Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1405

 

 “Э У”-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01342 дугаар шийдвэртэй, “Э У”-ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГ-т холбогдох, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “Х-” ХХК оролцсон, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: “Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Ц, “Э У”-ХХК нарт холбогдох иргэний хэрэгт 2017 оны 12 сарын 05-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарч “Э У”-ХХК болон н.Ц нар нь 311 165 163 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, хэрэв хугацаандаа төлөхгүй бол Х.Х болон түүний гэр бүлийн гишүүдийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 324 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц, Г.Тойруулийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 87/3 дугаар байр, 67 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, Б.Мандах, М.Ц нарын өмчлөлийн Налайх дүүрэгт байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөлтэйгээр эвлэрсэн.

Дээрх захирамж гарснаас хойш графикт заасан төлөлт зөрчигдөж 241 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 02816 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 322 дугаартай гүйцэтгэх хуудас гарсны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн.

Бид барьцаа хөрөнгө болох нэгдүгээр хөрөнгөө 130 000 000 төгрөг, хоёрдугаар хөрөнгөө 165 000 000 төгрөг, гурав болон дөрөвдүгээр хөрөнгүүдийг нийлүүлж 80 000 000 төгрөгөөр үнэлж, үнийн саналыг НШШГ-т өгсөн. Гэтэл “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь нэгдүгээр хөрөнгийг 106 720 000 төгрөгөөр, хоёрдугаар хөрөнгийг 85 200 000 төгрөгөөр, гурав болон дөрөвдүгээр хөрөнгүүдийг нийт 79 310 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байсан.

Нэгдүгээр хороололд байрлах, орон сууцны дундаж үнэ нь 115 000 000-125 000 000 төгрөг байгаа. Хоёрдугаар хөрөнгийн хувьд өмчлөгч Г.Т нь тус орон сууц шинэ учир 85 200 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа. Гурав болон дөрөвдүгээр хөрөнгүүдийг гараашийн хамтаар 79 310 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур гэж үзэж гомдол гаргасан. Иймд дээрх хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: Албадан гүйцэтгэх захирамж гарсны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үүсгэсэн бөгөөд хуульд заасан дарааллын дагуу явуулж барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, хурааж, улмаар үнийн санал өгөхийг өмчлөгч нарт мэдэгдсэн. Нэг дэх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 324 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцны өмчлөгч 5 хүн үл хөдлөх хөрөнгөө 130 000 000 төгрөгөөр үнэлж, хоёр дах хөрөнгө болох Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 87/3 дугаар байр, 67 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны өмчлөгч Г.Т нь 160 000 000 төгрөгөөр, гурав болон дөрөв дэх хөрөнгө болох Налайх дүүргийн 2 дугаар хороо, тайж 2 гудамж, 02 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах 78 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч Б.М, М.Ц нар нь 80 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал ирүүлсэн байдаг.

Харин төлбөр авагч “Х-” ХХК-ийн зүгээс үнийн санал өгөөгүй бөгөөд хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийг үнэлүүлэх хүсэлт гаргаснаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, тус компани эхний хөрөнгийг 106 720 000 төгрөгөөр, хоёр дах хөрөнгийг 82 500 000 төгрөгөөр, гурав болон дөрөв дэх хөрөнгийг хамтад нь 79 310 000 төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргасан. Хуульд зааснаар эдгээр үнэлгээний 70 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож, дуудлага худалдаа явагдах болсон талаар талуудад мэдэгдсэн. “Э У”-ХХК-д үнэлгээний тухай мэдэгдлийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шуудангаар хүргүүлсэн. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Х.Х нь өөрийн биеэр ирж авсан.

Эхний дуудлага худалдаа явагдаагүй. Шүүгчийн захирамжаар одоогоор ажиллагаа түдгэлзсэн байгаа. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь хуулийн дагуу үнэлгээг гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч тайлбартаа: ... “Э У”-ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт эрх ашиг зөрчигдөж гуравдагч этгээдээр оролцож байна. Анх н.Ц болон “Э У”-ХХК нь “Х-” ХХК-иас 300 000 000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийн төлбөрөө төлөхгүй байснаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2781 тоот захирамж гарч талуудын эвлэрлийг баталсан.

Гэтэл н.Ц болон “Э У”-ХХК нь эвлэрлийн гэрээнд заасан графикийг зөрчсөн учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж хөндлөнгийн шинжээчийн байгууллагаар үнэлгээ гаргуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч шүүхэд хандсанаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удааширч төлбөр авагчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож төлбөр авагчийн хуульд заасан эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар НШШГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 179, 180, 181 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай “Э У”-ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Э У”-ХХК нь өөрийн 2014-2016 онд гүйцэтгэсэн “Гэр хорооллын хүчдлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамж” Багц-12, Багц-14-ийн ажлыг гүйцэтгэхдээ “Х-” ХХК-иас 300 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилж байсан ч манай барилгын ажил давхардсан хоногоор 419 хоног зөвхөн захиалагчийн талаас /газрын маргаан гэх мэт/ шалтгаалан хугацаа уртассан, үүнээс болж санхүүжилт он дамжин удааширч, зээл төлөх хугацаа хэтэрсэн юм. Шүүхээр эвлэрлийн гэрээ байгуулж, төлбөрөө зохих хэмжээгээр төлсөн ч бид тендерээр ажил авч чадаагүйгээс зээл төлөлтийн хугацаа зөрчигдөж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагаа явагдсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаанд оруулах хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг 2019 оны 4 дүгээр  сарын 03-ны өдөр хүлээн авсан. X.Х, М.Ц, Х.Ц, Х.О, Х.Б нарын өмчлөлийн нэгдүгээр хөрөнгийг 106 720 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, энэ орон сууцанд супер засвар хийгдсэн, гадна төрхөөс нь бусад энэхүү загварын байранд хийж болох бүхий л засвар өөрчлөлт, шинэчлэлт хийсэн тул үнэлгээ нь бодит бус байна. Г.Т-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205056137 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц нь байршил, ашиглалтад орсон хугацаа, ерөнхий байдлын хувьд хариуцагчаас томилсон шинжээчийн 85 500 000 төгрөгийн үнэлгээтэй нийцэхгүй юм. Б.М, М.Ц нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207001914 дугаартай Налайх дүүргийн 2-р хороо,Тайжийн 2-2 тоотод байрлах хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2207000237 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрын үнэлгээг хамтад нь 79 310 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Дээр үнэлгээ нь зах зээлийн бодит үнэлгээнээс доогуур эзэмшигчдэд хохиролтой байгаа тул үнэлгээг хүчингүй болгож дахин бодитоор үнэлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч шүүх “нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Х нь үүргийн гүйцэтгэлд хураагдсан эд хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн өнөөгийн ханшид нийцээгүй гэх тайлбар гаргадаг хэдий ч тухайн шаардлага үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 179, 180, 181 дугаартай үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй, төлбөр төлөгч “Э У”-ХХК-ийн захирал нь мэдэгдлийг мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацаа нь өнгөрсөн гэж үзнэ гэх шалтгаануудаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Эдгээр хөрөнгүүдийн зах зээлийн бодит үнэлгээг шүүх хурал дээр баримтаар нотлох тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Э У”-ХХК нь хариуцагч НШШГ-т холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х-” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч “Э У”-ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “Х-” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02781 дугаар бүхий “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар талууд эвлэрч, “Э У”-ХХК нь нийт 311 165 163 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх, эс төлвөөс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар тохиролцсоныг баталсан байна. /хх17-18/

 

Дээрх захирамжид заасан төлбөр төлөх хуваарийг төлбөр төлөгч тал зөрчсөн тул төлбөр авагчийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 184/ШЗ2018/02816 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, хариуцагч байгууллага уг захирамжийг үндэслэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үүсгэж, уг ажиллагааны явцад барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг 17 дугаар хороо, 33 дугаар байрны 66.7 м.кв 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг 6 дугаар хороо 87/3 дугаар байрны 55 м.кв 2 өрөө орон сууц, Налайх дүүрэг 2 дугаар хороо, Тайжийн 2-2 тоотод байрлах 78 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2207000237 дугаартай 700 м.кв талбайтай газар зэргийг битүүмжилж, хураах ажиллагаа хийгджээ. /хх16-40, 42-44/

 

Хэргийн баримтаас үзвэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан буюу төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийн үнийн талаар талууд харилцан тохиролцоогүй /хх41, 49, 50/ учраас хариуцагч нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт заасныг баримтлан тухайн хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх68/

 

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь нэрлэн заасан хөрөнгө тус бүрийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлж, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Хөрөнгө үнэлсэн тухай” 179 дугаартай тайлангаар улсын бүртгэлийн Ү-2201005714 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг 106 720 000 төгрөг /хх83-87/, 180 дугаартай тайлангаар улсын бүртгэлийн Ү-2205056137 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг 82 500 000 төгрөг /хх72-77/, 181 дугаартай тайлангаар Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн 2 дугаар гудамжны 2 тоотод байрлалтай хашаа байшин, гарааш, газар зэргийг 79 310 000 төгрөг /хх78-82/ гэх  үнэлгээг хийжээ.

 

Нэхэмжлэгч дээрх үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлын үндэслэлээ, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, бодит байдалд нийцээгүй үнэлгээ болсон гэж тайлбарлах боловч хэрэгт энэ талаар гаргасан баримт авагдаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүнийхээ үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж дүгнэсэн бөгөөд үүнийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлж гаргасан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. /хх113/ Өөрөөр хэлбэл, үнэлгээний талаарх мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлснийг нэхэмжлэгч 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан байх боловч үүнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй буюу 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01342 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э У”-ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                          Т.ТУЯА