Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1350

 

 

 

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: “ЭД” ХХК -ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Б.Г,

Хариуцагч: Б.Б,

Хариуцагч: Б.Онарт холбогдох,  

 

Зээлийн хүү болон алданги нийт 98,539,237 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа, хариуцагчийн нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн, нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай ББСБ нь 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч нартай 160,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулж, зээлийг олгосон. Гэтэл хугацаандаа мөнгөө төлөхгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан тул цагдаагийн байгууллагад эрүүгийн журмаар хандаж, зээлийн 160,000,000 төгрөгийн бодит хохирлоо буцаан гаргуулж авсан.

Гэхдээ бидний олох байсан орлогыг эрүүгийн шүүх хэлэлцэхгүй орхисон. Энэ нь иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй тул 2018 оны 12 дугаар сарын 12-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 38,015,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ныг хүртэлх хугацааны зээлийн хүү 108,769,883 төгрөг, алданги 6,764,354 төгрөг буюу нийт 153,539,237 төгрөг болсноос хариуцагч нар 55,000,000 төгрөг төлөгдсөн тул үүнийг хасаад одоо үлдэх 98,539,237 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна.

Зээлийн гэрээгээр тогтоосон дарааллаар үндсэн зээлээс илүү гарсан хэсэг нь зээлийн хүүгээс хасагдах тул нэхэмжилж байгаа төгрөгөөс 91,784,883 төгрөг нь зээлийн хүү, үлдэх хэсэг нь алданги юм. Алдангийг гэрээгээр тохирсон хохиролд тооцож шаардаж байгаа тул бид шаардах эрхтэй.

Хариуцагч Б.Б эрүүгийн журмаар шийтгэгдсэн нь үнэн боловч хамтран зээлдэгч нар нь ял аваагүй. Бид энэ зээлийн гэрээг хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байгаа. Хүү, алданги шаардана гэж эрүүгийн шүүх хурал дээр ярьж байсан боловч шүүх хэрхсэн нь тодорхойгүй орхисон.

Б.Бгийн хувьд гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзсэн ч Б.Г, Б.О нар хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан тул тэдэнд холбогдох хэсэг хүчин төгөлдөр. Харилцан хүлээн зөвшөөрч гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 451.1-453.1-д зааснаар нэхэмжлэл гаргаж байгаа. Гэрээ хүчин төгөлдөр тул бид шаардах эрхтэй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардаж байна. Энэ асуудал эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж дууссан асуудал. Энэ гэрээг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж шүүх үзээд Б.Бд ял оногдуулсан. Зохигчдын хоорондын үүссэн эрх зүйн харилцааг иргэний эрх зүйн харилцаа бус эрүүгийн гэмт хэрэг гэж үзээд шүүх шийдвэрлэсэн байдаг. Энэ зээлийн гэрээ нь халхавчлах зорилгоор байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон тул гэрээний үүрэг яригдахгүй. Тэгээд ч хариуцагч нар нь зээлийн барьцаанд бариулсан 722 м.кв талбай бүхий хувийн сууцыг 30,000,000 төгрөгийн хамт нэхэмжлэгчид шилжүүлсэн бөгөөд нийт дүнгээр 250,000,000 төгрөгийг төлсөн тул хохирол төлөгдсөн гэж шүүх дүгнэсэн.

Нэхэмжлэгч нь эрүүгийн хэргийн хохирол гэж энэ нэхэмжлэлийг гаргаагүй, харин зээлийн гэрээний үүргийг шаардаж байх тул хүчин төгөлдөр бус гэрээний үүрэг яригдахгүй, нэхэмжлэл үндэслэлгүй.

Энэ гэрээг иргэний журмаар байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж бид удаа дараа эрүүгийн журмаар гомдлоо гаргасан боловч шүүх Б.Г, Б.О нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Б.Бг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэсэн байгаа.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй, хохирлыг нөхөн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ЭД” ХХК нь хариуцагч Б.Г, Б.Б, Б.О нараас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүү 91,784,883 төгрөг, алданги 6,754,354 төгрөг буюу нийт 98,539,237 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч “энэ гэрээ хүчин төгөлдөр бус болох нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолоор тогтоогдоно, тиймээс нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус гэрээний үүрэг шаардах үндэслэлгүй” гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн .

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 12 сарын хугацаагаар байгуулагдсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээ хэрэгт авагдсан, уг гэрээнд Б.Г үндсэн зээлдэгч, Б.Б, Б.О нар хамтран зээлдэгчээр оролцсон байна.

 

Нэхэмжлэгч нь 160,000,000 төгрөгийн зээлийг уг гэрээний дагуу хариуцагч нарт олгосон, хариуцагч нар үндсэн зээлийг буцаан төлсөн болох нь талуудын маргаагүй тайлбараар тогтоогджээ.

 

Зээлийн гэрээний хугацаанд нэхэмжлэгч нь “хуурамч бичиг баримт ашиглаж, төөрөгдөлд оруулж, 160,000,000 төгрөгийн зээлийг гаргуулан авч итгэлийг урвуулан ашиглаж, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлээр хариуцагч нарт холбогдуулан Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, энэ гомдлоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, улмаар Б.Бг хуурамч гэрээ үйлдэж, бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж, залилан мэхэлж 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “ЭД” ХХК-аас 160,000,000 төгрөг авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнийг шүүх тогтоож, түүнийг 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

 

Энэ талаарх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх гэрээнд Б.Г, Б.О нар хамтран зээлдэгчээр оролцсон, Б.Бгийн гэм буруу нь гэрээ байгуулах үндэслэл болсон баримтыг хуурамчаар үйлдсэнийг тогтоосон болохоос гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, гэрээ хүчин төгөлдөр тул зээлийн гэрээний үүрэг болох хүү 91,784,883 төгрөгийг гэрээний дагуу, харин алданги 6,754,354 төгрөгийг учирсан хохирлоо шаардах эрхтэй гэсэн гэрээний заалтын дагуу тус тус хариуцагч нараас гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангасан байх боловч энэхүү хэлцэл нь хууль зөрчиж буюу Б.Бгийн гэм буруутай үйлдлийн үндсэн дээр хийгдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус.

 

Хүчин төгөлдөр бус хэлцэл нь үүргийн эрх зүйн харилцаа үүсгэхгүй тул хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Зээлдэгч Б.Г, Б.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдал нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний тэдгээрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр гэж үзэх, улмаар тэднээс хүү, алданги шаардах эрхийг нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэл болохгүй.

 

Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах үүрэгтэй бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шилжүүлсэн 160,000,000 төгрөгөө буцаан авсан болох нь тогтоогдсон тул одоо арилгах үр дагавар байхгүй гэж үзлээ.

 

Иймд зээлийн гэрээний үүрэг болох зээлийн хүү шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй алданги шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг дээрх үндэслэлээр мөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан Б.Г, Б.Б, Б.О нараас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүү, алдангид нийт 98,539,237 төгрөг гаргуулахыг хүссэн “ЭД” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 650,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                             

 

 

ДАРГАЛАГЧ                                           Ө.УЯНГА