ маргааныг шийдвэрлэж болохгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлд хамаарахгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийг хянан хэлэлцэнэ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн өрийг түүний өмнөөс төлсөн үндэслэлээр энэхүү шаардлагаа гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд барилгын ашиглалтыг хариуцан ажиллуулж, өмчлөгч, эзэмшигч нараас ашиглалтын зардлыг хариуцагч хураан авч, байгуулсан гэрээний дагуу ус, цахилгаан, дулааны төлбөрийг зохих газруудад нь төлөх үүргээ хэрэгжүүлээгүйг арга буюу өмнөөс нь хэрэгжүүлсэн гэжээ.

 

Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу, 54 дүгээр барилгын ашиглалттай холбоотой үйл ажиллагааг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцан ажиллаж байсан “КЦ” ХХК болон “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн хооронд уг барилгыг дулааны эрчим хүчээр хангахтай холбоотой 4420 тоот дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үйл баримт тус газрын хариуцагчид хаягласан 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14/1148, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 14/1355, 14/1358 тоот албан бичгүүд болон “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн төлбөрийн түүх, төлбөрийн NA473228 NA485448 тоот нэхэмжлэхүүд, 2016 оны 1 дүгээр сарын 01-ээс 2018 оны 2 дугаар сарын 28-ныг хүртэлх хугацааны харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

            Уг баримтуудаас үзвэл хариуцагч нь 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 10,416,886 төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөрийг “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-д төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй гарсан байна.

 

            Хариуцагч нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу, 54 дүгээр барилгын ашиглалттай холбоотой зохих үйл ажиллагааг 2017 оны 1 дүгээр сарын 18-аас 2017 оны 5 дугаар сарын 15-ны хооронд хариуцан ажиллуулж, Голомт банк дахь өөрийн эзэмшлийн дансаар өмчлөгч, эзэмшигч нараас сар бүрийн ашиглалтын зардлын төлбөрийг хүлээн авдаг байсан үйл баримт талуудын тайлбар, Голомт банкны дансны хуулгаар тус тус тогтоогдсон байна.

 

Энэ хугацааны дулааны эрчим хүчний төлбөрт 14,744,546 төгрөг тавигдсанаас хариуцагч нь 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 9,975,000 төгрөгийг төлсөн, харин 4,769,546 төгрөг төлөгдөөгүй болох нь “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн төлбөрийн түүх баримтаар нотлогджээ.

 

            Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээг “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-тай байгуулсан “КЦ” ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу эрчим хүч хэрэглэсэн төлбөрийг цаг хугацаанд нь төлж байх үүрэгтэй тул дээрх төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

            Хэрэгт авагдсан “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2016 оны 1 дүгээр сарын 01-ээс 2018 оны 2 дугаар сарын 28-ныг хүртэлх хугацааны харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ баримтаар төлбөрийн үлдэгдэлгүй гарсан, хариуцагч нь дээрх төлбөрийг төлөөгүй байдалдаа маргаагүй тул шүүх хариуцагчийн өмнөөс төлбөрийг төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь өмчлөгч болон эзэмшигч нартай байгуулсан гэрээний үүргийг тэдгээрээс шаардан авахтай холбоотой асуудал тусдаа тул мөнгө төлөөгүй өмчлөгч, эзэмшигч нарын өмнөөс төлбөр төлөх үүрэггүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй болно.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасан тул шүүх нэхэмжлэгчийг дулааны эрчим хүчний төлбөрт төлсөн 4,769,546 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Харин дулааны эрчим хүчний төлбөрийн бусад хэсэг нь хариуцагчийг ашиглалтын үйл ажиллагаа явуулсан хугацаанд хамаарахгүй, тооцогдсон гэх алданги бусад хугацааны дулааны эрчим хүчний төлбөртэй холилдсоны улмаас хэд нь дээрх төлбөрт ногдох хэсэг болох нь тодорхойгүй, үүнийг нэхэмжлэгч тодорхойлоогүй тул шүүх хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэлийн бусад шаардлага болох ус болон цахилгааны төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, Ус сувгийн удирдах газар “Угалз холдинг” ХХК-аас, “УБЦТС” ХК нь иргэн Энхболдоос тус тус төлбөр нэхэмжилсэн баримт хэрэгт авагдсан байх тул Усны тухай болон Эрчим хүчний тухай хуульд заасан төлбөр төлөх үүрэг хариуцагчид байсан гэж үзэхгүй, нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүрэг бүхий этгээдүүдийн өмнөөс өрийг хариуцсан бол тэдгээрт холбогдуулан шаардлагаа гаргах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэлээс 9,432,363 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 4,769,546 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан “КЦ” ХХК-аас 4,769,546 төгрөг гаргуулж “КХ” ГҮТББ-д олгож, “КХ” ГҮТББ-ын нэхэмжлэлээс үлдэх 9,432,363 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 91,263 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                            Ө.УЯНГА