Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 1474

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01350 дугаар шийдвэртэй

 

“Э Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г, Б.Б, Б.О нарт холбогдох зээлийн гэрээний хүү болон алдангид нийт 98 539 237 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч нартай 160 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан боловч хариуцагч нар нь хугацаандаа зээлээ төлөхгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан тул цагдаагийн байгууллагад эрүүгийн журмаар хандаж, зээлийн 160 000 000 төгрөгийн бодит хохирлоо буцаан гаргуулж авсан. Гэхдээ бидний олох байсан орлогыг эрүүгийн шүүх хэлэлцэхгүй орхисон. 2018 оны 12 дугаар сарын 12-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 38 015 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 108 769 883 төгрөг, алданги 6 764 354 төгрөг буюу нийт 153 539 237 төгрөг болсноос хариуцагч нар 55 000 000 төгрөг төлөгдсөн тул үүнийг хасч, үлдэх 98 539 237 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэн шүүх хариуцагч Б.Болороод ял оногдуулсан. Тус зээлийн гэрээ нь халхавчлах зорилгоор байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон тул гэрээний үүрэг яригдахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь эрүүгийн хэргийн хохирол гэж дээрх нэхэмжлэлийг гаргаагүй, харин зээлийн гэрээний үүргийг шаардаж байх тул хүчин төгөлдөр бус гэрээний үүрэг яригдахгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй. Түүнчлэн, шүүх Б.Гансүх, Б.Отгонболд нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Б.Болороог залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэсэн. Хохирлыг нөхөн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 650 646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хэрэгт авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангасан байх боловч энэхүү хэлцэл нь хууль зөрчиж буюу Б.Болороогийн гэм буруутай үйлдлийн үндсэн дээр хийгдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус. Хүчин төгөлдөр бус хэлцэл нь үүргийн эрх зүйн харилцаа үүсгэхгүй тул хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй болно” гэснийг эс зөвшөөрч байна. Учир нь Иргэний хуулийн 195 дугаар зүйл, 196 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу талууд хүсэл зоригоо сайн дурын үндсэн дээр илэрхийлэн эд хөрөнгө шилжүүлснээр хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан учир үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг үзэхэд талууд анх гэрээ байгуулахдаа тухайн этгээдүүд хэлцлийг хийх боломжгүй буюу чадамжгүйгээс үүдэн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцогдох тохиолдолд хийсэн хуулийн хязгаарлалтыг дээрхээс салгаж ойлгох хэрэгтэй. Гэтэл хариуцагч нар анх гэрээ байгуулахдаа хэлцлийг хийх боломжтой төдийгүй чадамжтайгаа илэрхийлэн зээлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байгаа бөгөөд үүний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзэж байгаагаа илэрхийлмээр байна. Мөн түүнчлэн Б.Болороогийн хийсэн үйлдлийг гэм буруутай байна гэж тогтоосон болохоос Б.Гансүх, Б.Отгонболд нарын үйлдэл нь хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн гэрээ тул гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй байгааг дурдмаар байна. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд уг хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй байна. Иймээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх хуульд заасан үндэслэл журмын дагуу байсаар байтал шүүх хэт нэг талыг барьж хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “Э Д” ХХК нь хариуцагч Б.Гансүх, Б.Отгонболд, Б.Болороо нарт холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд зээлийн хүү болон алданги болох 98 539 237 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч “зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн, 160 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан” гэж тайлбар гарган маргажээ. /хх44/

 

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч “Э Д” ХХК болон хариуцагч Б.Гансүх, Б.Болороо, Б.Отгонболд нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, 160 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн зээлийн болон хэтэрсэн хугацааны хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлэхээр тохиролцсон байна. /хх.15-19/

 

Зээлийн гэрээний хугацаанд нэхэмжлэгч нь “хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдөлд оруулж 160 000 000 төгрөгийн зээлийг гаргуулан авч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлээр хариуцагч нарт холбогдуулан Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, уг гомдлын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж Б.Болороог хуурамч гэрээ үйлдэж бусдыг төөрөгдөлд оруулан, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Болороог 10 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн байна. /хх31-37/

 

Дээрх шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Гансүх, Б.Отгонболд нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь дээрх этгээдүүдээс зээлийн хүү, алданги шаардах эрхгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагч Б.Болороо нь бусдыг санаатайгаар хуурч мэхлэн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ байгуулсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул уг гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талууд өгсөн авсан зүйлээ харилцан буцаах үүрэгтэй. Хариуцагч нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 160 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримт тогтоогджээ.

 

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон тул зээлийн хүү болон алданги шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасанд нийцсэн.  

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 650 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.МӨНХЗУЛ

 

                           ШҮҮГЧИД                             Г.ДАВААДОРЖ

 

                                                                          Ц.ИЧИНХОРЛОО