Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2095

 

Б.Я-ын нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо             даргалж, шүүгч  Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/02456 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Я-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б-д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 133 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Б-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Я- нь Г.Б-тай амины орон сууц захиалан бариулах гэрээг 2014 оны 6 дугаар сарын      05-ны өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх Эко хотхоны га газарт 189 м.кв бүхий амины орон сууцыг захиалгаар барьж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн. Амины орон сууцыг 2014 оны 7 дугаар сарын эхний хагаст барьж дуусган ашиглалтад оруулахаар тохиролцсон. Б.Я- нь гэрээний дагуу 133.550.000 төгрөг төлсөн. Хариуцагч гэрээгээр тохиролцсон амины орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэж өгөөгүй болно. Одоо нэгэнт амины орон сууцыг барьж дуусган хүлээлгэн өгөх боломжгүй найдвар тасарсан тул гэрээний дагуу төлсөн 133.550.000 төгрөгийг Г.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Б- миний бие нэхэмжлэгч Б.Я-тай амины орон сууц захиалгаар бариулах гэрээг 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан ба захиалагчийн гэрээгээр тохирч төлсөн зарим төлбөрийг захиалагчийн амины орон сууцыг барихад зарцуулж одоогоор барилга 90  хувийн гүйцэтгэлтэй байгаа. Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийн үндэслэл болсон Амины орон сууц барих гэрээтэй холбогдуулан Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжиж шийдвэрлүүлсэн. Улмаар нэхэмжлэгч Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж мөн маргааныг хянан шийдвэрлүүлсэн мөн давж заалдах шатны магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч талаас анхан шатны шүүхэд хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч Б.Я-ын төлөөлөгч Х.Цогтсайхан гардаж авсан байдаг. Улмаар тус маргааны хариуцагч тал болох Г.Б- одоогоор хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байна.

Тодруулбал Б.Я-ын төлөөлөгч Х.Цогтсайхан хугацаа сэргээлгэсэн захирамжийг гардаж авсан мөртлөө тус маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа мэдсээр байж шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн тул иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан Дүгэр овогт Готовын Батчулуун /РД:УХ62051870/-аас 133.550.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цэнгэлийнхэн овогт Балдан-Ёндонгийн Янжиндуламд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 825.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-аас 825.700 төгрөгийг гаргуулж Б.Я-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 9941 дугаар бүхий Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Б-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч тал нь гэрээнээс татгалзсан зүйлгүй энэ талаар харилцаж тохиролцоогүй, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлээгүй байхад гэрээнээс татгалзаж өгсөн авсан зүйлээ буцаах нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар шүүх хоёр талыг гэрээнээс татгалзсан гэж үзсэн нь алдаатай байна. Учир нь хоёр талын гэрээнд үүрэг гүйцэтгэгч нь үүргээ огт гүйцэтгээгүй, эсхүл гэрээнд заасан ёсоор гүйцэтгээгүй бол татгалзаж болдог. Гэвч хариуцагч тал гэрээнд заасан үүргээ огт биелүүлээгүй эсхүл гэрээнд заасан ёсоор биелүүлээгүй гэх зүйлгүй энэхүү үүрэг нь "Алтай таван богд хайрхан" ХХК-д шилжсэн байсан. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан журмын дагуу явагдаагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй юм. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...Иргэний хэрзг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Г.Б- Б.Я-аас хүлээн авсан 133.550.000 төгрөгийг иргэн Ч.Өнөртүвшинд шилжүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй, өр шилжсэн гэх тайлбарыг нотлоогүй" хэмээн үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, "Алтай таван богд хайрхан" ХХК-ийн компанийн хувцаа эзэмшигч З.Тулгыг төлөөлж Б.Эрхэс-Од, Ж.Сарнайг төлөөлж Г.Б- нар иргэн Ч.Өнөртүвшин нар харилцан тохиролцож 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17/001 дугаартай "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан байдаг. Энэхүү гэрээгээр Хариуцагч Г.Б-ы газар эзэмших, ашиглах эрхийг "Алтай таван богд хайрхан" ХХК-д шилжүүлсэн байх тул үүгээр хариуцагчийн газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх шаардлагагүй гэрээнд заасны дагуу урьдчилсан төлбөр болох 133.550.000 төгрөгийг Ч.Өнөртүвшинд өгсөн эсэхийг нотлох шаардлагагүй. Хариуцагч талаас энэхүү гэрээг нотлох баримтаар гаргуулан өгч хавтаст хэрэгт авагдсан байхад шүүх түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг үнэлж чадаагүй буюу "Хувьцаа худалдан авах гэрээ"-г тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр дүгнэлт гаргаагүй байна. Мөн тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Батчулуун, "Алтай таван богд хайрхан" ХХК хоорондоо байгуулсан "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" гэрээг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Хэдийгээр тухайн гэрээ нь "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" нэртэй боловч талууд гэрээ байгуулахдаа гэрээний гол нөхцөлийг тохиролцсон буюу "Алтай таван богд" ХХК нь Г.Б-тай гэрээ хийж байхдаа дуусаагүй төслийг дуусгах үүрэг хүлээж байснаа мэдэж, үүргийг өөр дээрээ авсан байна. Мөн өр шилжих тухай гэрээ нь хэлбэрийн хувьд үүрэг бий болсон гэрээний хэлбэртэй адил байдаг тул гэрээгээр өр шилжсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасан байдаг. Өөрөөр хэлбэл гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүрэг буюу орон сууц захиалгаар бариулах үүргээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй байхад Г.Б-ыг гэрээний үүргээ зөрчсөн хэмээн гэрээнээс нэг талын санаачилгаар татгалзсан нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Я- нь хариуцагч Г.Б-д холбогдуулж амины орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 133.550.000 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Амины орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх Эко хотхоны 1 блокийн 04 тоот 189 м.кв талбай бүхий амины орон сууцыг хариуцагчаас худалдах, худалдан авахаар тохиролцож, хариуцагч тухайн барилгыг 2014 оны 7 дугаар сарын эхний хагаст барьж дуусган ашиглалтад оруулах, нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу орон сууцны үнэ 310.640.320 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ./хх-ийн 5-7 дугаар талууд/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн    243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний дагуу 133.550.000 төгрөгийн урьдчилгаа төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин хариуцагчийн үүрэг “Алтай таван богд хайрхан” ХХК-д шилжсэн эсэх талаар зохигчид маргасан байна.

2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 17/001 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр “Алтай таван богд хайрхан” ХХК-ийн компанийн хувьцааг Ч.Өнөртүвшин худалдан авсан байх боловч Г.Б-  нь нэхэмжлэгч Б.Я-ын өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг шилжүүлсэн буюу түүнээс хүлээн авсан 133.550.000 төгрөгийг иргэн Ч.Өнөртүвшинд шилжүүлсэн,  энэ талаар түүнд мэдэгдсэн талаарх баримт хэрэгт байхгүй байх тул Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргийг бусдад шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 143-145/

Түүнчлэн, хариуцагч Г.Б-ы эзэмшиж байсан , Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх Эко хотхоны газар эзэмших эрх амины орон сууцны зориулалтаар 2014 онд “Алтай таван богд хайрхан” ХХК-д шилжсэнээр хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Г.Б-аас 133.550.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Я-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Хариуцагч Г.Б-ы давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөхийг  шүүгчийн захирамжаар хойшлуулсан ба гомдол хангагдаагүй тул нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/02456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 825 700  төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                       Ш.ОЮУНХАНД

                                                                                                 Н.БАТЗОРИГ