Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2023/01112

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******, *******, *******, ******* хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******, хаягт байрлах, ХХК /РД:/-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,036,345 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ХХК-тай барилгын засварын ажил хийх Ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дахин Ажил гүйцэтгэх гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулсан.

Гэрээнд заасны дагуу засварын ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэсэн боловч ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр болох нийт 34,923,942 төгрөгийг төлж барагдуулахгүй байсан тул манай зүгээс тус шүүхэд хандан 2020 оны 12-р сарын 17-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2021 оны 05-р сард хариуцагч ХХК-ны зүгээс нэхэмжлэлээ татаад авчих гэрээгээ дүгнээд төлбөрийг чинь барагдуулчихъя гэсэн тул нэхэмжлэлээ татан авсан.

ХХК-ийн зүгээс дахин багахан хэмжээний засварыг хийж өгвөл шууд мөнгийг чинь төлж барагдуулна гэсэн тул арга буюу 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрээ дүгнэсэн протокол үйлдэн уг протоколын дагуу үлдэгдэл засварыг хийж дуусгасан. Гэтэл хариуцагч талын зүгээс 14,036,345 /арван дөрвөн сая гучин зургаан мянга гурван зуун дөчин таван/ төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулахгүй байна.

Манайх төлбөрөө авъя гэхээр эдний компанийн захирлууд нэг, нэг рүүгээ хэлээд өгдөггүй, акт үйлдээд өгөх гэхээр ажлыг хүлээж авах хүн олдоггүй. Хариуцагчийн зүгээс энийг зас, түүнийг зас гэдэг шаардлага тавьдаг байсан, манайх засаад дуусгачихсан, протоколын дагуу ажлаа гүйцэтгэсэн болохоор эднийх ямар нэгэн шаардлага одоог хүртэл тавиагүй болно. Хэрэв доголдолтой бөгөөд ямар нэгэн ажлаа дутуу гүйцэтгэсэн бол түүнийгээ шүүхэд маргаан үүссэн үед сөрөг нэхэмжлэл гаргаад шаардах боломжтой байсан.

Түүнээс гадна манайх 190,000,0000 гаруй төгрөгийн ажлыг хийгээд дууссан бөгөөд дээвэр дээрх резин салаагүй, салах ёсгүй, хэрэв салсан бол бидэнд мэдэгдээгүй. Протокол үйлдсэнээс хойш бараа материалын алба, нягтлан бодох бүртгэлийн алба байрладаг өрөөний дээврийг засчихсан. Ингэж зассанаас хойш ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй, шүүхээс нэхэмжлэлээ авсны дараа бид засвараа хийчихсэн. Бид нэхэмжлэл гаргах эрхээ алдаагүй, нэхэмжлэлээ татаж авснаасаа хойш 34,000,000 төгрөгийн ажлын 60 хувийг хийгээд дуусчихсан.

Иймд хариуцагч ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 14,036,345 /арван дөрвөн сая гучин зургаан мянга гурван зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулан манай байгууллагад олгож өгнө үү гэв.

Хариуцагч ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалгын дагуу Баянзүрх дүүрэг ******* хороо ******* дагуу Миний Хайпермаркет-1 барилгын дээврийн зүүн талын 1,290 м.кв дээврийг шинэчлэн засварлах, №1/3-ж-14 дугаар нэмэлт гэрээгээр тус барилгын баруун талын 1,460 м.кв дээврийн засварын ажлыг тус тус чанарын өндөр түвшинд гүйцэтгэхээр болж талууд хоорондын харилцаа үүссэн.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.-т зааснаар ажлын гүйцэтгэлийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн байх шаардлагатай гэсэн. Гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч талаас нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд гэрээний дагуу ажлыг хүлээн авахад хийж гүйцэтгэсэн ажил хагас дутуу, гэрээт ажлын тавигдах шаардлагад нийцэхээргүй өнгө үзэмж чанар стандартын доголдолтой эргэн засварлах шаардлагатай байсан тул бидний зүгээс ажлыг хүлээн аваагүй.

Эдгээр ажлыг хийж дуусгаж байж гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасны дагуу гэрээт ажил дуусч актаар хүлээлцсэний дараагаар ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон байдаг.

Гэтэл нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үндэслэлээр үр дүнгүй хийсэн ажлаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэлээсээ татгалзаж дахин ажлаа хийж гүйцэтгэхээр болсон.

Ингээд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр талууд уулзалт хийж ажлын гэрээг дүгнэсэн байдаг. Уг протоколоор засварлах шаардлагатай ажлуудыг талууд хэлэлцэн тохиролцож үлдэгдэл ажлаа хийж гүйцэтгэж өгнө гэж итгэн манай компаниас 15,066,940 төгрөг шилжүүлсэн. Протоколд Гэрээний үлдэгдэл төлбөр 14,036,345 төгрөгийг ажлыг засварлан дуусаж талууд байлцан гүйцэтгэлийн акт үйлдсэний дараагаар үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ гэж тохиролцсон боловч ******* ХХК нь өмнөх ажлын адил гүйцэтгэсэн ажил хагас дутуу, өнгө үзэмж чанар стандартын доголдолтой ажил хийгээд ажлаа хүлээлгэн өгөөгүй хаяад явсан байдаг.

Эхний гэрээний төлбөр 93,283,529 төгрөг, нэмэлт гэрээний төлбөр нь 97,444,983 төгрөг, эхний гэрээнээс баталгаат хугацааны төлбөр 3,013,388 төгрөг, нэмэлт гэрээнээс 2,807,269 төгрөг, нэмэлт гэрээний төлбөр 14,036,345 төгрөг, нийт 19,857,102 төгрөгийн нэхэмжлэх байдаг.

Нэхэмжлэгч тал чанарын шаардлага хангаагүй засвар хийчихээд манайхыг хүлээж ав гэхэд нь засвар дутуу байгаа учир гүйцээж засч өг гэхээр засаж өгдөггүй. Ер нь бол 190,000,000 төгрөгийн гэрээ хийсэн мөртлөө хийсэн болж халтуурдаад орхиод явсан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс ямар нэгэн үр дүн гараагүй, одоо цас орчихсон байгаа учир эдний ажлыг бүрэн гүйцэд хийсэн гэж дүгнэх боломжгүй, хийсэн гэх ажлын дээврийн цасыг арилгаж байгаад зураг авахаар хагарсан, цуурсан байдалтай харагдаж байдаг. Манайх мөнгийг өгөхгүй биш өгнө, гэхдээ чанартай ажил хийж өгөхийг шаардсан. Эдний зүгээс уулзах шаардлага тавиагүй, харин манайх уулзах гэж гуйдаг байсан. Ажлыг чанарын шаардлага материалаар гүйцэтгэснээс бараа материалын алба, нягтлан бодох бүртгэлийн алба байрладаг өрөөний дээврээс ус гоожиж байна. Үүнээс үзэхэд талуудын гэрээнд барилгын дүрэм нормыг хангаж ажиллана гэж заасан үүргээ биелүүлээгүй, зургийн дагуу ажлаа гүйцэтгээгүй, ажлыг үе шат болгоноор хүлээлгэж өгөөгүй, ажлаа дутуу хийсэн мөртлөө хүлээж ав гэдаг шаардлага гаргадаг.

Түүнээс гадна нэхэмжлэгч 34,000,000 төгрөгийн нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар татаж авсан байдаг. Улсын дээд шүүхийн тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэлээ татан авасн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасантай адил хэм хэмжээтэй үйлчилнэ гэсэн. Тэгэхээр нэхэмжлэгч нэхэмжлэлээ татаж авсан учир нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримт болох

нэхэмжлэгчээс ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ХХК-ийн захирал д 2 жилийн хугацаатай олгосон 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13/21 дугаар итгэмжлэл, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ХХК-ийн дүрэм, ХХК, ******* ХХК нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 1/3-ж-16 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ХХК, ******* ХХК нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 1/3-ж-21 дугаартай 1/3-ж-14 дугаарт ажил гүйцэтгэх гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт 2019 оны 04 дүгээр сарын 24-ний 1/3-ж-16 тоот болон 2019 оны 09 дүгээр сарын 25-ны 1/3-ж-11 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүд дүгнэсэн протокол, фото зургууд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Хүсэлт хянан шийдвэрлэх тухай 101/ШЗ2021/08249 дугаар захирамж, ******* ХХК-ийн Хаан банкны дугаар дансны 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ******* ХХКийн 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/2021 дугаар нэхэмжлэх /хх-ийн 2-20, 172/ ,

Хариуцагчаас ирүүлсэн: ХХК-ийн гүйцэтгэх захирал , нарт 1 жилийн хугацаатай олгосон 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 29 дугаартай итгэмжлэл, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн хариу тайлбар, ХХК-ийн гүйцэтгэх захирал 1 жилийн хугацаатай олгосон 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/61 дугаартай итгэмжлэл, ХХК-ийн гүйцэтгэх захирал д 1 жилийн хугацаатай олгосон 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 119 дугаартай итгэмжлэл, ХХК-аас ******* ХХК-д хүргүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 55 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, ХХК-ийн санхүүгийн тамгатай Тооцоо нийлсэн баримт, ажлын фото зургууд, Монгол улсын барилгын норм ба дүрэм-Дээврийн ажил БНбД 31-07-05, ХХК-ийн гүйцэтгэх захирал , нарт 1 жилийн хугацаатай олгосон 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай итгэмжлэл /хх-ийн 24, 29, 37-38, 39, 112, 137-165, 172/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх нэмэлт гэрээний үлдэгдэл 14,036,345 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна6

Талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 1/3-ж-16 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр, нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* дагуу байрлах барилгын дээврийн зүүн талын 1,290 м.кв дээврийг шинэчлэн засварлах, хариуцагч нь 30,133,889 төгрөгийн ажлын хөлс төлөх, засварын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 25 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр,

Мөн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 1/3-ж-21 тоот нэмэлт гэрээгээр, нэхэмжлэгч нь баруун талын 1460 м.кв дээврийн засварын ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь 28,072,691 төгрөгийн ажлын хөлс төлөх, засварын ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр тус тус тохиролцсон байна. /хх-ийн 8-12/

Гэрээний талаар зохигч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т :Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Зохигч нь дээрх 2 гэрээг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дүгнэсэн талаарх баримт үйлдсэн, уг баримтад Зүүн баруун талын жигүүр дээврийн залгаас заадсууд нийтээрээ хөндийрсөн, дээврийн голын өндөр хэсгийн баруун зүүн талын жигүүр оёор уулзвар дээр хийгдсэн будаг хөндийрсөн, голын дээврийн зүүн талын хэсгийн усны хаялга салж унасан, торнууд дээр будагны үе зарим хэсгээрээ дутуу хийгдэж тор ил гарч жигд бүрхэгдээгүй гэснийг тусгасан. /хх-ийн 13-14/

Уг баримтад тусгагдсанаас үзэхэд энэхүү баримтад гарын үсэг зурагдсанаар ажлын 3 хоногт 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1/3-ж-16 ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 15,066,940 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэх, харин 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1/3-ж-11 ажил гүйцэтгэх нэмэлт гэрээний үлдэгдэл төлбөр 14,036,345 төгрөгийг дээр дурдсан доголдлыг бороогүй 7 хоногийн дотор хийж гүйцэтгэн, талууд байлцаж гүйцэтгэлийн акт үйлдсэний дараа ажлын 7 хоногт шилжүүлэхээр тохиролцсон болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь дээрх баримтад дурдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн, өөрөөр хэлбэл доголдлыг арилгасан боловч захиалагч ажлыг хүлээж аваагүй гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож 2021 оны 7 сарын 04, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн огноотой гэрэл зураг, /хх-ийн 15-16/

Хариуцагч нь талууд байлцаж гүйцэтгэлийн акт үйлдэж, ажлыг хүлээлгэж өгөөгүй, баримтад дурдсан ажлын доголдлыг арилгаагүй гэж маргаж, татгалзлын үндэслэл болгож огноо тодорхойгүй гэрэл зураг, 2021.04.19-ний өдрийн 55 дугаар бүхий албан бичиг /хх-ийн 137,165/ зэргийг ирүүлжээ.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т:доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, 352.2.3-т:доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах-аар захиалагчийн шаардлага гаргах эрхийг зохицуулсан байна.

Хариуцагчийн татгалзлын үндэслэл болгож буй огноогүй гэрэл зургийн үзүүлэлтээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг дүгнэсэн баримтад дурдсан Зүүн баруун талын жигүүр дээврийн залгаас заадсууд нийтээрээ хөндийрсөн, дээврийн голын өндөр хэсгийн баруун зүүн талын жигүүр оёор уулзвар дээр хийгдсэн будаг хөндийрсөн, голын дээврийн зүүн талын хэсгийн усны хаялга салж унасан, торнууд дээр будагны үе зарим хэсгээрээ дутуу хийгдэж тор ил гарч жигд бүрхэгдээгүй гэх ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгээгүй, эсхүл хийж гүйцэтгэсэн боловч доголдлыг арилгаагүй гэх байдлыг тогтоосон баримт гэж үзэх боломжгүй байна.

Түүнээс гадна ХХК-ийн 2021.04.19-ний өдрийн 55 дугаартай ******* ХХК-д хүргүүлсэн албан бичиг нь цаг хугацааны хувьд талууд гэрээг дүгнэхээс өмнөх хугацааг хамаарч байгааг дурьдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан.

Хариуцагч нь ажлыг хүлээн авснаас хойших хугацааны доголдлыг арилгасан, ийнхүү арилгасан талаар шаардлага гаргаж байсантай холбоотой баримтыг ирүүлсэнгүй.

Тодруулбал, хариуцагч нь нэмэлт гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 14,036,345 төгрөгийг ажлын үр дүнгийн ямар доголдолтой холбогдуулан татгалзаж байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хариуцагч ХХК-иас 14,036,345 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид 228,132 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь 34,923,942 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ татан авснаас хойш талуудын хооронд байгуулсан протоколын дагуу дахин нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 14,036,345 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 228,132 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 228,132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ