Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1230

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/01168 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Д А Ж” ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 4 303 806 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:  Д.Өлзийсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цэнд-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 06 дугаар сарын 19-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осол болсон. Би Делика маркийн 6-7 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үед “Д А Ж” ХХК-ийн Хово маркийн 3-0 УНХ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж осол гарсан.

Хамт явсан Ч.Ат учирсан хохирол 1 003 806 төгрөгийг би төлсөн. Делика маркийн автомашинд 3 000 000 төгрөгийн хохирол учирсан.

2016 оны 11 дүгээр сарын 22-нд гарсан 11/09 дүгээртэй техникийн шинжээчийн дүгнэлтээр миний буруутай үйлдэл тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол 3 000 000 төгрөг, шинжээчийн зардал төлсөн 300 000 төгрөг Ч.Ат эмчилгээний зардал 1 003 806 төгрөг, нийт 4 303 806 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ осолд нэхэмжлэгч гэм буруутай. Учир нь 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хово маркийн 3-0 УНХ улсын дугаартай том оврын автомашиныг жолоодож явсан Л.Ц нь Сонсголонгийн уулзвараар зүүн гар тийш 2 дугаар эгнээнээс эргэн эсрэг урсгалаас ирж буй автомашиныг өнгөрөхийг хүлээн зогсож байтал Дэлика маркийн 6-7 УБИ улсын дугаартай автомашин хурдаа хасалгүй орж ирэн нэгэнт эргэх хөдөлгөөнөө хийж дуусаад эсрэг урсгалын автомашиныг хүлээж зогссон том оврын автомашины арын хэсгийг мөргөж авто осол гаргасан.

Тухайн үед машин жолоодож явсан Л.Ц нь “Ө Б Х” ХХК-тай хөдөлмөрийн гэрээний харилцаатай, “Ө Б Х” ХХК нь “Д А Ж” ХХК-аас түрээслэн ашиглаж байсан учраас бид хариуцагч биш.

Мөн мөрдөн байцаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол байгаа тул төр хариуцах ёстой.

Тухайн үед замын цагдаагийн ажилтнууд осол гарсан газар дээр хэмжилт үзлэг хийн хоёр жолоочийг хэн аль нь буруутай гэж үзсэн. Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газраас томилсон мэргэжлийн баг шинжээчдийн дүгнэлтээр хоёр ч удаа энэ тухай албан ёсны дүгнэлт гаргасан ба Л.Ц, Ц.М нар нь хохирогч Ч.Ат эмчилгээний зардлыг хувааж төлсөн.

Механик, тээврийн сургуулийн багш нарын гаргасан зөвхөн онолын төдий дүгнэлтийг үндэслэн хохирол нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Ц.М нь өөрийнхөө буруугаас болж энэ ослыг гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “Д А Ж” ХХК-аас 4 303 806 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шүүхийн зардалд гарсан 110 000 төгрөгийг хариуцагч “Д А Ж” ХХК-аас гаргуулан “Х Ү Т” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Д А Ж” ХХК-аас 147 292 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мт олгож шийдвэрлэжээ.

 

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Энэ хэрэг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2360 дугаартай магадлалын дагуу дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаагдсан бөгөөд магадлалын хянавал хэсэгт хариуцагч “Д А Ж” ХХК-ийн хувьд тухайн тээврийн хэрэгслийг мэдэлдээ байлгах боломжтой байсан өмчлөгч, эсхүл бодит эзэмшлээ өөр этгээдэд шилжүүлсэн байсан эсэх нөхцөл байдлын талаар Иргэний хуульд зааснаар дүгнэлт хийх шаардлагатай” гэх үндэслэлээр хэргийг буцаасан.

Гэтэл анхан шатны шүүх эсрэгээрээ осолтой холбоотой хохирлыг “Д А Ж” ХХК барагдуул гэж шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Учир нь осол гарах үед Хово маркийн машиныг “Ө Х” ХХК-ийн ажилтан Л.Ц жолоодож явсан бөгөөд тэрээр “Ө Х ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэр”-ийн дарга н.Доржсүрэнгийн заавраар үйлдвэрийнхээ хогийг хаяад явж байсан тухай гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан.

Анхан шатны шүүх Хово маркийн машиныг жолоодож явсан Л.Ц нь “Д А Ж” ХХК-ийн ажлыг хийж явсан мэтээр дүгнэсэн нь хэрэгт байгаа баримтыг дутуу үнэлсэнтэй холбоотой.

 “Ө Х” ХХК нь уг том оврын машиныг үйлдвэрийнхээ хог хаягдлыг зөөхөд хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.М “Д А Ж” ХХК-д холбогдуулж хохиролд 4 303 806 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн замд 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Ц.Мын жолоодож явсан 6-7 УБИ улсын дугаартай Мицүбиши делика маркийн тээврийн хэрэгсэл Л.Цын жолоодож явсан 3-0 УНХ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гарсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газрын техникийн байцаагч, цагдаагийн ахмадын гаргасан 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Ц.Мыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасныг, Л.Цыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.10-д заасныг зөрчсөн гэсэн бол Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн багш нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Ц.Мыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, Л.Цыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.10-д заасныг зөрчсөн гэжээ.

 

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд Л.Цыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.10 “зорчих хэсэг дээр зүүн гар талын захаас буцаж эргэх боломжгүй бол баруун гар талын эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэргэлдээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг биелүүлээгүй, Делика маркийн 6-7 УБИ улсын дугаартай автомашины жолооч Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна гэжээ. 

 

Дээрх дүгнэлтүүдийг харьцуулан үзэж Л.Цыг уг зам тээврийн осолд гэм  буруутай, Ц.Мыг буруугүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолуудыг үндэслэж зам тээврийн осол гаргасан этгээдүүдийн гэм бурууг тогтоохгүй юм.  / 1хх-7-8, 151-152, 153-154/

 

Л.Цын жолоодож явсан Хово маркийн автомашины өмчлөгч нь “Д А Ж” ХХК байх бөгөөд уг компани нь өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг хариуцагч үүрэгтэй.  /1хх-12, 120-122/

 

             Л.Ц нь “Ө Б Х” ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан нь хариуцагч “Д А Ж” ХХК-ийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүйгээс гадна хариуцагч “Д А Ж” ХХК нь “Ө Б Х” ХХК-д түрээсийн гэрээний дагуу уг тээврийн хэрэгслийг шилжүүлсэн байдал баримтаар тогтоогүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /2хх 118-124/

 

            Уг ослын улмаас иргэн Ч.Аын эрүүл мэндэд 1 003 806 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлыг нэхэмжлэгч Ц.М төлсөн, Ц.Мын эд хөрөнгө буюу автомашинд 3 000 000 төгрөгийн хохирол учирсныг анхан шатны шүүх шинжээч “Х Ү Т” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт, Миг даатгал ХХК-аас ирүүлсэн баримт, Ч.Аын хүсэлт зэргийг харьцуулан дүгнэж хохирлын хэмжээг 4 303 806 төгрөгөөр тогтоож Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/01168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                               ШҮҮГЧИД                                       Т.ТУЯА

 

                                                      Э.ЗОЛЗАЯА