Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01397

 

 

 

 

 

 

 

 

 

С.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01465 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Рд холбогдох,

Гуравдагч этгээд: “Н” ХХК

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 102 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, түүний өмгөөлөгч Б.Болоржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ртай 2015.8.21-ний өдөр №Т/03/2 тоот “Түрээсийн гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр би өөрийн өмчлөлийн “Хьюндай” /Hyundai R500LC-7/ маркийн эксковаторыг 1 сарын 42 000 000 төгрөг, нэг өдрийн 1 400 000 төгрөгөөр, нэг сарын хугацаагаар түрээслүүлэхээр тохирсон юм. Гэрээ байгуулсны маргааш нь буюу 2015.8.22-ны өдөр эксковаторыг хариуцагчийн заасан газар нь буюу Архангай аймаг, Цэнхэр сумын Гахайт гэдэг газар хүргэж өгсөн. Харин 2015.10.22-ны өдөр эксковаторыг буцааж Улаанбаатар хотод авчирсан юм. Хариуцагч нь хоёр сарын хугацаанд эксковаторыг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасан. Гэвч хариуцагч гэрээгээр тохирсон мөнгөө төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид холбогдуулж дараах шаардлагуудыг шүүхэд гаргасан. Үүнд:

1/ 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр №Т/03/2 тоот “Түрээсийн гэрээ”-ний дагуу хариуцагчид түрээслүүлсэн эксковаторын хоёр сарын төлбөр 84 000 000 төгрөгийг гаргуулна.

Хариуцагч 42 000 000 төгрөгийн төлсөн гэж баримт үзүүлсэн боловч хариуцагч нь өөрийн дансны зарлагын баримт үзүүлсэн байсныг нь мэдсэн. 1 сарын эксковаторын мөнгө огт төлөөгүй атлаа төлсөн мэтээр хуурч мэхэлсэн. 2015.8.24-28-ны өдрүүдэд очиж засвар хийж өгсөн. Энэ хугацаанд эксковатор ажиллаагүй. Харин бусад хугацаанд нь буюу 2015.8.22-ны өдрөөс 2015.10.22-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч нь эксковаторыг ажиллуулсан. Ийм учраас хоёр сарын түрээсийн төлбөрт нийт 84 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна.

2/ 2015.10.22-ны өдөр эксковаторыг буцаан авчирхад гарсан зардал 8 000 000 төгрөгийг нэхэмжилнэ.

Хариуцагч нь алга болсон, утас нь холбогдохгүй болсон тул 2015.10.20-ны өдөр эксковаторыг өөрөө зардлаа гаргаж Улаанбаатар хотод тээвэрлэж авчирсан. Гэрээний дагуу эксковаторыг тээвэрлэх, зөөвөрлөх зардлыг түрээслэгч буюу П.Р хариуцах байсан. Иймд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс надад 8,000,000 төгрөгийн зардал буюу хохирол учирсан.

3/ Эксковаторын нэмэлт тоноглол буюу соёоны үнэ болох 10 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

“Түрээсийн гэрээ”-г байгуулсны дараа хариуцагч нь “...эксковаторын дагалдах нэмэлт хэрэгсэл болох соёо авъя” гэж хүссэний дагуу “Н” ХХК-иас 10 500 000 төгрөгөөр соёо худалдан авч өгсөн. Гэвч уг соёо нь эксковаторт таараагүй учир соёог буцааж өгөх гэтэл П.Р нь “...би дараа нь мөнгийг нь өгье” гэсэн боловч 10 500 000 төгрөгийг өгөөгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас нийт 102 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөхгүй. Үүнд:

1/ Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2015.8.21-ний өдөр “Түрээсийн гэрээ” байгуулсан. Гэрээний хугацааг талууд 1 сар байхаар, 1 сарын түрээсийн төлбөрийг 42 000 000 төгрөгөөр тохиролцсон. Гэрээний 7.3-т заасны дагуу гэрээ байгуулсан өдрөө 42 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Уг нь төлбөрийг дансаар нь хийх байсан боловч нэхэмжлэгч бэлнээр авъя гэж хэлсэн учир 42 000 000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. Энэ нь хариуцагчийн Хаан банкны дансны хуулга болон гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Мөн талуудын байгуулсан гэрээний дор “тооцоог бэлнээр ...хийнэ” гэсэн бичиглэл, талуудын гарын үсгээр нотлогдоно.

Гэрээ байгуулсны дараа нэхэмжлэгч эксковаторыг асуудал байхгүй, хүргэж өгнө гэсэн. Гэтэл ажил хийх ёстой Архангай аймгийн Цэнхэр суманд 2015.8.26-ны өдөр очсон байдаг. Энэ үйл баримтыг эксковаторыг ажиллуулж байсан гэрч Ж.Жамбал хэлдэг. Бодит байдал ийм байхад нэхэмжлэгч өөрөө 2 операторчийн хамт 2015.8.22-ны өдөр хүргэж өгсөн мэтээр худал ярьж байна.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу иж бүрэн, ямар нэг доголдолгүй техникийг хариуцагчид хүлээлгэж өгөх ёстой байсан. 2015.8.26-ны орой нь нэхэмжлэгч өөрөө эксковаторыг ажиллуулсан боловч нэг өдөр ажиллаад эвдэрсэн. Ингээд 2015.8.29-ний өдөр нэхэмжлэгч нь Улаанбаатар хот руу сэлбэгэнд явсан. Үүнээс хойш утсаа авахгүй, холбоогүй алга болсон бөгөөд 2015.9.10-ны өдөр буцан ирж техникээ зассан. Эксковатор нь 2015.9.10-ны өдрөөс 2015.10.10-ны өдөр хүртэл 1 сар л ажилласан. Бусад үед нь эвдрэлтэй, огт ажиллаагүй ба энэ нь бичлэгээр болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Дээр дурдсанчлан эксковаторын нэг сарын түрээсийн төлбөр 42 000 000 төгрөгийн хөлсийг хариуцагч өгсөн. Хөрс хуулалтын ажил нь улирлын чанартай байдаг бөгөөд 2015.8 дугаар сарын сүүлийн 10 хоног, 2015.9 дүгээр сарын эхний 10 хоног, нийт 20 хоног эвдрэлтэй эксковатороос шалтгаалан ажиллаагүйгээс түрээслэгч П.Рд 150 000 000 төгрөгийн хохирол учирсан.

Хариуцагч П.Р нь 2015.10.10-ны өдөр ажлаа дуусгаад нэхэмжлэгчид “...ирж техникээ ав” гэж хэлэхэд нэхэмжлэгч С.А “...наанаа түр байлгаж бай, би очиж авна” гэж хэлсэн байдаг. Ингээд 2015.10.17-ны өдөр ирж аваад, замдаа 2 хоногийн зарцуулаад 2015.10.20-ны өдөр Улаанбаатар хотод авч ирсэн. Талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа дуусгавар болсон. Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.5 дэх хэсэгт хөлслөн өгсөн эд хөрөнгийн доголдлоос болж эд хөрөнгийн ашиглалт буурсан хэмжээгээр хөлслүүлэгчид төлөх хөлсийг бууруулна гэж заасан. Хугацааны хувьд 2 сарын хугацаанд техникийг ашигласан мэт харагдаж байгаа ч уг эксковатор нь бүтэн 20 хоногийн хугацаанд огт ажиллаагүй. Нэгэнт тээврийн хэрэгслийн эвдрэл, доголдлоос болж ашиглагдаагүй учраас уг хөлсийг төлөхгүй байх хууль ёсны хуулиар зохицуулагдсан асуудал байгаа учраас татгалзах эрхтэй гэж үзэж байгаа. Талуудын байгуулсан гэрээнд эксковаторыг зөөвөрлөх зардлыг хариуцагч тал төлөх ёстой талаар тохироо байхгүй. Ийм учраас уг мөнгийг төлөхгүй.

3/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлагаа 10 500 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч нь “Н” ХХК-иас бус хувь хүнээс буюу н.Отгонжаргал гэж хүнээс эксковаторын нэмэлт тоноглол болох соёог авсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Гэхдээ С.А нь хариуцагчийн өмнөөс бусдад төлөх ёстой байсан 10 500 000 төгрөгийг төлж хаасан нь үнэн, энэ тал дээр манай зүгээс маргахгүй. Гэвч уг 10 500 000 төгрөгийг хариуцагч тал төлөхгүй гэж үзэж байгаа. Учир нь дээр хэлсэнчлэн нэхэмжлэгчийн буруугаас, эвдэрхий эксковатор түрээслүүлснээс болоод хариуцагчид 10 500 000 төгрөгөөс хэд дахин их хэмжээний хохирол буюу 150 000 000 төгрөгийн хохирол учирсан. Иймд уг мөнгөө хариуцагч өөрт учирсан хохирол гэж үзээд харилцан тооцсон байгаа. Нэхэмжлэгч ч гэсэн “...миний буруугаас болж таны ажил хэвийн явагдаагүй учир одоо ингээд салъя, таниас өөр зүйл авахгүй” гэж хариуцагчид тухайн үедээ хэлж байсан. Энэ нь нэхэмжлэгч тал 2015 оноос хойш юу ч нэхэмжлэхгүй явж байгаад гэнэт 2018 онд шүүхэд хандаж байгаагаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 292 дугаар зүйлийн 292.3, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч П.Ргаас 45 100 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Аэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 57 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 806 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ргаас 383 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Аэд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний зүйлийн 1 сарын төлбөр 42 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. П.Ргийн дансны хуулгыг шүүх гаргасан бөгөөд уг хуулга нь С.Аийн дансанд 1 сарын төлбөр орсон баримт биш бөгөөд П.Р данснаасаа зарлага гаргасан гэх баримт болохоос С.А биш болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч татгалзалаа нотлох баримтаар нотолсон, нэхэмжлэгч тал няцааж баримт гаргаагүй байхад шүүх хариуцагчийн гаргасан нотлох баримтыг үнэлээгүй, хөлслөгчийн хөлсийг бууруулахыг шаардах эрх, нөхцөл байдлын талаар анхаарч үзэлгүй, түрээсэлсэн эд хөрөнгийг 56 хоног ашигласан гэж дүгнэсэн нь алдаатай болсон ба хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж шийдвэр гаргаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь учир дутагдалтай ойлгомжгүй болсон. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээнд 1 сарын хөлсийг 42 000 000 төгрөг гэж тохиролцсон байхад 42 500 000 төгрөгөөр тооцон 85 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдаан дээр 1 000 000 төгрөгийг илүү нэхэмжилснээ хүлээн зөвшөөрч үнээсээ татгалзсан, түрээсийн гэрээ болон хуульд заасны дагуу сул зогссон хугацааны төлбөрийг хасч тооцох ёстой байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн 5 хоног сул зогссон гэж дүгнэн 7 000 000 төгрөгийг хасахаар болсон бөгөөд түүний энэ дүгнэлтийн дагуу түрээсийн төлбөр нь 29 500 000 төгрөг болсон байхад түрээсийн төлбөрийг 34 600 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Хэдийгээр нэхэмжлэгч нь ажлыг саатуулж, түрээслэгчид хохирол учруулсанаа ухамсарлаж 10 500 000 төгрөгийг авахгүй гэж тохиролцсон боловч энэ тухай баримт үйлдээгүйг ашиглаж нэхэмжилж байгаа бол хариуцагчийн зүгээс сэлбэгийн үнэ 10 500 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрч байгаа бөгөөд түрээсийн төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн 34 600 000 төгрөгийг зөвшөөрөхгүй, шүүх нэхэмжлэлийн 1 000 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсаныг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй үйлдсэн байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь харьцуулан үнэлж чадаагүй боловч зохигчийн эрхийг хангасан, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон, талууд бүрэн мэтгэлцсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч П.Рд холбогдуулан “Хьюндай” /Hyundai R500LC-7/ маркийн эксковаторыг хоёр сар ашигласны төлбөрт 84 000 000 төгрөг, эксковаторыг Улаанбаатар хот руу буцаан зөөвөрлөхөд зарцуулсан 8 000 000 төгрөг, эксковаторын нэмэлт тоноглолын үнэ 10 500 000 төгрөг нийт 102 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “эксковаторыг 1 сар ашигласан, төлбөрийг бүрэн төлсөн, гэрээгээр техникийг буцааж авчрах үүргийг хариуцагч хүлээхгүй, нэмэлт тоноглолын төлбөрийг хариуцагчид учирсан хохиролд харилцан тооцохоор нэхэмжлэгч тохирсон” гэж маргажээ. /хх 1, 14, 16, 95/

 

Талууд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр №Т-03/2 тоот түрээсийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж,С.А нь “Хьюндай” /Hyundai R500LC-7/ маркийн эксковаторыг П.Рд 1 сарын 42 000 000 төгрөг буюу нэг өдрийн 1 400 000 төгрөгөөр, нэг сарын хугацаагаар түрээслүүлэхээр харилцан тохиролцжээ./ хх-3-4 /

 

Анхан шатны шүүх талуудын хооронд  Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

 

Талууд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, гэрээгээр тохиролцсон хөлсний хэмжээ зэрэгт маргаагүй. Түүнчлэн анхан шатны шүүхээс техникийн нэмэлт тоноглолын үнэ 10 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ.

 

Талууд гэрээний зүйлийг ашигласан хугацаа болон дээрх хугацааны төлбөр төлөгдсөн эсэхэд маргаж байна.

 

Хэрэгт зохих хууль тогтоомжоор хүлээх хариуцлагын талаар сануулсны үндсэн дээр мэдүүлэг авсан гэрч Ж.Жамбал, Ч.Гантулга нарын “...эксковаторыг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр С.А авчирсан” гэх мэдүүлэг болон, гэрч Ж.Жамбалын “...эксковаторын хүчин чадал болохгүй байсан, С.А 08 дугаар сарын 29, 30-ны хавьцаа хотруу сэлбэг авахаар явсан, 2015 оны 09 дүгээр сарын 08, 09-ний хавьцаа портертой 2 хүн, нурууны цилиндр, гидрийн шингэн хүргэж ирсэн, эксковатор 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ныг хүртэл тасралтгүй ажилласан, тэрнээс хойш ажлаа зогсоосон” гэх мэдүүлгээр хариуцагч нь эксковаторыг 1 сарын хугацаанд ашигласан болох нь тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийг эксковаторыг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 56 хоногийн турш ашигласан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцэхгүй байна. /хх-51-52, 79-80/

 

Харин хариуцагч нь 1 сар ашигласны төлбөр 42 000 000 төгрөгийг хүлээлгэж өгсөн гэх татгалзал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь хэрэгт авагдсан хариуцагчийн татгалзал тайлбараа нотлохоор гаргасан П.Ргийн дансны хуулга нь зөвхөн өөрийн данснаас “эксковаторын түрээсний үнэ” гэх гүйлгээний утгаар хариуцагчийн өөрийн данснаас өөртөө мөнгө гаргаж авсан  баримт бөгөөд нэхэмжлэгчид мөнгө хүлээлгэж өгсөн гэдгийг шууд нотлох баримт биш, түүнчлэн талуудын байгуулсан гэрээний баруун доод буланд “...тооцоог бэлнээр 2015.08.21-нд хийнэ. Хүлээлгэн өгсөн П.Р” гэсэн бичвэрт  нэхэмжлэгч хүлээн авсан гэж гарын үсэг зураагүй байх тул, эдгээр баримтыг шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг 42 000 000 төгрөгийг хүлээж авсан гэх нөхцөл байдлыг нотолсон үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж дүгнэх боломжгүй юм. /хх-4, 18/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 52 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт  оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01465 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “45 100 000” гэснийг “52 500 000” гэж, “57 400 000” гэснийг “50 000 000” гэж, 2 дахь заалтын “383 450” гэснийг “420 450” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоо гүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ТУЯА

 

                                         ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД