Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2019/02456

 

 

 

 

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Я нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Б  холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 133,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Я нь Г.Б тай Амины орон сууц захиалан бариулах гэрээг 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх Эко хотхоны га газарт 0 м.кв бүхий амины орон сууцыг захиалгаар барьж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн. Амины орон сууцыг 2014 оны 7 дугаар сарын эхний хагаст барьж дуусган ашиглалтад оруулахаар тохиролцсон. Б.Я нь гэрээний дагуу 133,550,000 төгрөг төлсөн. Хариуцагч гэрээгээр тохиролцсон амины орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэж өгөөгүй болно. Хариуцагчтай олон удаа уулзаж ярилцсан боловч одоо байрыг барьж өгнө, дараа жил дуусгана гэх мэтээр хүлээлгэж байсан. Улмаар уулзаж ярилцах боломжгүй болж тэр бүр утсаа авахаа больсон. Бид тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаснаар гурван шатны шүүхийн шийдвэр хавтас хэрэгт авагдсан байгаа. Одоо нэгэнт амтны орон сууцыг барьж дуусган хүлээлгэн өгөх боломжгүй найдвар тасарсан тул гэрээний дагуу төлсөн 133,550,000 төгрөгийг Г.Б аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Б миний бие нэхэмжлэгч Б.Я тай Амины орон сууц захиалгаар бариулах гэрээг 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан ба захиалагчийн гэрээгээр тохирч төлсөн зарим төлбөрийг захиалагчийн Амины орон сууцыг барихад зарцуулж одоогоор барилга 90 үндэслэл хувийн гүйцэтгэлтэй байгаа. Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийн үндэслэл болсон Амины орон сууц барих гэрээтэй холбогдуулан Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжиж шийдвэрлүүлсэн. Улмаар нэхэмжлэгч Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж мөн маргааныг хянан шийдвэрлүүлсэн мөн давж заалдах шатны магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч талаас анхан шатны шүүхэд хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч Б.Я ын төлөөлөгч Х.Цогтсахайхан гардаж авсан байдаг. Улмаар тус маргааны хариуцагч тал болох Г.Б одоогоор хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байна.

Тодруулбал Б.Я ын төлөөлөгч Х.Цогтсайхан хугацаа сэргээлгэсэн захирамжийг гардаж авсан мөртлөө тус маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа мэдсээр байж шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн шүүхийн ачааллыг нэмэгдүүлсэн асуудал юм. ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа, шүүгч захирамж гаргаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана хэмээн мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох.эсхүл өөрчилж болно хэмээн заасан байх тул иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2014 онд байгуулсан амины орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн 133,550,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардахдаа Иргэний хуульд заасан ямар шаардах эрхийнхээ хүрээнд үүнийгээ хэрэгжүүлж байгаа талаар тодорхойлох ёстой. Иргэний хуулийн 204 дэх зааснаар гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ буцаая гэсэн хүсэл зоригийг илэрхийлж байна гэж ойлгож байна. Гэхдээ Иргэний хуулийн 207 дахь заасан гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлж, гэрээнээс татгалзсан мэдэгдэл өгөх, хугацаа тогтоох асуудал явагдаагүй байх тул Иргэний хуулийн 225 дахь хэсэгт заасан үр дүнг шийдвэрлэх боломж байхгүй байна.

Амины орон сууц захиалгын гэрээний 3.1-д заасан төлбөр тооцооны хуваарь, талуудын эрх үүргээс харахад тухайн орон сууцыг 310,000,000 төгрөгөөр тохирсон. Төлбөр төлөхтэй холбоотой гэрээний үүрэг талуудын хооронд байгаа. Гэрээний 133,550,000 төгрөг шилжүүлээд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ хэн зөрчсөн бэ, ямар шалтгааны улмаас гэрээ татгалзах болон цуцлахад хүрч байна вэ гэдгийг ярих нь зүйтэй. Хэрвээ 310,000,000 төгрөгийг төлөөд уг орон сууцыг авна гэж тохиролцсон гэрээ байгуулсан бол төлбөрийнхөө 3,1 хувийг төлөөд үлдэгдлийг төлөөгүй байхад тухайн орон сууц хэрхэн баригдах вэ. Тэгэхээр Иргэний хуулийн 209 дүгээр зүйлд заасны дагуу нэг тал гэрээний үүргээ зөрчих юм бол нөгөө тал гэрээний үүргээ биелүүлэхгүйгээс татгалзах нөхцөл байдал үүссэн юм биш үү. 310,000,00 төгрөг төлөгдөөгүй шалтгаанаар орон сууц баригдаагүй. Нөгөө талаар тухайн орон сууцны төслийг төлбөр төлөгдсөн ч бай дутуу төлөгдсөн ч бай АТБХ ХХК-ийн эзэмшлийн газар дээр АТБХ ХХК-ийн хэрэгжүүлж байгаа Баянзүрх Эко хотхоны барилгын ажил явагдаж байсан. Г.Б нь 2015 оноос эхлээд эрүүл мэнд нь дордсон хэд хэдэн хагалгаа хийлгэсэн учир уг төслөө үргэлжлүүлэх боломжгүй болж хөрөнгө оруулагчаараа гүйцэтгүүлэхээр уг барилгыг газартай нь хамт 10 тэрбум төгрөгт үнэлж, АТБХ ХХК-ийг Ч.Ө гэж хүнд зарсан. Ч.Ө нь уг төслийг ажлыг үргэлжлүүлэн хийж, барилгыг барьж дуусгаж захиалагч нарт хүлээлгэн өгөх байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн Г.Б д өгөх мөнгөө өгөөгүй. Энэ мөнгөө өгсөн хүмүүс болох Б.Я болон бусад хүмүүсийг барилгыг дуусгаж хүлээлгэн өгөөгүй. Үүний дагуу Ч.Өцагдаагийн байгууллагаар залилангийн хэргээр шалгуулж байгаа. Г.Б нь бүх зүйлээ шилжүүлсэн учир тухайн барилгыг өөрөө үргэлжлүүлэх боломжгүй байгаа. Г.Б нь бодит байдал дээр төлбөрийн чадваргүй болсон. Г.Б АТБХ ХХК буцаан аваад уг төслөө хэрэгжүүлж, энэ хүмүүсийн хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаа. Энэ хүмүүс АТБХ ХХК, Өнөртүвшин Г.Б нартай уулзаад хамтран шийдвэрлэх боломжтой гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Я амины орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 133,550,000 төгрөгийг хариуцагч Г.Б аас гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч гэрээний дагуу 133,550,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй, харин АТБХ ХХК-ийн хувьцааг бусдад худалдсан, өр шилжсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбараас дараах нөхцөл байдал тогтоогдов.

Нэхэмжлэгч Б.Я нь хариуцагч Г.Б тай 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Амины орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх Эко хотхоны  тоот 189 м.кв талбай бүхий амины орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцож, хариуцагч тухайн барилгыг 2014 оны 7 дугаар сарын эхний хагаст барьж дуусган ашиглалтад оруулах, нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр төлөхөөр тохиролцжээ./хх-ийн 5-7 дугаар талууд/

Б.Я Намсрай 0 ХХК-ийн нэрээр 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Г.Б ы Хас банк 0 дансанд 123,550,000 төгрөгийг, 9 дүгээр сарын 29-ний өдөр 2,890,000 төгрөгийг, Мөнгөн гүүр банк санхүүгийн байгууллагаар 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагчийн хүү Б.Эд 25,000 юань буюу /7,110,000 төгрөг/-ийг ажилтан Б.Б нэрээр нийт 133,550,000 төгрөгийг шилжүүлжээ. Нэхэмжлэгч 189 м.кв талбай бүхий амины орон сууц худалдан авах төлбөрт 310,640,320 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний дагуу 133,500,000 төгрөгийг төлсөн, хариуцагч дээрх мөнгийг хүлээн авсан нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож, зохигчид энэ талаар маргаагүй./хх-ийн 9-11 дүгээр талууд/  

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас дүгнэхэд хариуцагч дутуу баригдсан орон сууцыг санал болгож, нэхэмжлэгч тохиролцсон үнийн урьдчилгаа төлбөр төлсөн зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна. 

Нэхэмжлэгч гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан байшингийн худалдан авах нийт үнийн дүнд 310,640,320 төгрөгийн төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгэснээр хариуцагчаас амины орон сууцыг шаардах эрхтэй атлаа 189 м2 барилгыг бүхэлд нь 133,550,000 төгрөгт худалдахаар тохиролцсон гэж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний төлөөлөгчийн тайлбар няцаагдсан гэж дүгнэв. /хх-ийн 6 дугаар тал/

Зохигчдын хооронд 2014 онд гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч гэрээний үүргийг удаа дараа шаардсан, хариуцагч үүргийг гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэх тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талууд нэмэлт хугацаан тогтоосон боловч хэн аль нь үүргээ гүйцэтгээгүй байх тул зохигчид гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч тал төсөл хэрэгжүүлж байсан АТБХ  ХХК-ийн хувьцааг иргэн Ч.Өнөртүвшинд худалдасан, компанийн өр төлбөрийг тэрээр хариуцах ёстой гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан.

Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд АТБХ ХХК-ийн компанийн хувьцаа эзэмшигч З.Тулгийг төлөөлж Б.Э, Ж.Стөлөөлж Г.Б нар иргэн Ч.Ө харилцан тохиролцож 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 17/001 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.

Энэхүү гэрээгээр компанийн өр шилжсэн гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч өөрийн тайлбар, татгалзлыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй гэж зааснаар Г.Б Б.Я аас хүлээн авсан 133,550,000 төгрөгийг иргэн Ч.Өнөртүвшинд шилжүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй, өр шилжсэн гэх тайлбарыг нотлоогүй гэж үзнэ.

Иймд хариуцагч Г.Б аас Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 133,550,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Я д олгох зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрхэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан Г.Б 133,550,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Я олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 825,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б аас 825,700 төгрөгийг гаргуулж Б.Я д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 9941 дугаар бүхий Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй байхыг дурдсугай.

4. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

              

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ