Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00056

 

 

“..девелопмент монголиа ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01350 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1474 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “..девелопмент монголиа ББСБ” ХХК

          Хариуцагч: Б.Г-

          Хариуцагч: Б.Б-

          Хариуцагч: Б.О-

          98,539,237 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Түмэнбаярын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагч Б.Б-гийн төлөөлөгч Т.Тэмүүлэн, хариуцагч Б.Г-, Б.О- нарын төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2017-04-14-ний өдөр хариуцагч нартай 160 сая төгрөгийн зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан боловч зээлээ огт төлөөгүй удаа дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан. Ингээд нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж Б-г гэм буруутай гээд торгох ял оногдуулсан. Г- нарын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидэнд 160сая төгрөгийг гаргаж өгсөн. Гэвч зээлийн хүү, алданги нийт 98,539,237 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч талаас тайлбартаа: Зээлийн гэрээг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэн шүүх хариуцагч Б.Б-д ял оногдуулсан. Тус зээлийн гэрээ нь халхавчлах зорилгоор байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон тул гэрээний үүрэг яригдахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь эрүүгийн хэргийн хохирол гэж дээрх нэхэмжлэлийг гаргаагүй, харин зээлийн гэрээний үүргийг шаардаж байх тул хүчин төгөлдөр бус гэрээний үүрэг яригдахгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй. Түүнчлэн, шүүх Б.Г-, Б.О- нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Б.Б-г залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэсэн. Хохирлыг нөхөн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 181/ШШ2019/01350 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нийт 98,539,237 төгрөг гаргуулахыг хүссэн .. Девелопмент Монголиа ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 650,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1474 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 650 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Түмэнбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар буруу дүгнэлт хийж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай нэг бүрчлэн харьцуулан үзэлгүйгээр шийдвэр, магадлал гаргасан нь буруу юм. Хоёр шатны шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ, барьцаа байгуулагдаж 160сая төгрөгийг сарын 3.5 хувийн зээлийн болон хэтэрсэн хугацааны хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлхээр тохиролцсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийдвэр, магадлал гаргахдаа илт үндэслгүй дүгнэлт хийсэн нь буруу юм. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж байгаа тохиолдолд гэрээний үүрэгтэй холбоотой тухайн зээлийг тодорхой хугацаанд ашигласны үр шим болох зээлийн хүү, нэмэгдүүсэн хүү, алданги шаардах эрх нь нэхэмжлэгч талд үүсэхээр байхад энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт буруу байна. Хэрэгт БГД-н ЭХАШШ-н 2018-5-17-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоол авагдсан байх бөгөөд уг тогтоолоор Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, торгуулийн арга хэмжээ авагдсан байх бөгөөд харин уг зээлийн гэрээ хуурамч, эсхүл хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн зүйл байхгүй байхад хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэн улмаар хүү, алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хоёр шатны шүүх хуулийн холбогдох зохицуулалтуудыг буруу хэрэглэн тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ нэг тал болох Б.Г-, Б.Б-, Б.О- нар нь “.. Девелопмент Монголиа ББСБ” ХХК-иас 160сая төгрөгний зээл авах хүсэл сонирхолтой байсан бөгөөд уг зээлийг тодорхой хугацаагаар ашигласны хариу төлбөрт зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрсөн үйл баримт хэргийн баримтаар нотлогддог. ИХ-н 56.6 дэх хэсэгт: “...хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохиролыг нөхөн төлнө...” гэж заасан байх тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 98,539,237 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байх ба хариуцагч нь уг хохирлыг төлж барагдуулах үүрэгтэй байхад энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийж чадаагүй байна. Түүнчлэн ИХ-н 199.1-д “...нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино...”, мөн хуулийн 216.4-т “...Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ...” гэж тус тус заасан байхад хоёр шатны шүүх шаардах эрхийн үндэслэлийг буруу тайлбарлаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         “..девелопмент монголиа ББСБ” ХХК 2019-04-24-ний өдөр шүүхэд хандаж,  Б.Г-, Б.Б-, Б.О- нараас нийт 98,539,237 төгрөг гаргуулахыг шаардахдаа “...2017-04-14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт хүү 91,784,883 төгрөг, алданги 6,754,354 төгрөг гаргуулна...” гэсэн байна.   

         Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... гэрээ хүчин төгөлдөр бус болох нь  шийтгэх тогтоолоор тогтоогдсон..” гэж маргажээ. 

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах  шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

     Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2017-04-14-ний өдрийн зээлийн гэрээнд “...нэхэмжлэгч нь 160,000,000 төгрөг зээлүүлэх, Б.Г-, Б.Б-, Б.О- нар зээлийг хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд буцааж төлөх..” талаар заажээ. 

         Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр  зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

        Хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан тохиолдолд гэрээний талуудын хэн аль үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүснэ.

        Хэрэгт авагдсан баримтаар Б.Б- нь “.. хуурамч гэрээ үйлдэж бусдыг төөрөгдөлд оруулж итгэлийг урвуулан ашиглаж, залилан мэхэлж 2017-04-14-ний өдөр ..девелопмент монголиа ББСБ ХХК-с 160,000,000 төгрөг авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн...” болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018-05-17-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоол /хх 31-37/ -р нотлогдсон байна.

       Зохигч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь хүү,алданги шаардах эрхгүй юм.

       Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 39.,187 дугаар зүйлийн 187.1., 242 дугаар зүйлийн 242.4., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй тул хяналтын гомдлыг хангахгүй орхино. 

        Харин шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүх нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Иргэний хуулийн  зохицуулалтыг оновчтой зөв хэрэглээгүй байна. Иймд энэ үндэслэлээр шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг баримтлан хэргийг хянан шийдвэрлэснийг мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 болгож, шийдвэр,магадлалд өөрчлөлт оруулна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1474 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01350 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан..” гэснийг “....451 дүгээр зүйлийн 451.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул ...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 650,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ЗОЛЗАЯА

 

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ